Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 914

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Г-ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00454 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Г-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х ” ХХК-д холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.Гантулга

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Лувсанцэрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Содном-Иш,

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Баасанжав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүх гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Г “Х ” ХХК-д 12 жилийн турш ажиллах хугацаандаа ямар нэгэн дутагдал, зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 31.1.3, Х ны хөдөлмөрийн дотоод журмын 9.2, Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтуудыг үндэслэн түүнийг ажлаас чөлөөлсөн.

Нэхэмжлэгч албан томилолтын зардал илүү тооцуулж хувьдаа ашигласан зүйл байхгүй, энэ талаар банкны гүйцэтгэх захиралд гомдол гаргасан боловч буцаад ажилд авах боломжгүй гэсэн. Иймд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх үүднээс шүүхэд хандсан.

Н.Г 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 09 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд Булган аймаг, Орхон аймаг, Жаргалан тосгон, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, тус сумын нэгдүгээр баг Шар усны эх, Сэлэнгэ аймгийн Сайхан сумаар орж Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажилласан. Тухайн бүс нутагт улсын авто замын засвартай, ажлын нөхцөл байдал хүнд байсан.

Дархан-Уул аймгаас гарахдаа ажлын томилолтоо бүртгүүлж гараад сумдаар ажлаа хийж 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн орой 19 цагт Баянчандмань суманд ирээд буцаж явах нөхцөлгүй болсон. Хэрвээ явсан бол бид буцаад 160 км явж Дархан ороод, дараа нь наашаа дахиад 160 км явж хотод ирэхээр байсан.

Дархан-Уул аймагт хонох буудлаа захиалсан байсан, гэхдээ Улаанбаатар хот руу 160 км явсан байсан учраас бид шууд удирдлага н.Хосбаяртай утсаар ярьж мэдэгдээд зөвшөөрөл авсны дагуу Улаанбаатар хот руу 72 км явж 23 цагийн үед Улаанбаатар хотод ирж Наадам центерийн авто зогсоол дээр автомашинаа байрлуулсан.

Бидний томилолтын хугацаа 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл орон нутагт ажиллах ёстой байсан бөгөөд энэ талаар тухайн үед удирдлагад мэдэгдэхээс гадна холбогдож тайлбар өгсөн.

Гэтэл тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, бидний тайлбар болон дотоод хяналт шалгалтаар гэм буруугүй болох нь нотлогдох байсаар байтал ямар нэгэн өөр арга хэмжээ авалгүй ноцтой зөрчил дутагдалтай мэтээр ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд хууль бус тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Г дотоод томилолтын зардлыг илүү тооцуулж хувьдаа ашигласан, Х ны албан томилолтын журмын 7.3, Х ны ёс зүйн дүрмийн 2.1.9, 5.1.1, 5.2.1, Х ны хөдөлмөрийн дотоод журмын 4.2.4, 4.3.1, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.6, 3.2.9-ийг зөрчсөн. Мөн гэрээний 5.7.3, 5.7.4, 5.7.13, 5.7.27-д заасан ноцтой зөрчил гаргасан учраас түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Уг тушаалын гол үндэслэл нь ажилтан Н.Г тухайн үед жолооч н.Т , н.М  нартай хамт явсан ба 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл албан томилолтоор ажиллахаар болж томилолтын хуудсыг эрх бүхий этгээдээр гарын үсэг зуруулж гарсан. 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл томилолттой ажилласан гэж буудлын бичиг, томилолтын зардал тооцуулсан баримтуудаар санхүүгийн албанд томилолтоо тооцуулж томилолтын урьдчилгаа 300 000 төгрөг, дараа нь томилолтоос ирээд нэмэлт 117 000 төгрөг, нийт 417 000 төгрөгийг томилолтын зардалд авсан. 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл томилолтоор ажиллаж ирэх ёстой байхад 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн тул 1 хоногийн томилолтын зардал 87 000 төгрөгийн зөрүү гарсан.

Хэрвээ 13-ны өдөр ирсэн бол ирсэн даруйдаа томилолтын зардлаа хаалгах ёстой. Х ны албаны томилолтын журмын 7.3-т тухайн үедээ томилолтоо хаалгахдаа 1 хоногийн томилолтын мөнгийг банкинд буцааж шилжүүлдэг.

Өөрөөр хэлбэл 1 хоногийн томилолтын зардлыг буцаагаад шилжүүлээгүй. Иймд тухайн байгууллага хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гэж үзсэн. Н.Г-д  хуурамч баримт өгсөн, хамт олон хянан шалгалт хийх ажилд худал ташаа мэдээлэл өгөх, төөрөгдүүлэх үйлдэл гаргасан.

Иймд Н.Г-ын  гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар Н.Г-ыг  Х ны тусгай актив, өр барагдуулах газрын мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар “Х ” ХХК-аас ажилтны ажилгүй байсан хугацааны олговорт 4 154 374 төгрөг гаргуулж Н.Г-д  олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг зөвтгөн нөхөн хийхийг хариуцагчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Х ” ХХК-аас 81 420 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс Н.Г-ын  гаргасан зөрчлийг тогтоосон “Х ” ХХК-ийн аудитын дүгнэлт, томилолтын зөвшөөрлийн хуудас, санхүүгийн газраас үнэн зөв тайлбар өгөөгүй талаарх тайлбар, хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийн талаарх заалтууд, томилолтын журмаар ажилтанд хүлээлгэсэн үүрэг зэргийг дүгнээгүй.

