Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 101/2019/04961/И |
Дугаар | 210/МА2020/01237 |
Огноо | 2020-06-08 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2020/01237
П.Эын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
П.Эын нэхэмжлэлтэй хариуцагч ХХААХҮЯанд холбогдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17 381 622 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэлмүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд, түүний өмгөөлөгч А.Отгондорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэгч П.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тэмүүлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Э ХХААХҮЯны бодлого төлөвлөлтийн газрын санхүүгийн хэлтэст ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б-42 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0607 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0620 дугаар магадлалаар тогтоож, намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулж шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн, магадлал хүчин төгелдөр болсноос хойш хариуцагчийн зүгээс намайг урьд эрхэлж байсан албан тушаал болох ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор томилоогүй, одоог хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар байна. Миний урьд эрхэлж байсан албан тушаалын нэг сарын цалин, хөлсний хэмжээ нь 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 264 дугаартай Төрийн зарим албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын дагуу ТЗ-8 зэрэглэлээр үндсэн цалин 859 609 төгрөг, нэмэгдэл 128 941 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш Монгол Улсын Засгийн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дугаартай Төрийн зарим албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын дагуу ТЗ-8 зэрэглэлээр үндсэн цалин 928 378 төгрөг, нэмэгдэл 139 256 төгрөг байгаа болно. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь миний ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс ажлын 128 хоногийн хугацааны цалинг тооцож, олгохоор шийдвэрлэсэн. Иймд ХХААХҮЯнаас ажилгүй байсан хугацааны цалин буюу 2018 оны 9 дүгээр сарын үлдсэн 13 хоногийн цалин буюу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлээгүй хугацааны цалин болон 2018 оны 10, 11, 12 дугаар сарын цалин 3 502 356.50 төгрөг, 2019 оны 1 дүгээр сараас одоог хүртэлх хугацааны цалин 9 608 706 төгрөг нийт 14 178 726 төгрөгийг гаргуулж өгнө үү. Иймд миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шиидвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа ажилгүй байсан хугацаа болох 2019 оны 11, 12 сар, 2020 оны 1 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 3 202 896 /гурван сая хоёр зуун хоёр мянга найман зуун ерэн зургаан/ төгрөгөөр ихэсгэж байх тул хариуцагчаас нийт 17 381 622 /арван долоон сая гурван зуун наян нэгэн мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжпэгч П.Э нь ажилгүй байсан хугацааны цалин 14 178 726 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төсөв нь төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайдын багцад багтдаг бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн зориулалтыг баталдаг юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2019 оны төсөвт энэхүү төлбөрийг төлөх зардал тусгагдаагүй байна. Нэхэмжпэгч П.Э нь ажилгүй байсан болох 2019 оны 11, 12 дугаар сар, 2020 оны 01 дүгээр сарын цалин 3,202,896 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны төсөвт энэхүү төлбөрийг төлөх зардал тусгагдаагүй байна. Төсөвт тусгагдсан мөнгийг зориулалтын дагуу зарцуулдаг, хэрвээ төсвийн зориулалтыг өөрчилвөл хууль зөрчдөг. Мөн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчийн нэр регистрээр төлөөгүйг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж үзнэ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан маргааны талаар гомдол гаргах хугацаа мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах заалтад мөн адил хамаарах тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ, цалин хөлсийг нэхэмжлэхдээ дундаж цалин хөлсөөр тооцож нэхэмжлэхгүй байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 356 679 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Эт олгож, нэхэмжлэлээс 13 024 943 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4 356 679 төгрөгийг олгохдоо хуульд заасан зохих шимтгэлийг суутган, нэхэмжлэгч П.Эын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 84 657 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тэмүүлэн заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүх “...хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байхад шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон даруй нэхэмжлэгч шүүхэд гаргаагүй байдлыг харгалзан хүсэлт гаргасан 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар тооцож ажилгүй байсан хугацааны олговрыг олгох нь зүйтэй гэж үзлээ” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна. П.Эыг ажил, албан тушаалаас нь үндэслэлгүйгээр халсныг тогтоох хуучин эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилох тухай уг шүүхийн шийдвэрийг ХХААХҮЯ биелүүлэхгүй байсаар өдийг хүрч, улмаар энэ хугацаанд П.Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй, шүүхээс ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох шийдвэр гарсан байхад ХХААХҮЯны буруутай шийдвэрээс болж олох ёстой байсан цалин хөлсөөрөө хохирсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгох үүрэгтэй” гэж хуульчилсан байхад ХХААХҮЯ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй буюу гүйцэтгээгүй буруутай үйлдэлд П.Э буруугүй юм. Гэтэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 4 356 679 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Монгол улсад дагаж мөрдөгдөж байгаа хуулиудад хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр заавал хүсэлт гаргах ёстой гэсэн агуулга бүхий заалт байхгүй. Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс П.Эыг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон даруй шүүхэд гаргах ёстой байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д “төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг дараах тохиолдолд албадан гүйцэтгүүлэхээр шүүгч захирамж гаргана” гэж заасан бөгөөд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргах эсэх нь төлбөр авагчийн өөрийн эрхийн асуудал болохыг хуульд тодорхой зааж зохицуулсан бөгөөд энэ нөхцөлд хүргэсэн буруутай этгээд нь хариуцагч болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч ХХААХҮЯанд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 14 178 726 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 3 202 896 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 17 381 622 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна. /хх.1-2, 37, 32, 41/
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0607 дугаартай шийдвэрээр П.Эыг урьд эрхэлж байсан Хүнс, хөдөө аж ахуйн яамны Бодлого төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх 128 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 487 437 төгрөгийг П.Эт олгон, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг ХХААХҮЯанд даалгаж, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 0620 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх.15-22/
Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч П.Эыг тухайн албан тушаалыг эрхэлж байхдаа сарын үндсэн цалин 795 935 төгрөг, нэмэгдэл 107 692 төгрөгийн цалин авч байсныг тодорхойсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлсний хэмжээг дахин нотлохгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч байгууллага биелүүлэх үүрэгтэй боловч биелүүлээгүй, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, бүрэн биелэгдээгүй байгаа болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 7114 дугаартай албан бичгээр тогтоогдсон.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч П.Эын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарсан өдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлага гаргасан өдөр буюу 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар тооцож хариуцагчаас гаргуулахаар тооцож шийдвэрлэсэн нь буруу болно.
Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан өдрөөс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдөр хүртэл тооцох нь зүйтэй байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 17 381 622 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.