| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2023/03573/И |
| Дугаар | 183/ШШ2024/02253 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2024/02253
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б дүүрэг, *** өөрийн байранд байрлах, Н******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Х дүүрэг, ** тоот хаягт байрлах, С******* ХХК /РД:******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 38 159 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н******* ХХК нь хариуцагч С******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 38 159 400 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Манай компани болон С******* ХХК-ийн хооронд 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 06/2020 дугаартай Барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээ /Дотор засал, шавар, таазны/, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ /Коридорын хар шалны үлдэгдэл ажлын цутгалт, тэгшилгээний/, мөн өдөр Ажил гүйцэтгэх тухай гэрээ /Т эмнэлгийн гадна фасадны/ 2020/07 дугаартай гэрээг тус тус гүйцэтгэх захирал Ө.С*******тай байгуулсан. Тус гэрээнүүдийн хүрээнд нийт 52 413 255 төгрөгийг бэлэн мөнгөөр болон автомашин үнийн дүнд тооцож шилжүүлсэн байдаг. 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 7 403 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 15 592 655 төгрөгийн, нийт 22 995 655 төгрөгийн ажил гүйцэтгэснийг "Гэрээт ажлыг дүгнэсэн протокол" үйлдэж хүлээлгэн өгсөн. Дээрх гэрээнүүдийн хүрээнд хийх үүрэгтэй байсан ажлуудыг хийгээгүй, хийх гэж байна гэх нэрийдлээр 25 439 600 төгрөгийг гүйцэтгэсэн ажлаас илүү авсан бөгөөд гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгээгүй байсаар 2 жил гаруй хугацаа өнгөрсөн. Иймд С******* ХХК-наас илүү төлсөн төлбөр 25 439 600 төгрөг 06/2020 дугаартай гэрээний 6.2, 07/2020 дугаартай гэрээний 8.1 дэх заалтуудад заасны дагуу алданги 12 719 800 төгрөг нийт 38 159 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай компани хариуцагч С******* ХХК-тай харилцан тохиролцоод ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу хийгдэх ажилд нийт 52 413 255 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч нь ажлаа дутуу буюу 22 955 655 төгрөгний ажил хийж гүйцэтгэсэн. Тиймээс хийгдээгүй ажилд илүү төлөгдсөн мөнгийг гаргуулахаар шаардсан боловч өгөөгүй, ажлаа ч гүйцээж дуусгаагүй тул шүүхэд хандсан. Манай илүү шилжүүлсэн төлбөр 29 417 600 төгрөг болж байгаа боловч үүнээс хариуцагчийн өгсөн 2 тонн цементийг хасаад үлдэх 25 439 600 төгрөгийг гэрээнд заасан алдангийн хамт гаргуулж өгнө үү. Бид гэрээгээ дүгнэж байсан боловч зарим баримтууд нь олдохгүй байгаа юм. Иймд илүү шилжүүлсэн 25 439 600 төгрөг, алданги 12 719 800 төгрөг, нийт 38 159 400 төгрөг болж байгаа гэв.
