Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 716

 

Д.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/00157 дугаар шийдвэртэй, Д.А-ын нэхэмжлэлтэй, Б.Б, Б.Б нарт холбогдуулан гаргасан 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээг баталгаажуулсан Г-2386, Г-2387 дугаартай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б, Б.Б нар 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр миний ажлын байран дээр ирж түрээсийн гэрээ байгуулах шаардлагатай байна гэсэн. Гэрээний нөхцөл болон талуудын хүсэл зоригыг талуудаас тодруулахад “...Б.Б нь өөрийн эзэмшлийн 2 ширхэг эксковаторыг “ХХ” ХХК-д түрээслүүлэх...”, “ХХ” ХХК-ийг Б.Б төлөөлөн гэрээ байгуулна, Б.Б нь “ХХ" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал гэж тайлбарласан. Улмаар тэдний авч явсан материалыг судлахад Б.Б гэх 2 ширхэг эксковаторын тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй, “ХХ” ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулна гэх Б.Б тус компаниас эрх олгосон итгэмжлэл, албан бичиг байхгүй байсан тул дээрх шаардлагуудыг хангахгүй бол гэрээ байгуулах, баталгаажуулах боломжгүй гэдгийг тайлбарлаж өгсөн. Гэвч тэд дээрх шаардлагуудыг хангаад эргээд ирье, гэрээний төслөө хийлгээд аваад явъя гэсэн тул “ХХ” ХХК-ийг оролцуулалгүйгээр иргэн Б.Б, Б.Б нарын хооронд хийх нөхцөлөөр “Түрээсийн гэрээ”-ний төсөл боловсруулж тэдэнд хүлээлгэж өгсөн. Тухайн төслийг гэрээ болгон баталгаажуулаагүй, тэд тухайн өдрөө нотариатаас тавьсан шаардлагуудыг хангуулаад ирлээ гэсээр эргэж ирсэн бөгөөд Авто тээврийн Үндэсний төвөөс Б.Б-ийн эзэмшил дэх 2 ширхэг эксковаторын лавлагаа болон Б.Б-г “ХХ” ХХК-ийн үйл ажиллагаа харицсан захирлаар томилсон тушаалын хуулбар зэргийг нотариатад өгсөн. Тээврийн хэрэгслийн лавлагаагаар NВ0210073 арлын, УН 9947 улсын дугаартай, RОВЕХ500-LC7 моделын “HYUNDAI маркийн эксковатор, NB081033 арлын, УН 5544 улсын дугаартай, RОВЕХ5000-LC7 моделын HYUNDAI маркийн эксковаторууд тус тус Б.Б-ийн эзэмшлийнх болох нь нотлогдож байсан. Харин Б.Б-ийн “ХХ” ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулах эрх олгосон баримт бичиг бүрдээгүй байсан. Б.Б болон Б.Б нар компаний үйл ажиллагаа хариуцсан захирал гэдэг нь тухайн компанийг аливаа үйл ажиллагаанд төлөөлөн оролцох эрхтэй албан тушаалтан, бид урьд нь энэ нөхцөлөөр гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан гэж тайлбарласан. Нотариатын зүгээс компанийг оролцуулан гэрээ байгуулах боломжгүй харин бэлдэж өгсөн гэрээний загвар төслийн дагуу иргэд хоорондын нөхцөлөөр гэрээ байгуулах боломжтойг дахин тайлбарлаж, гэрээний төсөлд Б.Баяндүүрэнг иргэний хувиар оролцуулж, хувийн байдлыг нь тодотгох зорилгоор түүний иргэний үнэмлэх нь дэх регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг болон “ХХ” ХХК-ийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 001 дугаартай тушаалыг үндэслэж “ХХ” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал гэж ажлын газар, албан тушаалыг тусгаж өгсөн. Хариуцагч Б.Б нь зөвхөн 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ч бус, өмнө нь манай нотариат дээр удаа дараа ирж “ХХ” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн гэрээ хэлцэл батлуулах, гэрээний төсөл боловсруулах, компаний баримт бичгүүдийн хуулбарыг баталгаажуулах зэргээр харилцаж байсан бөгөөд тухай бүртээ “ХХ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэрэг холбогдох баримт бичгүүдийг эх хувиар нь мөн тамга тэмдэг зэргийг авч явж хэрэглэж байсан тул нотариатч миний зүгээс Б.Б-ийн аливаа үйлдэл, үйл ажиллагаанд итгэлтэй хандаж нотариатын үйлчилгээ үзүүлсэн. Талуудын дунд УН9974, УН5544 дугаартай 2 ширхэг экскаваторыг тус бүрт нь түрээсийн гэрээ хийж хоёр гэрээний төсөл боловсруулсан бөгөөд Б.Б, Б.Б нарын зүгээс нотариатаас бэлдэж өгсөн эх хувьд “ХХ” ХХК гэж өөрчлөлт оруулан тамга дараад ирье гэж хэлээд явсан боловч ирээгүй. Б.Б, Б.Б нарын зүгээс гаргаж буй дээрх үйлдлүүдээс хархад тэдний дунд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн нотариатын Г-2386, Г-2387 дугаартай “Түрээсийн гэрээ”-нүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулж байх бөгөөд Б.Б нь Иргэний хуулийн 62, 63, 64 дүгээр зүйлүүдэд заасан төлөөлөх бүрэн эрхийг “ХХ” ХХК-иас түүнд олгоогүй байхад  компанийг төлөөлөн гэрээ, хэлцэл байгуулсан нь хууль бус юм. Нөгөө талаар талуудаас тавьсан хүсэл зоригийг хүндэтгэж гэрээг баталгаажуулсаны дараа хариуцагч нарын гаргаж буй үйлдлээс шалтгаалж хуулийн дагуу явуулсан нотариатын үйлдэл нь хууль бус болох үр дагавар үүсгэж байх тул нотариатын зүгээс хуульд заасан эрх ашгаа хамгаалах зорилгоор тухайн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагатай байна. Иймд Б.Б, Б.Б нарын дунд 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан нотариатын Г-2386, Г-2387 дугаартай “Түрээсийн гэрээ”-үүдийг хүчин төгөлдөр бус байх  хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Миний бие “ХХ” ХХК-д 2017 оноос эхлэн ажиллаж, энэ үеэс “ХХ” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах эзэмшил, ашиглалтын “Хуурай-1" гэх нэртэй шороон ордны уурхайд “ХХ” ХХК-ийн уурхайн дарга Б.Б-ийн удирдлага дор ажиллаж байсан. 2017 онд “ХХ” ХХК-ийн захирал Ц.Н-ийн тушаалаар компанийн үйл ажиллагааг хариуцсан захирлын үүргийг гүйцэтгэж цалин хөлс авдаг байсан. Тус компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор компанийн баримт бичиг гэрчлүүлэх, гэрээний эрх зүйн харилцаанд оролцох, шороон ордны уурхайд шаардлагатай тоног төхөөрөмж, ажиллах хүчнээр хангуулах үүднээс бусад этгээдүүдтэй эрх зүйн харилцаа үүсгэдэг байсан. Иймээс “ХХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч нар зөвлөлдөж 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 001 дугаартай захирлын тушаалаар “Үйл ажиллагаа хариуцсан захирал”-аар томилсон. Би компанийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийг хуулбарлуулах, гэрээ хэлцлийг гэрчлүүлэхээр нотариатын үйлчилгээг Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Д.А-аас удаа дараа авч байсан.

            “ХХ” ХХК нь Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах шороон ордныхоо уурхайд техник, механизм түрээслэхээр болж ББ гэх иргэний 2 эксковаторыг 2018 оны 4 дүгээр сард түрээслэн авч Шарын голын уурхай руу явуулсан. Тухайн үед би уурхай дээрээ байсан бөгөөд экскаваторуудыг операторчдынх нь хамт хүлээн авч уурхай дээр ажиллуусан. 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр миний бие уурхайн асуудлаар компанийн удирдлагуудтай уулзахаар хот орсон бөгөөд компанийн захирал Ц.Н гүйцэтгэх захирал Х.Б нар намайг уурхай дээр ажиллаж байгаа эксковаторын эзэнтэй компанийг төлөөлж гэрээ хийх үүрэг өгсөн дагуу гэрээ байгуулж нотариатч Д.А-аар гэрчлүүлсэн. Гэрээний төслийг нотариатч боловсруулсан, боловсруулсан гэрээнд “ХХ” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан. Би “ХХ” ХХК-ийг төлөөлөх эрхээ нотариатчид үзүүлж урьд өмнө нотариатын үйлчилгээ авдаг байсан. Иймээс иргэн ББ, “ХХ” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус биш. Б.Б нь “ХХ” ХХК-иас түрээсийн төлбөрөө авдаг байсан. Экскаватор хүлээлцэх актаа “ХХ” ХХК-тай үйлдсэн байдаг тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Хариуцагч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, маргаан бүхий түрээсийн гэрээний зүйл болох эксковаторыг “ХХ” ХХК нь 2019 оны 4 дүгээр сараас эхлэн түрээслэн авч үйл ажиллагаандаа ашигласан, түрээсийн төлбөрийг түрээслэгчид төлж байсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн зүгээс Б.Б-тэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд гэрээ байгуулах итгэмжлэлийг Б.Б-д гөөгүй. Уг гэрээнд “Хааны харгуй" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Баяндүүрэн гэж тусгасан байх боловч манай компанид Б.Баяндүүрэн гэх хүн ажилдаггүй бөгөөд мөн үйл ажиллагаа хариуцсан захирал гэх орон тоо байхгүй. “ХХХХК”-ийг төлөөлөх эрх зөвхөн гүйцэтгэх захирал Ц.Н юм. Компанийг төлөөлөх эрхгүй этгээд болох Б.Б нь Б.Б-тэй түрээсийн гэрээ байгуулсан атал нотариатч Д.А нь төлөөлөх эрхтэй эсэхийг шалгах үүрэгтэй. Гэтэл үүргээ биелүүлэлгүй гэрээг гэрчилсэн байна. Иймд нотариатч Д.А-ын 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Г-2386, Г-2387 дугааруудад бүртгэгдсэн түрээсийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан түрээсийн Г-2386, Г-2387 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаарзүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хууль буруу хэрэглэсэн. Б.Б нь 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Б.Бтэй "Түрээсийн гэрээ" байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Уг гэрээнд түрээслэгч "Хааны харгуй" ХХК-ийг төлөөлж үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Б гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8, Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийдэг ч Б.Б-д компанийг төлөөлөх итгэмжлэл олгоогүй болно. Иймд "ХХ" ХХК-ийг төлөөлж гэрээ, хэлцэл хийх эрх үйцэтгэх захирал Ц.Н хадгалагдаж байна. “ХХ"ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд Б.Б нь Б.Б-тэй түрээсийн гэрээ байгуулсан атал нотариатч Д.А нь Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 46 дугаар зүйлийн 46.4, 46.5 дахь хэсэгт зааснаар төлөөлж байгаа этгээдийн эрх хэмжээ нь гэрээ, дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгах үүрэгтэй бөгөөд хэрэв төлөөлөх эрхгүй этгээд байвал гэрээг гэрчлэхээс татгалзах үүрэгтэй. 

            Зохигчид Б.Б, "ХХ ХХК-ийг төлөөлж Б.Б нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээнүүдийг баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар маргаж анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэсээр байхад энэ талаар дүгнэлт хийлгүй нэг үйл баримтын талаар шүүх өөр өөр шийдвэр гаргасан төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүх зохигчдын маргааны зүйл баримт нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон энэ талаар маргах эрхгүй гэж үзэж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дүгээр зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байсан. Иймд Б.Баяндүүрэнг "Хааны харгуй" ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулах эрхгүй гэсэн үндэслэлээр 2 шатны шүүхийн шийдвэр гарсан атал нотариатын Г-2386, Г-2387 дугаартай түрээсийн "гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

            Гуравдагч этгээдийг мэтгэлцэх эрхийг зөрчсөн. Шүүх хуралдааны тэмдэглэлд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "ХХ"хК нь Б.Б гэх хүнд компани төлөөлж гэрээ байгуулах эрх олгоогүй, Б.Б гэгчтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй, нотариатч гэрээ байгуулах эрхгүй байхад нотариатын тухай хуулийн 27.1, 46.4, 46.5, 31.1.4 дэх хэсэг, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар баталсан "Нотариатын үйлдэл хийх заавар" зэргийг зөрчсөн тул Б.Б, Б.Б нарын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Шүүх хуралдааны тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлд заасны дагуу гарсан ч шүүхийн шийдвэр нь тус тэмдэглэлээс зөрүүтэй гэрсэн байна. Эндээс дүгнэвэл гуравдагч этгээдийн огт гаргаагүй тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гаргасан мэтээр тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.1.1, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.4, 29.5 дахь хэсэгт заасныг шүүх тус тус зөрчиж мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчлөө. Энэ нь гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд 'ХХХХК нь хариуцагч Б.Б-тэй гэрээ нөхөж байгуулан, 110 000 000 төгрөг төлсөн гэж үйлчлүүлэгчийн эсрэг тайлбар гаргасан мэтээр гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргаагүй ор үндэслэлгүй худал тайлбарыг шүүхийн шийдвэрт тусгасан. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн зөв үнэлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт "Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж егөх, цуглуулах үүрэгтэй" гэж заасан хэдий ч гуравдагч этгээдийн зүгээс Б.Б-д "ХХ ХХК-ийг төлөөлж Б.Б-гтэй түрээсийн гэрээ байгуулах итгэмжлэл олгоогүй тул гаргаж өгөх ямар нэг баримт байхгүй юм. Зохигчид Б.Б "ХХ" ХХК-ийг төлөөлж Б.Бнарын хооронд байгуулсан түрээсийн гэрээнүүдийг баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар маргаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/02248 дугаар шийдвэр, "Нийслэлтийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх"-ийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн магадлалаар Б.Б нь "ХХ" ХХК-ийг төлөөлөн, уг компанийн нэрийн өмнөөс гэрээ, хэлцэл байгуулах эрх олгогдоогүй гэдэг үндэслэлээр нотариатын үйлдлийг хүчингүй болгосон. Энэ талаар дүгнэлт хийлгүй анхан шатны шүүх хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудаар Б.Б-д "Хх ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулах эрх олгогдоогүй нь тогтоогдож байгааг анхаарч эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй юм. Дээр дурьдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Б.Б, Б.Б нарт холбогдуулан, тэдний хооронд 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Г-2386, Г-2387 дугаартай автомашины түрээсийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг,  хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 Түрээслүүлэгч Б.Б нь 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр түрээслэгч “ХХ” ХХК-ийн төлөөлөгч үйлдвэрлэл хариуцсан захирал Б.Б-тай автомашины түрээсийн 2 гэрээ байгуулж, HYUNDAI ROBEX5000-LC78 маркийн, УН 99-74 улсын дугаартай, УН 55-44 улсын дугаартай эксковаторуудыг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 7 сарын хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч “ХХ ХХК нь түрээсийн төлбөрт сар бүр 50 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсоныг нотариатч Д.А гэрчилж, нотариатийн бүртгэлийн Г-2386, Г-2387/ дугаарт бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан 2 түрээсийн гэрээ, талуудын тайлбар,  зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх 5-8/

Нэхэмжлэгч буюу нотариатч Б.А хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг үндэслэн уг хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Б.Б нь “ХХХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна” гэж тайлбарлажээ.

Гэвч хэргийн 78-90 дугаар талд дээрх хэлцлүүдийг гэрчилсэн нотариатч Д.А-ын үйлдлийг хүчингүйд тооцсон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны 183/ШШ2019/02248 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2136 дугаар магадлал авагдсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

Мөн нотариатч Б.А нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргах эрхгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т нийцжээ.

Нэхэмжлэгч Д.А нь өөрөө нотариатч бөгөөд Б.Б “ХХХК-ийг төлөөлж Б.Б-тэй байгуулсан хэлцлийг гэрчилсэн үйлдэлтэй холбоотой хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан тул энэ үйл баримтын талаар нотариатч нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсоноор нотариатч эрх ашгаа хамгаалах зорилгоор хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэсэн нь шаардлагын үндэслэл болохгүй.

Б.Б “ХХ"ХХК-ийн хооронд 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан автомашин түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар тухайн гэрээний талууд өөр хоорондоо харилцан шаардлага гаргах эрхтэй бөгөөд харин нотариатч энэ талаар шаардлага гаргасан нь дээр дурьдсанаар үндэслэлгүй байна.

Иймд энэ талаарх гуравдагч этгээд “ХХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэв.

Түүнчлэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлын нэг үндэслэлээ “мэтгэлцэх эрхийг зөрчсөн, шүүхийн шийдвэр, тэмдэглэл зөрүүтэй” гэж тайлбарлажээ.

Хэргийн 55 дугаар талд авагдсан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч-гээс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбарыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож байгааг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул мэтгэлцэх эрхийг зөрсөн талаарх гомдол үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай байвал уг тэмдэглэлд засвар оруулах нь тухайн шүүхийн эрх хэмжээний асуудал байх тул давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/00157 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 3 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

                                                                                      Д.БАЙГАЛМАА