Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2024/02568

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2024/02568

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин байрлах, ХЛ /Хуулийн этгээдийн регистрийн дугаар 1/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: А.А /РД:ХХ/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа

/нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Хүсэлт гаргагч ХЛ-ийн төлөөлөгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А.А нь манай компанитай 2020 оны 12-р сарын 05-ны өдөр Н- БЗГ/2020-5392 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,000,000/Хоёр сая/ төгрөгийг сарын 2,60%-ийн хүүтэйгээр, 25 сарын хугацаатайгаар цахилгаан бараа худалдан авах зориулалтаар зээлж авсан. Мөн 2021 оны 02-р сарын 4-ний өдөр БЗГ/2021-7989 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 3,959,900/Гурван сая есөн зуун тавин есөн мянга есөн зуу/ төгрөгийг сарын 2.55%-ийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар цахилгаан бараа болон гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч А.А нь манай байгууллагаас олгосон Н-БЗГ/2020-5392 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу LG F4J3TS2W загварын угаалгын машин, LG 43LM6300 загварын зурагт, БЗГ/2021-7989 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу Apple iPhone 12 promax gold 128GB загварын гар утас зэргийг Пи Си Молл" ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч А.А нь Н-БЗГ/2020-5392 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 02-р сарын 05-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 3,145,614.16/Гурван сая нэг зуун дөчин таван мянга зургаан зуун арван дөрвөн төгрөг арван зургаан мөнгө/ төгрөг төлөх байснаас нийт 2,252,698/Хоёр сая хоёр зуун тавин хоёр мянга зургаан зуун ерэн найман төгрөг/ төгрөг төлж, 892,916.16/Найман зуун ерэн хоёр мянга есөн зуун арван зургаан төгрөг арван зургаан мөнгө/ төгрөгийг зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 539 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Зээлдэгч А.А нь БЗГ/2021-7989 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2023 оны 09-р сарын 19-ний байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 5,738,390.63/Таван сая долоон зуун гучин найман мянга гурван зуун ерэн төгрөг жаран гурван мөнгө/ төгрөг төлөх байснаас нийт 4,531,200/Дөрвөн сая таван зуун гучин нэгэн мянга хоёр зуу/ төгрөг төлж, 1,207,190.63/Нэг сая хоёр зуун долоон мянга нэг зуун ерэн төгрөг жаран гурван мөнгө/ төгрөгийг зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 492 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч А.А нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй. 

Манай компанийн зүгээс А.А, БЗД оршин суух хаягаар нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч энэ хаяг дээр бүртгэлтэй бөгөөд оршин суудаггүй нь тогтоогдож 101/Ш32023/25056 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. А.А бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийж байгаа, А.А нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяг дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байгаа, иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч А.А эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Санхүүгийн зохицуулах хороо Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээ, харилцагчийн анкет, Иргэний үнэмлэхний хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2023/25056 дугаартай захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч ХЛ нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Адъяагийн Ариунбайгалийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.

 

ХЛ, А.А нар 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Зээлийн гэрээ-г байгуулсан болох нь талуудын хооронд байгуулсан дээрх гэрээгээр тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүргийн нэхэмжлэлд А.А нь хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.А нь БЗД оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2023/25056 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу А.А /РД:ХХ/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хүсэлт гаргагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар А.А /РД:ХХ/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т А.А /РД:ХХ/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ХЛ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4 А.А /РД:ХХ/-г хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгч ХЛ-ийн төлөөлөгч  /Утас:8465/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС