Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2023/0568/З |
Дугаар | 128/ШШ2024/0243 |
Огноо | 2024-03-18 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2024/0243
2024 03 18 128/ШШ2024/0243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч******* би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э******* ХХК /РД: *******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ү, Э.Г, А.Д, Г.О,
Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Т, Х.А нарын хоорондын Тогтворжуулах гэрчилгээний дагуу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тогтоолгох тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү, Э.Г, А.Д, Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн илүү төлөлтийг баталгаажуулахаас татгалзсан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01/352 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, үндэслэлгүйгээр илүү төлүүлсэн 208,688,214,552 төгрөгийг буцаан олгохыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгуулах, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаартай тогтоолын хавсралт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам-ын 2.1.2 дахь хэсэг, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоол Э******* ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх харилцаанд үйлчлэхгүй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх гэж өөрчлөн тодорхойлжээ.
2. Нэхэмжлэгч компани Тогтворжуулах гэрээний хэрэгжилтийг хангуулахаар 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 216 тоот албан бичгээр харьяаллын дагуу Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт хандсан боловч татгалзсан хариуг 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01/352 тоот албан бичгээр авч, Татварын ерөнхий газрын даргад 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 329 дүгээр албан бичгээр гомдол гаргаж, 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 04/1245 дугаартай хариуг эс зөвшөөрсөн тул шүүхэд 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.
3. Нэхэмжлэгч компани нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
3.1. Маргаж байгаа бидний 174 дүгээр тогтоолоос өмнөх байдлыг авч үзвэл, энэ өнгөрсөн цаг хугацаанд 2009-2021 оны хооронд 12 жилийн хугацаанд 476 тэрбум төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн байгаа. Гэтэл 174 дүгээр тогтоол гарснаас хойш ердөө 2 жил гаруй хугацаанд манайх 539 тэрбум төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ачаалалтай болсон,
3.2. Бидний өнөөдөр тодорхойлсон 208 тэрбум төгрөг бол уурхайн аман дээрх үнэ биш, Гаалийн баталгаатай бүрдүүлэлтийн мэдээллийг гаргаж ирээд олон улсын аудитын байгууллагаар шалгуулаад батлуулсан Монгол Улсын хилийн өртөө хүртэл тооцсон үнэ, тэндээс нэмж цаашаа авсан үнийн зөрүү 208 тэрбум болчхоод байгаа юм. Бидний харилцаанд үйлчлэхгүй, Засгийн газрын 2006, 2021 оны 174 болон тус тогтоолын дагуу нүүрс, нүүрсний АМНАТ-д үйлчлэх болж эхэлсэн 2019 оны 465 дугаар тогтоол өөрөө хууль эрх зүйн зөрчилтэй,
3.3. Ашигт малтмалын тухай хуулийн 47.3 дахь заалт, 47.17 дахь заалтын хүрээнд угааж баяжуулсан коксжих нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх хувь хэмжээ тодорхойлогдож байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.3 дахь заалтаар хэмжээг тодорхойлохдоо борлуулалтын үнэлгээний 5%-аар үндсэн, борлуулалтын үнэлгээний 0-3%-аар нэмэлт нь байгаа юм байна гэдгийг тодорхойлсон. Энэ нэмэлт заалт өөрөө ийм шатлалтай. Борлуулалтын үнэлгээ хийсвэрээр хөөрөгдөх тусам нэмэлт татварынх нь хувь нь өсөөд явчихдаг ийм үр дагавартай гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ганцхан Э******* компанид зориулаад 220 дугаар бүхий хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг хэрэглэх юм уу гэж яриад байна. Гэтэл энэ өгч байгаа тайлбар ерөөсөө нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа олон аж ахуйн нэгжээс ганцхан Э******* компани тогтвортой байдлын гэрчилгээтэй юм. Тогтвортой байдлын гэрчилгээ дотор нэмэгдүүлэх өөрчлөлт орсон тохиолдолд хамаарахгүй гэж байгаа бол энэ нь манайд эргээд үйлчлэх ёстой заалт байгаа юм гэв.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ гэх)-ийн илүү төлөлтийг баталгаажуулахаас татгалзсан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01/352 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, үндэслэлгүйгээр илүү төлүүлсэн 208,688,214,552 төгрөгийг буцаан олгохыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгах, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаартай тогтоолын хавсралт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам-ын 2.1.2 дахь хэсэг, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоол Э******* ХХК-ийн АМНАТ төлөх харилцаанд үйлчлэхгүй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу Хөрөнгө оруулалтын газрын дэргэдэх Хөрөнгө оруулалтын орон тооны бус зөвлөлийн 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 14/01 тоот дүгнэлтийг үндэслэн Хөрөнгө оруулалтын газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/98 тоот тушаалаар Э******* ХХК-д тогтворжуулах гэрчилгээг 24 жил буюу 2033 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаатайгаар олгосон нь эдүгээ хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.
Татварын ерөнхий хуулийн 12.1.11-т хөрөнгө оруулалтын хууль тогтоомжид заасны дагуу тогтворжуулах гэрчилгээ авсан бол уг гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд хувь, хэмжээг нь тогтворжуулсан татварыг тогтворжуулсан хувь, хэмжээнээс илүү хэмжээгээр төлөхгүй байх; гэж заасан. Тогтворжуулах гэрчилгээ хүчинтэй байх бүхий л цаг хугацааны туршид тухайн гэрчилгээг авах үеийн хувь хэмжээгээр татвараа төлөх эрх нь хүчин төгөлдөр байна гэдгийг хуульчилсан. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 13.4 дэх хэсэгт заасан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 14.1-т заасан дөрвөн татварын хувь, хэмжээг бууруулсан эсхүл нэмэгдүүлсэн тэдгээр татварын хууль тогтоомжийн өөрчлөлт хийгдсэн тохиолдлыг тодорхойлсон байгаа. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 14.1-т заасан дөрвөн албан татвар тус бүрийн хууль тогтоомжийг холбогдох хуулиудад нь дараах байдлаар тодорхойлжээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд тус тус заасан.
Ашигт малтмалын тухай хуулийн 2.1-д Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. гэж заасан. Баяжуулсан 15 сая тонн нүүрсээ бүгдийг нь баяжуулаад нэг ч нүүрсийг түүхийгээр нь гаргахгүйгээр дотооддоо баяжуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортын орлогыг нэмэгдүүлэх, дотооддоо өгөөжийг нь авч үлдэх ийм үйлдвэр бид нар байгуулсан. 5,5 сая тонны хүчин чадалтай модулиас бүрддэг шинэ технологи. Тухайн үед нүүрс баяжуулах үйлдвэрлэл байхгүй өнөөг хүртэл нүүрс баяжуулах чиглэлээр манай компани үндсэндээ дангаараа үйл ажиллагаа явуулж байгаа юм. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ачаалал нь ямар байсан бэ гэхээр 2009-2023 оны хугацаанд 2 мөчлөгөөр авч үзэж болно. Маргаж байгаа бидний 174 дүгээр тогтоолоос өмнөх байдлыг авч үзвэл, өнгөрсөн цаг хугацаанд 2009-2021 оны хооронд 12 жилийн хугацаанд 476 тэрбум төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн байгаа. Гэтэл 174 дүгээр тогтоол гарснаас хойш ердөө 2 жил гаруй хугацаанд манайх 539 тэрбум төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ачаалалтай болсон. Гэрчилгээнд байгаа нөхцөл зөрчигдсөн.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тухайн татварын хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас нэмэгдсэн үү, хасагдсан уу, нэмэгдсэн үү, буурсан уу гэдэг асуудал ярина. Хууль тогтоомж нь тогтворжуулах гэрчилгээг 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр авахад ямар байдалтай байсан бэ гэхээр Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 7.6 дахь зүйл заалтад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох төлбөр ноогдуулах аргачлалыг Засгийн газар батална гэсэн байсныг аргачлал гэдгийг нь болиулаад тайлангаа төлөх журмыг Засгийн газар батална гэж өөрчилсөн. Энэ өөрчлөлтийн дагуу 2019 оны 9 дүгээр сард 342 дугаар тогтоолыг баталсан. Энэ өөрчлөлтийн дагуу 465 дугаар тогтоолыг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөн шинэчилж баталсан байна.
Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу Засгийн газрын нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актууд өөрчлөгдөөд явдаг. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өөрчлөлт нь Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 04 тоот шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 47.6-ийн 11, 12, 13 байсан. Нүүрсэнд хамаарах нэмэлт хувь хэмжээний заалтыг хууль зөрчсөн байна гээд хүчингүй болгосон. Энэ хүчингүй болгосны улмаас Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дахин баталж, одоогийн хуульд заасан 47.17 гэдэг зүйл заалтаар нүүрсэнд ноогдох ашигт малтмалын хувь хэмжээний нэмэлт хувь хэмжээг тодорхойлж өгсөн. Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 89 дүгээр тогтоолоор тухайн үеийн Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолдоо өөрчлөлт оруулж 2 эх үүсвэрийг тодорхойлсон байна. Нэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нүүрс борлуулж экспортод гаргах гэрээний үнийг хэрэглэхдээ, тооцохдоо Монгол Улсын хилийн өртөө хүртэлх Гаалийн тарифын хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу гаалийн хэлцлийн үнээр тооцдог болгосон. Хоёрт нь en.sxcoal.com-д жишиг үнэ байсан.
Үүний дараа нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3-т борлуулалтын үнэлгээг тооцох журмыг зөрчсөн ийм шийдвэр. Ашигт малтмалын тухай хуулийн 47.2-т борлуулалтын үнэлгээг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг борлуулалтын үнэлгээнээс тооцно гэдэг заалт байгаа.
Үндсэн хуулийн цэцийн хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотойгоор үүнийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шинэчилж баталсан. Гэхдээ энэ 47.2-т заасан 3 журам байгаад байгаа. Журам л гэж хэлж байгаа болохоос биш энд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн төлөх хувь болон хэмжээг тооцоход ямар утгаас тооцох юм бэ гэдгийг журамлаж өгсөн. Нэгд нь экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын зах зээлийн үнийг баримтална гэж байгаа юм. Энэ нь зарлаж байгаа жишиг үнэ. Хоёрдугаарт нь дотоодод борлуулсан дотоодын зах зээлийн үнийг үндэслэнэ гэж байгаа юм. Гуравт нь дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэнэ гэж байгаа юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3 гэдэг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогод үндэслэнэ гэсэн заалтыг орхигдуулсан. Засгийн газарт хэзээ ч хуулиар тогтоосон 3 журмын аль нэгийг нь орхиод баталж болно гэдэг эрх хэзээ ч олгогдоогүй. Гэтэл Засгийн газар энэ тогтоолыг батлахдаа орхисон байдаг.
Засгийн газрын 174 дүгээр тогтоолын дэлгэрэнгүй тэмдэглэлтэй танилцсан. Үзлэгийн тэмдэглэл хэрэгт хавсаргачихсан байгаа. Тэмдэглэлд Р.Ж******* сайд хэлэхдээ Ё сайд аа, бид нар нэлээд ярилцсан. Тийм ээ, салбарын сайдын энэ саналыг бид хүлээн хүндэтгэж үзэлгүй л яах вэ гэж,
Ё сайд юу гэж санал хэлсэн бэ гэхлээр энэ АМНАТ-ыг нэмж болохгүй ээ. Энэ хэлцлийн үнэ гэдэг бодит үнээс нь эрс бодитой биш. Гадаад улсын аль нэг байршилд байгаа үнээр энэ бүтээгдэхүүний АМНАТ ноогдуулах юм бол энэ аж ахуйн нэгжүүд чинь бүүр сөхрөх гээд байна аа, унах гээд байна аа, ингэж нэмж болохгүй гэж нэмэгдүүлэх асуудал яриад байгаа юм. Бид нар хамаагүй татварынхаа орлогыг нэмэгдүүлэх, татварынхаа хувь хэмжээг нэмчхээд эргээд бараг татварын орлого ч үгүй бүүр 0 болгох тийм эрсдэл гаргаж байсан үе байгаа, гашуун туршлага байгаа гэж. Төлөх татвар нь 22%-аар нэмэгдэнэ гэсэн энэ асуудал Засгийн газрын дэлгэрэнгүй тэмдэглэлийн хүрээнд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Ерөнхий сайд тэргүүний хувьд төгсгөлд нь хэлсэн байна байдаг. Ё сайдын саналыг сонслоо. Эдийн засгийн сайдын саналыг сонслоо. Тогтоолыг нэг жилийн хугацаанд хэрэгжүүлээд эргэж энийг нягталж үзье. Энэ хугацаа 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр дуусчихсан. Үүнээс хойш 2023 он бүтэн яваад одоо 2024 он явж байна. Засгийн газар төлөх татварын хувь хэмжээг нэмнэ гэдгээ мэдэж байсан. Нэмэгдүүлэх ийм шийдвэр гаргасан байна. Том татвар төлөгчийн газрын тайлбараас хувь хэмжээ хоёр нь нэг юм шиг ойлголт төрөөд байгаа юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 47.3 дахь заалт, 47.17 дахь заалтын хүрээнд угааж баяжуулсан коксжих нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх хувь хэмжээ тодорхойлогдож байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.3 дахь заалтаар хэмжээг тодорхойлохдоо борлуулалтын үнэлгээний 5%-аар үндсэн, борлуулалтын үнэлгээний 0-3%-аар нэмэлт нь байгаа юм байна гэдгийг тодорхойлсон. Энэ нэмэлт заалт өөрөө ийм шатлалтай. Борлуулалтын үнэлгээ хийсвэрээр хөөрөгдөх тусам нэмэлт татварынх нь хувь нь өсөөд явчихдаг ийм үр дагавартай. Тэгэхээр дээрээс нь энэ суурь борлуулалтын үнэ өсөх тусам энэ дүнгийн 5% гэхээр бодитоор төлөх татварын хэмжээ дандаа нэмэгдээд явчихдаг. Давхар нэмэгддэг ийм гаргалгаатай байна. Татварын хэмжээ баяжуулсан нүүрсэнд 5-8%-тай байх ийм боломжтойгоор баталсан. Тэр нь борлуулалтын үнэлгээгээр нь Монгол Улсын хилийн өртөө хүртэл тооцсон хэлцлийн үнийг 5-8% гэж ойлгоод байгаа юм. Гэтэл хэмжээг гаргаж ирэхдээ татвар ноогдуулах суурь дүн болох борлуулалтын үнэлгээг дээр дурдсан 0-3 болон 5-8 хувийн нийлбэр хувиа үржүүлээд харьцуулаад гаргаж ирж байна. Тэгэхээр яаж ч бодсон гэсэн энэ 2 хоорондоо адилхан байх аргагүй. Энэ 2-ын хооронд таслалдаад томьёолол өгчихсөн байдаг. Дээр нь хэмжээ гэдэг нь байна, доор нь хувь байж байна. Тэгэхээр энэ 2-ын хооронд таслалдаад томьёоллын хувьд ч, хэл зүйн тайлбар толийн хувьд ч гэсэн энэ хоёрынх нь хоорондоо таслал дээр тусдаа ойлголт. Тоон утга нь ч өөрсдөө хоорондоо өөр. Дээрх заалтын дагуу Татварын ерөнхий газраас мөрдүүлж байгаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тайлагнах маягт байна. Тайлагнах маягт энэ 2 тусдаа гэдгийг харуулах гээд байна. Энэ тайлагнах маягт дээр 2 янзын томьёоллоор төлөх татварын, ноогдуулах татварын хувь хэмжээг тооцох энэ аргачлалуудыг хийсэн байгаа. Борлуулалтын үнэлгээг тооцох. Нэгдүгээрт, олон улсын зах зээлийн үнийг хэмжээтэй нь үржүүлээд ингээд гаргана гэж байна, 17, 18, 22-ыг үржүүлээд гэдэг нь Монгол банкны ханш, дараагийнх нь хаалт дотор 17 буюу тоо хэмжээ, гэрээний үнэ гэж яриад байгаа хэлцлийн үнэ гээд дотроо задалчхаж байгаа юм. 19, 20 хэлцлийн үнэ энэ 2-ын нийлбэрээр үржүүлээд гаргана гээд.
Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуульд төлөх татварын АМНАТ-ыг тодорхойлох үндсэндээ 2 арга байгаа. Нэгдүгээрт нь хэлцлийн үнэ байгаа, хоёрдугаарт нь олон улсын жишиг үнэ. Хэрвээ олон улсын жишиг үнээр тооцох боломжгүй бол хэлцлийн үнээр тооцох ёстой. Хувь хэмжээний энэ тоон утга агуулгаар яаж төлж байгаа татварын дүнг нэмээд байгаа вэ гэдгийг нэг энгийн жишээгээр нэг бодож үзье.
Жишээ нь, 2021 оны 9 дүгээр сард суурилсан. Харин энэ бол бодитой гүйцэтгэл шүү. Тухайн үед 60 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг нэг тонныг 130 доллароор зарж байсан. Гэтэл жишиг үнэ гэж хэлээд байгаа Засгийн газраас тогтоосон үнийн дүнгийн үнийг 466 байх ёстой гэж үзсэн. Энэ 4,2 дахин их байна. Энэ борлуулалтын үнэлгээг 135 доллароороо бодоод үзэхээр бид нар 60 мянган тонн нүүрс гаргаад 23 тэрбум төгрөгийн үнэлгээ дээр татвар тооцоход бид нар 1,5 тэрбум төгрөгийн татвар төлөх болно. Энэ нь өсөн нэмэгдэх хувь тооцооллоороо 130 учраас шатлалаар аваад үзэхээр 3 биш 1,5%-аар бодогдоно. Дээрээс нь 135-аар 5% гэж бодогдоод 1,5 тэрбум төгрөгийн татвар төлөх ийм тооцоотой болсон. Гэтэл 466-аар төлөх гэж албажсан учраас бид нар хэдийгээр 23 тэрбум төгрөгийн орлого олж байгаа ч хийсвэрээр 80 тэрбум төгрөгийн үнийн дүнгээс бүтэн 8%-аар тооцдог. Яагаад гэхээр шатлалаар 466 нь дээшээ явчихсан. Тэгэхээр 6,4 тэрбум төгрөгийг бид төлөх болж байгаа.
Ингээд тооцоолоод үзэхээр татварын ачаалал 8 хувь байх ёстой байтал 27, 28 хувь болсон. Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3 дахь заалтын дагуу гадаад, дотоодын зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд авч үздэг. Энэ тодорхойлох боломжгүй тохиолдлын нотлох баримт ирсэн. En.sxcoal.com гээд Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолоор мөрдөж байгаа энэ эх сурвалж өөрөө 2023 оны 9 сард мэдэгдэл гаргасан.
Монгол Улсаас баяжуулсан байдлаараа экспортлогдсон коксжих нүүрсний үнийг ташаа нэршилтэйгээр баталж байсан байна. Тэр нь агуулга нь юу юм гэхлээр энэ нь Монгол Улсын хилээр баяжуулсан байдлаар гарсан нүүрстэй огт хамааралгүй үнийг Монгол Улсын баяжуулсан коксжих нүүрсний үнэ гэж 2011 оноос зарлаж байсан байна. Тэгэхээр энэ ташаа худал мэдээлэлд үндэслэж энэ АМНАТ-ын хэт хийсвэр үнийг Засгийн газар тогтоож ирсэн байна. Монгол Улсаас түүхийгээрээ гаргасан нүүрсийг Хятадын худалдаачид худалдаж аваад Монгол Улсын хилээс цаашаагаа 170км өөрсдөө тээвэрлээд ******* ******* гэдэг хотод байдаг баяжуулах үйлдвэрт баяжуулаад, цаашаа худалдахаар санал болгож байгаа буюу энэ бүх өртөг зардал орчихсон, хятадын гадаадын нутаг дээр явж байгаа өртөг зардал орчихсон үнээр ийм үнэтэй байх ёстой гэж жишиг үнэ тогтоож татвар ноогдуулж байсан. Бидний бодитой гаалийн баталгаат бүрдүүлэлтийн бичиг баримтаар Монгол Улсын хил гээд бүх юмаа тооцоод ингэчихсэн үнэ, яав ч энэ үнэд хүрэхгүй. Тэгэхээр энэ үнэ хууль бус, үндэслэлгүй en.sxcoal.com хаягаар залгуулаад өнөөдрийг нэрээ өөрчилсөн ******* *******ы коксжих нүүрс гэж зарлаж байгаа.
Хуучин Ганц модны баяжуулсан коксжих нүүрс гэдэг нэртэй байсан. Манай компани ганцаараа баяжуулсан нүүрс энүүгээрээ экспортолдог. Манай компанийн хувьд биш, их хэмжээгээр түүхий нүүрснүүдийг аваад энд аваачаад баяжуулаад ямар үнэтэй байна гэдэг ийм мэдээллийг дотоод зах зээл үйлдвэрүүдэд өгөх гэж буруу ташаа мэдээлэл өгдөг байсан.
