Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2024/02706

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч Б.Ундраа, шүүгч Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, *** хаягт оршин байрлах “*******” ТБАГУТҮГ /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ***** хаягт оршин суух  Б*******гийн Э******* /рд:*******, ИБД:*******/-д холбогдох,

11,146,581 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Д*******, иргэдийн төлөөлөгч Л.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Э.Д******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ" гэж, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан.

Б.Э******* нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар тушаалаар тус газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн О.Мийг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Иргэн О.Мэ нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0685 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/02639 дүгээр шийдвэр тус тус гарч ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Хөрөнгө хуваарилах тухай” А/50 дугаар тушаалаар 5 931 401 төгрөг, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5 215 180 төгрөг, нийт 11 146 581 төгрөгийг О.Мэд ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгожээ.

Б.Э*******ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 11 146 581 төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар төрийн банк / буруутай албан тушаалтан Б.Э*******оос гаргуулж өгнө үү.

1а. ХУД-н Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч байхдаа Мийг ажлаас чөлөөлсөн. Улмаар шүүхэд хандаад Мийг санхүү, төрийн санхүүгийн хэлтсийн мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилж, 5,861,201 төгрөг гаргуулах болсон. Үүний дагуу 5,931,401 төгрөг олгосон. Улмаар Мэ нь дахин шүүхэд хандаж өмнөх шийдвэрээс хойших хугацаатай холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Энэ шүүхийн шийдвэрийг үндэслээд 5,215,180 төгрөг олгохоор тушаал гарсан. Энэ тушаалаар 5,215,180 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх газар уруу шилжүүлсэн. Улмаар Мэд олгосон. ТАЗ нь хариуцагчид төрд учирсан хохирлыг төлөх талаар мэдэгдсэн. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд бодит хохирол болох 11,146,581 төгрөг нэхэмжилнэ. Захиргааны шүүхийн шийдвэрт 5,861,201 төгрөг гэж байгаа боловч 5,931,401 төгрөг олгогдсон. Э******* нь 2020 оны 12 сард ажлаасаа чөлөөлөгдсөн. Сүүлийн иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарахад Э******* ажлаа хийж байсан юм. Э******* нь 2016 оноос хойш ажилласан юм. 5,8 сая нь нэмэгдсэн учир нь тэмдэгтийн хураамж 70,200-р нэмэгдсэн юм. ТАЗ нь бүх шатны шийдвэрийг татаад нэхэмжлэл гаргасан юм. Бүх шатны шүүхийн шийдвэрийг авч үзээд 200 гаруй нэхэмжлэл гаргасан байгаа тул 2023 оны 6 сард нэхэмжлэл гаргасан. Мөн энэ хугацаанд Ковид гарсан. Мөн Э******* нь шүүхэд нэхэмжлэл гаргаад Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэхийг хүлээсэн. Бидний зүгээс утсаар холбогдоход СБД-н хаяг өгсөн боловч хэрэг шилжигдсэн. Хариуцагч нь эрх бүхий албан тушаалтан байхдаа шийдвэр гаргасан. Э*******ын эс үйлдэхүйгээс болж иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсан юм гэв.

 

2.         Иргэдийн төлөөлөгч Л.Жаргалсайхан нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ажлаас буруу халаад улсаас мөнгө гаргуулсан байна. Улмаар ажилд нь аваагүй тул дахиад мөнгө гаргуулсан байна. Тэгэхээр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул хариуцагч Б.Э******* буруутай. Төрөөс гарсан мөнгийг буцааж гаргуулах ёстой гэв.

3.         Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:

3а. Нэхэмжлэгчээс: *******ийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 71 дүгээр тогтоолын хуулбар /хх5/, *******ийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 04/1155 дугаар албан тоот /хх7/, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн *** дугаар тушаалын хуулбар /хх8/, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/345 дугаар тушаалыг хуулбар /хх9/, төлбөрийн хүсэлтийн хуулбар /хх13/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02639 дугаар шийдвэрийн хуулбар /хх39-43/,

3б. Хариуцагчаас: Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийг лавлагаа /хх53/, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 90 дүгээр тодорхойлолт /хх54/,

3в. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтыг гаргуулсан: Нийслэл дэр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 0685 дугаар шийдвэрийн хуулбар /хх68-92/, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн *** дугаар тушаал, түүний хавсралтын хуулбар /хх95-105/, төлбөрийн хүсэлтийн хуулбар /хх108/, НДШ олговрын тооцооны хуулбар /хх109/, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/345 дугаар тушаалын хуулбар /хх110/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1-138/41715 дугаар албан тоотын хуулбар /хх111/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02639 дугаар шийдвэрийн хуулбар /хх112-116/, төлбөрийн хүсэлтийн хуулбар 2 ширхэг /хх117, 118/

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаа       ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 11,146,581 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

2.         Нэхэмжлэгч ******* нь хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохиролд нийт 11,146,581 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

3.         Хариуцагч Б.Э******* нь 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдөр төлөөлөгч Т.А итгэмжлэл олгож, төлөөлөгч нь мөн оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан. Гэвч хуульд заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй. Улмаар шүүх хариуцагчийн төлөөлөгчийн нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа мэдэгдсэн хаягийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шуудангаар энэ хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч, түүний төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт гаргаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

4.         Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн бол төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтан нөхөн төлнө. Мөн зүйлийн 50.2-т зааснаар Төрийн албаны төв байгууллага буюу нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн биелэлтэд бүртгэл хөтөлж, хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

5.         Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Э******* нь 2018 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн Сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн О.Мийг мөн өдрөөс ажлаас чөлөөлжээ. /хх8/

Энэхүү тушаалыг О.Мэ эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хэргийг хянан шийдвэрлэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 0685 дугаар шийдвэр гарсан байна. /хх68-92/

Дээрх 0685 дугаар шийдвэрээр “О.Мийн ажиллаж байсан албан тушаал /ажлын байр/-ын нэр буюу Сургалт, тайлан мэдээ хариуцсан гэсэн нь Тайлан мэдээ өмч хариуцсан гэж өөрчлөгдсөн боловч түүний хэрэгжүүлэх чиг үүрэг өөрчлөгдөөгүй, ажлын байрны чиг үүрэг хэвээрээ байхад, өөрөөр хэлбэл, маргаан бүхий ажлын байрыг цөөрүүлсэн, маргаан бүхий ажлын байрны орон тоо хасагдсан нөхцөл байдал бий болоогүй нэршлийн хувьд өөрчлөлт орсон байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий Б/35 актыг гаргасан нь хууль бус байна” гэж дүгнэжээ. /хх86/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэрэгт ач холбогдолтой үйл баримтыг дахин нотлохгүй.

Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Э******* нь хууль бус шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

5а. Уг 0685 дугаар шийдвэрээр “О.Мийг ажлаас чөлөөлөх тухай” дээрх Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгож, О.Мийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Тайлан, мэдээ орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, О.Мэд 5,861,201 төгрөгийн ажилгүй байсан хугацааны олговор, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 5,931,401 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна.

Улмаар дээрх шийдвэрийн дагуу О.Мэд 5,931,401 төгрөгийн олговор олгосон болох нь төлбөрийн хүсэлт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн А/50 дугаар тушаал, түүний хавсралтын хуулбараар тогтоогдсон. /хх13, 95-104, 101/

6.         Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 0685 дугаар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, өөрөөр хэлбэл О.Мийг шүүхийн тогтоосон ажил албан тушаалд эгүүлэн томилоогүйн улмаас тэрээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх 0685 дугаар шийдвэр гарснаас хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Улмаар шүүх хэргийг хянан шийдвэрлэж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02639 дүгээр шийдвэр гарсан. /хх39-43/

Дээрх 02639 дүгээр шийдвэрийн тодорхойлох хэсгээс үзэхэд энэ хэргийн хариуцагч Б.Э******* нь тухайн хэрэг маргаанд оролцогч байх тул түүнийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 0685 дугаар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй эс үйлдэхүйгээр гэм буруутай гэж үзнэ.

Энэхүү шийдвэрээр О.Мэд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,215,180 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 98,392 төгрөг, нийт 5,313,572 төгрөг олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр биелэгдэж О.Мэд дээрх мөнгөн хөрөнгө олгогдсон болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1-138/41715 дугаар албан тоотын хуулбар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/345 дугаар тушаалын хуулбар, төлбөрийн хүсэлтийн хуулбараар тус тус тогтоогдсон. /хх111, 110, 108/

7.         Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар албан тушаалтны бусдад учруулсан гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн буруутай этгээдээс шаардах эрхтэй.

8.         Иргэдийн төлөөлөгч Л.Жаргалсайханы шүүх хуралдаанд гаргасан ажлаас буруу халаад улсаас мөнгө гаргуулсан байна. Улмаар ажилд нь аваагүй тул дахиад мөнгө гаргуулсан байна. Тэгэхээр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул хариуцагч Б.Э******* буруутай. Төрөөс гарсан мөнгийг буцааж гаргуулах ёстой гэх дүгнэлтийг шүүхийн шийдвэрт харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9.         Дээрх үндэслэлүүдийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл хариуцагч Б.Э*******оос Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 0685 дугаар шийдвэрийн дагуу олгогдсон нийт 5,931,401 төгрөг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02639 дүгээр шийдвэрийн дагуу олгогдсон 5,215,180 төгрөг, нийт 11,146,581 төгрөгийн төрд учирсан хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

10.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулах зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл нь хураамжаас чөлөөлөгдөнө.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэл гаргах үед улсын тэмдэгтийн хураамж төлөгдөөгүй бол хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлнэ.

Иймд нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас 11,146,581 төгрөгт холбогдох хураамж болох 193,295.30 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болго

            ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.Э*******оос 11,146,581 төгрөг гаргуулж, Төрийн банк /Төрийн сан/-н тоот дансанд оруулсугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Э*******оос 193,295.30 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.ГАНБОЛД

ШҮҮГЧИД  Б.УНДРАА  Л.ЭНХЖАРГАЛ