Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2024/02812

 

2024 оны 6 сарын 25-ны өдөр

Дугаар 183/ШШ2024/02812

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн **-р хороо, дэнжийн *** тоотод оршин суух И овгийн Х-ын С /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, арцат апартмент * тоотод оршин суух Ө овогт О-ын Х /РД:*****/-д холбогдох,

 

10,530,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б,

Хариуцагч О.Х,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.С нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие канад технологийн байшин барьдаг бригад ахлан иргэдийн байшин барих, засварлах үйл ажиллагааг эрхэлдэг билээ. 2023 оны 04 дүгээр сард барилга барихаар өөрийн охин С.Н-ийн дансанд 68 сая төгрөг байршуулсан байсан бөгөөд уг мөнгөөр барилгын материал цуглуулах гэж байсан юм. Өөрөөр хэлбэл охиныхоо дансыг түр ашиглаж байсан бөгөөд уг мөнгө нь миний өөрийн мөнгө юм. Гэтэл 2023 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр миний 13 настай хүү С.Т миний утсыг аваад манай хамаатан болох К.М-ийнд очино гээд гарсан юм. Тухайн үед миний бие архи согтууруулах ундаа уусан байсан тул эрүүлжүүлэхэд орж маргааш нь өглөө нь гарч ирээд хүүтэйгээ холбоо барих гэсэн боловч хариу өгөхгүй байсан ба К.М-ийнд байгаа тул санаа зоволгүй тэнд нь байлгасан. Учир нь эхнэр маань хүүгээ бага байхад нас барсан ба С.Т хааяа миний төрсөн дүү болох Х.С болон түүний эхнэр К.М дээр очиж хонодог юм. Би 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хуучин дугаараа сэргээгээд асаатал маш олон зарлага гарсан байсан тул яаралтай дансаа хаалгаж шалгуултал миний хүү С.Т танидаг болон танидаггүй олон хүмүүс рүү мөнгө шилжүүлсэн байсан. Тухайн үед надад 68.760.000 төгрөг байсан боловч 9.874.500 төгрөгийг үлдээж бусад 58.885.500 төгрөгийг шилжүүлсэн байсан. Хаашаа ямар хүмүүсрүү шилжүүлсэн болохыг асуухад цахим тоглоом ажиллуулдаг гэх хүмүүс рүү ихэнхи мөнгийг шилжүүлсэн байсан. Тухайлбал Г.Э гэх хүн рүү 35.138.605 төгрөгийг, О.Х гэх хүн рүү 10.530.000 төгрөгийг, О.Э гэх хүн рүү 4.212.500 төгрөгийг тус шилжүүлсэн байсан. Мөн К.М нь 6.127.000 төгрөгийг авсан байсан. Бусад мөнгийг нь ангийнхаа хүүхдүүд болон хүнсний дэлгүүрт үрсэн байсан. Ингээд цагдаагийн байгууллагад тэр дариу мэдэгдэн шалгуулсан ба Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж улмаар мөнгө авсан этгээдүүдээс мэдүүлэг авах, дансыг шалгах зэрэг ажиллагааг хийж 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04 тоот тогтоолоор Гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад хүүгээс мөнгө авсан К.М болон цахим тоглоом тоглуулж мөнгө авсан хүмүүс цагдаагийн хэлтэс дээр ирж уулзсан ба К.М нь дээрх мөнгөнөөс 2.500.000 төгрөгийг бэлнээр төлж үлдэх 3.627.000; төгрөгийг удахгүй төлөх талаар баталгаа гарган бичиг хийж өгсөн. Мөн Г.