Ажилтны гаргасан зөрчил нь туйлын тодорхой бөгөөд ажлын байрны давуу байдлаа ашиглан банкнаас олгосон хангамж, ажлын хөлсийг үндэслэлгүйгээр авсан буюу хувийн зорилгод ашигласан, томилолтын тооцоог хийхэд үнэн мэдээлэл өгөөгүй, 1 хоногийн мөнгө авсан тул ноцтой зөрчил гэдгийг шүүхээс ойлгож дүгнээгүй.

Н.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд орон нутагт ажиллахаар томилолт бичүүлж, банкнаас 5 хоногийн буудал, хоолны зардал гаргуулан авсан хэдий ч Улаанбаатар хотод томилолтоос 1 хоногийн өмнө буюу 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ирснээ нуун дарагдуулж 2019 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр ажилласан мэтээр тайлбарлаж 1 хоногийг томилолтын ажлын хөлс авсан. Энэ үйлдэл нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан байхад шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай хамаарахгүй мэтээр дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээн шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч “Х ” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Н.Г нь “Х ” ХХК-д 2007 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тус байгууллагын тусгай актив, өр барагдуулах газрын мэргэжилтнээр ажиллаж байсныг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

“Х ” ХХК-ийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 26/2808 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2, Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтыг тус тус баримтлан Н.Г-ыг  албан томилолтын зардал илүү тооцуулж хувьдаа ашигласан, Х ны албан томилолтын журмын 7.3, Х ны ёс зүйн дүрмийн 2.1.9, 5.1.1, 5.2.1, Х ны хөдөлмөрийн дотоод журмын 4.2.4, 4.3.1, Хөдөлмөрийн гэрээний 3.2.6, 3.2.9-д заасныг зөрчиж 5.7.3, 5.7.4, 5.7.13, 5.7.27-д заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх5/

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5.7-д ноцтой зөрчил-ийг харилцан тохиролцсон байх боловч томилолтын хугацаанаас 1 өдрийн өмнө ирсэн байдал нь хөдөлмөрийн гэрээний гэрээний 5.7.3, 5.7.4, 5.7.13, 5.7.27-д нэрлэн заасан ноцтой зөрчилд хамаарахгүй, дээрх зөрчил бүр тус тусдаа тогтоогдоогүй, түүнчлэн ажилтны эрх, үүргийг тодорхойлсон гэрээний заалтыг үндэслэсэн нь ойлгомжгүй, захирлын тушаал нь эрх зүйн актын хувьд шаардлага хангаагүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу болжээ.

 

Байгууллагын банк, тусгай актив өр барагдуулах газраас Н.Г-ыг  Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан аймагт өр барагдуулах ажлаар 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өрөөс эхлэн 6 хоногийн хугацаагаар томилсон байх бөгөөд уг томилолтын зардалд 417 000 төгрөгийг Н.Г-д  мөн газраас олгосон байна.

 

Хэргийн 23 дахь талд авагдсан “Хорчихуй булаг” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “... Н.Г 2019 оны 09 дүгээр сарын 11, 12, 13-ны өдрүүдийн нийт 3 хоногийн тооцоог төлсөн ба үүнээс 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр буудалд ирж хоноогүй. ...” гэх тодорхойлолт,

Н.Г-аас 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч байгууллагын дотоод аудитын газарт гаргасан тайлбарт “томилолтын хуудас 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл зурагдсан, бид 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ирсэн ...” гэсэн байдал,

Дотоод аудитын газрын 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн “... Н.Г ... албан томилолтын зардлыг хувьдаа авч Х ны ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан байна. ... мэргэжилтэн Н.Г албан томилолтын хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь бусад 2 ажилтны тайлбараар баталгаажиж байна. Энэ нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7.6-д заасныг зөрчсөн асуудал байна. ... Албан томилолтын нэг өдрийн зардал болох 87 000 төгрөгийн залилан үйлдсэн. Томилолтын хугацаанаас 1 хоногийн өмнө ирсэн талаар удирдлагадаа тайлагнаагүй.” гэх дүгнэлт, талуудын тайлбараас дүгнэвэл Н.Г нь албан томилолтын зардал илүү тооцуулж хувьдаа ашигласан, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж дүгнэхээр байна.

 

Ажилтан Н.Г 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажил олгогчийн дотоод аудитын газарт “бид 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ирсэн” гэдгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасныг сахилгын зөрчил илэрсэн өдөр гэж тооцох ба ажил олгогч уг хугацааг хэтрүүлж 1 сар 11 хоногийн дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасныг зөрчжээ. 

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00454 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 420 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                      А.МӨНХЗУЛ

 

                                                                                               Э.ЗОЛЗАЯА