Шатлалаар үнийг нь нэмээд байхлаар 5% нь ч тусгал нь их болчихдог. Дээрээс нь нэмэгдүүлсэн хувь нь ч их болчихдог. Хэлцлийн баталгаажсан дүн дээрээ аваачаад тусгахлаар хэдэн хувиар яг нэмэгдүүлж байгаа бодит нэмэгдлүүд нь харагдаж байгаа юм. 5% байх ёстой юмыг 9,6 болгоод, 3 байх ёстой юмыг 5,8 болохлоор 15,8 болсон. Энэ мэтчилэн ингээд үзэхээр хамгийн өндөр нь 27 хувьтай гарч ирж байгаа юм. Бүх нэмэгдэлт өөрөө базсан дүнгээрээ олон улсын аудитын байгууллагад баталгаажуулсан үнийн дүнгээр бид нотлох баримтаар тайланг нь өгсөн байна. Иймд татварын хууль тогтоомж, ашигт малтмалын хууль тогтоомжийн хүрээнд нийтээр дагаж заавал дагаж мөрдөх хэм хэмжээний актуудыг Ашигт малтмалын хуульд ч өөрчлөлт орсон. Өөрчлөлт орсны дагуу Засгийн газар хэм хэмжээний актыг өөрчилсөн. Энэ өөрчлөлтийн үр дагавар нь тусгайлсан тогтворжуулах гэрчилгээ олгох үеийн татварын хувь хэмжээг хэвээр мөрдөнө гэсэн заалт зөрчигдөөд нэмэгдчихсэн. Энэ нэмэгдсэн байдлыг шүүхээр тогтоолгохыг хүсэж байгаа. Энэ нэмэгдсэн байдлын улмаас гарсан үр дагавар, хохирол болох 208,7 тэрбум төгрөгийг буцаан олгохыг даалгахыг хүсэж байгаа. Түүнээс гадна энэ хэвээр татвар ногдуулах эрх зүйн зохицуулалт хүчин төгөлдөр байгаа учраас Татварын ерөнхий хуулийн 12.1.11, Хөрөнгө оруулалтын хуулийн 13.4 дэх заалтын дагуу хэвээр хадгалах зохицуулалтыг нь хадгалж, хамаарахгүй болохыг хуульчилж өгнө үү. Манайд зөвхөн Монгол Улсын хэмжээнд нүүрсний салбарын хэмжээнд ганцхан тогтворжуулах гэрчилгээтэй байгаа Э******* компанийн тухайд хамаарахгүй болохыг тогтоолгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тогтворжиж авсан тогтворжуулах гэрчилгээгээр татварын хувь, хэмжээг тогтворжуулж авсан. Мөн Хөрөнгө оруулалтын хуулиараа тогтворжуулах гэрчилгээтэй компани нь 3.1.8-д зааснаар татварын хувь, хэмжээнд тогтворжуулах гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд нэмэхгүйгээр хувийн хадгална, эсвэл буурсан тохиолдолд бууруулах нөхцөлийг барина. Энэ зарчмыг яриад яваад байгаа. Тэгэхээр хариуцагчдаас дандаа хэлдэг. Ерөөсөө тэр хувь хэмжээ чинь нэг зүйл, хувь хэмжээ чинь өөрчлөгдөөгүй юм гээд тайлбарлаад байна. Ашигт малтмалын тухай хуулийн 47.3-д заахдаа хэмжээг яаж ноогдуулах юм бэ, Хэмжээг ноогдуулахдаа 47.7, 47.17-д зааснаар хувийг ингэж тооцно гэдгийг тодорхой хэлээд байгаа. Тэгэхлээр хувь хэмжээ хоёрыг нэг гээд л ойлгоод л, хувь хэмжээ хоёр ерөөсөө өөрчлөлт ороогүй, Ашигт малтмалын хуулийн 2.8.1-д зааснаар нэг юм гээд л яриад байхаар бид нарын энэ маргаан ерөөсөө цаашаа явахгүй байгаад байгаа юм. Нэг юм шиг л ойлгогдоод л яваад байгаа юм. Бидэнд хувь нэг болоод байгаа боловч хэмжээ татварын сууриараа хэр өөрчлөгдөөд, тэдэнд ямар өөрчлөлт ороод байгаа юм гэдгийг сая жишээн дээр нь хүртэл яаж өөрчлөгдөөд байгааг харууллаа. Өөрөөр хэлбэл, хувийн голд таслал байгаад байгаа юм. Монгол хэл бичгийн дүрэмд таслалыг ямар тохиолдолд хэрэглэдэг юм, мөн бас хууль тогтоомжийн журамдаа монгол хэлний таслалыг яаж хэрэглэдэг гэдгийг нь тодорхой заагаад яваад байгаа юм. Таслал өгүүлбэрийн утга нь хувираад байгаа, агуулга нь бүрхэг болоод байгаа тохиолдолд ялгах гээд таслалыг тавиад байдаг. Хууль тогтоомжийн төсөл дээр утга нь бүрхэг болох гээд байгаа тохиолдолд, ялгагдахгүй байгаа тохиолдолд л таслал тавиад байна. Хувь болон хэмжээ чинь нэг агуулгыг илэрхийлж байгаа хоршоо үг биш байна, холбоо үг биш байна, зохицуулалтыг нь харахаар хэмжээс дээрээ очсон ч өөр байгаад байна, хувь дээрээ очсон ч өөр байгаад байна. Үүнийг нэг ойлголт гэж харахаар үр нөлөө, үр дагавар нь өөр байгаад байгааг харж чадахгүй.
Хувь болон хэмжээ нь хоёр өөр ойлголт. Тогтворжуулах гэрчилгээ дээр болон хөрөнгө оруулалтын тухай хууль дээрээ татварын хувь болон хэмжээг тогтвортой байлгахыг хэлнэ гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 47.17 дээр хувийг нэмэгдүүлнэ гээд байгаа юм. Хэрвээ таны ойлголтоор, хариуцагчийн ойлголтоор хувь хэмжээ хоёрыг нэмэгдүүлнэ гэчихсэн байсан бол энэ нэг л яваад байна шүү дээ. Хувийг нэмэгдүүлнэ гээд. Тэгвэл хэмжээгээр тооцдог нь юу вэ гэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 47.3-т хэмжээгээр ногдуулна гэж байгаа.
Хувь зах зээлийн үнийн түвшин нь янз бүр байхаасаа хамаараад 3 хүртэл хувиар өсөж болж байна. Дээд хувь нь 8% байгаад байгаа юм. Борлуулалтын үнэлгээ тооцох журам гэж нэрлэж байгаад борлуулалтын үнэлгээгээ өөрчлөөд өгөхөөр тэр хэмжээс чинь өөр болоод байгаа юм. Татварын хэмжээ гэдэг маань миний төлөх АМНАТ-ын дүн.
Борлуулалтын үнэлгээгээ тооцохдоо манайд экспортолсон тоон жингийн хэмжээ тухайн өдрийн Монгол банкны ханш байж байна. Жишгийн үнэ байх юм уу, хэлцлийн үнэ байх юм уу гэдэг энэ үнэлгээг чинь тавиад борлуулалтын үнэлгээ гараад байгаа байхгүй юу.
Бид 1,5 тэрбум төгрөг төлөх ёстой байсан бол 6,4 тэрбум төгрөг төлсөн 4,9 тэрбум төгрөгөөр хэмжээ нэмэгдээд төлчихсөн. Манайх 20%-аар илүү төлсөн байна. Татварын алба Татварын хууль тогтоомж ийм байна гээд ярьж байгаа юм. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомж өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Хөрөнгө оруулалтын хуулиар олгогдсон байгаа боломжоо ганцаараа авсан. Тогтворжуулах гэрчилгээнийхээ боломжийг л эдэлье гэдэг асуудал явж байгаа. Дандаа гэрээний үнээрээ гээд, 220 дугаар тогтоолыг гэрээний үнээр гээд л яриад байгаа юм. Гэрээний үнэ ерөөсөө байхгүй. 220 дугаар тогтоолд хэлцлийн үнэ байдаг. Бид өөрсдөө тээвэрлээд, зөөгөөд 239 км-ийн цаанаас авч ирээд хэлцлийн үнэ болох юм. Гаалийн бүрдүүлэлтийн хураамж, даатгалынх нь зардал нь бүгд орж ирээд энэ хэлцлийн үнэ. Тэгэхээр 220 дугаар тогтоол чинь гэрээ биш, хэлцлийн үнэ байдаг. Энэ хэлцлийн үнээр 220 дугаар тогтоолоор тогтворжуулах гэрчилгээ хэлцлийн үнээр мөрдөж байсан бол 174 дүгээр тогтоол гарч ирснийг зөвхөн жишгийн үнэ буюу түрүүний тайлбарласан 170 км-ийн цаадах тээвэрлэсэн, баяжуулсан бусдын зардал шингэсэн үнээр ингээд зарлаад жишиг болгоод байгаад зөрүү нь ингэж гарч ирээд байгааг хэлж байна.
Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоол батлагдаж байгаа. 342 дугаар тогтоол яаж зохицуулах вэ гэхээрээ тухайн сард экспортолсон борлуулалтын дүнгээр олон улсын зах зээлийн үнийг баримтлаад нийтэд зарласан үнээс 30%-аас бага байсан тохиолдолд жишиг үнийн эх сурвалжийн үнийг баримтална гэж байгаа. Ижил аж ахуйн нэгжийн бусад аж ахуйн нэгжийнх нь тодорхойлсон үнийн дүнгээс 10%-ийн зөрүүтэй байх, доод талд нь жишгийн үнээсээ 30%-ийн зөрүүтэй байх гээд ийм 2 зохицуулалт орж явж байгаа. Хэлцлийн үнийн зохицуулалт, хэлцлийн үнийг баримтлах зохицуулалт явж байсан байна. 174 дүгээр тогтоолыг мөрдөхгүй байхыг тогтоолгоё гээд байгаа. Шаардлагын хүрээнд бид энийг мөрдсөнөөр ямар үр дагавар гаргаад байгаа юм гэхлээр 174 гараад ирэх гэхлээр хэлцлийн үнэ огт байхгүй, зөвхөн жишгийн үнийг баримтлах, зөвхөн Засгийн газраас тогтоосон жишгийн үнийг баримтлах гэдэг зохицуулалт руу л бид нарыг оруулчхаад өөрчлөлтүүдээ хуульд оруулсан.
Энэ илүү төлөөд байгаа үр нөлөө, үр дагавраа ярихаас аргагүй нөхцөл байдалд байгаад байгаа юм. Яагаад өөрөө тайлагнаад өөрөө төлчихсөн юм бэ гэдэг дээр заавал тайлбар хэлэх ёстой. Тайланг харахаар хэлцлийн үнийн дүнг зохицуулчихсан байгаа юм шиг хүснэгтийн баганад 18 буюу жишгийн үнэ гэж байгаа юм. 21 буюу хэлцлийн үнийг ингэж авч болохоор юм шиг уул нь тавьчхаад байгаа юм. Хуульд аль алиныг нь авч болохоор зохицуулчихсан юм чинь сонголттой юм шиг харагдуулж байгаа юм. Тэгэхдээ бодит байдал дээр яадаг вэ гэхлээрээ программ нь жишгийн үнийг тооцогдоод ингээд авахдаа зөвхөн жишгийн үнийг л авдаг. Хэлцлийн үнийн хэрэглээ байхгүй. Программ нь автоматаар нийтэд зарласан Засгийн газраас зарласан жишгийн үнийг тавиад л бодож гаргаж ирээд байна гэсэн үг. Ерөөсөө тэрийг бид нар өөрөө сайн дураараа хэлцлийн үнэ юм гээд тодорхойлох боломж байхгүй. Бид нар тайлангаа өгөхгүй яваад байгаа бол ямар үр дагавар үүсэх вэ гээд байж байгаа. Нэгдүгээрт, программ чинь өөрөө тооцоолол нь зөвхөн жишгийн үнэ гэсэн юм байна. Тайлан өгөхгүй буюу тайлангийн дагуу татвараа төлөхгүй байсан тохиолдолд олон улсын тээврийн С гэдэг зөвшөөрөл олгодог. Энийг олгодоггүй. Өөрөөр хэлбэл, татварын тайлангийн систем, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн систем маань энэ Авто тээврийн үндэсний төвийн тээврийн системтэй холбогдчихсон байдаг. Бид нар тайлангаа өгөхгүй гээд байх юм бол татварын өртэй болно гээд сигнал өгөөд ингээд бид нарын тээврийн нэгдсэн систем ажиллахгүй. С төрлийн зөвшөөрлийнхөө бичгийг авахгүй тохиолдолд манай тээвэр явагдахгүй, экспортод үйл ажиллагаа явахгүй, гарахгүй гэсэн үг. Автоматаар өгөгдсөн өгөгдлийнх нь дагуу ямар ч сонголт байхгүйгээр тэр өгөгдлийнх нь дагуу тайлагнаад, тайлангаа өгөөд, татвараа төлөөд эцэст нь бид нар тээвэр эрхлэх зөвшөөрөл авч чадахгүй учраас төлөхөөс өөр арга байхгүй. 2021 оноос хойш 174 дүгээр тогтоол гараад яригдаад яваад байгаа юм биш үү гэх асуудал яригддаг. Энд хангалттай хэмжээнд бид гомдол өгөөд явдаг. Татвар, Сангийн яам, Зам, тээвэр хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвд нөхцөл байдал ийм хүнд байна, дахин тайлан өгч болохгүй байна гэдэг тайлбарыг албан бичгүүд явдаг. Хариунууд нь ерөөсөө агуулга нь ойлгомжтой. Татвараа тайлагнаж байж Авто тээврийн үндэсний төвийн тээврийн систем ажиллана гэдэг хариулт ирдэг. Тэгэхээр бидэнд тэгж төлөхгүй, тайлагнахгүй байх боломж байхгүй. Үйл ажиллагаа таг зогсох учраас тайлагнасан хэвээрээ явна. Үүнд татвараа яг тэр бодогдсон хэмжээнд нь төлнө.
