Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 878

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 1 сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/00315 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “А-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Б-д холбогдох

 

Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Д

Хариуцагчийн өмгөөлөгч: Х.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2016 оны 5 сарын 02-ны өдөр “Т- констракшн” ХХК-тай 2016/15 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 7 сарын 20-ны өдөр нэмэлт гэрээг тус тус байгуулж, гэрээний нийт үнийн дүнгийн 20%-ийг бэлэн мөнгөөр, 80%-ийг орон сууцаар бартер хийхээр тохиролцсон. Дээрхийн дагуу 2018 онд нийт 4 ширхэг орон сууцыг “Т- констракшн” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхээр тохиролцож, ажлыг гүйцэтгэж дуусч, акт үйлдсэнээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээр нь шилжүүлэхээр болсон. Гэвч “Т- констракшн” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгээгүй, дутуу ажлаа хийж гүйцэтгэхийг байнга шаардаж байгаа боловч ажлаа бүрэн хийж дуусгаагүй байна. Бидний зүгээс барилгын ерөнхий инженер, компанийн төлөөллийг байлцуулан манай компаниас материал, ажлын хөлсийг гаргаж, гүйцэтгэсэн ажил 73 180 770 төгрөг, дутуу гүйцэтгэсэн ажлыг гүйцэтгэх зардал 74 175 624 төгрөг, нийт 147 356 394 төгрөг гэсэн тооцоог гаргасан. “Т-” ХХК-иас одоог хүртэл дутуу ажлаа гүйцэтгээгүй, акт үйлдэхгүй элдэв шалтаг тоочсоор байсан тул гэрээг цуцалсан. Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж байгаатай холбогдуулан “Т-” ХХК-д бартераар эзэмшил, ашиглалтад шилжүүлэхээр тохиролцсон 6 давхрын 39 тоот орон сууцыг /40.67 м.кв, 1 м.кв-ийг 1 650 000 төгрөгөөр тооцох/ буцаан шилжүүлэхийг шаардсан боловч бидний зөвшөөрөлгүйгээр иргэн О.Б- гэх хүнд худалдан төлбөрийг бүрэн авсан. Уг айл нүүж орсон байдалтай, чөлөөлж өгөхүй байна. Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны, “Аз жаргал хотхон”-ны А блок буюу 1 дүгээр орцны 5 дугаар давхар, 39 тоот орон сууцыг О.Б-гийн хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч “А-” ХХК-тай зээлийн гэрээ байгуулаагүй учир эрх зүйн харилцаа үүсэх, хариуцагчаар татагдах үндэслэл байхгүй болно. Миний бие “Т- констракшн” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан болохоос биш “А-” ХХК-тай гэрээ байгуулаагүй болно. Миний хувьд “Т- констракшн” ХХК болон “А-” ХХК нь гэрээг харуулаагүйд гомдолтой байна. “Т- констракшн” ХХК-д тухайн орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн. Мөн орон сууцны төлбөр төлсний дараа тог цахилгааны төлбөр өндөр гарч байсан. Хууль бус эзэмшигч гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 90.2, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч О.Б-г Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Аз жаргал хотхон, А блок буюу 1 дүгээр орц, 6-р давхрын 39 тоот орон сууцнаас албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 493 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 493 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Би тухайн орон сууцыг “Т- констракшн” ХХК-ийн захирал н.Түвшиндалай, н.Золбаяр нартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, орон сууцны үнэ 50 000 000 төгрөгийг цувуулан өгч дуусган уг орон сууцыг авсан. Орон сууцыг худалдан авахдаа “А-” ХХК-ийн борлуулалтын менежер Номингоор зуучлуулан “А-” ХХК-ийн удирдлагууд болон захирал Ш.Чулуунчимэг мөн “Т- констракшн” ХХК-ийн захирал Золбаяр нарыг байлцуулан тохиролцоонд хүрч худалдаж аван мөнгөө төлсөн. Намайг “Т- констракшн” ХХК-д байрны мөнгөө төлж байгааг “А-” ХХК болон захирал н.Чулуунчимэг нар сайн мэдэж байсан. Гэтэл “А-” ХХК болон “Т- констракшн” ХХК-иудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлээс болж би хохироход хүрээд байна. Мөнгөө төлсний дараа “Т- констракшн” ХХК-иас байрны гэрчилгээ баримт бичгийг гаргах өгөх талаар удаа дараа шаардсан боловч өнөө маргааш гэсээр сүүлдээ утсаа салгаж алга болсон. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст хандаж, өргөдөл гаргахад Сүхбаатар дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхнэр Аззаяаг хохирогчоор тогтоогоод байна. “Т- констракшн” ХХК-иас тухайн орон сууцыг надад өгөхийг зөвшөөрөх тухай албан тоотын доод буланд захирал Ш.Чулуунчимэг тухайн 2 өрөө байрыг иргэн О.Б- надад өгөхийг зөвшөөрч гарын үсэг зурсан. Мөн байрны түлхүүрийг “А-” ХХК-иас авсан. Энэ бүх байдлуудаас харахад, энэ бүх үйл баримтыг “А-” ХХК анхнаасаа мэдэж байсан. Анхан шатны шүүхэд Ш.Чулуунчимэгийн зөвшөөрөл бүхий гарын үсэгтэй албан бичгийн эх хувийг “А-” ХХК-иас гаргуулах хүсэлт гаргасан боловч “А-” ХХК нь байхгүй гээд гаргаж өгөөгүй. Мөн анхан шатны шүүх “А-” ХХК, “Т- констракшн” ХХК, иргэн О.Б- нарт холбогдох орон сууцны маргаантай хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаарх шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үнэлээгүй, мөн “А-” ХХК-ийн өмчлөх эрх, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг гэрчилгээгүй байсаар байтал шударга эзэмшигч гэж үзэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх нь Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэх, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-8.1.9-д заасан 5.3-т Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгон эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэсэн хуулийн дагуу нэхэмжлэгч нь тухайн 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлээгүй байгааг анхаараагүй байна. Иймээс иргэн О.Б- надад холбогдох хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “А-” ХХК нь хариуцагч О.Б-д холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “А-” ХХК нь 2016 оны 5 сарын 02-ны өдөр “Т- констракшн” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч буюу “Т- констракшн” ХХК нь нэхэмжлэгч “А-” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын дотор цахилгаан угсралт, газардуулга аянга зайлуулагч, холбоо дохиолол, домофон систем дохиолол хамгаалалт, галын дохиолол угсралтын ажлыг нийт 590 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, гэрээний үнийн дүнгийн 55 хувийг бэлнээр, 5 хувь нь чанарын баталгааны үлдэгдэл, 40 хувийг орон сууцаар /бартераар/ төлж барагдуулахаар тохиролцсон байна. /хх-ийн 6-8-р тал/

 

Улмаар талууд дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувийг бэлэн мөнгөөр, 80 хувийг орон сууцаар хийх, гүйцэтгэгч “Т- констракшн” ХХК нь нэхэмжлэгч “А-” ХХК-ийн барьж буй “Аз жаргал хотхон”-ы А блок буюу 1 дүгээр орцны 5, 6 дугаар давхарт нийт 4 орон сууцыг гэрээний төлбөрт суутган тооцохоор нэхэмжлэгчтэй 2016 оны 7 сарын 18-ны өдөр захиалгаар орон сууц барих тухай гэрээг байгуулжээ. /хх-ийн 9-17-р тал/

 

Гэвч “Т- констракшн” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүнг нэхэмжлэгч “А-” ХХК-д хүлээлгэн өгөөгүй, талууд ажлын хөлсний талаар маргаантай байгаа нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгч “А-” ХХК-ийн албан бичгүүдээр тогтоогдож байна. /хх-ийн 20-26-р тал/

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтад хамаарах Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан 16 давхар, үйлчилгээтэй, 359 айлын орон сууцыг нэхэмжлэгч “А-” ХХК нь өөрийн хөрөнгөөр захиалан бариулж, өмчлөх эрхийн анхдагч харилцааг үүсгэн, тухайн барилгыг 2019 оны 1 сарын 24-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Өмч гэдэг нь материаллаг болон материаллаг бус хөрөнгийг хамгийн өргөн цар хүрээнд эрхшээлдээ байлгах эрх юм. /хх-ийн 96-97-р тал/  

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заажээ. Өөрөөр хэлбэл эд хөрөнгөө шаардах өмчлөгчийн эрх нөгөө этгээд түүний өмчлөлийн зүйлийг хууль бусаар эзэмшиж байгаа нөхцөлд хангагдах учиртай. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйл, 343 дугаар зүйлд зааснаар тодорхойлсон нь буруу.  

 

Хариуцагч О.Б- татгалзалдаа Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Аз жаргал хотхон”-ны А блок буюу 1 дүгээр орцны 6 дугаар давхрын 39 тоот орон сууцыг “Т- констракшн” ХХК-иас худалдан авсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч орон сууцны өмчлөгч болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Иймд нэхэмжлэгч “А-” ХХК нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Нөгөө талаар, хариуцагч О.Б- нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд зааснаар шилжүүлэн авсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хариуцагч нь тухайн орон сууцтай холбоотой бусдад төлбөр төлсөн, үүний улмаас хохирсон гэх үндэслэлээр нэхэмжлэлээ гаргахад уг шийдвэр, магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо орон сууцны маргааныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаарх нотлох баримтыг шүүх үнэлээгүй гэх боловч “Т- констракшн” ХХК-ийн захирал Д.Түвшиндалай, Л.Золбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг нь нэхэмжлэгч “А-” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний маргаанд хамааралгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/00315 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулий 90 дүгээр зүйлийн 90.1, 90.2, 343 дугаар зүйлийн 343.1 ...” гэснийг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 493 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Т.ТУЯА         

                                               

                                         ШҮҮГЧИД                                                Б.НАРМАНДАХ

           

                                                                                                            Г.ДАВААДОРЖ