Э гэх эмэгтэй миний хүүгээс шилжүүлэн авсан 35.138.605 төгрөгнөөс тухайн үед 5.060.000 төгрөгийг төлсөн. Дээрх хүмүүс мөнгийг буцаан өгнө гэсэн боловч одоог болтол буцаан өгөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д Насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, харгалзан дэмжигч/-ийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийнэ гэж заасан. Мөн тус зүйлийн 16.3-д Насанд хүрээгүй иргэн хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр дараахь эрхээ бие даан хэрэгжүүлж болно гээд 16.3.1-д өөрийн хөдөлмөрийн хөлс, оюутны тэтгэлэг, тэдгээртэй адилтгах бусад орлого, тэдэнд өөрийн үзэмжээр захиран зарцуулахад нь зориулж шилжүүлсэн эд хөрөнгийг захиран зарцуулах, 16.3.2-д өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх ахуйн чанартай хэлцэл хийх, 16.3.3-д энэ хуулийн 16.3.1-д заасан орлогыг банк, зээлийн байгууллагад хадгалуулах гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй иргэн нь Иргэний хуулийн 16 дугаар зүйлд зааснаар өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх ахуйн чанартай хэлцэл хийх-ээс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, харгалзан дэмжигч/-ийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийх ба хэрэв зөвшөөрөлгүйгээр хийсэн аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар хуульчилжээ. Мөн Иргэний хуулийн 17 дугаар зүлийн 17.1-д 7-гоос 14 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн зарим чадамжтай байна, 17.2-д 7-гоос 14 хүртэлх насны этгээдийн хийсэн өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хийнэ гэж заасан. Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.1-д Тоглоом болон мөрий нь шаардах* эрхийг бий болгохгүй гээд мөн зүйлийн 486.4-д Хонжворт сугалаа, түүнтэй төсөөтэй бусад тоглоом нь эдгээрийг төрөөс зөвшөөрсөн тохиолдолд л шаардах эрхийг бий болгоно гэж заасан. С.Т нь 13 настай буюу Иргэний хуулийн 17 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд бөгөөд түүний 49.881.105 төгрөгөөр цахим тоглоом худалдан авах хэлцэл нь өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцэл-д хамаарахгүй юм. Иргэний хуулийн 56.1-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна гээд 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасан ба мөн зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан билээ. Миний бие С.Т-ийн хууль ёсны төлөөлөгч, мөн уг мөнгөний эзэн тул нэхэмжлэл гаргав. Цагдаагийн байгууллагаас дансны эзэн гэх утгаар миний охиныг хохирогчоор тогтоон мэдүүлэг авсан боловч угтаа бол мөнгө миний мөнгө байсан юм. Энэ талаарч охин хүү хоёр хэн аль нь мэдүүлсэн байдаг. Иймд О.Х-аас цахим тоглоом худалдсан гэж С.Т-өөс авсан 10,530,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .. Миний бие хувийн амины орон сууц барьдаг. Банкны код интернэт банк зэргээ хүүтэйгээ хамтарч хийж байсан. Охиноо дансаар захиалгын мөнгөө авчихсан байсан. Тухайн үед манай инженер бид нарыг дайлаад ууж идсэн зүйл гарсан. Орой нь манай хүү миний гар утсыг авч гарч явсан байсан. 