Тэгэхээр бид нар Хөрөнгө оруулалтын тухай хуулиараа тогтворжсон нөхцөл байдал дээрээ л очмоор байна гэдгээ дахин дахин хэлээд байгаа юм. Э******* компани ганцаараа хөрөнгө оруулалтын хувьд хүчинтэй, нөхцөл байдал өөр байгаа. Тогтворжуулах гэрчилгээ өнөөдөр хүчинтэй. Энэ гэрчилгээ олгосон хуулиар олгосон боломжоо эдлэх хүсэлтэй байна гэв.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид өнөөдөр 208 сая, 28 тэрбум төгрөгийн асуудал яриагүй. 208 тэрбум төгрөгийн асуудал ярьж байгаа. Дүндээ ач холбогдол гэхээсээ илүү яагаад ийм их хэмжээний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг буцаан авах гээд өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргав гэдэг асуудал дээр шүүгч анхаарч үзээсэй. Хариуцагч Татварын ерөнхий газрын өгсөн хариу нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан эрх зүйн зөрчилтэй, хууль бус шийдвэр гэж үзэж байна. Сая тайлбартаа хэлж байна. Хариуцагчийн төлөөлөгч энэ их хэмжээний татварыг ер нь илүү төлсөн ч юм уу, үгүй юм уу гэдэг нь тодорхой бус байна гэж яриад байна. Шүүхэд бичгээр өгсөн нотлох баримтын хүрээнд ерөөсөө та нар илүү төлөөгүй л гэдэг ийм л зүйл ярьдаг.
Үнэхээр маргаан бүхий 365, 174 тогтоолуудын үр дагавар өнөөдөр нэхэмжлэгчид ямар байдлаар эрх ашгийг нь зөрчөөд байгаа юм. Үнэхээр Хөрөнгө оруулах тухай хуулийн дагуу бид нар энэ тогтворжуулах төслийг авсан. Үүний үр дагавар чинь өөрөөр хэлэх юм бол тухайн үед авч байх үед бид нар татварын хувь хэмжээ маань тогтвортой байх юм байна. Бид нар төрд хөрөнгө оруулалт хийж байна. Үүний хариуд төрөөс бид нарт ийм баталгаа олгож байна. Түүнээс бид нар татвар төлөх, төлөхгүй гэдэг асуудлыг ерөөсөө яриагүй.
Захиргааны ерөнхий хуулийг захиргааны байгууллага, албан тушаалтан дагаж мөрдөх үүрэгтэй. Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална. Ерөнхий зарчим Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагаа өөрөө шударга байх ёстой. Бид нар хөрөнгө оруулалтаа орууллаа, үүнийх нь хариуд бид нар ашиг авъя гэж нэхээгүй. Бүтэн 12 жилийн хугацаанд 476 тэрбум төгрөгийн АМНАТ төлсөн. Засгийн газрын 174, 465 дугаар тогтоол ерөөсөө хэрэгжээд хоёрхон жил болсон. Хоёрхон жил болоход 539 тэрбум төгрөг төлсөн. Тэгэхээр энэ тоон үзүүлэлт харьцангуй. Засгийн газрын энэ тогтоол өөрөө захиргааны актын хувьд, Татварын ерөнхий хуульд зааснаар татварын ашигт малтмал, нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцдог. Энэ маргаан бүхий тогтоолуудын гарчиг бол дандаа ийм байгаа. Тогтоолтой маргана гэхээсээ илүү хариуцагчийн шийдвэртэй маргаж байгаа. Засгийн газрын 465 дугаар тогтоол нь өөрөө ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцно. Төлбөр ногдуулах, төлөх журамтай холбоотой харилцааг зохицуулна. Энэ эрх зүйн хэм хэмжээний актууд хувь хэмжээнд нөлөөлөөгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. 465, 174 дүгээр тогтоол нь Э******* компанийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх харилцаанд үйлчлэхгүй. Тогтворжуулах гэрчилгээний хүрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө төлөх эрх зүйн үр дагавар үүснэ гэв.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хувь, хэмжээ. Б15 маягт дээр энэ борлуулалтын үнэлгээ хэрхэн яаж боддог юм гэдгийг хангалттай тайлбарласан учраас шүүхэд бичгээр гаргаж өгсөн баримтаас харах байх гэж бодож байна. 2023 оны 3 сард манайх татвар илүү төлчихжээ. Илүү төлөлтийг нь баталгаажуулах арга хэмжээ аваад өгөөч. Уг нь тогтворжуулах гэрчилгээний үр дагавраараа 220 дугаар тогтоолоор төлөх байжээ гээд ингээд хүсэлтээ тавьсан юм.
Дээд шатны захиргааны байгууллагад нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан. Гомдлын хариу бүүр эсрэгээрээ ирсэн. Танай гомдол үндэслэлгүй байна. Доод шатны захиргааны байгууллага Том татвар төлөгчийн газрын хариу үндэслэлтэй байна. Гэхдээ та нар цаашдаа үйл ажиллагаандаа 220 болон 342 дугаар тогтоолыг мөрдөөрэй гэж байгаа юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 104.3.4-т заасны дагуу эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, илүү төлөлтийг баталгаажуулахыг даалгах гэдэг ийм агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Ингээд явж байсан чинь ер нь эс үйлдэхүй биш юм байна. Яагаад гэвэл хууль зүйн хувьд эс үйлдэхүй гэдэг бол захиргааны байгууллага 30 хоногийнхоо дотор хариу өгөхгүй байвал үүнийг эс үйлдэхүй гэж үзэж, хууль бус болохыг тогтоох, даалгах шаардлага гаргах агуулгатай. Ер нь маргаан бүхий 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 352 гэдэг бичиг захирамжилсан шинж агуулсан буюу захиргааны актын бүрэн шинжийг агуулсан татгалзсан шийдвэр юм байна.
Засгийн газрын 220 дугаар тогтоол, тогтворжуулах гэрчилгээ эзэмшиж байгаа Э******* компанийн АМНАТ төлөх харилцаанд үйлчлэх болохыг тогтоолгуулж хүлээн зөвшөөрүүлэх гэдэг агуулга бүхий шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу гаргасан юм. Ингээд гаргаад явж байсны дараа Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай тайлбар гарсан. Энэ 30 дугаартай тайлбарын 7 дахь хэсэг дээр эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох, хүлээн зөвшөөрөх шаардлагын урьдчилсан нөхцөлийг маш тодорхой заасан. Практик дээр үүсэж байгаа энэ зөрүү байдлыг арилгахын тулд тайлбар гаргасан. Ямар нэг иргэн нэхэмжлэгчийн зүгээс өөр бусад нэхэмжлэлийн шаардлага гаргах замаар эрх ашгаа хамгаалуулах боломжтой байх юм бол эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох шаардлага гаргахгүй гэсэн юм. Бид нар эхний шаардлагаараа 220 дугаар тогтоолоор манайхыг илүү төлөлтийг баталгаажуулахыг даалгах шаардлага гаргаж болж байгаа тохиолдолд 220 дугаар тогтоол манайд үйлчлэх болохыг тогтоох гэдэг шаардлага өөрөө хууль зүйн хувьд, Улсын Дээд шүүхийн тайлбарт бол нийцсэнээр бол болохгүй юм байна.
Засгийн газрын 2019 оны 174 дүгээр тогтоол манайд хамаарахгүй гэдэг агуулгаар эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох гэсэн. Эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох шаардлага өөрөө 2 урьдчилсан нөхцөлийг хангаж байгаа юм.
Ерөнхий газар нь автоматаар программ дээрээ өөрөө тайлагнах боломжийг нь хязгаарлачхаад та нар тэгээд яах гэж өөрөө төлсөн юм, төлөхгүй байх боломж нь байсан шүү дээ гэдэг ийм агуулгаар хандаж байгаа бол захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль ёсны байх ерөөсөө биш юм. Бид нар хүчингүй болгох шаардлага гаргаж болохгүй. Татвартай одоо яаж маргах юм
Татварын ерөнхий хуулийн 28-д заасныг татварын байгууллага татварын маргаан дээр ярьдаг. Та нар өөрсдөө тайлагнасан шүү дээ л гэж байгаа юм. Энэ хуулийн заалт бол төлбөл зохих татварыг л гэж байгаа юм. Түүнээс биш ямар ч сонголт өгөхгүй байснаар та нар өөрөө тайлагнасан шүү дээ, энэ дээр маргаад байх юу байгаа юм бэ гэдэг тайлбарт үндэслэлгүй. En.sxcoal.com гэдэг сайт зөв үү, буруу юу гэдэг асуудалтай бол яах вэ гэдэг дээр хариуцагчийн хариу тайлбар дээр энэ сайт дээр бид нар зарлаагүй, та нар тэр Засгийн газартайгаа маргаач гэж хэлж байна. Бид нар Засгийн газартай маргаж байгаа. Э******* компанийн хувьд 174 дүгээр тогтоол, түүнтэй хамтарч одоо хэрэгжиж байгаа 465 дугаар тогтоол өөрөө үнэхээр зах зээлийн бодит эх сурвалж мөн үү, биш үү гэдэг маргаан нэхэмжлэл гаргаад захиргааны хэргийн шүүхэд явж байгаа юм. Гэхдээ одоо бид нарын нэхэмжлэл гаргаж байгаа маргаан бол бид нараас ямар ч байсан тэр en.sxcoal.com нь ч байна, юу ч бай, ямар нэгэн байдлаар бид нараас авчихсан татвар чинь өөрөө аль хэм хэмжээний актыг хэрэглэх юм, цаг хугацааны явцад байж байгаа аль хэмжээний актыг татварын байгууллага хэрэглэх юм бэ гэдэгтэй холбоотой маргаан болохоос биш, одоо энэ маргаан дээр яриад байх шаардлагагүй.
Тухайн цаг үед тогтворжуулах гэрчилгээ өгч байх үед татварын хувь хэмжээг тогтоосон хэмжээний актыг хэрэглэх л ёстой. Тэр нь хүчинтэй, хүчингүй эсэх нь ерөөсөө огт хамааралгүй л гэж бид нар үзэж байгаа юм. Ер нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зохицуулж өгсөн. Тэгэхээр 2016 онд бид нарыг тогтворжуулах гэрчилгээ авч байх үед Э******* гэдэг компани 1,2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийлгээд та нарын татварыг чинь тогтворжуулна гэдэг үүргийг захиргааны байгууллага өөрөө хүлээчхээд, тэгснээ борлуулалтын буюу АМНАТ-ын татварын хэмжээг тогтоох нэг шалгуур үзүүлэлт болох борлуулалтын үнэлгээг хийсвэрээр өсгөх замаар татварын хэмжээг өөрчлөөд байгаа нь бид нарын хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна.
Итгэлийг хамгаалах зарчмыг Захиргааны ерөнхий хуульд тайлбарлачихсан байгаа. Энэ бол эдийн засгийн үр дагавар, эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд үүсгэж байвал итгэлийг хамгаалах зарчим үүсэх ёстой гэсэн үг. Тэгэхээр цааш цаашдаа захиргааны байгууллагын зүгээс та нар ингэх юм бол бид нар та нарт ингээд ийм татварын тогтвортой байдлыг бий болгоно гэж хэлчхээд өөр байдлаар тогтоол гаргах байдлаар хийгээд байвал итгэлийг хамгаалах зарчимтай огт нийцэхгүй байгаа юм. Засгийн газар нь өөрөө хувь хэмжээг тогтоолоороо нэмчихлээ шүү гээд байхад Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй татварын ерөнхий асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нэмэгдүүлдэггүй юм гэдэг хариу хэлээд, дээд шатынх нь захиргааны байгууллага нь бас нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөөд байхад захын хүний албан бичгийг бид нар ч нэг их хүлээж авдаггүй юм л даа гэдэг ийм хандлагаар хариу хэлж байгаа бол энэ ёстой байж боломгүй хариу. Татварын хэмжээ нэмэгдсэн үү, нэмэгдээ юу гэдэг асуудал, яаж нэмэгдээд байгаа юм бэ л гэж хэлээд байгаа юм. Хамгийн өндөр дээр бид нар 29%-ийн илүү АМНАТ төлсөн. Засгийн газрын тооцоолол дээр өртөг нь 22%-аар энэ тогтоол батлагдвал нэмэгдэнэ шүү гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр өнөөдөр шүүх хуралдаан дээр орж байгаа хариуцагчийн төлөөлөгчид мэдээж чиг үүргийнхээ хувьд ажлаа л хийж байгаа юм. Засгийн газрын тогтоолыг энд тайлбарлахгүй. Засгийн газар нь өөрөө л тайлбарлана. Хурлын тэмдэглэлээс нь л бид нар энэ зорилгыг харах ёстой. Тэгэхээр энэ зорилго дээр нь ойлгомжтой нэмчихлээ, нэмчихлээ гэдэг энэ агуулгыг дурдаад байхад бид нар энд нэмээгүй шүү дээ гэж яриад байгаа нь бол ойлгомжгүй л гэж үзэж байна. Ийм учраас манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөөч гэсэн ийм байр суурьтай байгаа гэв.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын албаны зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахдаа өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд татвар төлөлтийн байдалд нь хяналт тавьж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 5.1-д Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал бол төрийн өмч гэж заасан. Ашигт малтмал нь ашиг олсон эсэхээс үл хамаараад төр өөрийнхөө өмчийг ашиглуулсныхаа төлөө авч байгаа төлбөрийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэдэг. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь орлоготой хамааралгүй. Төр өөрийнхөө өмчийг ашиглуулсныхаа төлөө тогтоосон хувь хэмжээгээрээ улсад төвлөрүүлж байгаа төлбөрийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж үздэг. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахтай холбоотойгоор тухайн хуулийн үйлчлэлийн хүрээнд хасагдах зардал гэдэг нь ашиг орлогод тооцогдохгүй учраас хасагдах зардлын томьёолол гэдэг асуудал хуулиар зохицуулагдаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Э******* компанийн тухайд Монгол Улсад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бусад компаниудын адил хуулийн хүрээнд татвар төлөх ёстой. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу бид нар тогтворжуулсан.
Тухайн үед 2013 оны байдлаар тогтворжуулсан татварууд болон хувь хэмжээг мэдэж байгаа. Татварын алба бол тэрийг мэдэж байгаа. Тэр хүрээнд нь бид нар тогтворжуулсан хувь хэмжээнд нь ямар нэгэн байдлаар нөлөөлөл үзүүлээгүй, эрхийг нь зөрчихгүйгээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа. Түүнчлэн энэ компанийн буцаан авна, илүү төлчихсөн гээд байгаа 208 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлаар яг илүү төлсөн үү, үгүй юу гэдэг асуудал өнөөдрийн байдлаар тодорхой биш байна. Яагаад гэвэл 208 тэрбум төгрөгийн татварын ногдлыг үүсгэчхээд татвар төлөгчийн эрх ашгийг хөндөөд байгаа асуудал байхгүй. Татвар төлөгч өөрөө ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргаад, төлбөр хураамжаа тайлагначхаад илүү төлчихлөө гэдэг асуудал үүсгээд байгааг шүүх анхаараасай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, татварын алба ямар нэгэн байдлаар татвар ноогдуулаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан томьёоллоор хэрэглэгдэж байгаа. Экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслээд тухайн бүтээгдэхүүний эс үгүй бол түүнтэй адил бүтэцтэй бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр баримтална гэж заасан. Э******* компанийн тухайд экспортлогч компани. Тийм учраас Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1 дэх хэсгээр зохицуулагдах харилцаа байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.3 дахь хэсэгт заасны дагуу борлуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнийх нь 5%-аар тооцож НӨАТ-ыг төлөх эрх зүйн зохицуулалттай гэж үзэж байгаа. Мөн хуулиар зохицуулагдсан харилцаа. 5%-ийг Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулалт тогтворжуулах гэрчилгээгээр тогтворжуулж байсан. Татварын алба хувь хэмжээ дээр ямар нэгэн байдлаар хөндлөнгөөс оролцсон, өөрчилсөн, эрх ашгийг нь хөндсөн ийм асуудал гаргаагүй.
Ашигт малтмалын тухай хуулийн 47.3 дахь хэсэг дээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулах гээд байгаа юм. Хувь хэмжээ бол 2,5%, 5% дээр 3 янзаар томьёолсон үнэлгээ хувь хэмжээ байгаа. Тэгэхээр 47.3 дахь хэсэг дээр хувь хэмжээ гэдэг бол хувийг тодорхойлсон гэдэг нь тодорхой харагдана. Ашигт малтмалын тухай хуулийн 47.17-д нүүрс, нүүрсний бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.3.3-д заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний нэр төрөл, зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно гэж заасан. Дээрх хуулийн 47.3.3 өөрөө хувь хэмжээг тодорхойлсон заалт гэдэг нь 47.17 дахь хэсэгт зааснаар тодорхойлогдож байна. Хувь хэмжээ гэдэг үг үсэг дээр эргэлзээд маргаан үүсгэх, ойлгомжгүй байх нөхцөл байхгүй. Энэ бол маш тодорхой зохицуулагдсан харилцаа учраас хувь хэмжээ гэдэг дээр маргах ёсгүй. Ганцхан Э******* компанид ч биш, уул уурхайн бүх төрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахдаа экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын жишиг үнэ буюу олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн үнийг үндэслэж АМНАТ ногдуулах хуулийн зохицуулалт Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-т зааснаар хэрэгжиж байгаа. Борлуулалтын үнэлгээг тооцохтой холбоотой Засгийн газраас журмуудыг баталсан байдаг. Засгийн газрын 2014 оны 220, 2019 оны 465, 2021 оны 174 гэх мэтчилэн эдгээр журмууд нь зөвхөн борлуулалтын үнэлгээ тооцдог. Ямар нэгэн хувь хэмжээг энэ журмуудаар зохицуулдаггүй. Энэ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ашиг орлого дээр тооцогддог төлбөр биш. Төр өөрийнхөө өмчийг ашиглуулсныхаа төлөө авч байгаа төлбөр юм. Төр өөрийнхөө хөрөнгийг ашиглуулсныхаа төлөө авч байгаа төлбөр гэдгийг л онцолж хэлээд байгаа юм. Төр өөрийнхөө өмчийг ашиглуулсныхаа төлөө авч байгаа төлбөрөө тогтоохдоо хувь хэмжээг нь хуульчлаад өгчихсөн. Борлуулалтын үнэлгээг хуульд заасны дагуу олон улсын зах зээлийн үнийг баримтлах зохицуулалтын хүрээнд бол журмуудыг баталсан байдаг.
Борлуулалтын үнэлгээг 220 дугаар тогтоолын хүрээнд гэрээний үнээр тооцож байсан. Засгийн газрын өмнөх тогтоолуудаар тухайн хэм хэмжээг тогтоосон журам хүчингүй болсон. Засгийн газрын хэм хэмжээг тогтоосон журам зааврыг тогтворжуулдаг харилцаа байхгүй. Юуг тогтворжуулах вэ гэдгийг Хөрөнгө оруулалтын тухай хууль болон тогтворжуулах гэрчилгээнд маш тодорхой заасан. Тухайн үед үйлчилж байсан 4 төрлийн татвар, яг тэр гэрээ байгуулах үед тогтворжуулах гэрчилгээ орох үед мөрдөгдөж байсан хувь хэмжээг тогтворжуулна л гэж заасан. Тэгэхээр энэ дээр хэм хэмжээний актыг тогтворжуулсан, зохицуулалтын шинжтэй үйл ажиллагааг зохицуулсан ямар нэгэн шийдвэр байдаггүй.
Ийм ч эрх зүйн орчин байх ёсгүй. Ганцхан Э******* ХХК-тай холбоотой ч биш, бид нар маш том хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой маргаануудад оролцож байна. Бүгд нийтэд илэрхий тодорхой байна. О компани гэх мэтчилэн хөрөнгө оруулалтын гэрээн дээр тухайн үед үйлчилж байгаа Засгийн газрын хэм хэмжээний актууд хүчин төгөлдөр байх хугацаанд хүчин төгөлдөр үйлчлээд, хүчингүй болсон бол дараагийн хүчин төгөлдөр эрх зүйн акт үргэлжлээд хэрэгжээд явдаг. Тэгэхээр энэ хэм хэмжээний актуудыг буцаан хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байх хуулийн үндэслэл байхгүй. Яагаад гэвэл Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэн адил тэгш татвар төлөх, адил тэгш эрх зүйн орчныг хуулийг дээдлэх зарчмын хүрээнд тэгш нөхцөлөөр хангуулах эрхтэй.
