| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00752/И |
| Дугаар | 131/ШШ2024/00794 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 131/ШШ2024/00794
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овгийн *******гийн *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:******* овгийн *******ийн *******д холбогдох алданги 60,000,0000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.*******/цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* танхимаар тус тус оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэлийн шаардлага/тодруулсан/: 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг дуустал хугацааны 127 хоногийн алданги 60,000,000 төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэлийн үндэслэл: Ж.******* нь 2020 онд , Л.******* бидний эзэмшлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн 2 дугаар гудамжны а хаягт байршилтай 846 мкв газрыг худалдан авсан.
Гэвч Ж.******* 2023 оны 09 дүгээр сар хүртэл ямар нэг шийдэлгүй, үнийг орон сууц барьж дууссаны дараа өгмөөр байна, өөр боломж алга гэхэд 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр газрын эрхийг шилжүүлж өгсөн.
Гэрээнд 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үүргээ биелүүлэх, хэрэв хугацаа хэтэрвэл 120,000,000 төгрөгөөс хоногийн 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон.
Х.******* нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 120,000,000 төгрөгийг Л.******* надад төлсөн. Хугацаа хэтрүүлсэн 127 хоногийн алданги 76,200,000 төгрөг болж байгаа.
Гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцож, Х.*******гаас 127 хоногийн алданги 60,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
3. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Тооцоо, нийлж, төлбөр барагдуулах гэрээ/2024.09.26 №0969/, Худалдах, худалдан авах гэрээ/2023.09.26 №0967/
4. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.
5. Татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай
6. Татгалзлын үндэслэл: ын газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг эс зөвшөөрч Х.******* миний бие сөрөг нэхэмжлэл гаргасан байсан.
Гэтэл нэхэмжлэгч талаас эвлэрэх санал гаргаж, бид 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулж, Х.******* нь 120,000,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний дотор Л.*******т төлөхөөр болсон.
Үүний дагуу зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар шүүгчийн захирамж гарсан.
Х.******* миний бие банкнаас зээл олгосон 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 120,000,000 төгрөгийг Л.*******ийн тоот дансанд шилжүүлсэн. Урьд миний бие 60,000,000 төгрөг, Prius-30 маркийн автомашиныг өгч байсан.
7. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Хаан банк ХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга/Х.*******/
8. Хариуцагч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар-ын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 276 дугаар албан бичиг, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар шийдвэртэй, ын нэхэмжлэлтэй Х.*******д холбогдох иргэний хэргийн материал
Үндэслэх нь:
1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Х.*******д холбогдуулан Газрын үнийг тохирсон хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг дуустал хугацааны 127 хоногийн алданги 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ./Хавтаст хэргийн 1-2 хуудас/
Хариуцагч Х.******* нь Газрын үнийг бүрэн төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Л.*******ийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ./Хавтаст хэргийн 27 хуудас/
2. Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 131/ШЗ2024/02272 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэхээр шийдвэрлэсэн./Хавтаст хэргийн 30-31 хуудас/
Энэхүү шүүгчийн захирамжаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар-ын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 276 дугаар албан бичгээр Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар шийдвэртэй ын нэхэмжлэлтэй Х.*******д холбогдох иргэний хэргийг бүхэлд нь хуулбарлаж, нотлох баримтаар ирүүлсэн болно./Хавтаст хэргийн 36-127 хуудас/
Уг иргэний хэрэгт авагдсан 0000107960 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээнээс үзэхэд Баянхонгор аймгийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 449/2 дүгээр захирамжаар Даваажавын Насанжаргалд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн Чандмань-2 гудамжны хаягт байрлах, 864 мкв талбайтай газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ./Хавтаст хэргийн 40 хуудас/
3. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз , 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тус тус тодорхойлжээ.
Нэхэмжлэгч Л.*******, түүний нөхөр нар нь хариуцагч Х.*******тай анх дээрх 864 мкв талбайтай газрыг эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулахдаа анз/алданги/ төлөх талаар тохиролцоогүй, уг гэрээг бичгээр байгуулаагүй тул алданги 60,000,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй.
Учир нь газар эзэмшигч нь дээрх 864 мкв талбайтай газрын эзэмших эрхээ хариуцагч Х.*******д шилжүүлэх гэрээг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр бичгээр байгуулжээ/Хавтаст хэргийн 68-69 хуудас/.
Энэхүү газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд анзын талаар тусгаагүй байх тул нэхэмжлэгч Л.*******ийн нөхөр болон хариуцагч Х.******* нар нь анхнаасаа үүргийн гүйцэтгэлийг хангах аргын талаар харилцан тохиролцоогүй гэж үзэхээр байна.
4. Анз нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга болохын хувьд үүрэг гүйцэтгэгч анх гэрээ байгуулах эсэхээ шийдвэрлэхэд нөлөөлөх хүчин зүйл байдаг тул зохигчийн хооронд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 0969 дүгээр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-гээр алданги тооцох эрх зүйн үндэслэлгүй/Хавтаст хэргийн 8-9 хуудас/
Учир нь нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Х.******* нарын хооронд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 0969 дүгээр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ний 2.1 дэх заалтад Үндсэн гэрээний огноо, нэр: 2023.09.26, Худалдах, худалдан авах гэрээ/Үл хөдлөх эд хөрөнгө/, бүртгэлийн дугаар 0967, Үндсэн төлбөрийн хэмжээ 190,000,000 төгрөгөөс 70,000,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 120,000,000 төгрөгийг 2023.12.31 өдрийн дотор өгөхөөр тохиролцсон. Алдангийн хэмжээ: хугацаа хэтэрсэн тохиолдолд төлөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувь гэжээ.
Энэхүү Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ний үндсэн гэрээ болох 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0967 дугаар Худалдах, худалдан авах гэрээ/Үл хөдлөх эд хөрөнгө/-г нэг талаас Л.*******, , Н.Оюунбилэгт болон нөгөө талаас Х.******* нар байгуулжээ./Хавтаст хэргийн 139-140 хуудас/
Уг Худалдах, худалдан авах гэрээ/Үл хөдлөх эд хөрөнгө/-гээр худалдагч , Л.*******, Д.Оюунбилэгт болон худалдан авагч Х.******* нар нь эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаарт бүртгэлтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багт байршилтай, 134 мкв талбайтай хувийн сууцыг 120,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцжээ.
5. Харин дээрх Худалдах, худалдан авах гэрээ/Үл хөдлөх эд хөрөнгө/-гээр нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Х.******* нар нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн Чандмань-2 гудамжны хаягт байрлах, 864 мкв талбайтай газрыг 120,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Тодруулбал газар дээр байрлах хувийн сууцыг худалдах, худалдан авах гэрээг хувийн сууцны доорх газрыг худалдах, худалдан авах гэрээ дүгнэх боломжгүй.
Хувийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд анзын гэрээ байгуулсныг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анзын гэрээ байгуулсан гэж үзэхгүй.
Учир нь шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлдэг.
6. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Х.*******д холбогдох алданги 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн Чандмань-2 гудамжны хаягт байрлах, 864 мкв талбайтай газрын үнэ 120,000,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дотор төлөөгүй, харин 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төлсөн гэж тодорхойлдог.
Гэвч хариуцагч Х.******* нь дээрх 864 мкв талбайтай газрын үнэ 120,000,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч Л.*******т төлөх үүрэг хүлээсэн гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Харин хариуцагч Х.******* нь эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаарт бүртгэлтэй, хувийн сууцны үнэ 120,000,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч Л.*******т төлөх үүрэг хүлээсэн нь Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-гээр нотлогддог.
Шүүхээс нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулахад нэхэмжлэгч Л.******* нь хувийн орон сууцны үнийг хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлээр бус харин газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд заасны дагуу газрын үнийг хугацаанд нь төлөөгүй хэмээн хариуцагч Х.*******гаас алданги нэхэмжилж буйгаа шүүх хуралдаанд тодруулан тайлбарладаг.
Энэ тохиолдолд шүүхээс шаардлага, үндэслэлээ тодорхойлох нэхэмжлэгчийн диспозитив эрхийг зөрчиж, түүний алданги гаргуулах тухай шаардлагын үндэслэлийг өөрчилж, хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй юм.
Учир нь хариуцагчийг тодорхойлох, түүнээс юуг, ямар үндэслэлээр шаардах нь нэхэмжлэгчийн эрх бөгөөд шүүх нь хөндлөнгийн байгууллагын хувьд уг эрхийг зөрчихгүй хэмжээнд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах ажиллагаа хийх боломжтой.
7. Энэхүү иргэний хэргийн зохигч хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний тухайд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анзын гэрээ байгуулагдсан гэх үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Иймд нэхэмжлэгч Л.*******ийн хариуцагч Х.*******д холбогдох 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг дуустал хугацааны 127 хоногийн алданги 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, уг хэсгийн 65.1.5 дахь заалтад нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэжээ.
Хуулийн дээрх заалтад дурдсан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заажээ.
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтаар хариуцагч Х.******* нь үндсэн гэрээний төлбөр 120,000,000 төгрөгийг нэхэмжлэгч /Л.*******/-д 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр, нэхэмжлэгч /Л.*******/ нь 120,000,000 төгрөгийг хүлээн авч, Х.*******д газрын эрхээ шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцож, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ./Хавтаст хэргийн 121-124 хуудас/
Уг шүүгчийн захирамжаар хянан шийдвэрлэгдсэн иргэний хэрэгт Л.******* нь зохигчоор оролцоогүй хэдий ч шүүхийн шийдвэрт Х.*******гаас 120,000,000 төгрөгийг хүлээн авахаар нэр тусгагдсан, уг иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцсон ын эхнэр байна.
Мөн түүнчлэн нэхэмжлэгч Л.******* нь Худалдах, худалдан авах гэрээ/Үл хөдлөх эд хөрөнгө-нд өөрийгөө болон нөхөр ыг төлөөлж, Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-нд дангаар оролцож, хариуцагч Х.*******тай гэрээ байгуулсан.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл нэхэмжлэгч Л.*******ийг хариуцагч Х.*******гаас алданги гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй байна.
Иймд Л.*******ийн нэхэмжлэлтэй Х.*******д холбогдох алданги гаргуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь заалт, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзалгүйгээр агуулгын хувьд хянан шийдвэрлэсэн болно.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заажээ.
Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Л.*******ийн хариуцагч Л.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. 1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.*******ийн хариуцагч Х.*******д холбогдох 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг дуустал хугацааны 127 хоногийн алданги 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.*******ийн хариуцагч Х.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