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 12 настай хүү маань гар утас авч эгчтэйгээ хамт гарч явсан. Зурагтад очиж эгчийнхээ найзынд хамт хонож маргааш нь Сонгинохайрхан дүүрэг буюу манай талийгаач дүүгийн гэрт нь очиж хоносон байсан. Тэгээд тэнд 4-5 хоносон. Тэрийг нь бид нар мэдэхгүй баахан хайсан. 4-5 хоносны дараа дансаа шалгаж үзэхэд маш их хэмжээний мөнгө гарчихсан байсан. Маш олон хүний нэр дээрх данс руу зарлага гарсан байсан. О.Х-ын данс руу нийт 10,530,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. О.Х-аас гадна өөр нэлээн хүмүүс бий. Нийт 50-60 сая төгрөг хүмүүс рүү шилжүүлсэн. Манай гэр өөрөө Чингэлтэй дүүрэг гэж явдаг учраас Чингэлтэй дүүргийнхээ Цагдаагийн байгууллагад хандсан.Цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр хүүгээ олж авсан. О.Х дуудаж мэдүүлэг авсан. Нэхэмжлэлийн шаардлага бол О.Х-аас 10,530,000 төгрөгийг гаргуулах гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :.. Бид нарын хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ юу гэж томьёолж байна гэхээр О.Х бол энэ pubg mobile тоглоомын UC гэдэг буюу сайн хэлж мэдэхгүй юм. Цахим мөнгө юм уу, эсвэл тэр тоглоомыг хөгжүүлдэг, оноо гэх юм уу, юу гэдгийг бид нар хэлж мэдэхгүй байгаа. UC гэдэг зүйлийг бол худалддаг юм байна. С.Т-ийн UC худалдаж авч байгаа, Т-т UC худалдаж байгаа О.Х-ын энэ хоёрын хооронд ямар гэрээний харилцаа үүсэж байгаа вэ? гэхээр энэ гэрээ хэлцэл гэж үзсэн тохиолдолд, энэ нь одоо хүчин төгөлдөр юм уу, хүчин төгөлдөр бус юм уу гэдэг ийм асуудал яригдаж байгаа. Хүүхдийн хувьд бол 12 настай, 12 настай хүүхэд хэн нэг этгээдтэй хэлцэл хийх тохиолдолд өөрийн, эцэг эх, асран хамгаалагч, харгалцан дэмжигчийн олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хэлцлийг хийх ёстой. Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д тодорхой заасан байгаа 7- 14 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн зарим чадамжтай байна. Мөн 17 дугаар зүйлийн 17.2-т 7-14 насны хүүхдийн өөртөө хохиролгүй бөгөөд ахуйн шинжтэй жижиг хэлцлээс бусад хэлцлийг бол түүний нэрийн өмнөөс эцэг эх хийх ёстой гэсэн ийм заалттай. Мөн 16 дугаар зүйлд бол юу гэж заасан гэхээр насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрсөн бусад хэлцлийг хууль ёсны эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийн үндсэн дээр хийдэг, зохицуулалтууд байгаа. Хэрвээ эцэг эхийн бас хараа хяналтгүй, буруутай үйлдэл нөлөөлсөн гэж байгаа тохиолдолд бас энэ дээр аль аль талаас нь дүгнэж нэхэмжлэлийг 100 хувь хангах уу, тодорхой хэсэгчлэн хангах уу? гэдэг асуудал дээр ч гэсэн дүгнэлт хийхийг үгүйсгэхгүй. Түрүүнд миний хэлсэнчлэн С.Т-ийн буруу бий. Эцэг эхийн буруутай нөхцөл байдлыг бас харгалзаж үзэх байхаа гэж бодож байна. С.Т-ийн хувьд одоо 13 нас хүрсэн аав, эгч хоёртойгоо амьдардаг. Ээжийн хувьд нас барсан. Тухайн үед эгч нь гэртээ байхгүй гэж хэлснээс болж маш их хугацаа алдаж ийм олон хүмүүс рүү хүүхдийн гэнэн цайлган байдлаар тухайн мөнгийг үрэн таран хийсэн. Шүүхээс шударга ёсонд нийцсэн аль аль талаас бодож тодорхой хэмжээний төлбөр мөнгийг гаргуулахаар шийдвэрлэх байхаа гэж найдаж байна гэв.

 

2. Хариуцагч О.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд Х.С-ийн гаргасан 10.530.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваад бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие Hongor Gaming гэх 10К дагагчтай фэйж хуудсаар РUBG mobile тоглоомын UС цэнэглэлт хийдэг. UС цэнэглэлт гэдэг нь РUBG mobile тоглоомын мөнгө бөгөөд тус UС-г олон улсын РUBG mobile -ийн албан ёсны МIDASBUY онлайн сайтаас худалдан авдаг. Ингэж UС худалдаг авалт хийхэд олон улсын карттай, картаа МIDASBUY онлайн сайтад холбосон байх шаардлагатай байдаг. Ихэнх хэрэглэгч нар МIDASBUY онлайн сайтыг хэрэглэж чаддаггүйн улмаас UС худалдан авч өөрийн ID буюу аккаунтаа хөгжүүлж чаддаггүй юм. UС худалдан авалт нь Монголчуудын ихэнх нь хэрэглэдэг Олон улсын ТАОВАО, АМАZON сайтаас онлайнаар бараа худалдан авахтай ижил төрлийн үйл ажиллагаа юм. Hongor Gaming фэйж хуудсаар РUBG тоглоом тоглогч сонирхогч нарт аккаунтаа хөгжүүлэх UС авахад нь тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор UС худалдан авах үнийн тарифыг фэйж хуудсаараа нийтэд зарлаж, UС худалдан авах сонирхолтой тоглогч нар Hongor Gaming фэйжийн чатаар холбогдон хэдэн UС авах саналаа илгээж өөрийн аккаунт нэрээ явуулж, UС худалдан авах төлбөрийг миний данс руу шилжүүлдэг. Ингээд миний бие олон улсын МIDASBUY сайтаас төлбөр төлсөн, өөрийн аккаунтаа явуулсан хэрэглэгч нарт UС худалдан авч өгдөг юм. UС худалдан авахыг шахаж шаарддаггүй. Өөрийн Фэйж хуудсаараа үнийн саналыг олон нийтэд нээлттэй байршуулж сонирхогч этгээд нар UС худалдан авалт хийдэг. Яг энэ процессын дагуу 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Tgldr гэх нэртэй фэйсфүүк хэрэглэгч ID, аккаунтаар UС худалдан авахаар чат бичиж төлбөрөө шилжүүлж байсан. Багагүй мөнгө шилжүүлсэн байсан тул түүний Фэйсфүүк профайлийг шалгаж үзэхэд 1999.09.05-нд төрсөн гэсэн байсан учир насанд хүрсэн байна гэж ойлгон цэнэглэлт хийж өгсөн. Үүнээс хойш хэд хэдэн удаа 2023 оны 04 дүгээр сарын 23-ний өдөр хүртэл хийсэн. Ер нь бол Е спорт сонирхогч тоглогч нар өөрийн аккаунтаа хөгжүүлэх маш их сонирхолтой байдаг, тиймээс шинээр гарсан машин, буу, хувцас, эдгээрийн өнгө, нэмэлт тоноглол гэх мэтийг худалдан авах зорилгоор UС их хэмжээгээр авдаг. WWW.МIDASBUY сайтруу UС худалдан авсан төлбөр болох мөнгийг шилжүүлж, T-ийг аккаунтруу UС цэнэглэлтийг МIDASBUY сайтаас явуулдаг. Нэг цэнэглэлтээс би зөвхөн 1 хувийн ашгийг л адваг. Өөрөөр хэлбэл T гэх фэйсфүүк нэртэй тоглогч нь надруу шилжүүлсэн төлбөрийн үнийн дүнтэй дүйцэхүйц UС-ыг худалдан авч хэрэглэсэн болно. Гэтэл цагдаагийн байгууллагаас ирж мэдүүлэг өгөхөөр дуудсаны дагуу очиж болсон процессыг нэг бүрчлэн бүгдийг нь ярьж тайлбар мэдүүлэг өгсөн, миний данс руу мөнгө шилжүүлж UС худалдан авч өгч байсан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Миний бие UС худалдан авахаар шилжүүлсэн 10.530.000 төгрөгийг буцаан шилжүүлэх үндэслэлгүй энэхүү мөнгөн төлбөрт дүйцэхүйц UС-ээр өөрийн аккаунтаа цэнэглэж хэрэглэсэн, энэхүү төлбөрийг олон улсын МIDASBUY сайт руу шилжүүлсэн болно.Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.

Хариуцагч О.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Анх 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр миний Хонгор game гэсэн хаяг руу Т гэсэн хаягаас чат ирсэн. Тэгээд хэд хэдэн удаагийн гүйлгээгээр pubg mobile uc худалдаж авсан. Тэгээд тэр даруйд нь тоглоом буюу pubg шууд цэнэглэж өгч байсан. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 04 дүгээр сарын 23-ны хооронд цэнэглэлт авсан өдрүүдэд. 23-ны өглөө дансаа харахад миний данснаас 3,515,000 төгрөгийн барилт хийгдсэн байсан. Тэгээд тухайн үед гайхсан. Төгөлдөр гэсэн хүүхдийн сүүлийн явуулсан мөнгө нь баригдсан юм байхдаа гэж бодсон. Төгөлдөр рүү чат бичиж дугаарыг нь авч тухайн өдрөө Төгөлдөрийн аав С-тэй ярьсан байхаа. Цагдаа дээр байна чи хүрч ирж мэдүүлэг өгөх хэрэгтэй байна гэхээр нь очиж мэдүүлэг өгсөн. Над руу шилжүүлсэн мөнгийг нь pubg mobile uc болгосон би өөрийнхөө данснаас урьдчилж гаргаж цэнэглэдэг. Миний үйлчлүүлэгчээс над руу мөнгө нь орж ирэхээр өмнө цэнэглэсэн байсан мөнгөнөөс авч цэнэглэж өгдөг. Тухайн үед яаг энэ журмаар цэнэглэж өгсөн. pubg mobile uc зарж байгаа үйл ажиллагаа 2019 оны сүүлээр хийж эхэлсэн. Би өөрийн ийм цахим хаягтай байгаа. Риона гэх охины цахим хаягт нь uc зарч эхэлсэн. Дараа нь хоёр пайж хуудас руу орж зарсан. Тэрний дараагаас буюу 2022 оноос өөрийн гэсэн цахим хаягтай болсон. Одоо нийт 10,000 мянган дагагчтай. Эдгээр хүмүүсийн тал нь надаар үйлчлүүлдэг гэсэн үг. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь pubg mobile uc хийгээд өгчихсөн. Тийм болохоор тэр хүүхэд надаас авах юмаа авчихсан учраас тухайн мөнгийг төлөх боломжгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..... Pubg mobile uc цэнэглэлт гэдэг маань өөрөө хоорондоо холбогдож тоглодог интернэт тоглоом байдаг юм билээ. Тэрний хувцас, машин, буу хувцас хэрэглэлийг худалдаж авахын тулд UC буюу тодорхой хэмжээний мөнгөтэй байх шаардлагатай. Энэ мөнгийг болохоор олон Улсын pubg сайтаас худалдаж авдаг. Мөнгөө тухайн сайт руу шилжүүлж тэргээр нь тодорхой хэмжээний худалдан авалт хийгээд тухайн тоглоом руу орж ирдэг. Тэрүүгээр нь нэхэмжлэгч өөрийн тоглоомын аккаунтыг хөгжүүлдэг. Монголчуудын ихэнх нь хэрэглэдэг Амазонг, Табао зэрэг олон улсын интернэт худалдан авалт шиг . Яагаад тухайн тоглоомыг өөрсдөө худалдаж авч чаддаггүй вэ? гэхээр тодорхой хэмжээний хүндрэлүүд байдаг. Мэдээж олон улсын картаа холбох өөр тодорхой хүндрэлүүд гардаг учраас энэ төрлийн мэргэшсэн хүмүүсээс дамжуулж тэр хүмүүс нь цааш нь мөнгийг шилжүүлэх юм уу? эсвэл урьдчилан шилжүүлсэн мөнгөөрөө pubg mobile uc авдаг. Буцаад тэр хэрэглэгчийнхээ тоглоомын accont цэнэглэдэг. Яаг ийм процессоор О.Х-ын хаяг руу Төгөлдөр гэдэг хүүхэд чат бичиж орж ирсэн.Төгөлдөр гэх хүүхэд зөвхөн О.Хонгорбатаас биш өөр бас ийм үйл ажиллагаа явуулдаг хүмүүс pubg mobile uc худалдаж авсан юм билээ. Энийг яаж мэдсэн бэ? гэхээр цагдаагийн байгууллага дуудах үед очиж мэдсэн. Өмнө бас нэхэмжлэгч нартай Баянзүрх дүүргийн шүүх дээр шүүх хуралдаанд орсон. Гэхдээ О.Х ороогүй. Цагдаагийн байгууллагын зүгээс энэ өөрөө гэмт хэргийн шинжгүй үйлдэл талууд хоорондоо тохиролцож авсан байна. Төлбөрөө шилжүүлсэн байна, төлбөрийн үнэнд дүйцэхүйц pubg mobile uc авсан байна. Энэ бол гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш гэдгээр хэргийг хаасан гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2023.12.22-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоол, иргэний үнэмлэхний лавлагаа, С.Т-ийн төрсний гэрчилгээ, зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

4. Хариуцагч талаас иргэний үнэмлэхний хуулбар, гарын үсгийн баталгаа, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Шүүх зохигчдын хүсэлтийн дагуу Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2023.12.22-ны өдрийн 04 тоот тогтоолтой хэргээс О.Х, С.Т, К.М, Г.Э, О.Э нарын гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар гаргуулж, хариуцагчийн хүсэлтийн дагуу H Gaming гэх нэртэй фэйж хуудас болон H Gaming, Т гэх фэйсбүүк хэрэглэгч нарын хооронд харилцсан мессежинд үзлэг хийж баталгаажуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д Насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, харгалзан дэмжигч/-ийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийнэ гэж заасан. Мөн тус зүйлийн 16.3-д Насанд хүрээгүй иргэн хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр дараахь эрхээ бие даан хэрэгжүүлж болно гээд 16.3.1-д өөрийн хөдөлмөрийн хөлс, оюутны тэтгэлэг, тэдгээртэй адилтгах бусад орлого, тэдэнд өөрийн үзэмжээр захиран зарцуулахад нь зориулж шилжүүлсэн эд хөрөнгийг захиран зарцуулах, 16.3.2-д өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх ахуйн чанартай хэлцэл хийх, 16.3.3-д энэ хуулийн 16.3.1-д заасан орлогыг банк, зээлийн байгууллагад хадгалуулах гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй иргэн нь Иргэний хуулийн 16 дугаар зүйлд зааснаар өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх ахуйн чанартай хэлцэл хийх-ээс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, харгалзан дэмжигч/-ийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийх ба хэрэв зөвшөөрөлгүйгээр хийсэн аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар хуульчилжээ. Мөн Иргэний хуулийн 17 дугаар зүлийн 17.1-д 7-гоос 14 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн зарим чадамжтай байна, 17.2-д 7-гоос 14 хүртэлх насны этгээдийн хийсэн өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хийнэ гэж заасан. Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.1-д Тоглоом болон мөрий нь шаардах* эрхийг бий болгохгүй гээд мөн зүйлийн 486.4-д Хонжворт сугалаа, түүнтэй төсөөтэй бусад тоглоом нь эдгээрийг төрөөс зөвшөөрсөн тохиолдолд л шаардах эрхийг бий болгоно гэж заасан. С.Т нь 13 настай буюу Иргэний хуулийн 17 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд бөгөөд түүний 49.881.105 төгрөгөөр цахим тоглоом худалдан авах хэлцэл нь өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцэл-д хамаарахгүй юм. Иргэний хуулийн 56.1-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна гээд 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасан ба мөн зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул 10,530,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч О.Х нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр T гэх нэртэй фэйсфүүк хэрэглэгч ID, аккаунтаар UС худалдан авахаар чат бичиж төлбөрөө шилжүүлж байсан. Багагүй мөнгө шилжүүлсэн байсан тул түүний Фэйсфүүк профайлийг шалгаж үзэхэд 1999.09.05-нд төрсөн гэсэн байсан учир насанд хүрсэн байна гэж ойлгон цэнэглэлт хийж өгсөн. Үүнээс хойш хэд хэдэн удаа 2023 оны 04 дүгээр сарын 23-ний өдөр хүртэл хийсэн. Ер нь бол Е спорт сонирхогч тоглогч нар өөрийн аккаунтаа хөгжүүлэх маш их сонирхолтой байдаг, тиймээс шинээр гарсан машин, буу, хувцас, эдгээрийн өнгө, нэмэлт тоноглол гэх мэтийг худалдан авах зорилгоор UС их хэмжээгээр авдаг. WWW.МIDASBUY сайтруу UС худалдан авсан төлбөр болох мөнгийг шилжүүлж, Tgldr-ийг аккаунтруу UС цэнэглэлтийг МIDASBUY сайтаас явуулдаг. Нэг цэнэглэлтээс би зөвхөн 1 хувийн ашгийг л адваг. Өөрөөр хэлбэл T гэх фэйсфүүк нэртэй тоглогч нь надруу шилжүүлсэн төлбөрийн үнийн дүнтэй дүйцэхүйц UС-ыг худалдан авч хэрэглэсэн болно. Гэтэл цагдаагийн байгууллагаас ирж мэдүүлэг өгөхөөр дуудсаны дагуу очиж болсон процессыг нэг бүрчлэн бүгдийг нь ярьж тайлбар мэдүүлэг өгсөн, миний данс руу мөнгө шилжүүлж UС худалдан авч өгч байсан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Миний бие UС худалдан авахаар шилжүүлсэн 10.530.000 төгрөгийг буцаан шилжүүлэх үндэслэлгүй энэхүү мөнгөн төлбөрт дүйцэхүйц UС-ээр өөрийн аккаунтаа цэнэглэж хэрэглэсэн, энэхүү төлбөрийг олон улсын МIDASBUY сайт руу шилжүүлсэн тул эргүүлж өгөх боломжгүй гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Х.С нь 2010 оны 12 дугаар сарын 10 ний өдөр төрсөн С.Т-ийн төрсөн эцэг болох нь Г-3561 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдоно.

С.Т нь 2023 оны 4 дүгээр сарын 21-23 ний өдрүүдэд буюу 12 настай байхдаа хариуцагч О.Х-ын ХААН банкны ****** тоот данс руу тоглоомын цахим хэрэгсэл худалдан авах зорилгоор 10.530.000 төгрөгийг 8 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн дансны дэлгэрэнгүй хуулга, түүний гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдохоос гадна талууд шилжүүлсэн мөнгөний хэмжээн дээр маргадаггүй. Түүнчлэн тухайн шилжүүлсэн 10.530.000 төгрөгөөр нэхэмжлэгчийн хүү С.Т нь өөрийн цахим тоглоомыг цэнэглэсэн талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч нь ..12 настай хүүхэд өөртөө хохиролтой хэлцлийг эцэг, эхийн зөвшөөрлөөр хийх бөгөөд хууль зөрчсөн хэлцэл учраас хүчин төгөлдөр бус тул үр дагаврыг буцааж шилжүүлсэн мөнгийг хариуцагчаас гаргуулна гэдэг бол хариуцагч нь ...тухайн мөнгөнд тохирсон цэнэглэлтийг хийсэн, насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй гэж буцаан төлөхөөс татгалздаг.

Прокурорын байгууллагаас энэхүү мөнгө шилжүүлсэн асуудлыг шалгаад насанд хүрээгүй С.Т-ийн цахим орчинд Pub-G тоглоомыг тоглож, их хэмжээний мөнгө алдсан үйлдлийг нийгэмд аюултай үйлдэл гэж үзэхгүй гэх үндэслэлээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэргийг 2023-12-22 ний өдөр хааж шийдвэрлэжээ.

 

5. Шүүх С.Т, О.Х нарын хооронд цахим тоглоомын орчинд тоглоомдоо зориулж эд зүйл худалдан авах эрхийг цэнэглүүлэх, цэнэглэн өгч байгаа харилцааг худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв. Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Шүүх уг маргаан бүхий хэлцэл нь Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.2-т зааснаар насанд хүрээгүй иргэний хувьд бие даан байгуулахыг зөвшөөрдөг өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх ахуйн чанартай хэлцэл мөн эсэхийг нарийвчлан шалгах учиртай. С.Т нь Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 т заасан иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээдэд хамаарах ба уг иргэний хийсэн хэлцэл нь өөрт хохиролгүй буюу хэлцлээс үүдсэн эрсдэл үүсгэхгүй, бусдад буюу гуравдагч этгээдэд хохиролгүй байх, хиймэгц биелэх ахуйн чанартай буюу өдөр тутамд хийгдэж байдаг бага үнийн дүнтэй хэлцэл байхыг шаардаж байна. Талуудын худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн 10,530,000 төгрөг байх бөгөөд энэ нь тухайн үед мөрдөгдөж байсан 550,000 төгрөгийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даруй 19 дахин их байх тул өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх ахуйн чанартай хэлцэл биш юм.

Тодруулбал Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, харгалзан дэмжигч/-ийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийнэ, мөн зүйлийн 16.3 т  Насанд хүрээгүй иргэн хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр дараахь эрхээ бие даан хэрэгжүүлж болно:

16.3.1.өөрийн хөдөлмөрийн хөлс, оюутны тэтгэлэг, тэдгээртэй адилтгах бусад орлого, тэдэнд өөрийн үзэмжээр захиран зарцуулахад нь зориулж шилжүүлсэн эд хөрөнгийг захиран зарцуулах.

16.3.2.өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх ахуйн чанартай хэлцэл хийх.

16.3.3.Энэ хуулийн 16.3.1 -д заасан орлогыг банк, зээлийн байгууллагад хадгалуулах.

16.4. 16-аас 18 хүртэлх насны иргэн хоршооны гишүүн байж болно гэдгийг тус тус хуульчилжээ.

Гэтэл хариуцагч О.Х нь С.Т-ийн эцэг, асран хамгаалагч Х.С-ийн зөвшөөрөлгүйгээр 10,530,000 төгрөгийн үнийн дүн бүхий худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй,

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 243 дугаар зүйлийн 243.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Х, С.Т нарын хооронд хийгдсэн худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 10,530,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хангаж шийдвэрлэв. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 д Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан байх ба нэхэмжлэгч Х.С нь өөрийн хүү С.Т гар утсаа ашиглуулах боломж олгосон, хүүхдийг хараа хяналтгүй орхисон,, эцгийн хайхрамжгүй байдлаас мөнгийг хариуцагчид шилжүүлсэн байх тул О.Х-аас С.Т-ийн шилжүүлсэн 10,530,000 төгрөгөөс 9,530,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183.430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 167,430 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.С-д олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 56.6, 243 дугаар зүйлийн 243.1 т тус тус зааснаар хариуцагч О.Х-аас 9,530,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183.430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 167,430 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Соёл-Эрдэнэд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