Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 130/ШШ2024/00428

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 130/ШШ2024/00428

Баян-Өлгий аймаг

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Д сумын 9 дүгээр багт оршин суух, Ж овогт Ш.Н,

Нэхэмжлэгч: Б аймгийн Д сумын 9 дүгээр багт оршин суух, Ш овогт Т.Т,

Нэхэмжлэгч: Б аймгийн Д сумын 9 дүгээр багт оршин суух, Ш овогт О.О,

Нэхэмжлэгч: Б аймгийн Д сумын 9 дүгээр багт оршин суух, М овогт Х.Х,

Нэхэмжлэгч: Б аймгийн Д сумын 9 дүгээр багт оршин суух, М овогт Е.Х,

Нэхэмжлэгч: Б аймгийн Д сумын 9 дүгээр багт оршин суух, Ж овогт Ш.Р,

Нэхэмжлэгч: Б аймгийн Д сумын 9 дүгээр багт оршин суух, Ж овогт О.Ж

Нэхэмжлэгч: Б аймгийн Д сумын 9 дүгээр багт оршин суух, Н овогт Х.Х,

Нэхэмжлэгч: Б аймгийн Д сумын 9 дүгээр багт оршин суух, Х овогт Б.С нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль /захирал М.Р/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж нийт 24,000,000 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.Н, Т.Т, О.О, Х.Х, Е.Х, Ш.Р, О.Ж, Х.Х, Б.С,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Р,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ш.Н, Т.Т, О.О, Х.Х, Е.Х, Ш.Р, О.Ж, Х.Х, Б.С нь хариуцагч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдуулан Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж нийт 24,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч Ш.Н, Т.Т нар нь Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/00 тоот тушаалаар тухайн оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс, О.О нь 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 33 тоот тушаалаар тухайн оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс, Х.Х нь 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тушаалаар тухайн оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс, Е.Х нь 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс, Ш.Р, О.Ж нар нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/00 тоот тушаалаар тухайн оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс, Х.Х нь 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 41 тоот тушаалаар тухайн оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс, Б.С нь 2009 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 00 тоот тушаалаар тухайн оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс тус тус галчаар томилогдож ажиллаж байсан.

1.2 Орон тооны цомхотгол хийгдэх болсон учир сургуулийн захирлын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/00 тоот тушаалаар тухайн өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтад заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн.

1.3 Бид Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд зааснаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж авах ёстой бөгөөд сургуулийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/00 тоот тушаалаар бидний сарын үндсэн цалинг 750,000 төгрөгөөр тооцож, Х.Х, Ш.Р, Е.Х, Б.С, Х.Х, О.О нарт 4 сарын буюу 3,000,000 төгрөгийн, Т.Т, О.Ж нарт 3 сарын буюу 2,250,000 төгрөгийн, Ш.Н-д 2 сарын буюу 1,500,000 төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн боловч бид дээрх мөнгийг одоо хүртэл авч чадаагүй байна.

1.4 Бид энэ асуудлаар Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасныг тус хороо 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр шүүхээр шийдвэрлүүлэхээр шийдвэрлэснийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

1.5 Иймд бидний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж хариуцагч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн санхүүгээс Х.Х, Ш.Р, Е.Х, Б.С, Х.Х, О.О нарын тус бүрт 4 сарын буюу 3,000,000 төгрөгийн, Т.Т, О.Ж нарын тус бүрт 3 сарын буюу 2,250,000 төгрөгийн, Ш.Н-д 2 сарын буюу 1,500,000 төгрөгийн тэтгэмж гаргуулан олгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал М.Р шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Боловсролын Ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн зөрчил арилгах тухай 38/23 дугаартай албан шаардлагын дагуу галч 9 хүнийг ажлаас чөлөөлсөн.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг олгох гэсэн боловч санхүүжилт нь орж ирэхгүй байна. Миний бие тус сургуулийн захирлын хувьд нэхэмжлэгч хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийн санхүүжилт нь орж ирэнгүүт олгоход ямар нэгэн бэрхшээл байхгүй гэдгийг мэдэгдье гэжээ.

 

3.Хариуцагч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал М.Р шүүх хуралдаанд гаргасан болон бичгээр гаргасан тайлбартаа:

3.1 Миний бие тус сургуулийн захирлын хувьд Х.Х, Ш.Р, Х.Х, Б.С, О.О, Е.Х нарт тус бүрт олгогдох 3,000,000 төгрөгийг, Т.Т, О.Ж нарт тус бүрт олгогдох 2,250,000 төгрөгийг, Ш.Н-д олгогдох 1,500,000 төгрөгийг, нийт 24,000,000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Нэхэмжлэгч Ш.Н, Т.Т, О.Олимпиад, Х.Х, Е.Х, Ш.Р, О.Ж, Х.Х, Б.С нэхэмжлэлтэй, хариуцагч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдох “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж нийт 24,000,000 төгрөг гаргуулах тухайиргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг  2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 13:30 цагт товлосон.

4.Шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хариуцагч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал М.Р нь хариуцагч Х.Х, Ш.Р, Х.Х, Б.С, О.О, Е.Х нарт тус бүрт олгогдох 3,000,000 төгрөгийг, Т.Т, О.Ж нарт тус бүрт олгогдох 2,250,000 төгрөгийг, Ш.Н-д олгогдох 1,500,000 төгрөгийг, нийт 24,000,000 төгрөгийг тус тус төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хариуцагч нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

5.Хариуцагч нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 277,950 төгрөгийн тал нь болох 138,975 төгрөгийг хариуцагч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 138,975 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

7.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал М.Р нь хариуцагч Х.Х, Ш.Р, Х.Х, Б.С, О.О, Е.Х нарт тус бүрт олгогдох 3,000,000 төгрөгийг, Т.Т, О.Ж нарт тус бүрт олгогдох 2,250,000 төгрөгийг, Ш.Н-д олгогдох 1,500,000 төгрөгийг тус тус төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Н, Т.Т, О.О, Х.Х, Е.Х, Ш.Р, О.Ж, Х.Х, Б.С  нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 277,950 төгрөгийн тал нь болох 138,975 төгрөгийг хариуцагч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Х.МЕЙРАМБЕК