Тийм учраас нэг компанид Засгийн газрын хэм хэмжээний актыг хэрэглэхгүй байх шийдвэр гаргана гэдэг бол өөрөө тодорхой биш, хуульчлагдаагүй харилцаа. Тийм учраас хүлээн авах ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байна. Засгийн газрын тухай хуулийн 30.1 дэх хэсэг дээр Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол гаргана гэж заасан. Тус хуулийн 30.7 дахь хэсэг дээр Засгийн газрын тогтоол, ерөнхий сайдын захирамжид тэдгээр болон хуульд өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоол бол 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаар тогтоолоор хүчингүй болсон. Засгийн газрын 342, 465 дугаар тогтоолууд нь Засгийн газрын тухай хуулийн 30.7 дахь хэсэгт заасны дагуу тухайн хугацаандаа хүчин төгөлдөр мөрдөгдөөд, хүчингүй болсон бол гарсан өдрөөс хүчингүй болох эрх зүйн зохицуулалтынхаа хүрээнд хүчингүй болоод явдаг. Тийм учраас энэ Засгийн газрын хэм хэмжээний акт тухайн компанийн эрх ашгийг зөрчсөн ч гэдэг юм уу, энэ асуудал нь татварын албаны төлөх ёстой татвараас нь чөлөөлөх эрхийн асуудал бол биш. Засгийн газар шийдвэрээ гаргахдаа буруу жишиг үнийг авсан гэдэг. Энэ харилцаа байгаа бол Засгийн газарт байгаа уг асуудлаараа маргаан үүсгэх эрх нь татвар төлөгчид болон өөрт нь байгаа. Татварын албанд өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль болон Засгийн газрын хэм хэмжээний актын хүрээнд татварыг төлөх, ногдуулахтай холбоотой харилцаанд хяналтаа тавиад, төлүүлэх үүргийг хэрэгжүүлээд явдаг. Засгийн газрын буруу гаргасан, зөв гаргасан гэдэг шийдвэрийг татвар төлөгчийн гомдлын дагуу авч үзээд бол хөнгөлөх, чөлөөлөх асуудал өнөөдрийн байдлаар татварын албанд байхгүй байгаа. Тийм учраас Засгийн газрын тогтоолоор бид нар хувь хэмжээнд ямар нэгэн өөрчлөлтөөр эрх ашгийг нь хөндсөн зүйл байхгүй учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Том татварын төлөгчийн өгсөн албан бичиг үндэслэлтэй байна. 342 дугаар тогтоолоор тогтоосон уу гэдэг нь тухайн цаг цаг хугацааны хувьд хүчин төгөлдөр үйлчилж байсан тухайн цаг хугацаандаа дагаж мөрдөхөөр зохицуулж байгаа юм. Албан бичгийг агуулгаар нь тайлбарлана уу гэхээс таны асууж байгаа агуулгаар зөвхөн нэг өгүүлбэрээр нь тасалж аваад тэрийг нь өөрт ашигтай байдлаар тайлбарлах нь үндэслэлгүй, утгагүй асуудал гэдгийг хэлж байна. 2014 оны 220 болон, 2019 оны 342 дугаар тогтоолыг тухайн цаг үед үйлчилж байсан хүчин төгөлдөр байсан цаг хугацааны хүрээнд үйлчлээд явна гэж тайлбарлаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Анх Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын орон тооны бус зөвлөлийн 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 14/01 дугаартай дүгнэлтээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т Энэ хуулийн 16.1-д заасан шалгуурыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээд нь тогтворжуулах гэрчилгээ авах хүсэлтээ хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана гэж зааснаар Э******* ХХК-ийн тогтворжуулах гэрчилгээ авах хүсэлт гаргасны дагуу холбогдох бичиг баримтыг судалж үзээд Зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар Э******* ХХК нь Бизнес төлөвлөгөө техник, эдийн засгийн үндэслэлд заасан хөрөнгө оруулалтын хэмжээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ, Тогтвортой ажлын байр бий болгох, Дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх үндсэн дөрвөн шалгуурыг хангаж байна гэж үзээд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-т уул уурхайн олборлолт, хүнд үйлдвэр, дэд бүтцийн салбарт, 16.3.2-д энэ хуулийн 16.1-д заасан шалгуурыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээд нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэл эрхлэн, үндсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа гэснийг тус тус үндэслэн тус компанид татварын хувь хэмжээг тогтворжуулах гэрчилгээг төсөл хэрэгжиж эхэлсэн хугацаанаас буюу 2009 оноос эхлэн 24 жилийн хугацаатайгаар олгох нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
3. Ингээд Хөрөнгө оруулалтын газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 13-ний өдрийн Тогтворжуулах гэрчилгээ олгох тухай А/98 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 10 дахь хэсгийг үндэслэн дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 14/01 дугаар дүгнэлтийн дагуу Монгол улсын хуулийн этгээд Э******* ХХК-д Өмнөговь аймгийн Ц******* сумын нутаг дахь У******* нүүрсний орд төсөл-ийн хүрээнд Тогтворжуулах гэрчилгээг төсөл хэрэгжиж эхэлсэн хугацаанаас буюу 2009 оноос эхлэн 24 жилийн хугацаатайгаар олгож, Э******* ХХК-ийн У******* уурхайн цогцолбор төслийн Өмнөговь аймгийн Ц******* сумын нутаг дахь У******* уул уурхайн үйл ажиллагааны чиглэлд: Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Гаалийн татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтворжуулах гэрчилгээ олгосон өдөр мөрдөгдөж байсан хууль, тогтоолд зааснаар 2033 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр хүртэл олгосон байна.
4. Тогтворжуулах гэрчилгээний тэмдэглэл хэсгийн 4 дэх хэсэгт: 2015 оны 8 дугаар сарын 13-ний өдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2006 оны 7 дугаар сарын 08-ний өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд заасан хувь хэмжээг тогтворжуулан 2015 оны 8 дугаар сарын 13-ний өдөр баталгаажуулжээ.
5. Нэхэмжлэгч Э******* ХХК-ийн 1,169,593,391,000 / Нэг триллион нэг зуун жаран есөн тэрбум таван зуун ерэн гурван сая гурван зуун ерэн нэгэн мянган/ төгрөгийн хөрөнгө оруулсан У******* уурхайн цогцолбор төсөлд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Гаалийн татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтворжуулах гэрчилгээ олгосон үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.
6. Харин нэхэмжлэгчээс ...АМНАТ-ийн хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээ эзэмшигчийн бодит борлуулалтын орлогыг 30 хувь хүртэл хэмжээнд нэмэгдүүлж төлүүлсэн нь 2021, 2022 онуудын тайлангуудаас харагдах бөгөөд хариуцагчийн хууль бус захиргааны үйл ажиллагаа нь манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн... гэж, хариуцагчаас ...Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын төлбөрийн хувь хэмжээг тогтоодог. 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн үндсэн болон нэмэлт хувь хэмжээ өөрчлөлт ороогүй, Засгийн газрын 2014 оны 220, 2019 оны 342 дугаар тогтоолуудаар ашигт малтмалын нөөц ашигласны хувь хэмжээг шинээр тогтоох зохицуулалт тусгагдаагүй, харин хуулиар олгогдсон эрхийн хүрээнд ашигт малтмалын борлуулалтын үнэлгээг хэрхэн тооцохыг журамласан нь хоёр өөр харилцааг хууль болон журмаар зохицуулсан... гэж тайлбарлан маргаж байна.
7. Нэхэмжлэгч Э******* ХХК нь 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 216 дугаартай албан бичгээр Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт ...Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолыг 2019 оны 342 дугаар тогтоолоор, уг тогтоолыг 2021 оны 174 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцож, нэмэлт өөрчлөлт оруулсны улмаас нүүрсний борлуулалтад илүү хэмжээгээр төлөгдсөн АМНАТ-ийг баталгаажуулах, цаашид АМНАТ-ийн хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээ олгосон 2015 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.2, 47.4, 47.5 дахь хэсэгт заасан хүснэгтийн 12 дахь заалтад заасан хувь болон мөн хуулийн 47.6-д зааснаар Засгийн газраас 2014 оны 220 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу тооцуулан АМНАТ ногдуулж, төлж, тайлагнах арга хэмжээ авч өгнө үү гэсэн утга бүхий хүсэлтийг гаргажээ.
8. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангах боломжгүй тухай 01/352 дугаартай албан бичгийг Э******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Бд хүргүүлсэн байна.
9. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн илүү төлөлтийг баталгаажуулахаас татгалзсан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01/352 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, үндэслэлгүйгээр илүү төлүүлсэн 208,688,214,552 төгрөгийг буцаан олгохыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгуулах-ыг хүссэн шаардлагын тухайд:
9.1. Маргаан бүхий Том татвар төлөгчийн газрын 2023 оны 01/352 дугаартай албан бичигт ...танай компани эрх бүхий байгууллагаас 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 24 жилийн хугацаанд 4 төрлийн татварын хувь хэмжээг тогтворжуулахаар 001 тоот Тогтворжуулах гэрчилгээ авсан байна... Хөрөнгө оруулалтын тухай хуулийн үйлчлэлийн хүрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн зөвхөн хувь хэмжээг нь хуулийн хүрээнд тогтворжуулсан байна... тогтворжуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн үндсэн болон нэмэлт хувь хэмжээ нь 2006 оны Ашигт малтмалын хуульд зааснаар өөрчлөлт ороогүй хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Засгийн газраас 2014 оны 220, 2019 онд батлагдсан, 2019 онд батлагдсан 342 дугаар тогтоолуудаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинээр тогтоох зохицуулалт огт тусгагдаагүй... борлуулалтын үнэлгээ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах үнэлгээг хэрхэн тооцохыг журамласан... хоёр өөр харилцааг хууль болон журмаар зохицуулсан тул... илүү төлөгдсөн гэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг баталгаажуулах боломжгүй гэсэн утга бүхий хариуг Э******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Бд хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
10. Хариуцагч дээрх 2023 оны 01/352 дугаартай нэхэмжлэгч компанийн тогтворжуулах гэрээнд заасан хөнгөлөлт эдлэхийг хүссэн хүсэлтийг татгалзсан үндэслэлээ ...2015 онд авсан 001 тоот тогтворжуулах гэрчилгээгээр тогтворжуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн үндсэн болон нэмэлт хувь, хэмжээ нь 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд зааснаар өөрчлөлт ороогүй одоогоор хүчин төгөлдөр, тогтвортой мөрдөгдөж байна. Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын төлбөрийн хувь хэмжээг тогтоодог бөгөөд Засгийн газрын тогтоолуудаар борлуулалтын үнэлгээ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах үнэлгээг хэрхэн тооцохыг журамласан хоёр өөр харилцааг зохицуулсан..., тухайн үед экспортолсон нүүрсэнд ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн үндсэн хувь хэмжээг 5.0%, нэмэлт хувь хэмжээг боловсруулаагүй нүүрсний хувьд 1.0%-5.0%, баяжуулсан нүүрсний хувьд 1.0%-3.0% огт өөрчлөгдөөгүй... гэж тайлбарлажээ.
11. Улсын Их Хурлаас Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд батлахдаа уг хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ... төсөвт төлөх-өөр, 47.2-т энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно, 47.2.1-т экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлах-аар, 47.2.3-т дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэх-ээр тус тус заасан.
12. Уг зохицуулалтын дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбай, уурхайн эдэлбэрээс ашигт малтмал олборлосон, уг олборлосон ашигт малтмалаа худалдсан, худалдахаар ачуулсан, эсхүл бусдад худалдахгүйгээр өөрөө ашигласан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр, хэрэв тухайн этгээд ашигт малтмалын бүтээгдэхүүнийг экспортод гаргасан бол ... зах зээлийн үнийг баримтлан борлуулалтын үнэлгээг тогтоохоор зохицуулсан байжээ.
13. Тогтворжуулах гэрчилгээ олгох үеийн Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Гадаад зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал-ын 2.3-т Аж ахуйн нэгжийн нүүрс борлуулах гэрээний үнэд үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцож, Монгол Улсын хилийн өртөө хүртэл бараа нийлүүлэх нөхцөлөөр Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хэлцлийн үнийн аргаар тодорхойлно, 2.4-т Энэ аргачлалын 2.3-т заасан хэлцлийн үнийн аргаар борлуулалтын үнэлгээг тодорхойлоход гэрээний үнэд нүүрсийг Монгол Улсын хилийн өртөө хүртэл хүргэхэд дараах зардал, төлбөр ороогүй бол түүнийг нэмж тооцно, 2.7-д Аж ахуйн нэгжийн тухайн сард экспортолсон нүүрсний энэ аргачлалын 2.3, 2.4-т заасны дагуу тодорхойлсон борлуулалтын үнэлгээ нь ижил ангилал, стандарт бүхий нүүрсийг хилийн боомтоор тухайн сард экспортолж байгаа бусад аж ахуйн нэгжийн энэ аргачлалын 2.2-д заасны дагуу тодорхойлсон үнээс 10 ба түүнээс дээш хувиар зөрүүтэй байвал татвар ногдох борлуулалтын үнэлгээг энэ аргачлалын 2.1-д заасны дагуу тооцох-оор заасан байна.
14. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж буй одоо хүчин төгөлдөр байгаа хуулиар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашигт малтмал экспортолсон этгээд, Монгол банк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд алт тушаасан этгээд" нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч бөгөөд төлбөр төлөгч этгээд нь худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон, өөрийн хэрэгцээнд ашигласан ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс төлбөр төлөхөөр болжээ.
15. Дээрх хуулийн зохицуулалтуудтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 342 дугаар тогтоолын хавсралтаар Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам-ыг баталсан байна.
16. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д ...ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлалыг Засгийн газар батална гэж заасан. Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Гадаад зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам-ын 2.2-т ... 2019 оны 3 дугаар улирлын тайланд энэ журмыг баримтлах-аар тусгажээ.
17. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан тооцохоор зохицуулсан бол төлбөрийн хэмжээг мөн хуулийн 47.3.3-т энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь-аар тооцох бөгөөд хуулийн 47.11-д зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус ирүүлэхээр хуульчилсан.
18. Тодруулбал, 2019 онд экспортод гаргасан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахдаа Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 2 дахь хавсралтаар баталсан Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал-ын 2.5, 2.7-д тус тус заасан аргачлалаар буюу гэрээний үнийг үндэслэн тооцсон байна.
19. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам-ын 2.2-т тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 8 дугаар хавсралтын 3, 6-д заасны дагуу гэрээний үнэ үндэслэн тооцуулах тохиолдолд энэ журамд заасан нөхцөл, шаардлагын дагуу борлуулалтын үнэлгээг тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улирал, жилийн эцсийн тайлан, мөн журамд заасан мэдээ, мэдээллийн хамт харьяалан Татварын албанд хүргүүлнэ. 2019 оны III дугаар улирлын тайланд энэ журмыг баримтална гэж зааснаар нэхэмжлэгчээс дээрх журамд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 8 дугаар хавсралтын 3, 6-д заасны дагуу гэрээний үнэ үндэслэсэн тооцоолсон нь тогтоогдож байна.
20. Гэвч Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолыг бүхэлд нь, 2 дахь заалтаар Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолын 2 дахь заалтыг, 3 дахь заалтаар Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 3,6 дахь хэсгийг тус тус хүчингүй болгож, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдүүлэхээр тогтоосон нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг БНХАУ-ын нүүрсний зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалжийн үнээс (http://en.sxcoal.com) тооцохоор болсноор нэхэмжлэгч Э******* ХХК нь 2021 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд Монгол Улсын хилийн өртөө хүртэл хүргэх зардал, төлбөрийг нэмж тооцсон хэлцлийн үнийг ашиглаж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлж байжээ.
21. Харин 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгч компанийн төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолын дагуу тооцох болсноор Монгол Улсын хилийн өртөө хүртэлх бүх зардлыг нэмж тооцсон хэлцлийн үнийг мөрдөх боломжгүй, Засгийн газрын зарласан үнийн мэдээлэлд үндэслэн төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг нэмэгдүүлэх үндэслэл болсон байна.
22. Засгийн газраас зарлаж байгаа үнийн мэдээлэл нь тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч Э******* ХХК-ийн төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн байх төдийгүй, Монгол Улсаас баяжуулсан байдлаар экспортод гарч байгаа коксжих нүүрстэй хамааралгүй гэж үзэхээр байна.
Учир нь дараах хүснэгтээр:
ЗГ-ын 2014 оны 220 тогтоол
| ЗГ-ын 2019 оны 342 тогтоол
| ЗГ-ын 2021 оны 174 буюу 2019 оны 465
| |||||||
огноо |
Үндсэн 5% | Өсөн Нэмэгдэх 3%
|
Нийт
| Үндсэн 5%
| Өсөн Нэмэгдэх 3%
|
Нийт | Үндсэн 5%
| Өсөн Нэмэгдэх 3%
|
нийт |
2021 | 5.0 % | 1.4 % | 6.4% | 13.0% | 7.8% | 20.8% | 13.0% | 7.8% | 20.8% |
2022 | 5.0 % | 1.4 % | 6.4% | 9.8% | 5.8% | 15.6% | 9.9% | 5.9% | 15.8% |
2023 | 5.0 % | 1.4 % | 6.4% | 6.1% | 2.9% | 9.1% | 6.6% | 3.4% | 10.0% |
23. Нэхэмжлэгч компанийн төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь борлуулалтын үнэлгээг хэрхэн тооцож байгаа хууль, журмын зохицуулалтын өөрчлөлтүүдээс шууд хамааралтай, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.17-д заасан баяжуулсан нүүрсний нэмэлт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийн шатлал нэмэгдэх хэрээр төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дүн өсөж байгаа болох нь харагдана.
24. Тогтворжуулах гэрчилгээ олгох үеийн Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын зохицуулалтын дагуу тооцож үзвэл, Монгол Улсын хилийн өртөө хүртэлх бүх зардлыг гаалийн баримтын дагуу нэмж тооцсон гаалийн хэлцлийн үнээс, Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоол, 2021 оны 174 дүгээр тогтоолуудын өөрчлөлтөөр төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 20.8 хүртэл хувиар нэмэгдсэн болох нь тогтоогдож байна.
25. Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийн төлөх татварын хувь, хэмжээг Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу тогтворжуулах-аар 12 дугаар зүйлийн 12.1.11-д хөрөнгө оруулалтын хууль тогтоомжид заасны дагуу тогтворжуулах гэрчилгээ авсан бол уг гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд хувь, хэмжээг нь тогтворжуулсан татварыг тогтворжуулсан хувь, хэмжээнээс илүү хэмжээгээр төлөхгүй байх эрхийг тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч аж ахуйн нэгжид олгож, Харин Засгийн газар нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д татварын хувь, хэмжээг тогтворжуулах" гэж энэ хуульд заасан татварын хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд энэ хуулийн 13.4-т заасны дагуу нэмэхгүйгээр хэвээр хадгалах, эсхүл бууруулах, 6 дугаар зүйлийн 6.2-д Төр нь энэ хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчид тогтворжуулах гэрчилгээ олгох замаар татварын хувь, хэмжээг тогтворжуулах, эсхүл түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар татварын орчныг тогтвортой байлгах баталгаа олгоно, 13 дугаар зүйлийн 13.2-т Тогтворжуулах гэрчилгээ нь олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд уг гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд татварын хувь, хэмжээг тогтворжуулна, 13.3-т Энэ хуулийн 4.7-д зааснаас бусад тохиолдолд татварын хувь, хэмжээг тогтворжуулах асуудлыг зөвхөн энэ хууль болон энэ хуульд заасан хөрөнгө оруулалтын гэрээгээр зохицуулна, 13 дугаар зүйлийн 13.4-т Тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд татварын хууль тогтоомжид энэ хуулийн 14.1-т заасан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг бууруулах өөрчлөлт орсон тохиолдолд тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд уг өөрчлөлтөд хамаарах ба харин нэмэгдүүлэх өөрчлөлт орсон тохиолдолд уг өөрчлөлтөд хамаарахгүй, 14 дүгээр зүйлийн 14.1-т Тогтворжуулах гэрчилгээгээр доор дурдсан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд тогтворжуулна, 14.1.4-т ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.15-д Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу тогтворжуулах гэрчилгээ бүхий татвар төлөгчийн тухайд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн гэрчилгээнд заасан хувь, хэмжээгээр ногдуулах үүргийг хүлээсэн байна.
26. Дээрх хууль болон Засгийн газрын тогтоолуудаас үзвэл, нэхэмжлэгч Э******* ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Тогтворжуулах гэрчилгээ олгох үед мөрдөгдөж байсан Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолоор баталсан Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал-ын дагуу борлуулалтын үнэлгээг Монгол Улсын хилийн өртөө хүртэл бараа нийлүүлэх нөхцөлөөр хэлцлийн үнийн аргаар тодорхойлж байсан байх бөгөөд нэхэмжлэгч компанийн ...Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт хэмжээний тухай авч үзсэн байх ба хэмжээг тооцохдоо суурь утга болон борлуулалтын үнэлгээг үндсэн болон нэмэлт хувиар үржиж гаргахаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, төлөх хэмжээ нь суурь утга болох борлуулалтын үнэлгээний үнийн дүнгээс хамаарахаас гадна баяжуулсан нүүрсний тухайд нэмэлт хувийг аль шатлалыг баримтлах нь мөн борлуулалтын үнэлгээний үнийн дүнг хэрхэн тооцохоос шууд хамаарч нэмэгдэж байгаа... гэсэн тайлбар үндэслэлтэй гэж үзлээ.
27. Татварын ерөнхий хуулийн (2008 он) 3 дугаар зүйлийн 3.1-т татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй гэж зааснаар аливаа татварын харилцаанд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг хэрэглэж, татвар тооцох зарчимтай бөгөөд энэ тохиолдолд Татварын ерөнхий газар нь Засгийн газрын тогтоолыг буруу тайлбарлан хэрэглэж, тогтворжуулах гэрчилгээгээр тогтворжуулсан хувь, хэмжээ нэмэгдээгүй гэж нэхэмжлэгч компанийн хүсэлтээс татгалзсан нь үндэслэлгүй байна.
28. Засгийн газраас Татварыг тогтворжуулж байгаа нь татварын орчинг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь тогтвортой байлгах үүргийг хүлээж байгаа явдал нь хөрөнгө оруулагчийн зүгээс оруулсан хөрөнгийн зээл болон бусад төлбөрийг төлөх таатай нөхцөлийг бүрдүүлж, энэ хугацаанд нь төсөл, хөтөлбөрийг үр ашигтай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тухайн татварын орчинг өөрчлөх явдлаас урьдчилан сэргийлж байгаа явдал юм.
29. Ийм ч учраас холбогдох хууль тогтоомжуудад тогтворжуулах гэрчилгээ бүхий аж ахуйн нэгжүүдэд тусгай журмаар татварын таатай орчинг бий болгох явдал бөгөөд тогтворжуулах үеийн хууль тогтоомжид татварын хувь, хэмжээ нэмэгдүүлэхээр өөрчлөлт оруулсан тохиолдолд түүнд үйлчлэхгүй байх баталгааг төрөөс олгож буй явдал билээ.
30. Дээрх Засгийн газрын тогтоолууд нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт төдийгүй, Ашигт малтмалын тухай хууль болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийн бүрдэл хэсэг болохын хувьд тогтворжуулах гэрчилгээ эзэмшигчийн ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх ёстой.
31. Ашигт малтмалын тухай хуульд заасан төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг хэрхэн тооцох, төлбөр ногдуулах аргачлал, татвар тайлагнах зэрэг хуулийн заалтуудыг хэрэгжүүлэх үндэслэл нь Засгийн газраас гаргасан дээрх тогтоолууд тул татвар ногдуулах аргачлалын дагуу тайлагнах үүрэг бүхий хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжийн тогтворжуулсан хувь, хэмжээнд эдгээр тогтоолууд нөлөөлсөн байна.
32. Учир нь тогтворжуулах гэрчилгээ олгосон 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар хүчинтэй мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулиар хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн төлөх ашигт малтмалын нөөц ашигласны хувь, хэмжээг тооцох аргачлалыг Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолоор тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг экспортод бүтээгдэхүүн гаргасан бол улсын зах зээлийн үнийг баримтлахаар, Дотоодод борлуулсан бол дотоодын зах зээлийн үнийг үндэслэхээр, Дотоод, гадаадын зах зээлд борлуулсан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэхээр заасан байхад Засгийн газрын сүүлд гаргасан тогтоолуудаар нэхэмжлэгч компанийн төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцсоноор тухайн үеийн хууль тогтоомжид заасан татварын орчныг өөрчлөн нэмэгдүүлж тогтворжуулах гэрчилгээгээр тогтворжуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ тогтвортой байлгах эрх ашиг нь зөрчигдсөн байна гэж үзлээ.
33. Түүнчлэн тухайн үеийн аргачлалаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Монгол Улсын хилийн өртөө хүртэл бараа нийлүүлэх нөхцөлөөр Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хэлцлийн үнийн аргааг тодорхойлж, Монгол Улсын хилийн өртөө хүртэл хүргэх зардал, төлбөрийг нэмж тооцсон хэлцлийн үнийг бусад аж ахуйн нэгжийн үнэтэй харьцуулж, зөрүүг 10 хувь дотор байвал хэлцлийн үнээр тооцдог байсныг өөрчлөн гадаад улсын зарласан жишиг үнэтэй харьцуулснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээ нэмэгдэх үр дагаварт хүрсэн болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.
34. Нэхэмжлэгч Э******* компанийн У******* төслийн хүрээнд баригдсан үйлдвэр нь Монголдоо анх удаа жилдээ 15 сая тонн хүртэлх нүүрс боловсруулах хүчин чадалтай, дотооддоо нэмүү өртөг шингээж, Монгол нүүрсний үнэ цэнэ, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн говийн нөхцөлд нийцсэн технологи бүхий үйлдвэр байх бөгөөд тэдний баяжуулсан нүүрсэнд тогтворжуулах гэрчилгээ олгосон үеийн хууль, тогтоомжоор төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөс биш, гадаад улсад зарласан жишиг үнээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох үндэслэлгүй юм.
35. Хариуцагчийн ... татварын албанаас нэхэмжлэгч компанид татварын акт тавиагүй, өөрсдөө тодорхойлж татвараа төлсөн... гэх тайлбарын тухайд:
Засгийн газрын 2021 оны 174 дүгээр тогтоолоор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг цахимаар хүлээн авахдаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зөвхөн жишиг үнээс буюу олон улсын зах зээлийн үнийн мэдээлэл дэх тухайн сарын дундаж үнээс тооцон тайлагнасан тохиолдолд тайланг автоматаар хүлээн авдаг тохируулгатай гэдэг үйл баримттай талууд маргаагүй.
36. Мөн программаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тайлагнаж төлөөгүй тохиолдолд нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэх олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг зөвхөн татварын өр төлбөргүй аж ахуйн нэгжид олгохоор заасан тул татварын ТТ-15Б маягтад зааснаар тайланг сонголттойгоор гаргах боломжгүйн улмаас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас нэхэмжлэгч Э******* ХХК-ийн тогтворжуулах гэрчилгээнд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтворжуулахгүйгээр 2021 оны 5 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын хооронд 208.7 тэрбум төгрөгийн илүү төлбөр тогтоосон болох нь тогтоогдож байна.
37. Засгийн газрын 2021 оны 174 дүгээр тогтоолоор баяжуулсан коксжих нүүрсний жишиг үнийг улсын хилээр баяжуулсан байдлаар экспортод гарч байгаа коксжих нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцохдоо БНХАУ-ын *******чуань дахь баяжуулах үйлдвэрт баяжуулаад цааш худалдахаар санал болгож байгаа үнийг баяжуулсан нүүрсний үнэ гэж зарлаж нэхэмжлэгч компанийн төлөх ашигт малтмал ашигласны төлбөрийн хэмжээг нэмэгдүүлжээ.
38. Нэхэмжлэгч Э******* ХХК нь ашигт малтмал ашигласны төлбөрийг хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас илүү төлсөн гэж үзэж, илүү төлүүлсэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг олон улсын хөндлөнгийн аудитын П ХХК-аар шалгуулан, уг байгууллагаас гаалийн бүрдүүлэлтийн албан ёсны бүртгэл мэдээлэлд үндэслэн тайланг гаргасан байх бөгөөд уг хөдлөнгийн аудитын тайлангаар Э******* ХХК-ийн экспортод гаргасан баяжуулсан коксжих нүүрсэнд төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2021 оны 5 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын хооронд нийт 208,688,214,552 төгрөгөөр нэмэгдүүлсэн болохыг баталгаажуулсан байх бөгөөд шүүхээс үүнийг нотлох баримтаар хүлээн авах боломжтой гэж үзсэн болно.
39. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11-д Монгол банк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан хувь хүнээс бусад энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус ирүүлнэ гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч компанийн ...манай компани сайн дураараа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тайлагнаж, төлөөгүй, батлагдсан загварын дагуу хуулийн хугацаанд төлөхгүй бол нүүрс тээврийн С зөвшөөрөл авах боломжгүй эрсдэл үүсдэг учраас захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу илүү төлөхөөс өөр аргагүй байдалд байсан... гэх тайлбарыг хүлээн авахаар байна.
40. Иймд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч компани Засгийн газрын 2021 оны 174 дүгээр тогтоолоор төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 208,688,214,552 төгрөгөөр нэмэгдүүлэн төлсөн болох нь тогтоогдож байх тул Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т Татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг доор дурдсан дарааллын дагуу шийдвэрлэнэ, 49.1.1-т буцаан олгох гэж зааснаар Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01/352 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, үндэслэлгүйгээр илүү төлүүлсэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 208,688,214,552 төгрөгийг буцаан олгохыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
41. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаартай тогтоолын хавсралт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам-ын 2.1.2 дахь хэсэг, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоол Э******* ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх харилцаанд үйлчлэхгүй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хөрөнгө оруулалтын газрын даргын 2015 оны А/98 дугаар тушаалаар нэхэмжлэгч Э******* ХХК-д 2033 оны 4 дүгээр арын 17-ны өдрийг хүртэлх хугацаагаар 001 тоот Тогтворжуулах гэрчилгээ олгож, тус гэрчилгээгээр дөрвөн албан татварын төлбөрийн хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээ олгосон өдөр мөрдөгдөж байсан хууль, тогтоомжид зааснаар тогтворжуулсан.
42. Тогтворжуулах гэрчилгээ олгосон 2015 онд мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д энэ хуулийн 47.3.1, 47.3.2, 47.4, 47.5-д заасны дагуу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлалыг Засгийн газар батална гэж заасны дагуу Засгийн газраас 2014 оны 220 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Гадаад зах зээлд борлуулсан нүүрсэнд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал хэрэгжиж байжээ.
43. Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаартай тогтоолын хавсралт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам-ын 2.1.2-т тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-т заасны дагуу Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн үнийг баримтлах-аар зааж, Засгийн газрын 2021 оны 174 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх явцад Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т Тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд татварын хууль тогтоомжид энэ хуулийн 14.1-т заасан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг бууруулах өөрчлөлт орсон тохиолдолд тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд уг өөрчлөлтөд хамаарах ба харин нэмэгдүүлэх өөрчлөлт орсон тохиолдолд уг өөрчлөлтөд хамаарахгүй гэж заасны дагуу тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч Э******* ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг нэмэгдүүлсэн үр дагаврыг үүсгэсэн болох нь дээрх баримтуудаар тогтоогдсон гэж шүүхээс дүгнэсэн тул тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч компанийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх харилцаанд Засгийн газрын 2021 оны 174 тогтоол үйлчлэхгүй болохыг хүлээн зөвшөөрөх боломжтой байна гэж үзлээ.
44. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг, 52 дугаар зүйлийн 52.5-д Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйл хамаарна, 52.5.3-т нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг, 106 дугаар зүйлийн 106.3-т Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана, 106.3.5-д эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх гэж тус тус хуульчилсан.
45. Нэхэмжлэгчээс Засгийн газрын 2021 оны 174 дүгээр тогтоолыг түүний төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн харилцаанд үйлчлэхгүй байхыг тогтоолгосноор нэхэмжлэгч компанийн тогтворжуулах гэрчилгээнд заасан тухайн үеийн хууль тогтоомжоор ашигт малтмал ашигласны төлбөр төлөх эрх сэргээгдэхээр байх бөгөөд Засгийн газраас хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгож, тогтворжуулсан татварыг нэмэгдүүлэхгүй байснаар тус компанийн хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ амжилттай хэрэгжих боломжтой болох ашиг сонирхол байна.
46. Мөн тогтворжуулах гэрчилгээ олгох үед хэрэгжиж байсан Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоол хүчингүй болсон хэдий ч Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтыг дэмжих татварын болон татварын бус дэмжлэгийг эдлэх эрхтэй, 6.2-т Төр нь энэ хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчид тогтворжуулах гэрчилгээ олгох замаар татварын хувь, хэмжээг тогтворжуулах, эсхүл түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар татварын орчныг тогтвортой байлгах баталгаа олгоно, 13.2-т Тогтворжуулах гэрчилгээ нь олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд уг гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд татварын хувь, хэмжээг тогтворжуулна, 13.4-т Тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд татварын хууль тогтоомжид энэ хуулийн 14.1-т заасан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг бууруулах өөрчлөлт орсон тохиолдолд тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд уг өөрчлөлтөд хамаарах ба харин нэмэгдүүлэх өөрчлөлт орсон тохиолдолд уг өөрчлөлтөд хамаарахгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх, 12.1.11-т хөрөнгө оруулалтын хууль тогтоомжид заасны дагуу тогтворжуулах гэрчилгээ авсан бол уг гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд хувь, хэмжээг нь тогтворжуулсан татварыг тогтворжуулсан хувь, хэмжээнээс илүү хэмжээгээр төлөхгүй байх эрхтэй, 76 дугаар зүйлийн 76.6-д Татварын алба бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичгийг удирдлага болгон ажиллах бөгөөд татварын алба энэ үүргээ хэрэгжүүлэхгүй бол татвар төлөгч хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг шаардах эрхтэй гэж тус тус заасан хуулийн заалтууд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлага хангагдах хууль зүйн боломжтой.
47. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаартай тогтоолын хавсралт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам-ын 2.1.2-т тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-т заасны дагуу Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн үнийг баримтлах, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоолын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зөвхөн жишиг үнээр тооцох-оор заасан нь нэхэмжлэгч компанийн тогтворжуулах гэрчилгээнд заасан 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд заасан хувь, хэмжээгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх ашиг сонирхол зөрчигдөж байна.
48. Эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар буюу эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгчид тодорхой ашиг сонирхол үүсэх учиртай.
49. Энэ тохиолдолд Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаартай тогтоолын хавсралт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам-ын 2.1.2 дахь хэсэг, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоол Э******* ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх харилцаанд үйлчлэхгүй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.4, 106.3.5, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.4, 16 дугаар зүйлийн 16.3.2, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн илүү төлөлтийг баталгаажуулахаас татгалзсан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01/352 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, үндэслэлгүйгээр илүү төлүүлсэн 208,688,214,552 төгрөгийг буцаан олгохыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгаж, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаартай тогтоолын хавсралт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам-ын 2.1.2 дахь хэсэг, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоол Э******* ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх харилцаанд үйлчлэхгүй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