Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2024/02911

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2024/02911

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  оршин байрлах, ДФ ББСБ ХХК /РД:/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Тын Ц /РД: ***/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл оролцов. (Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

Тодорхойлох нь:

1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Т.Ц нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны 3Г2122578Х тоот Зээлийн гэрээ байгуулан 2,767,920 төгрөгийг сарын 39.6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлэн авсан.

Зээлдэгч нь зээл авахдаа ***тоот хаягт оршин сууж байсан боловч 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 182/Ш32023/15110 тоот захирамжаар тус хаягт оршин суудаггүй нь тогтоогдсон тул Т.Цийг эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагуудад үүрэг болгож өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч ДФ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хүсэлт гаргагчийн эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн байна.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

3.1 Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 24/А-08 тоот дугаартай Итгэмжлэл, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 24 тоот дугаартай итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ2122578Х дугаартай Зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, иргэний үнэмлэхийн хуулбар, зээл төлөлтийн дансны хуулга, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШЗ2023/15110 дугаар захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

3.2 Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШЗ2024/09792 дугаар нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Т.Цын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг шаардсаны дагуу тус газраас Т.Цын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг тус тус ирүүлж хэрэгт авагдсан.

 

Шүүх зохигчоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч ДФ ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Тын Ц /РД: ***/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

1. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэл шаардлагыг ...Зээлдэгч Т.Цаас зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахад тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШЗ2023/15110 дугаар захирамжаар Т.Ц нь ****тоот гэх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэж Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Т.Ц нь зээлийн өр төлбөртэй, түүний оршин сууж байгаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлаж байна.

 

3. Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Хүсэлт гаргагчийн тайлбар, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ2122578Х дугаартай Зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дансны хуулга зэрэг баримтуудаар Т.Ц нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

3.2. Шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.

 

Энэ хүрээнд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШЗ2024/09792 дугаар нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Т.Цын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг шаардсан ба Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Т.Цын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд **** тоот гэх хаягт бүртгэлтэй гэжээ.

 

3.3. Т.Ц нь Чингэлтэй дүүрэг, 22 дугаар хороо, Согоотын 60 гудамж 0812 тоот гэх хаягт оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, уг хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорохойлолт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШЗ2023/15110 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2411990001014516 дугаартай Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, мөн өдрийн 2411990001014515 дугаартай Иргэний үнэмлэхийн лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т тус тус зааснаар  хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Тын Ц /РД: ***/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

4. Хүсэлт гаргагч ДФ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

5. Хүсэлт гаргагч ДФ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хэсэгт нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Тын Ц /РД: ***/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Цыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ДФ ББСБ ХХК, түүний төлөөлөгч Т.Дэлгэрмаа /утас: ../-т мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ДФ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА