Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 874

 

Ш.М-ын нэхэмжлэлтэй                                                                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул       даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/00507 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ш.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Ж-д холбогдох

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу ажлын хөлс болох автомашины үнэ 75.000.000 төгрөг, харилцан тохиролцсон 25.000.000 төгрөг, нийт 100.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Саранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч М.Цогтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.М- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.М- би 1959 онд Улаанбаатар хотод төрсөн. Цагдаагийн байгууллагын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах албанд 25 жил, Хэв журмын албанд 6 жил, нийт 31 жил тасралтгүй ажиллаад 2011 оны 9 дүгээр сард Цагдаагийн хурандаа цолтойгоор тэтгэвэрт гарсан. Ц.Ж- нь 2010 оны 4 дүгээр сарын орчим надтай утсаар ярьж уулзах хүсэлт тавьсан юм. Ц.Ж- надад хандан:

Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байрлах 80.000.000 тонн нүүрсний нөөцтэй уурхайн асуудлаар “Нагааранз” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Ганзоригтой маргалдсаны улмаас Б.Батмандах бид хоёрыг Авилгатай тэмцэх газарт шалгуулахаар болсон байна. Албан тушаал, залилангийн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдах болоод байна. Чи олон жил Цагдаагийн мөрдөн байцаах албанд ажилласан хүн, бас таньж мэдэх хүмүүс байгаа туслаач гэж гуйгаад, бидний гол маргаан нүүрсний уурхайн хувьцааны асуудал байгаа юм, хууль зүйн зөвлөгөө, туслалцаа өгч ажиллагаа явуулж өгөөч гэж хүсэлт тавьсан. Чамайг бидэнд тусалвал бид уурхайн хувьцаанаас тодорхой хувийг эзэмшүүлнэ гэж амласан. Энэ үед Ц.Ж-д холбогдолтой хэрэг Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байсан учир хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан. Улмаар уг хэрэг Авилгатай тэмцэх газраас Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт шилжин 2010-2014 хүртэл 4 жилийн хугацаанд Ц.Ж-ы холбогдсон хууль бусаар танил тал албан тушаалаа ашиглан Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байрлах 80.000.000 тонн нүүрсний нөөц бүхий уурхайг авсан гэх эрүүгийн хэрэгт Ш.М- миний бие хууль зүйн туслалцаа зөвлөгөө өгч ажилласан.

1.Ингээд хэргийн асуудлыг ярилцаж, судалж мэдүүлэг өгөх талаар зөвлөж, албан тушаалын хэрэг үйлдээгүйг нотлох баримт цуглуулах, өргөдөл хүсэлт гаргах, бичих, зааварчилгаа өгч холбогдох хүмүүстэй нь уулзаж өргөдөл хүсэлт өгсний үндсэн дээр А.Т.Г-ын харьяаллын хэрэг биш гэсэн шийдвэр гаргуулж, хэрэг Нийслэлийн прокуророос Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст залилангийн хэргээр эрүүгийн хэрэгт шалгуулахаар шилжүүлсэн.

2.Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт Ц.Ж- Б.Батмандах нарыг бусдын өмчийг онц их хэмжээгээр залилсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.3-т зааснаар эрүүгийн хэрэгт шалгаж эхэлсэн.Энэ хугацаанд мөрдөгчид өгөх мэдүүлэг, өөрсдийгөө гэм буруугүйд тооцуулах нотлох баримт бүрдүүлэх, хууль хяналтын байгууллагад өргөдөл хүсэлт гаргах зэрэг бүх ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлж бүх бичиг баримтыг би өөрөө боловсруулж өгч байсан. Энэ ажиллагааны үр дүнд Ц.Ж-, н.Батмандах нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн. Энэхүү хууль зүйн туслалцаа үзүүлэх явцад хууль зүйн туслалцаа үзүүлэх аман гэрээ байгуулж ажлын хөлсөнд орон сууцны байр, зуслангийн байшин, газар, авто машин, мөнгө төгрөг өгөхөөр амаар харилцан тохирч байсан. Улмаар Ц.Ж- нь “Нагааранз” ХХК-ийн хувьцааг 100 хувь өөрсдийн болгон авсны дараа нүүрсний орд газраа олон сая доллараар зарна гэж ярьж байсан. Миний бие 2011 оны 9 дүгээр сард тэтгэвэртээ гарч өглөө болгон Нагааранз компанийн оффист очиж эрүүгийн хэрэгт холбоотой бүх бичиг баримтыг боловсруулж, “Нагааранз” ХХК-ийн хуулийн зөвлөх нэрээр хууль хяналтын байгууллагын албан тушаалтнуудтай уулзаж ажилласан.

3.Дараа нь Ц.Ж- Б.Ганзоригийг Цагдаад өгч шалгуулъя материал бүрдүүлээд өг гэсний дагуу Б.Ганзоригийг бусдын өмчийг онц их хэмжээгээр залилсан, хуурамч бичиг баримт үйлдсэн хэрэгт шалгуулахаар Ц.Ж-, Б.Батмандах нарын өмнөөс өргөдөл бичиж цагдаад өгч шалгуулж эхэлсэн. Ингээд мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж хэрэг шүүхийн шатанд шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох шаардлагатай болж надад ЭБША-д албан ёсоор оролцох эрх байхгүй учир өөрийн найз өмгөөлөгч н.Лхагвацэрэнг өмгөөлөгчөөр шүүхэд оролцож өгөөч гэж гуйгаад өмгөөллийн хөлсийг дараа нь өгөхөөр тохирч гэрээ хийгээд ажиллуулж эхэлсэн. Б.Ганзоригийн хэрэг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж Чингэлтэй дүүргийн шүүхээр орсон. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус шалгагдсан эрүүгийн хэргүүдэд өмгөөлөгч аваагүй өмгөөлөгчийн үүргийг би гүйцэтгэж өөрийн ажлын туршлага, хууль эрх зүйн мэдлэгийн хүрээнд ажиллаж Жаргалсайхан нарт холбогдох яллагдагчаар татагдсан хэргийг хэрэгсэхгүй болгох, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдсан Б.Ганзоригт холбогдох хэрэгт шүүхийн шатанд шилжих хүртэл нь би ажилласан. Энэ бүх хугацаанд би ямар ч цалин хөлсгүй ажилласан. Ингээд Ц.Ж- нь компанийн эрх мэдлээ буцааж авах, Б.Ганзоригийг компаниас хөөж гаргах, хувьцаагаа 100 хувь өөрийн болгож авах асуудлаар давхар иргэний шүүхэд өөрийн эхнэр н.Цэрэнлхамын нэрээр нэхэмжлэл гаргуулан ажиллуулсан. Иргэний хэргийн шүүхэд өмгөөлөгч н.Нарантуяа ганцаараа ажилласан ба иргэний хэргийн шүүхийн асуудалд би оролцоогүй. Харин компаний хувьцаа эзэмшигчийн хувьд хамт явж ажилласан. Ийм байдлаар 2010-2014 оныг хүртэл “Нагааранз” ХХК-д хувьцаа эзэмшигч Б.Батмандах н.Мөнхболд болон Ц.Ж-ы их сургуулийн найз Г.Шар, өмгөөлөгч н.Нарантуяа нар иргэний хэргийг өмгөөлж бид нар хамтран ажилласан. Би 2017 оны 7 дугаар сард Ц.Ж-тай уулзаж уурхайгаа өөрийн болгож авсан юм чинь төлбөр тооцоогоо төлж дуусга гэж шаардахад Ц.Ж- уурхайгаа ашиггүй зарсан, гэхдээ чиний хөлсөнд 2013 оны ланд крузер 200 маркийн авто машин 1 ш, 25.000.000 төгрөг өгч тооцоо дуусгая гэж хэлсэн. Ингээд энэхүү тохиролцоог баталгаажуулж 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан. Миний бие 2013 оны зун миний бие нойр булчирхайн хавдар өвчнөөр оношлогдож Солонгос, Хятад, Сингапур Улсад явж эмчлүүлсэн. Энэ бүх онгоцны тийзийг гэр бүлийн хүний хамт “Нагааранз” ХХК-аас дааж, ирж буцахын билет авч өгч тусалж байсан. 2014 оны эхээр биеийн байдал доройтож ходоодны хүнд хэлбэрийн шарх болон 2 бөөр ажиллагаагүй болж хэвтэрт орсон. Энэ хугацаанд хууль шүүхийн ажил нь эцэслэн шийдэгдээгүй байсан учир би ажлын хөлс мөнгө төгрөг нэхэж байгаагүй. Тэд намайг эргэж ирж гэрт уулзаж байдлаа ярьдаг байсан. 2014 онд хүнд өвчний учир хөдөлмөрийн чадвараа 80% алдаж эрүүл мэндийн хувьд гэр бүлийн байнгын асаргаанд амьдарч байна. Эрүүл мэндийн шалтгаанаас болж олон сая төгрөгийн үнэ бүхий мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатайн улмаас аргагүйн эрхэнд шүүхэд хандах дээр туллаа. Иймд Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний ажлын хөлс болох 2013 онд үйлдвэрлэгдсэн Ланд крузер авто машины үнэ 75.000.000 төгрөг, дээр нь өөрийнх нь амласан 25.000.000 төгрөг, нийт 100.000.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Ж- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Саранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ганзоригийг залилсан гэх Б.Батмандах, Ц.Ж- нарт холбогдох эрүүгийн хэрэг 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 113 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болж, иргэний журмаар шийдэгдсэн, энэ хэрэгт нэхэмжлэгчээс ямар нэг хууль зүйн болон өмгөөллийн туслалцаа авч байгаагүй. 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр надтай байгуулсан гэх хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хууль зүйн туслалцаа үзүүлэх аман гэрээг баталгаажуулсан гэх боловч энэ талаар гэрээний үндэслэлд тусгаагүй, түүнчлэн тухайн гэрээнд тусгагдсанаар хууль зүйн туслалцаа үзүүлэх талаар ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй болно. 2017 оны 7 дугаар сараас энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш хууль зүйн аливаа туслалцаа авах шаардлага хэрэгцээ надад гарч байгаагүй. Би тухайн үед иргэн М.Баярсайханаас их хэмжээний мөнгөний авлагатай болж уг мөнгөө авч чадахгүй хэт удсан учир түүнд би өөрөө бусдад өртэй гэдгээ батлах үүднээс Ш.М-тай уг хууль бус гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь ямар нэгэн эрх зүйн үр дагавар байхгүй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Тэрээр Ш.М- нь 2010-2014 онд албан ёсоор өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулж байгаагүй, ЦЕГ-ын хэрэг бүртгэх албанд ажиллаж байсан юм. Мөн хэрэгсэхгүй болсон 21035762 тоот эрүүгийн хэрэгт миний бие Ш.М-аас хууль зүй, өмгөөллийн туслалцаа авч байгаагүй тэрээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцоогүй, харин иргэн Б.Батмандахын хамтаар өмгөөлөгч Ө.Одгэрэл, Х.Энхтайван, Л.Отгонбаяр иргэн Б.Даваажанцан нараас хууль эрх зүйн туслалцааг гэрээний үндсэн дээр авч байсан тул Ш.М-ын гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ш.М- нь Ц.Ж-, Б.Батмандах нарт холбогдох эрүүгийн хэрэг хянагдаж байх хугацаанд буюу 2011 онд өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхгүй байсан болох нь Монголын өмгөөлөгчдийн холбооны 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 19119 тоот албан бичгээр тогтоогдож байгаа. Ш.М-ын боловсруулж байсан гэх баримтуудыг үндэслэн хариуцагч Ц.Ж-ы эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон гэх байдал тогтоогдохгүй байна. Учир нь уг эрүүгийн хэрэг эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 , 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.6, 30 дугаар зүйлийн 30.1, 35 дугаар зүйлийн 35.1.З-т тус тус заасан. Нэхэмжлэгч Ш.М-, хариуцагч Ц.Ж- нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд нэхэмжлэгч нь өөрийгөө хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, шүүхэд төлөөлөх эрхтэй болохыг тэмдэглэсэн болон уг гэрээнд өмгөөлөгч гэх нэр томъёог бичсэн байгаа боловч нэхэмжлэгч нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байх үед буюу төрийн алба хашиж байх үедээ 2011 онд хариуцагч Ц.Ж-д холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Ц.Ж-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Саранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Ганзоригийг залилсан гэх Ц.Ж-, Б.Батмандах нарт холбогдох эрүүгийн хэргийг 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 113 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Ш.М- нь 2011 оны 9 дүгээр сард Цагдаагийн байгууллагаас өндөр насны тэтгэвэртээ гарсан талаар анхан шатны шүүх хуралдаанд өөрөө тайлбарласан бөгөөд маргаан бүхий 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний гол үндэслэл болсон Д.Жаргалсайханд холбогдох эрүүгийн хэрэг 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хэрэгсэхгүй болсон. Өөрөөр хэлбэл, Б.Ганзоригийн гомдлоор Ц.Ж-, Б.Батмандах нарыг холбогдуулан шалгагдаж байсан эрүүгийн хэрэг Ш.М-ыг төрийн албанд буюу цагдаагийн албанд ажиллаж байх үед хэрэгсэхгүй болсон байна. Түүнчлэн, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 1.1-т Энэхүү гэрээний зорилго нь Өмгөөлөгч тал үйлчлүүлэгчийн А.Т.Г, У.М.Б.Г-т иргэн Б.Ганзоригийн өргөдлийн дагуу шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож туслалцаа үзүүлэх, өмгөөлөгчөөр ажиллах нөхцөл журам, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага зэрэг харилцааг зохицуулахад оршино гэжээ. Түүнчлэн, Ш.М- нь Ц.Ж-, Б.Батмандах нарт холбогдох эрүүгийн хэрэг хянагдаж байх хугацаанд буюу 2011 онд өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхгүй байсан болох нь Монголын өмгөөлөгчдийн холбооны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 19119 тоот албан бичгээр тогтоогдож байна. Ш.М- нь шүүхэд төлөөлөх эрхээ 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нээлгэсэн байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, 19.6, 30.1, 34, 35.1.3-т гэж тус тус заажээ. Ш.М-, Ц.Ж- нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд Ш.М- нь өөрийгөө хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, шүүхэд төлөөлөх эрхтэй болохыг тэмдэглэсэн болон уг гэрээнд өмгөөлөгч гэх нэр томьёог бичсэн байгаа боловч нэхэмжлэгч нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байх үед буюу 2011 онд Ц.Ж-д холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон талаарх баримт хэрэгт авагдаагүй. Тухайн үед Ц.Ж- нь бусдаас их хэмжээний мөнгөний авлагатай байсан бөгөөд уг мөнгөө авч чадахгүй байсан тул бусдад өртэй гэж харагдуулж, өр авлагаа авахын тулд 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан. Талуудын хооронд нь байгуулагдсан дээрх хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарч байна. Иймд Ш.М-, Ц.Ж- нарын хооронд байгуулсан 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Ц.Ж- бид хоёр н.Мөнхболдын хамт талийгаач Б.Батмандахын байранд уулзаж 2010-2014 он хүртэл Ц.Ж- нарт хууль зүйн туслалцаа үзүүлсэн ажилаа дүгнэж ярилцаад урд өмнө надад өгөхөөр тохиролцсон орон сууц, зуслангийн байшингийн аман тохиролцоогоо хүчингүй болгоод миний ажпын хөлсөнд 2013 онд үйлдвэрлэгдсэн Ланд 200 авто машин 1 ширхэг, 25.000.000 төгрөгний хамт өгөхөөр дахин тохиролцож гэрээгээр баталгаажуулахаар хоёр талаасаа зөвшөөрч дараа нь бичгээр гэрээгээ үйлдэж хоёр талаасаа гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээний төлбөрийн тухайд Ц.Ж- өөрөө амлаж тохиролцсон ба миний талаас ямар нэг тодорхой үнийн дүн, эд хөрөнгө гэсэн санал гаргаагүй. Энэ гэрээнд ямар ч хуурамч, хууль бус зүйл байхгүй Ц.Ж-ы өөрийнх нь хүсэл сонирхлоор хийгдсэн. Гэрээ хийх үед шүүхэд төлөөлөх эрхээ авчихсан байсан учир хийсэн ажлаа дүгнээд гэрээгээр өмгөөлөгчийн зүгээс хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн учир үйлчлүүлэгчийн талаас хүлээсэн үүргийг тусгаж баталгаажуулах зорилгыг агуулсан юм. Гэрээний 6.2-т энэхүү гэрээг монгол хэлээр 2 хувь үйлдсэн (нөхөж)... гэж бичсэн байгаа нь талууд өмнө нь ямар нэг аман хэлцэл тохиролцоо хийснийгээ хожим бичгийн хэлбэрт оруулж нөхөж үйлдсэнийг нотолж байгаа юм. Гэрээнд өмгөөлөгч нэр, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэрээ болно. Хэрэв 2011 онд өөрийгөө өмгөөлөгч гээд бичиж гэрээ хийсэн юмуу эсвэл энэ гэрээний огноог 2011 онд хийснээр нөхөж хийсэн бол хүчин төгөлдөр бус байж болох л юм. Б.Батмандах Ц.Ж- нар нь иргэн Б.Ганзоригийн гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэгдэн мөрдөн байцаалтаар шалгагдаж хэрэг нь хэрэгсэхгүй болж байсныг хүлээн зөвшөөрчээ. Энэ хэрэг 2010 оны 6 дугаар сарын 14-ний өдөр эрүүгийн хэрэг үүсээд 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хэрэгсэхгүй болсон бөгөөд 6 сарын хугацаанд цагдаагийн байгууллагад мөрдөн байцаах ажиллагаанд онц хүнд гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн хэрэгт сэжигтэнээр тооцогдон, яллагдагчаар татагдан удаа дараа байцаагдахдаа Жаргалсайхан өмгөөлөгч аваагүй юм. Тэр яагаад өмгөөлөгч аваагүй вэ гэвэл би түүнд хууль зүйн талаас бүхий л туслалцааг найз нөхрийн хувиар үзүүлж байсан учраас өмгөөлөгч шаардлагагүй байсан. Сөрөг нэхэмжпэлийн үндэслэлд Ш.М- нь 2011 онд өмгөөлөх эрхгүй байсан гэж тусгасан болохоос 2010 оны 4 дүгээр сард Ц.Ж- Б.Батмандах Шар нар нь надтай уулзаж Эрүүгийн хэрэгт холбогдоод Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байна надад тусалж энэ хэргээс салгаж өгөөч гээд тохиролцож хийсэн аман хэлцлийг үгүйсгэхгүй байна. Мөн цагдаагийн мөрдөн байцаах албаны дарга, мөрдөгч,хяналтын болон дээд шатны прокуроруудад гаргасан удаа дараагийн хүсэлт, өргөдөл гомдлуудыг хуульд нийцүүлэн бичиж хүргүүлэх ажлыг Ш.М- миний бие хийж байсныг үгүйсгэж чадсангүй. Мөн Ш.М-ыг төрийн албанд цагдаагийн байгууллагад ажиллаж байх үед Б.Батмандах, Ц.Ж- нарын хэрэг хэрэгсэхгүй болж байсан гэжээ. Тийм ч учраас хяналтын прокуророос өмгөөлөгч ав гэж шаардахад иргэний хэрэгт шүүхэд ажиллаж байсан өмгөөлөгч н.Одгэрэлийг гуйж нэг удаа Нийслэлийн прокурорт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн утгатай хүсэлт бичүүлж байсан. Би цагдаагаас бусад прокурор, шүүхийн шатанд оролцоогүй оролцоно ч гэж үүрэг хүлээгээгүй. Өөрийн олон жил хуримтлагдсан ажлын туршлага, хууль зүйн мэдлэг, бичиг хэргийн чадвараа. ашиглаж хэний ч оролцоогүйгээр Ц.Ж-ыг гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг зохих байгууллагад хуулийн хүрээнд нотлон, улмаар иргэний журмаар асуудлыг шийдвэрлэх, дүгнэлт гаргахад хүргэсэн юм. Тухайн үед цагдаагийн хэв журмын албанд ажиллаж байсан учир албан ажилд ямар нэг байдлаар харшлах зүйл байгаагүй. Мөн албан ёсоор бичгээр ямар нэгэн гэрээ хийгээгүй аман хэлцэл хийж тохиролцсон. Харин Ц.Ж- нар манай компанийн хуулийн зөвлөх болооч гэсэн хүсэлтийг хүлээж аваад 2011 оны 9 дүгээр сараас хойш Б.Ганзоригт холбогдох хэргийн талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, мөрдөн байцаагч нартай компаний хуулийн зөвлөхийн хувиар олон удаа биечлэн уулзаж байсан. Хариуцагч Ц.Ж- бусдаас их хэмжээний мөнгөний авлагатай байсан энэ мөнгөө авч чадахгүй байсан учраас бусдад өртэй харагдуулахын тулд энэ гэрээг хийсэн гэж бичжээ. Гэрээ хийсэн н.Баярсайхан гэгч нь Ц.Ж-ы нэг байрны багынх нь найз. Өртэй гэдгийг зөвхөн гэрээ нотлохгүй юм. Миний тухайд Мөрдөн байцаах албанд ажиллаж байхдаа 2010 оноос өмнө болсон хоёр удаагийн хуульчийн сонгон шалгаруулалтанд шалгуулж хуульчийн эрхийн гэрчилгээ авч байсан. Үүнийгээ 2014 онд дахин бүртгүүлж гэрчилгээгээ солиулж авсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасныг баримтлан Ц.Ж-аас 2013 онд үйлдвэрлэгдсэн ланд круйзер /Land Criuser/ 200 маркийн автомашин нэг ширхэг, бэлнээр 25.000.000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ш.М-т олгон, нэхэмжлэлээс 75.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, ИХШХШТХ-ийн 56 дугаар зүйлийн 57.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ж-аас хариуцах улсын тэмдэгтийн хураамжид 657.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.М-т олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хэрэгт нотлох баримтаар авагдсан эрүүгийн 21035762, 21041224 дугаартай хэргээс хуулбарлуулан авсан гомдол, хүсэлтийг Ш.М- нь бичиж өгч холбогдох хүмүүс нь гарын үсэг зурж хүргүүлж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Б.Амгалангийн цахим хаягаас Ц.Ж-ы цахим хаягт илгээж байсан хүсэлт гомдлын эх зэргээр нотлогдоно. Эдгээр нотлох баримтуудыг шүүхэд ирэхээс өмнө нэхэмжлэгч Ш.М- нь энэ талаар маш тодорхой нэмэлт тайлбартаа дурдаж байсныг шүүх анхаарсангүй. Эдгээр гомдол хүсэлтүүдийн доторхи утга агуулгыг харьцуулан судалж үзвэл хууль зүйн нэр томьёог хэрэглэсэн байдал, хэллэг, логик уялдаа холбоо, гомдлын үндэслээ гаргаж бичсэн байдал зэрэг нь хуульч хүний бичсэн зүйл болохыг нотолно. Харин хариуцагч Ц.Ж- нь бүгдийг өөрөө бичсэн эсвэл хэн нэг өөр этгээдээр бичүүлсэн гэж тайлбар өгөөгүй. Ш.М- бичээгүй гэж үгүйсгээгүй. Ц.Ж-, Ш.М- нарын хооронд 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ юм. Нэхэмжлэгч Ш.М- нь 2010 оноос хойш хариуцагч Ц.Ж-д хууль зүйн туслалцаа үзүүлж явсан ажлын хөлсөнд автомашин болон мөнгө өгөхөөр тохиролцсон аман тохиролцоогоо бичгийн хэлбэрт оруулж гэрээ байгуулсан гэдэг. Гэрээ байгуулах болсон шалтгаан болон энэ гэрээ хүчин төгөлдөр гэдгийг нотлох баримт бол дээрхи гэрээний 6.2 дахь заалтад \ нөхөж\ хийсэн тухай бичилт байгаа нь нотолно. Мөн энэ гэрээ талуудын хүсэл зоригийн илэрхийлэл гэдгийг нотлох өөр нэг баримт бол өмнө нь амаар тохиролцож хийсэн ажлаа дүгнэсэн баримт буюу гэрээ дүгнэсэн баримт юм. Шүүх энэ баримтыг ямар нэг байдлаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн байна. Хариуцагч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг ямар нэг үр дүн бий болгохын тулд биш М.Баярсайхан гэгч хүнээс авлагатай тул бусдад өртэй гэж харуулахын тулд энэ гэрээг хийсэн гэж М.Баярсайхантай 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг шүүхэд нотлох баримтаар өгсөн байдаг. Шүүх харин ганцхан энэ гэрээг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотолж байна гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. М.Баярсайханд мөнгө зээлдүүлсэн гэсэн зээлийн гэрээ л байдаг. Ш.М-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг М.Баярсайхан үзсэн эсэх нь тодорхойгүй, энэ гэрээг хараад Ц.Ж- өртэй юм байна.өрөө төлье гэж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх нь ч тодорхойгүй. Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг хариуцагч тал гаргаж өгөөгүй гэсэн үг. Сөрөг нэхэмжлэлийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх шаардлагыг нотлох баримт байхгүй байхад хэрэгт хамааралгүй баримтыг үндэслэж хангасан нь буруу болсон гэж үзэж байна. Хүчин төгөлдөр бус гэж үзэх хуулийн шаардлагыг шүүх буруу ойлгож хэрэглэсэн байна. Ш.М- ажиллаж байсан гэдэг нотлох баримтууд нь дээрхи хүсэлт гомдлууд бөгөөд харин хариуцагч үүнийг үгүйсгэж чадаагүй юм. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Г.Шар, н.Мөнхболд нар нь Ш.М-ыг “Нагааранз” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцож явсан гэдгийг нотолсон. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар Ц.Ж-аас 100.000.000 төгрөг гаргуулж, Ш.М-т олгох, хариуцагч Ц.Ж-ы сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ш.М- нь хариуцагч Ц.Ж-д холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу ажлын хөлс болох автомашины үнэ 75.000.000 төгрөг, харилцан тохиролцсон 25.000.000 төгрөг, нийт 100.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Ш.М-, Ц.Ж- нарын хооронд байгуулсан 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

Зохигчдын хооронд 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр өмгөөлөгч Ш.М- нь үйлчлүүлэгч Ц.Ж-ы иргэн Б.Ганзоригийн өргөдлөөр Авлигатай тэмцэх газар, Улсын мөрдөн байцаах газарт шалгаж байгаа эрүүгийн хэрэгт гомдол хүсэлт гаргах, баримт бичиг бэлтгэх, боловсруулах, баримт материал судлах, хэрэгтэй танилцах, амаар болон бичгээр хууль зүйн мэдээлэл зөвлөгөө өгөх,уулзалт хийх, шүүх хуралдаанд оролцох хэлбэрээр туслалцаа үзүүлэх, өмгөөлөгчөөр ажиллах үүрэг хүлээж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлсний дараа Ц.Ж- нь Ш.М-т ажлын хөлсөнд 2013 онд үйлдвэрлэгдсэн ланд круйзер 200 маркийн автомашин 1 ширхэг, бэлнээр 25.000.000 төгрөгийг 2017 оны 9-р сарын 10-ны дотор өгөхөөр тохиролцсон. /хх-ийн 11-13/

Мөн талууд 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэрээг дүгнэсэн баримт үйлдэж, уг баримтаар өмгөөлөгч Ш.М- нь үйлчлүүлэгч Ц.Ж-ы холбогдсон эрүүгийн хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, мөрдөн байцаалтын шатанд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлсэн ба гэрээний үүрэг бүрэн хангагдсан гэж дүгнэж, талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-ийн 14/

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан болон уг гэрээ болон гэрээ дүгнэсэн баримтад хариуцагч Ц.Ж- гарын үсэг зурсан талаар маргаагүй болно.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийн “...Ш.М-ыг 2010 оноос 2014 он хүртэл 4 жилийн хугацаанд Ц.Ж-ы өмгөөлөгчөөр ажилласныг хариуцагч тал нотлох баримтаар үгүйсгээгүй, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг бусад баримтуудтай харьцуулан судалж үзээгүй...”  гэсэн давж заалдах гомдол үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Нэхэмжлэгч Ш.М- нь цагдаагийн байгууллагад хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, хэв журмын албанд тус тус ажиллаж байхдаа 2007 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хуульчийн гэрчилгээгээ авч, 2011 оны 9 дүгээр сард тэтгэвэртээ гарч, “Нагааранз” ХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан гэх  хугацаандаа буюу 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ авснаар нэхэмжлэгч өмгөөлөгчөөр ажиллах эрхтэй болсон байна. /хх-ийн 71, 72, 223, 2хх-ийн 104/

Харин нэхэмжлэгчийн тайлбар болон шүүхэд гаргасан бусад нотлох баримтууд зэргээс үзэхэд түүнийг төрийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа эрх зүйн туслалцаа үзүүлж байсан гэж үзэх боломжгүй юм.

Талууд хэдийгээр тухайн үед хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах хууль зүйн болон бодит боломжгүй байсан хэдий ч хэлцлийн гол нөхцөлийн талаарх  тохиролцоог буюу хариуцагчийн амлалтыг хожим бичгийн хэлбэрт оруулж, үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч гэрээ дүгнэж баталгаажуулсныг хуулиар хориглосон хэлцэл гэж үзэхгүй тул нэхэмжлэгч нь 186 дугаар зүйлийн 186.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас ажлын хөлсийг шаардах эрхтэй.

Гэвч нэхэмжлэгч нь тэтгэвэрт гарсан 2011 оны 9 дүгээр сараас өмнө бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэх эрхгүй байсан бөгөөд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 113 дугаартай прокурорын тогтоолоор Ц.Ж-, Б.Батмандах нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул Б.Ганзоригийн гомдлоор үүссэн эрүүгийн хэрэгт ажлын хөлс шаардсан нь үндэслэлгүй. /хх-ийн 91/

Дээр дурдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон гэрээ дүгнэсэн баримт, нэхэмжлэгч Ш.М-ын бичиж, түүний хүү М.Амгалангийн цахим хаягаар Ц.Ж-ы цахим хаягт явуулж байсан өргөдөл, гомдол, тайлбаруудад үзлэг хийсэн тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 695 дугаартай Б.Ганзоригт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн прокурорын тогтоол, нэхэмжлэгчийн “... Нагааранз компанийн оффист очиж эрүүгийн хэрэгт холбоотой бүх бичиг баримтыг боловсруулж, “Нагааранз” ХХК-ийн хуулийн зөвлөх нэрээр хууль хяналтын байгууллагын албан тушаалтнуудтай уулзаж ажилласан....” гэсэн тайлбар зэргээс үзэхэд Ц.Ж-ы гомдлоор үүссэн Б.Ганзоригт холбогдох эрүүгийн хэрэгт болон  Ц.Ж-ы хамаарал бүхий  “Нагааранз” ХХК-д  хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн “...миний бие нойр булчирхайн хавдар өвчнөөр оношлогдож Солонгос, Хятад, Сингапур Улсад явж эмчлүүлсэн. Энэ бүх онгоцны тийзийг гэр бүлийн хүний хамт “Нагааранз” ХХК-аас дааж, ирж буцахын билет авч өгч тусалж байсан...” гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй. /2хх-ийн 108/

Анхан шатны шүүх дээрх байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байх тул нэхэмжлэгч Ш.М-ын тэтгэвэртээ гарснаас хойшхи хугацаанд түүнийг Б.Ганзоригт холбогдох эрүүгийн хэрэгт болон  Ц.Ж-ы хамаарал бүхий  “Нагааранз” ХХК-д  хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан гэж үзэж гэрээнд заасан ажлын хөлсний  50 хувь болох 50.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байхад анхан шатны шүүх энэ хэргийн маргаанд хамааралгүй, хариуцагчийн бусадтай байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой байгуулсан гэж үндэслэл муутай дүгнэлт хийж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа бөгөөд  Ш.М-, Ц.Ж- нарын хооронд 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй тул Ш.М-д холбогдох хариуцагч Ц.Ж-ы сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/00507 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ж-аас 50 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2  дах заалтын “...хэлцэлд тооцсугай” гэснийг “хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтын “...нэхэмжлэгч Ш.М-аас 657 950 төгрөгийг гаргуулан хариуцагч Ц.Ж-д олгосугай” гэснийг “...хариуцагчаас 657 950 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 657 950 төгрөг төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

                                         ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

                                                                                               Н.БАТЗОРИГ