2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/01908 дугаар шүүхийн шийдвэр, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №05/2020 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн гэрээт ажлыг дүгнэх протокол, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээт ажлыг дүгнэсэн протокол, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №06/2020 дугаар Барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №07/2020 дугаар Ажил гүйцэтгэх тухай гэрээ, Түлэнхий төвийн гадна фасадны ажлын үнийн санал, С******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н******* ХХК-ийн харилцагчийн дэлгэрэнгүй, 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн орлогын баримт, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн орлогын баримт, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн орлогын баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шилжүүлгийн баримт, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн шилжүүлгийн баримт, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн шилжүүлгийн баримт, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шилжүүлгийн баримт, дансны хуулга, 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ, машин хүлээлцэх тухай акт, Д.З*******ы иргэний үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ, Б.Б*******гийн Хас банкны дансны хуулга, /хэргийн 2-43, 65-67, 95-97 хуудас/ гэсэн баримтуудыг,
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шилжүүлгийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэлийг /хх-ийн 115-117-р хуудас/ хэрэгт хавсаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Н******* ХХК-ийн нэхэмжлэлээс 10 595 000 төгрөгийг хангаж, үлдэх 27 564 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч С******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын хөлсөнд нийт 52 413 255 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч нь гэрээнд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй тул хийж гүйцэтгээгүй ажлын хөлс болох 25 439 600 төгрөг, алданги 12 719 800 төгрөг, нийт 38 159 400 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагчид нэхэмжлэгч Н******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гардуулсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй болно.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Н******* ХХК нь хариуцагч С******* ХХК-тай 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр №06/2020 тоот Барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээ /дотор засал, шавар, таазны/ байгуулж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд баригдаж байгаа ГССҮТ-ийн харьяа “Т”-ийн барилгын дотор заслын ажлыг хариуцагч нь чанар, стандартын өндөр түвшинд 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртлэх хийж гүйцэтгэхээр, нэхэмжлэгч нь гэрээт ажлын хөлсийг төлөхөөр харилцан тохиролцжээ.
4.2.Мөн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр №05/2020 тоот Коридорын хар шалны үлдэгдэл ажлын цутгалт, тэгшилгээний ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, *******,******* хороонд баригдсан Улсын эзэмшлийн Тийн барилгын хар шалны үлдэгдэл ажил 1-р давхарын 686 м.кв талбай, 2-р давхарын 895 м.кв талбай, 3-р давхарын 819 м.кв талбай, зоорийн 369 м.кв талбайн шалны цутгалтуудыг гүйцээж цутгах, өнгөлөх, тэгшилгээний ажлыг чанарын өндөр түвшинд ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэж, эмнэлгийн зориулалттай шалны хулдаасыг шууд наахад бэлэн болгох ажлыг 2020 ны 7 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэж ажлын 30 хоногт хийж гүйцэтгэх, ажлын хөлсийг 1 м.кв-ыг 6500 төгрөгөөр тооцож, ажлын хөлсийг гүйцэтгэсэн ажлыг дүгнэж тооцоо нийлж санхүүжилтийг олгохоор тохиролцсон байна.
4.3.Талууд 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр №07/2020 тоот Т эмнэлгийн гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, хариуцагч нь барилгын гадна фасадны ажлыг мэргэжлийн өндөр түвшинд барилгын гадна фасад хийх норм стандартын дагуу 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 30 хоногийн дотор бүрэн дуусгаж, актаар хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхөөр харилцан тохиролцжээ.
5.Талуудын маргааны зүйл нь 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №05/2020, №07/2020 тоот гэрээнд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй тул илүү шилжүүлсэн ажлын хөлсийг гаргуулах талаар байна, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №06/2020 тоот ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн талаар маргаагүй.
6.Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр №06/2020 тоот, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр №05/2020 тоот, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр №07/2020 тоот ажил гүйцэтгэх гэрээнүүд байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрээнд хэн аль нь гарын үсгээ зурсан, гэрээт ажлын хөлсийг шилжүүлж байсан, гэрээг дүгнэсэн акт үйлдсэн болох нь Хаан банкны шилжүүлгийн баримт, гэрээ дүгнэсэн акт, үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнүүд нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.
6.1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар гэж зааснаар нэхэмжлэгч нь ажлын үр дүнг бүрэн хүлээлгэн өгөөгүй гэж илүү төлсөн хөлсийг гаргуулахаар шаардах эрхтэй.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчид 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №06/2020 тоот, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №05/2020, №07/2020 тоот гэрээний ажлын хөлсөнд нийт 52 413 255 төгрөгийг шилжүүлсэн боловч 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 7 403 000 төгрөгний ажлыг, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 15 592 655 төгрөгний буюу нийт 22 995 655 төгрөгний ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн тул ажлын хөлсөнд илүү шилжүүлсэн 29 417 600 төгрөгнөөс хариуцагчийн шилжүүлсэн 2 тонн цементийн үнийг хасч, үлдэх 25 439 600 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
7.1.Хариуцагч нь нэхэмжлэгчийг шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, эрх үүрэгтэйгээ танилцаж хуульд заасан хугацаанд буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хариу тайлбарыг ирүүлэх байсан боловч ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэсэн үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72.3-д “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцохоор байна.
7.3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Гэрээт ажлыг дүгнэсэн протокол, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Гэрээт ажлыг дүгнэсэн протокол гэсэн баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн боловч 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээт ажлыг дүгнэсэн протокол нь нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар хувь байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.
7.4.Харин 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн гэрээт ажлыг дүгнэсэн протоколыг хуулбар хувиар ирүүлсэн боловч уг баримтыг архивт үдэгдсэн тул өгөх боломжгүй гэж тайлбарлан байгаа газарт нь үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэж зааснаар үзлэг хийж, тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан болно.
7.5.Хэрэгт авагдсан 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн гэрээт ажлыг дүгнэсэн протоколд “2020 оны 8 дугаар сарын 31, Тийн В блокийн хар шал цутгах ажил, гэрээний дугаар 05/2020, гэрээгээр хийгдэх ажил Тийн Б блокийн 3,2,1,Б1 давхарын шалны цутгалт тэгшилгээ өнгөлгөө хийх 2769 м.кв, гэрээний нийт дүн 17 998 500 төгрөг, хийгдсэн ажлын талбай 7 403 000 төгрөг” гэсэн байх тул 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №05/2020 тоот гэрээний дутуу хийгдсэн ажлын хөлс 10 595 000 төгрөгийг гаргуулж, /17 998 500 төгрөг – 7 403 000 төгрөг=10 595 000 төгрөг/ нэхэмжлэлээс үлдэх 14 844 100 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна гэж үзэв.
7.6.Хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг гардан авч, эрх үүрэгтэйгээ танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах” үүргээ биелүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүй болно.
8.Нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй буюу ажлын хөлсийг буцаан төлөөгүй гэж 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №06/2020 тоот гэрээний 6.2, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №07/2020 тоот гэрээний 8.1-д зааснаар алдангид 12 719 800 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
9.Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №06/2020 тоот ажил гүйцэтгэх гэрээний 6.2.-д “талууд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд буруутай тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 00,5 хувийн алдангийг хоног тутам төлнө. Гүйцэтгээгүй үүргийг тодорхойлох боломжгүй тохиолдолд гэрээний нийт дүнгээр тооцно” гэж, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №07/2020 тоот гэрээний 8.1-д “гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлж чадаагүй, шаардлага хангахгүй /доголдолтой/ гүйцэтгэсэн бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам хийх ёстой байсан ажлын үнийн дүнгийн 0,05 хувиар буруутай талдаа алданги ногдуулна” гэж тус тус заасан байна.
9.1.Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.4-д “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заажээ.
9.2.Гэвч нэхэмжлэгч нь 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №06/2020 тоот ажил гүйцэтгэх гэрээний ажлын гүйцэтгэлийн талаар маргаагүй гэсэн атлаа алданги шаардсан нь үндэслэлгүй, мөн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №07/2020 тоот гэрээний гэрээт ажлыг дүгнэсэн актыг ирүүлээгүй, хэрэгт ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул алданги гаргуулах үндэслэлгүй байна гэж дүгнэв.
9.3.Иймд хариуцагч С******* ХХК-иас 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №05/2020 тоот гэрээний дутуу хийгдсэн ажлын хөлс 10 595 000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Н******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс илүү шилжүүлсэн ажлын хөлс 14 844 100 төгрөг, алданги 12 719 800 төгрөг, нийт 27 563 900 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С******* ХХК-иас 10 595 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27 563 900 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348 747 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 184 470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН