Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 239

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/2441 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “М” ХХК-ийн хариуцагч Э.С-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 22 755 057 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компанийн өмчлөлийн улсын 03-02 УБЗ дугаартай “NISSAN PATROL Y262” маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч Э.С- нь танхайн сэдэлтээр, санаатайгаар 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 4 дугуйг нь хутгаар хутгалж, бүх цонхнуудыг нь хагалж, доторх салоны хянах самбар, толь, гадна их бие зэргийг эвдэж, манай компанид хохирол учруулсан. Бидний зүгээс тухай үед нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэг бүртгэлтийн ажиллагааг хааж, бусдад хохирол учруулсан нь тогтоогдож байх тул иргэний журмаар учруулсан хохирлоо нэхэмжлэх талаар дурдаж тогтоол гаргасан. Хариуцагч дээрх үйлдлийг өөртөө туслах зорилгоор хийсэн гэж тайлбарладаг боловч тэрхүү үйлдэл нь өөр зорилготой байсан гэдэг нь бичлэгээр тогтоогдоно. Үнэхээр өөртөө туслахаар байсан бол нэг дугуйг нь хагалахад л болох байсан. Хариуцагч прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байсан юм бол тухайн үед дээд шатны прокурорт нь яагаад гомдол гаргаагүй юм. Тээврийн хэрэгсэлд авто машины ослоос үүдсэн хохирлыг засч, засварласан ч дийлэнх тохиолдолд түүний арилжааны үнэ буурдаг. Иймд хохирогчийн зүгээс автомашинаа цааш арилжих зорилгоос үл хамааран гаргасан өртөгт зохимжтой мөнгөн төлбөрийг гаргуулахын тулд мэргэжлийн байгууллагын үнэлгээг гаргуулсан, үнэлгээний дагуу шаардсан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд хөрөнгийн үнэлгээний үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл нотолгоог агуулсан үндсэн баримт байна гэж заасан. Үүнээс баримт байхгүй, энэ баримтад үндэслэж бид хохирлоо нэхэмжилж байгаа. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт хохирол учруулагч зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй тохиолдолд мөнгөн төлбөрөөр төлж барагдуулна гэсний дагуу хариуцагчаас 22 755 057 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.С- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.С- нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 0302 УБЗ улсын дугаартай Ниссан патрол У262 дугаартай автомашинд гэмтэл учруулсан нь үнэн, энэ үйл баримттай маргахгүй. Энэ өдөр хүүхдүүдийн хамт Тайланд улсруу амрахаар онгоцны буудал дээр очсон боловч нислэг хойшлогдож, хүүхдүүдтэйгээ гэртээ иртэл гэрийн эд зүйлийг зөөж байхтай таарсан. Ингээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ч тэднийг ирэхээс өмнө хамаг зүйлийг нь ачаад явчих гээд байсан тул арга буюу машиныг хөдөлгөөнгүй болгох зорилгоор машины 4-н дугуйг хагалж цагдаагийн байгууллага ирэх хүртэл саатуулсан. Тэрээр зөвхөн өөрийнхөө эд хөрөнгийг хамгаалах зорилгоор Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасны дагуу эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан, цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах буюу устгах эсхүл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдийн зохих үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй гэж заасны дагуу өөртөө туслах арга хэмжээ авсан. Тус агуулахад нөхөр М.Мөнхбаясгалангийн хувцас, түүнтэй холбоотой нэг ч эд хөрөнгө байгаагүй. Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 4-ны өдрийн 393 дугаартай тогтоолоор Э.Солонгыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэж тогтоосныг зөвшөөрөхгүй байгаа. Иргэний хуулийн 510 дугаар зүйлд эд хөрөнгө учруулсан гэм хорыг арилгах гэж байдаг. Энэ зохицуулалтад бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө гэсэн автомашин одоо өмнөх байдалд нь сэргээж, бусдад худалдсан. Өмнөх байдалд нь сэргээхдээ хэдэн төгрөг гарсан бэ гэдэг асуудал хамгийн чухал. Тодорхой хэмжээний зардал гарсан, энэ зардлын талаар мэдэх гэрч мэдүүлэг өгсөн. Гэтэл хөндлөнгийн цагдаагийн байгууллага болон шүүхээс томилоогүй байхад өөрсдийн таньдаг “Мастер үнэлгээ” ХХК-аар илт өндөр үнэлгээ тогтоолгож, үнэлгээний дагуу гэм хорыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Үүнтэй холбоотой баримтуудыг гаргуулах хүсэлт гаргасан ч шүүх хангаагүй. Хохирлын үнэлгээ бол тухайн авто машиныг хэдэн төгрөгөөр засч, хэвийн байдалд нь оруулах боломжтойг тогтоосон байх. Гэтэл бодит байдал дээр 20 000 000 төгрөгөөр засварлах ёстой машиныг 10 000 000 төгрөгөөр засвар хийж, машины анхны үнэлгээ 10 000 000 төгрөгөөр буурсан бол энэ 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэхгүй гэж байгаа бол засварын мөнгөө нэхэмжлэх эрхтэй. “М” ХХК нь хувь хүн биш, иргэн биш. Өмчлөх эрхтэй эсэх, авто машинд ямар нэгэн гэмтэл учирсан, энэ авто машиныг засварлуулсан бол компанийн хөрөнгөөр тодорхой хэмжээнд засварлуулсан. Компанийн хөрөнгөөр тодорхой хэмжээнд засварлуулсан албан баримт компанийн тайлан балансад тусгагдсан байх ёстой. Энэ баримтуудыг компаниасаа гаргаж өгөөд нэхэмжлэлдээ тусгаад засварын үнээ нэхэмжлэх бүрэн боломжтой байсан боловч компани өөрөө нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлэхгүй, хэдэн төгрөгийн зардал гаргасан гэдгээ нотлоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.С-ос 22 755 057 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271 725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 271 725 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б давж заалдах гомдолдоо:

... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчсөн.

Хариуцагчийн зүгээс автомашиныг эвдсэн үйл баримтын талаар Э.С- нь уг машиныг эвдсэн талаар маргахгүй ба зах зээлийн ханш, сэлбэгийн үнээс илт өндөр үнэ бүхий үнэлгээ хийлгэж тус үнэлгээгээ үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа талаар маргадаг. Мөн хариуцагч Э.С- нь  автомашины өмчлөгч болох “Мөнхөд ашдын зам" ХХК нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэх үйл баримтыг тодруулах зорилгоор шүүхэд “М” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулах, нэхэмжлэгч нь иргэн, хувь хүн биш хуулийн этгээд компани байх тул өөрийн өмч хөрөнгийг компанийн хөрөнгөөр засварлуулсан бол тухайн жилийн санхүүгийн тайланд тусгагдсан байх ёстой тул тус маргааны зүйл болох автомашиныг хэдэн төгрөгөөр хэзээ засварлуулсан үйл баримтын санхүүгийн зардалтай холбоотой баримтууд тусгагдсан тул "Мөнхөд ашдын зам" ХХК-ийн тухайн жилийн санхүүгийн тайланг гаргуулах, автомашинд хийгдсэн засвар үйлчилгээнд үнэлэл дүгнэлт гаргуулах, засварын хөлсийг тогтоолгох зорилгоор шинжилгээ хийлгэхийн тулд 03-02 УБЗ дугаартай “Nissan Patrol y262” маркийн автомашины одоогийн өмчлөгчийн тогтоолгох зэрэг хэд хэдэн хүсэлтүүдийг шүүхэд удаа дараа тавьж байсан боловч шүүхээс тухай бүрт нь хангахгүй орхиж, хариуцагчийн татгалзлаа нотлох баримтуудыг бүрдүүлэх боломжийг хязгаарласан. Хэрэв шүүхээс дээрх хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэсэн бол тухайн автомашиныг хэдэн төгрөгөөр хэзээ засварлуулсан тодорхой болно.

Нэхэмжлэгч талын зүгээс автомашиныг нэгэнт засвар үйлчилгээнд хамруулж, одоо бусдад худалдсан талаарх тайлбарыг шүүхэд гаргасан. Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан өмнө байсан байдалд сэргээх боломжгүй нөхцөл байдал үүсч байгаа буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлж барагдуулах хуулийн дагуу үүрэг үүсч байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нь өөрт бодитоор учраагүй их хэмжээний хохирлыг зөвхөн “Мастер Үнэлгээ” ХХК-ийн гаргасан үнэлгээг хохиролд тооцож шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхээс Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтын хэмжээнд шийдвэрлэх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудад “Мастер Үнэлгээ” ХХК-ийг цагдаагийн байгууллагаас шинжээчээр томилсон гэх нэг баримт байхгүй ба энэ талаар прокурорын тогтоолд ч тусгагдаагүй.

Хариуцагчийн зүгээс автомашинд учирсан бодит хохирлын хэмжээг тогтоолгох зорилгоор автомашины засвартай холбоотой гарсан зардлын баримтуудыг гаргуулах, тус компанийн санхүүгийн тайланг гаргуулах зэрэг хүсэлтүүдийг гаргасан боловч шүүхээс хүлээн аваагүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч өөр баримтгүй гэх тайлбарыг гаргаж, шүүхэд нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтуудаа гаргаж өгөөгүй, автомашинд нийт хэдэн төгрөгийн бодит хохирол учирч түүний төлбөрийг компани хариуцан засварлуулснаа нотлоогүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Э.С-д холбогдуулан гэм хорын хохиролд 22 755 057 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 393 дугаар Прокурорын тогтоолоор Э.С- нь “М” ХХК-ийн өмч болох 03-02 УБЗ улсын дугаартай Ниссан патрол Y62 маркийн тээврийн хэрэгслийг хууль бусаар устгаж, гэмтээсэн нь тогтоогдсон боловч уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн тул Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон байх бөгөөд “Мастер үнэлгээ” ХХК нь автомашинд учирсан хохирлыг 22 755 057 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан хэрэгт авагдсан, хариуцагч уг үнэлгээг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

Нэхэмжлэлд дурдсан 03-02 УБЗ улсын дугаартай автомашин нь “М” ХХК буюу өөрийн нөхөр болох М.Мөнхбаясгалангийн компанийн эд хөрөнгө гэдгийг хариуцагч Э.С- нь зөвшөөрсөн, харин өөрийг нь эзгүйд гарашийн цоож эвдэж, эд зүйлсийг авч авахаас хамгаалж Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар өөртөө туслах үйлдэл хийсэн гэж маргажээ.

 

            Тухайн үед Э.С- нь цагдаа дуудсан, цагдааг ирэхээс өмнө автомашины нэг дугуйг хагалсан нь Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан зайлсхийж болзошгүй этгээдийг саатуулсан хэмжээнд байх боломжтой боловч автомашины бусад эд ангийг эвдэж хэмхэлснийг хуулийн мөн зүйлийн 12.3 дахь хэсгийг зөрчсөн, 12.4 дэх хэсэгт зааснаар хэр хэмжээнээс хэтрүүлсэн үйлдлийнхээ улмаас бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Иймд шүүх хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд учирсан хохирлыг хариуцагч Э.С-ос 22 755 057 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

Тус хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр томилогдсон Д.Отгонсүрэн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул зохигчдын хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсгийг баримтлан хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/2441 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