Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 391

 

МАГАДЛАЛ

2020.02.17                                                Дугаар 391                                    Улаанбаатар хот

 

 

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,                                                      2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00072 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Б-д холбогдох,

9 750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Х.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Мэргэжлийн хяналтын газарт ажилд оруулж өгч болох байх, урамшуулал, үнэ ханш нь 10-12 сая төгрөг байдаг. Эндээс урьдчилгаанд 8 500 000 төгрөг даруй өгөх хэрэгтэй. Ажилд орсны дараа үлдсэн мөнгийг өгөөрэй. Хэрэв ажилд оруулж чадахгүй бол 8 500 000 төгрөгийг зээл гэж ойлгож сарын 4 хувийн хүүгийн хамт буцааж өгнө гэсэн. Анх мөнгө өгсөн 2017 оны 11 сарын 16-ны өдрөөс өдгөө 2019 оны 10 сарын 04-ний өдөр хүртэл бүтэн 2 жилийн хугацаа өнгөрсөн боловч амалсан ажил ч үгүй, 4 хувиар өсгөж өгнө гэсэн мөнгө ч үгүй хоосон хоцорсон. Д.Б-ын өгсөн 8 500 000 төгрөгөөс Т.Б 2019 оны 04 сард 3 000 000 төгрөгийг эгүүлэн төлсөн ба 5 500 000 төгрөгийг төлөөгүй байна. Хуульд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотой гэрээний бус үүргийн   харилцаа нь хуульд заасан тохиолдолд үүсэж байгаа ба түүний эрх зүйн үр дагаврыг болон буцаан шаардах шаардлагыг тусгасан, мөн эрх зүйн хамгаалалт хийж өгч зөрчигдсөн эрхийг сэргээх зэргийг гэрээний бус буюу хуульд зааснаар тус тус зохицуулсан байна. Анх мөнгө шилжүүлсэн 2017 оны 11 сарын 16-ны өдрөөс ердийн боломжит хугацаа / 60 хоног /-наас хойш өдгөө 1 жил 10 сар буюу 22 сарын хугацаа өнгөрсөн байна. Эндээс Д.Б-ын мөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан Т.Б ийнхүү    8 500 000 төгрөгийг олж авсан үеэс эхлэн өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан үр шимийг Д.Б-д төлөх үүрэг үүссэний дагуу Т.Б-ийн өөрийнх нь амласан сарын 4 хувийн хүүгээр бус, нэгэнт үүрэг нь хуулиар үүссэн болохоор үр шим нь мөн хуулийн шаардлага, зохицуулалтыг үндэслэх журамтайг анхаарч ердийн боломжит 1 жил 10 сарын хугацааны дараа буцаан шаардах бүх зүйлийн нэг нь үр шимийн хэмжээг харилцан тохиролцоогүй бол тогтсон нийтлэг жишиг хэмжээгээр тохиролцсон гэж үзэх буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй зах зээлийн өнөөгийн болон банк, ББСБ-ын дундаж хэмжээ сарын 2.27 хувиар хүү тооцсон 4 250 000 төгрөг нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу төлбөр төлөх талын төлбөрийн дүн 8 500 000 төгрөгийн 50 хувиас хэтрээгүй байна. Д.Б-оос зээл нэрээр мөнгө авч үндэслэлгүй хөрөнгөжсөн Т.Б авсан зээлээ бүрэн төлөхгүй өнгөрсөн 2 жилийн хугацаанд Д.Б-ыг чирэгдүүлэн хохироож байгаа учраас зээлийн үлдэгдэл 5 500 000 төгрөгийг, Д.Б-ын мөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан Т.Б ийнхүү мөнгийг олж авсан үеэс эхлэн өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан хуулиар үүссэн буцаан шаардах бүх зүйлийн нэг нь үр шим 4 250 000 төгрөгийг, нийт 9 750 000 төгрөгийг Д.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2017 оны 11 сард Д.Б-оос 7 000 000 төгрөгийг хугацаа заагаагүй ба хүү байхгүй гэсэн учраас авсан билээ. Харин Д.Б надад ажилд орох хүсэлтэй байгаагаа хэлсэн ба тус болохыг гуйсан юм. Би нэгэнт мөнгө зээлсэн тул тус болохыг хичээж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт орж ажиллах сонирхолтой гэсний нь дагуу тус газрын дарга нартай уулзаж төрийн албан хаагчийн анкет болон ажиллахыг хүссэн өргөдлийг хүний нөөцөд нь хамт очиж өгсөн билээ. Гэтэл тус байгууллагаас нэгдүгээрт төрийн албан хаагчийн шалгалт өгүүлсэн байх, байцаагчийн сургалтад суусан байхын зөвлөж хэлсэн ба тус шалгалтуудыг яаралтай өг гэсэн. Би түүнд хэлсэн боловч өгнө чадна гэсээр нэлээд хугацааг алдсан. Дараа нь би ерөөсөө өгч чадахгүй юм байна, уншаад ч чадахгүй юм байна гээд та миний мэргэжлийн дагуу үйлдвэр үйлчилгээнд оруулж өгөөч гэсэн. Тодорхой байгууллагуудтай очиж уулзаад Хан-Уул дүүрэг, Багахангай дүүрэг, Сонгинохайрхан дүүрэгт мэргэжилтнээр 6 сар түр авч үзье гэтэл “Би ахлах мэргэжилтнээс доош ажил хийхгүй” гэж хэлсэн билээ. Ингээд би зээлсэн   7 000 000 төгрөгийг бүрэн төлсөн. Гэтэл өнөөдөр надаас 3 000 000 бусдыг нь аваагүй мэтээр санал гомдол гаргасанд гомдолтой байна. Өөрийнх нь бичсэн зүйлээс харахад 3 өөр төлбөр харагдаж байна. Нэг бол зээлж авсан 7 000 000 төгрөг эсвэл 7 500 000 төгрөг эсвэл 8 500 000 төгрөг гэх мэт маш олон төрлийн төлбөр шаардсан, хүү шаардсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б-аас 835 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 8 915 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2019 оны 10 сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 172 950 төгрөгийн 170 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2 000 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид        24 590 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Гэрч Д.Н-ийн мэдүүлсэн Т.Б нь 2019 оны 05 сарын эхээр           3 500 000 төгрөгийг Д.Б-д түүний хажууд бэлнээр өгсөн гэх мэдүүлэг нь үндэслэлгүй бөгөөд ингэж биеэр уулзаж ямар ч мөнгө аваагүй учраас нэхэмжлэгч Д.Б анхнаасаа энэ 3 500 000 төгрөгийг нэхэмжилсэн билээ. Шүүх нэг талыг барьсан хэргийн оролцогчийн гаргасан мэдүүлэг нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, нотлох баримт байгаа эсэхийг тодруулаагүй, хэрэв байвал ямар баримт, үйл явдалд тулгууралсан, эх сурвалжийг заасан эсэх, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь энэ нь том хэмжээний буюу 3 500 000 төгрөгийг өгч байгаа тохиолдолд өгсөн, авсан тухай баримт үйлдэгдээгүй, талуудаас хэн нь ч баримт бичих талаар санал гаргаагүй байх боломжгүй бөгөөд амьдрал, бодит байдалд огт нийцэхгүй, итгэл үнэмшилгүй байна. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтад заасан “зээлийн гэрээ”-ний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн ба Д.Б-ын хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан гэдгээ Т.Б мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс зайлшгүй, өөрийгөө хамгаалах, өөртөө туслах үүднээс мөнгө эргүүлж өгсөн баримт авч нотлох үүргээ биелүүлээгүй мөртлөө 3 500 000 төгрөг төлсөн гэж худлаа хэлж, гүтгэсэн гэх үндэслэлтэй байна.      Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэсэн тул шүүхээс хариуцагч буюу хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрч Д.Н-аас авсан мэдүүлгийг нотолгооны хэрэгсэлээр тооцох боловч баримтат мэдээлэл буюу эх сурвалжийг зааж чадаагүй бол уг мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэсэн журамтай байна. Гэрчийн мэдүүлэг нь тодорхой эх сурвалжид үндэслэсэн мэдээлэл байх ёстой. Иймд хариуцагч Д.Б-аас нэхэмжлэгч Д.Б-д буцаан гаргуулах 3 500 000 төгрөгийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзэж байгаа тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Т.Б-д холбогдуулан 9 750 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгчээс хариуцагч Т.Б-д “...ажилд оруулж өгнө гэсний дагуу 2017 оны 11 сарын 16-ны өдөр бэлнээр 1 000 000 төгрөг, Д.Н-ийн дансаар дамжуулан        6 000 000 төгрөг мөн 2017 оны 11 сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 8 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулга, Т.Б-ийн “хүү байхгүй гэсэн” гараар бичсэн баримт, гэрч Д.Н-ийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна. /хх 6,43/

 

Хэргийн баримтаас үзвэл хариуцагч нь 3 000 000 төгрөг, 170 000 төгрөг, 495 000 төгрөг, нийт 3 665 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч нь маргаагүй байна. Харин гэрч Д.Н-ийн мэдүүлсэн “Т.Б нь 2019 оны 05 сарын эхээр 3 500 000 төгрөгийг Д.Б-д бэлнээр өгсөн” гэх мэдүүлгийг үндэслэлгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх гэрч Д.Н-д хууль сануулж, гэрчийн мэдүүлэг авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэлд хамаарна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь гэрчийн мэдүүлгийг “хариуцагчаас нэхэмжлэгчид мөнгө өгсөн талаар шүүхэд өгсөн мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй, түүний мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар давхар нотлогдоогүй” гэх боловч баримтаар үгүйсгэж чадаагүй, шүүх хуульд заасан арга хэрэгслээр мэдүүлэг авсан байх тул гэрчийн мэдүүлгийг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй юм.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилд оруулж өгөх буюу эрх бүхий этгээдтэй холбож өгсөн гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт “шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлэн өгсөн 8 000 000 төгрөгөөс хариуцагчийн буцаан авсан гэж хүлээн зөвшөөрсөн 3 665 000 төгрөг, гэрчийн мэдүүлсэн Д.Б-д бэлнээр өгсөн гэх          3 500 000 төгрөгийг хасч тооцон үлдэх 835 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00072 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

                               ШҮҮГЧИД                                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                             Д.БАЙГАЛМАА