Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 213/МА2020/00015

 

Д.Б нэхэмжлэлтэй

 П.Б холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 131/ШШ2020/00464 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлтэй 

Хариуцагч П.Б холбогдох үхэр худалдсаны үнийн 10.700.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч П.Бын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч П.Б, нарийн бичгийн даргаар О.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэн П.Б нь 2015 оны 09 сарын 15-ны өдөр надаас 5 эр бүдүүн үхэр, 5 хязаалан үхэр нийт 10 үхэр авсан бөгөөд үхэр авч байгаа хүнд өндөр үнээр худалдаж өгнө гэж хэлсэн. Тухайн үед бүдүүн эр үхэр 1.000.000 төгрөг, хязаалан үхэр 800.000 төгрөг хүрч байсан бөгөөд би П.Б 9.000.000 төгрөгийн 10 тооны үхрээ хүлээлгэн өгсөн боловч өнөөдрийг хүртэл мөнгийг өгөөгүй нэхээд очихоор зоддог. Миний бие үхрийн мөнгөө авах гэж очоод П.Б зодуулан 3 хоног ухаангүй хэвтэж байсан бөгөөд миний төрсөн эгчтэй суусан болохоор гомдол гаргаагүй өнгөрч байсан. П.Б манай үхрийг ******* гэдэг хүнд өгсөн, мөнгийг нь аваагүй гэдэг боловч би ******* гэдэг хүнд үхэр өгөөгүй, энэ хүнтэй уулзаж байгаагүй бөгөөд энэ хүний дугаарыг олоод асуутал би П.Боос үхэр аваад мөнгийг нь бүгдийг өгсөн, надад үхэр зарахдаа бүгд миний үхэр гэж хэлж өгсөн гэдэг юм. Мөн 2015 онд гүү унагатайгаа П.Бын адуунд нийлсэн байсан, авах гээд очихоор өгөхгүй дараа жил ав, эсхүл адуу алга байна гэж хэлсээр өдий хүргэсэн. Түүнээс хойш гүү маань унагалан одоо байгаа нь бүдүүн гүү, даага, унага гээд 3 тооны адуу П.Бын адуунд байгаа. Миний өмчлөлийн 1 тооны бүдүүн гүү 1.000.000 төгрөг, 1 тооны даага 400.000 төгрөг, 1 тооны унага 300.000 төгрөгийн үнэ ханштай. Иймд П.Боос 10 үхрийн үнэ 9.000.000 төгрөг, 1.700.000 төгрөгийн үнэ бүхий нэг тооны гүү, нэг тооны даага, нэг тооны унага, нийт 10.700.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өнөөдөр шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж П.Боос 6 тооны үхэр, 1 байдсан гүү зэргийг малаар нь гаргуулж эвлэрэх хүсэлтэй байна. П.Б нь *******оос 6 тооны үхэр авч зарснаа хүлээн зөвшөөрч байгаа тул үнэлгээгээр тогтоогдсон үнээр 6 тооны үхэр, 1 байдсан гүүг үнэлж, нийт 4.300.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Б шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... ******* 10 үхэр биш 6 үхэр авчирсаны нэг үхрийг нь голоод аваагүй. 5-н бүдүүн үхэр, 5-н хязаалан үхэр авчирсан гэдэг нь худлаа. Би Д.Б үхрийг аваагүй, намайг үхрээ ченжид зарах гэж байхад өөрөө үхрээ тууж ирээд надаас үхэр авахгүй байна, танай үхэрт нийлүүлээд өгчихье гэж хэлээд манай үхэрт нийлүүлээд ченжид өгсөн. Би үхрийг өндөр үнээр зарах талаар ярьж байсан боловч зарсан үхрийн мөнгийг одоо болтол *******гээс авч чадаагүй байна. Би 5 үхрийн мөнгийг нь тэр үеийн ханш 350.000 төгрөгөөр нэг үхрийг тооцож төлж болох юм. Гэхдээ *******гээс мөнгөө авч байж төлнө. *******гээс мөнгөө гаргуулахаар аймгийн Цагдаагийн газарт хандсан байгаа. Харин манай адуунд Д.Б нэг охин даага нийлсэн нь үнэн. ******* нь манай дүү *******ар малаа харуулсны хөлсөнд адуу өгнө гэж байсан тул тэр хөлсөнд нь тооцож авсан. Гэхдээ одоо тэрийг байдсан гүүгээр нь төлөхөд татгалзах зүйлгүй. Үнэлгээгээр тогтоогдсон үнийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч П.Боос 3.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186.150 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч П.Боос улсын тэмдэгтийн хураамжид 70.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар ******* ******* ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /үнэлгээ/ гаргасны ажлын хөлс 50.000 төгрөгийг зохигчдод хуваарилан хариуцуулж, нэхэмжлэгч *******оос 25.000 төгрөг, хариуцагч П.Боос 25.000 төгрөг тус тус гаргуулж, ******* ******* ХХК /үнэлгээчин *******/ -ийн ХААН банк дахь ******* тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч П.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Б нэхэмжлэлтэй 5 үхэр, 1 байдсан гүүний 3.500.000 төгрөгийн хариуцагчаар оролцсон.

Тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 131/ШШ2020/00464 дугаартай шийдвэрийн 5 үхэр, 1 байдсан гүүний 3.500.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 10.950 төгрөг, ******* ХХК-ийн шинжээчийн дүгнэлт гаргасны 25.000 төгрөг зэргийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Үүнд: би Д.Б 5 үхрийг аваагүй бөгөөд намайг өөрийн үхрээ Нэргүй овогтой *******д өгөх гэж байхад өөрийн 5 үхрийг авахгүй байна хамт нийлүүлж өгий гэж гуйсан ба манай эхнэрийн төрсөн дүү учраас зөвшөөрсөн. Д.Б үхэрт 4 шүдлэн 1 бяруу нийт 5 үхэр байсан тэр үед шүдлэн үхэр 300000 байсан ч Н. ******* 340000 төгрөгөөр тооцож зээл авч явсан. Мөн Н.*******гээс 2015 оноос одоог хүртэл мөнгөө аваагүй байгаа. Нийт 12.000.000 авах ба Н.*******гээс мөнгөө авсан даруйдаа Д.Б мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Байдсан гүүний хувьд 1 байдас нь манай адуунд нийлээд 3 жил болоод гүүгээ даага, унагатай нь авсан. Одоо Д.Б өөрийн адуунд миний тамга болох саран дэвсгэртэй чандмань тамгатай гүү байгаа ба миний төрсөн дүү ******* дээр адуу, үхэрээ тавьж хөлс болгож гүүний нэг төлийг үхрийн хөлсөнд бяруу өгнө гэсэн боловч өгөөгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                                                 ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч П.Б холбогдуулан 10 үхрийн үнэ 9.000.000 төгрөг, 1.700.000 төгрөгийн үнэ бүхий нэг тооны гүү, нэг тооны даага, нэг тооны унага, нийт 10.700.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* үнэлгээгээр тогтоогдсон үнээр 6 тооны үхэр, 1 байдсан гүүг үнэлж, нийт 4.300.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Анхан шатны шүүх  хариуцагч П.Боос 2 толгой  эр үхрийн үнэ 1600 000 төгрөг, 3 толгой хязаалан үхрийн үнэ 1500 000 төгрөг, 1 байдсан гүүний үнэ 400 000 төгрөг, нийт 3500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 800000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч  П.Б эс зөвшөөрч  гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Анхан шатны шүүх  нэхэмжлэгч Д.Б  бичсэн нэхэмжлэлийн хувийг хариуцагч П.Б 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гардуулж улмаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргийг хүлээлгэхдээ 7 хоногийн хугацаа тогтоож, хариуцагчийн хүсэл зоригоо илэрхийлэх эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д зааснаас богиносгосон хугацаа  тогтоож хууль зөрчжээ.

 Өөрөөр хэлбэл  шүүх иргэний хэргийг 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр үүсгэж, 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулсан тохиолдолд  хариуцагчид хариу тайлбар гаргах хугацааг  14 хоногоос доошгүй хугацаагаар  тогтоох байтал 7 хоногоор тогтоосныг  хариуцагчийн эрхийг хязгаарласан,  хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны журам зөрчсөн  гэж үзнэ.

 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд хариуцагч гаргасан гэх тайлбарыг хэн гаргасан нь тодорхойгүй, гарын үсгээ зураагүй тайлбарыг хэрэгт хавсаргажээ.

Хариуцагч П.Б нь “...Н.*******гээс 2015 оноос одоог хүртэл мөнгөө аваагүй байгаа. Нийт 12.000.000 авах ба Н.*******гээс мөнгөө авсан даруйдаа Д.Б мөнгийг нь өгнө гэж...”  шүүх болон шүүх хуралдаанд тайлбарладаг бөгөөд анхан шатны шүүх хариуцагч П.Б нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Н.Лхасүрэнтэй тохиролцон  үхэр нийлүүлэх явцад нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн 5 тооны үхрийг П.Бын  үхэрт нийлүүлэн Н.*******д өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоож байна,  нэхэмжлэгч *******, хариуцагч  П.Б нарын хооронд Иргэний хуульд заасан гэрээ хэлцэл хийгдээгүй, гэрээнээс үүдэлтэй шаардах эрх болон үүрэг үүсээгүй байна гэж дүгнээд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар П.Быг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Хэрэв анхан шатны шүүх нэхэмжлэгч *******  өөрийн өмчлөлийн 5 тооны үхрийг П.Бын  үхэрт нийлүүлэн Н.*******д өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоож байна гэж үзэж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т   “шаардлагатай гэж үзвэл  шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасны дагуу  Нэргүйн Лхасүрэнг  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулах эрхтэй байх бөгөөд шүүх нэхэмжлэгчид хамтран хариуцагчаар татан оролцуулах эрхийг танилцуулж, хүсэлт гаргах боломжоор хангах үүрэгтэй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглээгүй байх  тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3-т зааснаар  анхан шатный шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 131/ШШ2020/00464 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр  дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Хариуцагч П.Бын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 91.750 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас  шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 131/ШШ2020/00464 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч П.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу  тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл  зохигч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