Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
Хэргийн индекс | 101/2019/04148/И |
Дугаар | 183 |
Огноо | 2020-01-24 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 183
У.Ө-ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 11 сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/03331 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: У.Ө-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Н-” ХХК-д холбогдох,
Гэрээнээс татгалзаж 13 259 400 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: У.Ө-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.Ө- би 2019 оны 01 сарын 19-ний өдөр “Н-” ХХК-тай 169 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулан, гэрээнд заасан Амар амгалан-3, орон сууцны хотхоны 1-р байрны, 1-р орцны, 1 давхрын 103 тоот орон сууцны зориулалттай баригдах байрны 1 м.кв-ын үнэ 1 650 000 төгрөг, 40.18 м.кв-ын төлбөр нийт 66 297 000 төгрөг болсон ба 20 хувийн урьдчилгаа 13 259 400 төгрөгийг тухайн өдөр 8 000 000 төгрөг төлөөд, 2019 оны 02 сарын 20-ны өдөр үлдсэн 5 259 400 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дансанд хийсэн болно. Үлдэгдэл 80 хувийг тухайн байгууллагын 5 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай хувь лизингээр Хаан банкны 5121008814 тоот дансанд хийж байхаар тохиролцсон. Талуудын байгуулсан гэрээнд заасны дагуу 2019 оны 9 сарын 25-ны өдөр “Н-” ХХК, захиалагч болох У.Ө- надад байр ашиглалтад орж, түлхүүр гардуулахаар харилцан тохиролцсон боловч өнөөдрийн байдлаар барилга баригдаж эхлээгүй байна. Яагаад баригдахгүй байгаа талаар олон удаа асууж байсан ба 2019 оны 6 сард тус компанийн захирал Д.Гүрсоронз барилга баригдахгүй болсон тухай мэдэгдэл хийсний дагуу 2019 оны 6 сарын 14-ний өдөр миний бие гэрээгээ дуусгавар болгоод 13 259 400 төгрөгөө буцааж авахаар өргөдөл бичиж өгсөн. Гэтэл тус компаниас шууд өгөх боломжгүй сард 40 иргэний урьдчилгааг өргөдөл өгсөн өдрөөр дараалалд оруулан, 2019 оны 9 сарын 05-ны өдөр өгнө гэсэн албан бичиг хийж өгсөн. Одоог хүртэл мөнгийг минь буцааж өгөхгүй байгаад гомдолтой байна. Иймд “Н-” ХХК-иас гэрээний урьдчилгаа төлбөрт өгсөн 13 259 400 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан “Н-” ХХК-иас 13 259 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 224 247 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр байна гэж үзэн шийдвэрээ гаргаж, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн гэрээний урьдчилгаа төлбөр болох 13 259 400 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгохыг даалгасан боловч тухайн гэрээг цуцлах эсхүл хүчингүй болгосон эсэхийг тогтоолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх ёстой ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээг цуцлах, дуусгавар болгох, хүчингүй болгох шаардлага гаргаагүй нэхэмжлэлийг анхнаасаа хүлээж авах ёсгүй байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, 13 259 400 төгрөгийг буцаан авахыг нэхэмжилсэн боловч гэрээг нэг талаас цуцлах шаардлага гаргаагүй байхад шүүх талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосноор үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзаж, цуцлах эрхтэй гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч У.Ө- нь хариуцагч “Н-” ХХК-д холбогдуулан 13 259 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Зохигчид 2019 оны 1 сарын 19-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Н-” ХХК нь “Амар амгалан 3” орон сууц хотхоны 1 дүгээр байрны, 1 дүгээр орцны, 1 давхрын 103 тоот, орон сууцны зориулалттай 40,18 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч У.Ө-д хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь орон сууцны 1 м.кв-ын үнийг 1 650 000 төгрөгөөр тооцон, нийт 66 297 000 төгрөгийг гэрээнд заасны дагуу төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, орон сууц захиалгын гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 3-6-р тал/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгч У.Ө- нь 2019 оны 1 сарын 19-ний өдрөөс 2019 оны 02 сарын 20-ны хооронд орон сууцны урьдчилгаа төлбөрт нийт 13 259 400 төгрөг төлсөн байна. /хх-ийн 9-11-р тал/
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ” гэж зааснаар хариуцагч “Н-” ХХК нь гэрээгээр хүлээсэн орон сууц барьж, ашиглалтанд оруулах үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч У.Ө- нь гэрээнээс татгалзах санал гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч, орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 13 259 400 төгрөгөөс 2019 оны 6 сарын 28-ны өдөр 5 000 000 төгрөг, 2019 оны 9 сарын 05-ны өдөр 8 529 400 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид буцаан төлөхөө илэрхийлсэн болох нь зохигчдын тайлбар, хариуцагч “Н-” ХХК-ийн 2019 оны 6 сарын 14-ний өдрийн 460 тоот тодорхойлолт зэргээр тогтоогджээ. /хх-ийн 12-р тал/
Нэгэнт талууд шүүхэд хандахаас өмнө гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгч У.Ө- нь орон сууцны урьдчилгаанд төлсөн төлбөрөө хариуцагч “Н-” ХХК-иас шаардах эрхтэй хэмээн дүгнэж, хариуцагчаас нийт 13 259 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, нэхэмжлэгч нь 13 259 400 төгрөгийг буцаан авахыг нэхэмжилсэн боловч гэрээг нэг талаас цуцлах шаардлага гаргаагүй гэх боловч хариуцагч “Н-” ХХК нь нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах саналыг хүлээн зөвшөөрч орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 13 259 400 төгрөгийг буцаан төлөхөө илэрхийлжээ. Түүнчлэн хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлоогүй, шүүхэд тайлбар гаргаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/03331 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Г.ДАВААДОРЖ