Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2024/03473

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 23

182/ШШ2024/03473

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: *******,*******,*******,*******, Багамонгол овогт Ишдоржийн Оюунгэрэл /РД:ХН68122361/-ийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Ишдорж овогтой Оюунгэрэл миний бие 1984 онд 8 дугаар ангиа төгсөөд Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Барилгын модон эдлэлийн үйлдвэрт барилгын модон эдлэлийн үйлдвэрт ажилд орсон. 1988 онд төрөөд жирэмсний амралтаа авч байсан. Тэгээд буцаж ажилдаа ороод 1990 он хүртэл ажилласан. 1990 оноос хойш ажлын маань үйл ажиллагаа удааширч цалингаа тавьж чадахгүй нөхцөл байдал үүсээд би ажлаасаа гарсан. Үйлдвэрээс мэргэжлээ дээшлүүл гээд намайг техник мэргэжлийн сургууль руу явуулсан. Сургуульд сурч байх хугацаанд ар гэрийн байдал хэцүү байсан учраас 10 дугаар сард сургуулиасаа гарсан. Тэгээд буцаад ажиллаж эхэлсэн. Ажилд ороход өмнө нь ажиллаж байсан учраас диплом асуугаагүй. Дараа нь танилаараа дамжуулж байгаад дипломоо авсан. 1990 он хүртэл ажилласан. 1990 оноос хойш үйлдвэр дампуурсан. 1990 оноос хойш ажлын маань үйл ажиллагаа удааширч цалингаа тавьж чадахгүй нөхцөл байдал үүсээд би ажлаасаа гарсан. Тэгээд гэртээ хүүхдүүдээ харсан. Хэсэг ажилгүй байх хугацаанд улсаас ажилласан жил өгсөн. Үйлдвэр хөдөлмөрийн дэвтрийг дипломын хамт хурааж авдаг байсан. Ажлаас гарахад нь өгдөг байсан. Би ажлаас гарахдаа бичиг баримтаа аваагүй. Тухайн үед бичиг баримтандаа ач холбогдол өгөөгүй. Ажлаасаа гараад дахиад яаж ажил олох талаараа бодож байсан. Миний бичиг баримтууд архиваас шүүлгээд гарч ирэхгүй байгаа. Барилгын модон эдлэлийн үйлдвэрийн бичиг баримт хадгалдаг газар нь бороонд нороод тарж, бутарсан байхад нь одоо ажиллаж байгаа хүн нь хурааж цуглуулж, хүмүүст тусалсан гэсэн. Улсын архивт бичиг баримтыг өгөөгүй байсан. Би нэхэмжлэлийн шаардлагаа 1988 оны 06 дугаар сараас 1990 оны 01 сар хүртэл хугацаанд ажилласан жилээ тогтоолгох гэж тодруулж байна. Энэ хугацааны ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Барилгын модон эдлэлийн үйлдвэрийн даргын 1989 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 90 дугаар тушаалын хуулбар, Чингэлтэй дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2023.12.11-ний өдрийн 1391 дугаар тодорхойлолт, Үндэсний төв архивын 2023.12.13-ны өдрийн 2410 дугаар тодорхойлолт, гэрч Б.Батнасан, Н.Баатар нараас гаргасан тодорхойлолт, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

3. Шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монмойд ХХК нараас *******ийн ажиллаж байсан байдлыг нотлох баримтуудыг бүрдүүлж, Б.Батнасан, Н.Баатар нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх НЬ:

 

1. Хүсэлт гаргагч Багамонгол овогт Ишдоржийн Оюунгэрэл /РД:ХН68122361/ нь 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарыг дуустал Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Барилгын модон эдлэлийн үйлдвэрт машинчаар ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1988 оны 06 дугаар сараас 1990 оны 01 сар хүртэлх хугацаанд ажиллаж байснаа тогтоолгох гэж тодруулан багасгасан.

 

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь холбогдох ажиллаж байсан үйлдвэр татан буугдсан, үйлдвэрийн бичиг баримт архивт хадгалагдаагүй, хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан тушаал олдохгүй зэргээс шалтгаалан ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан.

 

Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан баримтыг өөр аргаар олох боломжгүй болох нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2024.01.15-ны өдрийн 04/30 дугаар тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024.01.16-ны өдрийн 02/52 дугаар тодорхойлолт баримтуудаар болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдосон.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгч *******ийн 1988 оны 07 дугаар сараас 1990 оны 01 сар хүртэл хугацаанд Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Барилгын модон эдлэлийн үйлдвэрт машинчаар ажиллаж байсан байдал тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:

3.1. Гэрч Б.Батнасангийн ... би *******тэй Сэлэнгэ аймгийн ойн ТМД сургаальд 1985 онд хамт суралцаж, 1988 онд сургуулийг төгссөн. Төгсөөд хамт энэ байгууллагад ажилд орсон. Би 1990 онд жирэмсний амралтаа авсан. Жирэмсний амралтаа авах хүртлээ хамт ажилласан ... гэж,

3.2. Гэрч Н.Баатарын ... ******* 1988 онд Ойн ТМД сургууль төгсөж ирээд тус үйлдвэрт хаалганы цехийн жижиг эдлэлд ажилладаг байсан. 1988-1990 он хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн ... гэж тус тус мэдүүлж байх ба гэрч нарын мэдүүлгүүд тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрээр нотлогдож байна.

3.3. Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Барилгын модон эдлэлийн үйлдвэрийн даргын 1989 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 90 дугаар тушаалаар *******д 1989 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 106 чөлөөг нярай хүүхдээ асрахад зориулж олгосон байна.

3.4. 1988.11.05-ны өдрийн паспорт авах өргөдөл, 1988.12.14-ний болон 1990.10.22-ны өдрийн Төрснийг бүртгэх анкетанд ******* нь Барилгын модон эдлэлийн үйлдвэрт машинчаар ажилладаг гэж бүртгүүлж байсан байна.

 

4. Мөн гэрч Б.Батнасангийн хөдөлмөрийн дэвтрээс үзвэл тэрээр Ойн ТМД сургуулийн захирлын 1988 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 95 дугаар тушаалаар сургуулиа төгссөн тул Барилгын модон эдлэлийн үйлдвэрийн мэдэлд шилжүүлсэн, Барилгын модон эдлэлийн үйлдвэрийн даргын 7 дугаар сарын 22-ны өдрийн 200 тоот тушаалаар 1988 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс суурь машинчаар томилогдон ажиллаж эхэлсэн байна.

 

Иймээс нэхэмжлэгч *******ийг 1988 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Барилгын модон эдлэлийн үйлдвэрт машинчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс1988 оны 06 дугаар сард ажилласан байдлаа тогтоолгох хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныгудирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт зааснаар Багамонгол овогт Ишдоржийн Оюунгэрэл /РД:ХН68122361/-ийн 1988 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Барилгын модон эдлэлийн үйлдвэрт машинчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс 1988 оны 06 дугаар сард ажилласан байдлаа тогтоолгох хэсгийг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэгшүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА