| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/03286/И |
| Дугаар | 102/ШШ2024/03913 |
| Огноо | 2024-08-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2024/03913
| 2024 оны 08 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2024/03913 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, 5 дугаар баг, Буянт-0 хаягт байрлах, Э э б т ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 00 дугаар хороолол, 0 дүгээр байр, 0 тоотод оршин суух, Н овогтой А /РД:000000000/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 21,921,673 төгрөг 38 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Хариуцагч Н.А,
Хариуцагчийн өмгөөлөгч П.Е,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.Н.Э.Б.Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа:
Иргэн Н.А-ын эзэмшиж байсан Э.Н.Э.Б.Т ХХК-ийн хувьцааг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Б.Г, Б.Б нар хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулж шилжүүлж авсан. Э.Н.Э.Б.ТХХК-ийн хувьцааг худалдаж авсны дараа буюу 2022 оны 03 дугаар сард Ховд аймгийн цагдаагийн газар болон татварын хэлтсээс хамтарсан хяналт шалгалт хийгдэж дараах үндэслэлээр тус компанид татварын улсын байцаагч төлбөрийн акт тогтоосон. Үүнд:
-"Мкихо" ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2020 онд байгуулж, 17,283,368.08 төгрөгийн засварын ажил, М сумын цэцэрлэгийн барилгын засварын ажлын 3,236,363.63 төгрөгийн ажлыг гүйцэтгэж олсон орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж тайлагнаагүй;
-Г ХХК-иас 136,063,650 төгрөгийн хуурамч хий бичилттэй падааныг 2020 оны 03 дугаар сарын тайланд тусгаж төсөвт төлөх албан татварыг бууруулан тайлагнасан.
-Э.Н.Э.Б.Т" ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 2022 оны 03 сарын 31- ний өдрийг дуусталх албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж татварын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн НА-16220000005 дугаар актаар нийт 41,549,392.81 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс 2020 оны НӨАТ-тай холбоотой 21,921673.43 төгрөгийн төлбөрийг зөвшөөрөөгүй бөгөөд 19,627,719.38 төлбөрийг хүлээн зөвшөөрсөн. Татварын хяналт шалгалтаар илэрсэн эдгээр зөрчил нь Н.А эзэмшилд байх хугацааны татварын зөрчил бөгөөд компанийн хувьцааг худалдаж авахад худалдан авагч талд бүрэн мэдээлэл өгөөгүй, зөрчлийг нуун дарагдуулж доголдолтой хөрөнгийг шилжүүлсэн гэдэг нь татварын хяналт шалгалтаар илэрсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д "Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ" гэж заасан. Компанийн хувьцаа худалдах, худалдан авах 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээний 4.1-д "Эрх шилжүүлэгч нь Гэрээний 2.1 дэх хэсэгт заасан компанитай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан балансыг эрх шилжүүлэн авагчид үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэнэ, 4.3-т "Эрх шилжүүлэгч нь компанийн эрхийг шилжүүлэхдээ татвар, гааль, нийгмийн даатгал, банк болон банк бус санхүүгийн байгууллага, шүүхийн шийдвэрийн байгууллага, иргэнтэй хийх төлбөр тооцоотой эсэх талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй", 5.1-д "Хувьцаа эзэмшигч тал гэрээний 4.2-т заасан үүргээ зөрчиж компанийн талаар буруу мэдээлэл өгсөн болон эрхийн зөрчлийг мэдсээр байж нуун дарагдуулснаас учирсан хохирлыг бүрэн хариуцна. 5.3-т "Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг буруутай тал нь бүрэн хариуцна" гэж тус тус заасны дагуу Худалдагч******* нь дээрх гэрээнд заасны дагуу тухайн компанийг эзэмшиж байх хугацааны үйл ажиллагааны үр дагаврыг хариуцан арилгах үүрэгтэй. Иргэний хуульд зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг шилжүүлэх үүргийг хүлээдэг. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д "Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгийг солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй" гэж заасны дагуу худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй. Иргэн Н.А-т 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 56 дугаар албан бичгээр хохирлоо төлөхийг шаардаж шаардлагыг хүргүүлсэн боловч хохирлоо нөхөн төлөөгүй. Иймд Н.А-аас 21,921,673.38 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч Н.А, түүний өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч Э.Н.Э.Б.Т ХХК-ийн тус шүүхэд хандан гаргасан иргэн Н.А надаас 21,921,673.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дор дурдсан үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.
Н.А би 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Б.Г, Б.Б нартай "Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж, өөрийн өмчлөлийн *******" ХХК-ийн нийт 13010 ширхэг хувьцааг БУ43-1172/18 дугаартай тусгай зөвшөөрлийн хамт 12,000,000 (арван хоёр сая) төгрөгөөр худалдсан. Улмаар нэг бүр нь 1,000 (нэг мянган) төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий "Э.Н.Э.Б.Т " ХХК-ийн хувьцааны 50 (тавин) хувь болох 13,010 (арван гурван мянган арван) ширхэг энгийн хувьцааг Б.Г-д, нэг бүр нь 1,000 (нэг мянган) төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий "******* ХХК-ийн хувьцааны 50 (тавин) хувь болох 13,010 (арван гурван мянган арван) ширхэг энгийн хувьцааг Б.Батдоржид тус тус шилжүүлсэн. Ингэхдээ компанитай холбоотой бүх мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан, балансыг худалдан авагчид үнэн зөв гаргаж өгсөн. Тухайн үед компани банк, санхүү, хувь хүн болон татвар, нийгмийн даатгалын өр төлбөргүй болохыг төрийн эрх бүхий байгууллага албан ёсоор баталсан байдаг. Энэ нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүрдүүлж өгсөн баримтуудаар нотлогдох юм. Н.А би Б.Г, Б.Б нартай байгуулсан "Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ"-ээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Компанийн талаар аливаа мэдээллийг нуун дарагдуулаагүй. Компани татвар, нийгмийн даатгалын өр төлбөргүй болохыг татварын байгууллага албан ёсоор тодорхойлсон. Б.Гантулга, Б.Батдорж нар "*******" ХХК-ийн 100 хувийн 13010 ширхэг хувьцааг бүрэн хүлээн авсан болно.
Мөн Н.А нь компанийн хувьцааг Б.Г, Б.Б нарт худалдсаны дараа тэд нар цааш нь компанийг Б.Б шилжүүлсэн байдаг. Б.Б нь тус компанийг өр төлбөртэй болохыг мэдэж, хүлээн зөвшөөрч компанийн хувьцааг шилжүүлэн авсан байна. Хариуцагч Н.А нь Б.Б-тай ямар нэгэн гэрээний харилцаанд оролцоогүй тул нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна .
Иймд дээр дурдсан үндэслэлийг хянан үзэж Э.Н.Э.Б.Т " ХХК-ийн тус шүүхэд хандан гаргасан 21,921,673.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. Үүнд: Итгэмжлэл /хх4/, Э.Н.Э.Б.Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компанийн дүрэм /хх5-10/, Татварын улсын байцаагчийн татвар нөхөн ногдуулалтын акт /хх11-12/, 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0894, 0895 дугаартай компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /хх139-140/ зэргийг,
4.Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх24/зэргийг нотлох баримтаар тус тус өгсөн байна.
5.Шүүх хариуцагчийн хүсэлтээр Э.Н.Э.Б.Т ХХК-ийн хувийн хэрэг /хх41-138/-ийг нотлох баримтаар хэрэгт цуглуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Н.Э.Б.Т ХХК нь хариуцагч Н.А-т холбогдуулан 21,921,673 төгрөг 38 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Э.Н.Э.Б.Т ХХК нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2.1 Хариуцагч Н.А-ын эзэмшиж байсан Э.Н.Э.Б.Т ХХК-ийн хувьцааг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Б.Г, Б.Б нараас худалдан авсан.
2.2 Тус компанийн санхүүгийн үйл ажиллагаанд 2022 онд татварын албанаас шалгалт ороход нийт 41,549,392 төгрөг 81 мөнгөний татварын зөрчил илэрч, түүнээс Н.А-ын эзэмшилд байсан хугацааны буюу 2020 оны үйл ажиллагаанд ногдох татварын зөрчил нь 21,921,673 төгрөг 38 мөнгө байсан.
2.3 Н.А нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.Г, Б.Б нартай компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг, мөн компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулахдаа ..компанийн өр төлбөрийг нуун дарагдуулж гэрээний үүргээ зөрчсөн байх тул түүний хариуцаж байсан хугацаанд буюу 2020 онд ногдох татварын өр төлбөр болох 21,921,673 төгрөг 38 мөнгийг хариуцан төлөх үүрэгтэй гэх агуулгаар тайлбарлаж байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх ба үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
3.1 Н.А би 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Б.Г, Б.Б нартай "Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж, өөрийн өмчлөлийн Э.Н.Э.Б.Т " ХХК-ийн нийт 13010 ширхэг хувьцааг БУ43-1172/18 дугаартай тусгай зөвшөөрлийн хамт 12,000,000 (арван хоёр сая) төгрөгөөр худалдсан.
3.2 Ингэхдээ компанитай холбоотой бүх мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан, балансыг худалдан авагчид үнэн зөв гаргаж өгсөн. Тухайн үед компани банк, санхүү, хувь хүн болон татвар, нийгмийн даатгалын өр төлбөргүй болохыг төрийн эрх бүхий байгууллага албан ёсоор баталсан байдаг.
3.3 Н.А би Э.Н.Э.Б.Т " ХХК-тай болон түүний захирал гэх Д.Б-тай ямар нэгэн гэрээ байгуулж, үүрэг хүлээгээгүй тул надаас гэрээний үүрэг шаардах эрхгүй гэх агуулгаар тайлбарлан маргасан.
4. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 Хариуцагч Н.А нь Э.Н.Э.Б.Т ХХК-ийг 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үүсгэн байгуулж, тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байна.
4.2 Улмаар 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0894, 0896 дугаартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр Н.А нь тус компанийн өөрийн эзэмшлийн хувьцааны 50 хувь буюу 6505 ширхэг хувьцааг Б.Б-д, үлдэх 50 хувь буюу 6,505 ширхэг хугацааг Б.Г-д тус тус 6,000,000 төгрөгөөр буюу нийт 12,000,000 төгрөгөөр худалдаж, мөн өдрийн 0897, 0895 дугаартай Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээгээр худалдан авагч Б.Г, Б.Б нар нь өөрийн худалдан авсан хэмжээгээр компанийн эрхийг шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
4.3 Татварын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №НА-16220000005 дугаартай Нөхөн ногдуулалтын акт-аар ... Э.Н.Э.Б.Т ХХК-ийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанаас татварт төлөх байсан 29,678,137 төгрөг 73 мөнгийг, 2021 оны үйл ажиллагаанаас төлөх байсан 11,871,255 төгрөг 08 мөнгийг тус тус тайлагнаагүй гэж үзэн, нөхөн татварт нийт 41,549,392 төгрөг 81 мөнгийг төлүүлэхээр татварын акт гарсан байна.
4.5 Тус компанийн хувьцаа эзэмшигчид болох Б.Г, Б.Б нар нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0666, 0668 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээгээр өөр, өөрсдийн эзэмшлийн бүх хувьцааг буюу компанийн 100 хувийн хувьцааг иргэн Д.Б-д бэлэглэсэн байх ба бэлэг хүлээн авагч Д.Б нь мөн өдрийн 0667, 0669 дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээгээр компанийн 100 хувийн эрхийг шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
4.6 Б.Г, Б.Б нар нь тус компанийн эрхийг шилжүүлэхдээ 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр компанийн үүсгэн байгуулагчдын хурлыг хийсэн байх бөгөөд уг хурлын тэмдэглэлд ...компанийн эрх шилжүүлэн авагчид компанийн нийт өр, төлбөр 51,930,763 төгрөг 57 мөнгө болохыг тайлагнасан бөгөөд компанийн эрхийг шилжүүлэн авахыг зөвшөөрсөн гэж тэмдэглэгджээ.
5.Дээрх үйл баримтаас дүгнэхэд:
2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр******* нь Б.Г, Б.Б нартай компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг, мөн компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж, өөрийн 100 хувийн эзэмшилд байсан Э.Н.Э.Б.Т ХХК-ийг худалдсан байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Дээрх худалдан авах гэрээний дагуу Н.А нь гэрээний зүйл болох Э.Н.Э.Б.Т ХХК-ийг худалдан авагч нарт шилжүүлсэн байх бөгөөд энэхүү гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.
Харин Н.А-аас тус компанийг худалдан авч, тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн Б.Г, Б.Б нар нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус компанийг Д.Б-д бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлснээр тус компанийн цор ганц хувьцаа эзэмшигчээр Д.Б бүртгэлтэй байна.
Нэхэмжлэгч Э.Н.Э.Б.Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Н.А нь Н.Г, Б.Б нарт тус компанийг худалдахдаа компанийн өр төлбөрийг нуун дарагдуулж, тэдгээрийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 4.1-т заасан худалдагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, өмчлөлийн ямар нэгэн маргаагүй хувьцааг шилжүүлнэ гэснийг, компанийн эрх шилжүүлэх гэрээний 4.2, 4.3-т ...компанийн өр төлбөр, зээл, ... төлбөр тооцооны талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн гэж тайлбарлаж байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагч Н.А-ын Н.Г, Б.Б нартай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг Н.А-аас шаардаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.А нь гэрээний зүйл болох компанийн талаар үнэ зөв мэдээлэл өгөх, холбогдох бичиг баримтыг хүлээлгэн өгөх зэрэг үүргийг гэрээний тал болох Б.Г, Б.Б нарын өмнө хүлээх бөгөөд уг үүргийг Н.А-аас худалдан авагч тал болох Н.Г, Б.Бнар шаардах эрхтэй.
Харин нэхэмжлэгч Э.Н.Э.Б.Т ХХК нь Н.А-тай дээрх худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй байх бөгөөд худалдах, худалдан авах гэрээний тал болох Н.Г, Б.Б нар нь Н.А-аас гэрээний үүрэг шаардах эрхээ нэхэмжлэгч талд Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар шилжүүлсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч Э.Н.Э.Б.Т ХХК нь Н.А-ын Н.Г, Б.Б нартай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг хариуцагч Н.А-аас шаардах эрхгүй гэж үзэн, нэхэмжлэгч Эм Э.Н.Э.Б.Т ХХК-ийн хариуцагч Н.А-т холбогдуулан гаргасан 21,921,673 төгрөг 38 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул түүний төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 267,558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Н.Э.Б.Т ХХК-ийн хариуцагч Н.А-т холбогдуулан гаргасан 21,921,673 төгрөг 38 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Э.Н.Э.Б.Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,558 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА