Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/1122

 

 

 

 

 

 

    2022           11             23                                       2022/ДШМ/1122           

 

 

Г.Б, П.Ч, Д.Б, Б.Б

 нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

  

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхболд,  

шүүгдэгч П.Ч, Д.Б, Б.Б нарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/895 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Ч, Д.Б, Б.Б нарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Б, П.Ч, Д.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн  4 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

1.  Г Г.Б, 

2.  П.Ч, 

3. Д.Б,

4. Б.Б, 

1. Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөрНэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт 1.8 гр бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

мөн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн Эрүүгийн ахлах мөрдөгч Б.Б, мөрдөгч П.Ч, Д.Б нар нь бүлэглэн хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэгтэй, ач холбогдолтой гэж үзсэн мэдээ сэлт агуулсан мэдүүлэг авах, улмаар хэрэг хүлээлгэх зорилгоор иргэн Г.Быг цохиж, зодон бие махбодыг шаналган зовоож эрүүдэн шүүсэн гэх хэрэгт Г.Б нь хохирогчоор тогтоогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо буюу мөрдөн шалгах ажиллагааны үед 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авлигатай тэмцэх газрын албан байрны “Мэдүүлэг авах Б-103” тоот өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 14 цаг 25 минутад хохирогчоор дахин мэдүүлэг өгөхдөө “...Би худлаа ярьсан юм..энэ хүмүүс намайг зодсон гэж худлаа ярьсан. Энэ асуудал энэ хүртэл даамжраад явна гэж бодоогүй...” гэж, мөн үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа тухайн өдөр уг өрөөнд 15 цаг 00 минутад яллагдагч П.Чтай нүүрэлдэж мэдүүлэг өгөхдөө “...ямар нэг байдлаар надад гар хүрээгүй зодоогүй 00-д ч тэр, хоёрдугаар хэлтэст байхдаа ч тэр... ямар нэг байдлаар энэ хүмүүсийг хохирооё гэсэн бодолтой, дургүй хүрээд байсан учраас ийм мэдүүлэг өгсөн байгаа. Надад хэн нь ч ямар нэгэн байдлаар халдаагүй..." гэж тус тус зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч П.Ч нь төрийн албан хаагчаар буюу Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа тус цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч Б.Б, мөрдөгч Д.Б нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч тухайн цаг хугацаанд хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэгтэй, ач холбогдолтой гэж үзсэн мэдээ сэлт агуулсан мэдүүлэг авах, улмаар хэрэг хүлээлгэх гэсэн санаа зорилго, үйлдлээрээ нэгдэж бүлэглэн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр иргэн М.Хцагдаагийн байгууллагад гаргасан “хүмүүс хар өвс татаад байна” гэх гэмт хэргийн талаарх дуудлага, мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэс буюу өөрийн ажлын байрны 2 давхрын ариун цэврийн өрөөнд хаанаас, хэнээс авснаа хэл, үнэнээ хэл" гэх мэтээр хэрэг хүлээлгэж мэдүүлэг авах зорилгоор иргэн Г.Быг цохиж, зодон бие махбодыг шаналган зовоож эрүүдэн шүүсэн гэмт хэрэгт,

мөн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр иргэн М.Хцагдаагийн байгууллагад гаргасан “хүмүүс хар өвс татаад байна гэх бүртгэлийн С-3-1670 дугаартай гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хойшлуулшгүй ажиллагааны явцад эд мөрийн баримтаар хураагдсан “өвс” мэт зүйлд “шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн өөрийнхөө тогтоолын дагуу хийгдсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн лабораторийн шинжээч Д.Золзаяагийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1928 дугаартай дүгнэлтийг дээрх гомдол, мэдээллийг шалгасан материалд хавсаргалгүйгээр 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай" 1109 дугаартай санал гаргаж Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт материалыг шилжүүлж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэмт хэрэгт,

3. Шүүгдэгч Д.Б нь төрийн албан хаагчаар буюу Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа тус цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч Б.Б, мөрдөгч П.Ч нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч тухайн цаг хугацаанд хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэгтэй, ач холбогдолтой гэж үзсэн мэдээ сэлт агуулсан мэдүүлэг авах, улмаар хэрэг хүлээлгэх гэсэн санаа зорилго, үйлдлээрээ нэгдэж бүлэглэн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр иргэн М.Хцагдаагийн байгууллагад гаргасан “хүмүүс хар өвс татаад байна” гэх гэмт хэргийн талаарх дуудлага, мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэс буюу өөрийн ажлын байрны 2 давхрын ариун цэврийн өрөөнд “хаанаас, хэнээс авснаа хэл, үнэнээ хэл” гэх мэтээр хэрэг хүлээлгэж мэдүүлэг авах зорилгоор иргэн Г.Быг цохиж, зодон бие махбодыг шаналган зовоож эрүүдэн шүүсэн гэмт хэрэгт,

4. Шүүгдэгч Б.Б нь төрийн албан хаагчаар буюу Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа тус цагдаагийн тасгийн мөрдөгч П.Ч, мөрдөгч Д.Б нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч тухайн цаг хугацаанд хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэгтэй, ач холбогдолтой гэж үзсэн мэдээ сэлт агуулсан мэдүүлэг авах, улмаар хэрэг хүлээлгэх гэсэн санаа зорилго, үйлдлээрээ нэгдэж бүлэглэн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр иргэн М.Хцагдаагийн байгууллагад гаргасан “хүмүүс хар өвс татаад байна” гэх гэмт хэргийн талаарх дуудлага, мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн 3 давхарт байрлах мөрдөгч П.Чын албан өрөөнд "хаанаас, хэнээс авснаа хэл, үнэнээ хэл" гэх мэтээр хэрэг хүлээлгэж мэдүүлэг авах зорилгоор иргэн Г.Быг цохиж, зодон бие махбодыг шаналган зовоож эрүүдэн шүүсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

П.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,  

Д.Бүйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан шүүгдэгч П.Ч, Д.Б, Б.Б нарыг Төрийн албан хаагчаар ажиллаж байх үедээ бүлэглэн хохирогч Г.Быг “хэрэг хүлээлгэж мэдүүлэг авах зорилгоор цохиж зодон бие махбодийг шаналган зовоож эрүүдэн шүүсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд, П.Чыг “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Быг “сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” буюу Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан “үргэлжилсэн үйлдлээр худал мэдүүлэг өгсөн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ч, Д.Б, Б.Б нарыг 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Чыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1  жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэсэгт оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу  5.400.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг 12.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12.400.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Б.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд, шүүгдэгч П.Чд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүдэгч Д.Б, Б.Б, П.Ч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор солихыг анхааруулж шүүгдэгч Г.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1.8 гр өвс гэх нэршилтэй бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтын хувийн шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч П.Ч, Д.Б, Б.Б нарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчдийг шүүхээс гэм буруутайд тооцохдоо хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа бөгөөд П.Чын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд харин миний үйлчлүүлэгчид бүгд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “Эрүү шүүлт” тулгах гэмт хэрэг үйлдсэнээ эс хүлээн зөвшөөрдөг. Учир нь, хавтаст хэрэгт яллагдагчид буюу П.Ч, Д.Б, Б.Б нар хохирогч Г.Быг цохьж зодоогүй, эрүүдэн шүүгээгүй гэж мэдүүлдэг, харин Г.Б нь намайг зодсон, эрүүдэн шүүсэн мэтээр мэдүүлдэг бөгөөд уг мэдүүлгийн зөрүүг арилгах зорилгоор яллагдагч нарын зүгээс хүсэлт гаргаж, хохирогчтой нүүрэлдүүлсэн мэдүүлэг авдаг. Миний үйлчлүүлэгчдийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх 161-162, 165-166, 169-170/ талд хохирогчийг эрүүдэн шүүгээгүй талаар маш тодорхой мэдүүлсэн байдаг төдийгүй камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд ч энэ талаар авагдсан байдаг. Харин уг мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хийж гүйцэтгэхэд хохирогч мэдүүлэхдээ миний үйлчлүүлэгч нарыг цохиж зодоогүй гэж мэдүүлэх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн миний үйлчлүүлэгч нарыг цохиж, зодсон гэх мэдүүлэг нь үгүйсгэгдэнэ. Өөрөөр хэлбэл, хохирогчийн миний үйлчлүүлэгчдийг эрүүдэн шүүсэн гэх мэдүүлэг үгүйсгэгдэж, миний үйлчлүүлэгчдийн эрүүдэн шүүгээгүй гэдэг үйл баримт тогтоогдоно. Түүнчлэн дээрх нөхцөл байдал нь хэрэг болсон гэх үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст жижүүрийн болон ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчдийн гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр давхар нотлогддог. Уг хэргийн гол гэрч гэх Дас авсан мэдүүлэгт цохиж зодсоныг хараагүй, өндөр цагдаа нь зодоод байх шиг байсан гэх таамаг байдлаар мэдүүлсэн мэдүүлэг байдаг бөгөөд харин хохирогчийн биед үүссэн гэх хөхрөл, няцралыг хэзээ, хэн, хаана үүсгэсэн тодорхойгүй гэж үздэг. Учир нь хөхрөл няцрал нь хэзээ ч үүссэн байх боломжтой төдийгүй эрүүлжүүлэх байрны эмчийн үзлэг хяналтаар илрэхгүй байх ч боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр Г.Бын биед хөхрөлт үүссэн гэх боловч үүнийг хэзээ үүсгэсэн нөхцөл нь дан ганц цуг байсан цагдаагийн алба хаагчид гэж үзэх боломжгүй. Мөн Б.Бтухайд хэзээ, ямар байдлаар хохирогчийг цохиж, зодсон нь тодорхойгүй. Үнэхээр хохирогчийн урьд өгсөн мэдүүлгээр түүнийг унатал цохиж, зодсон бол ядаж тархи доргих, тухайн цохиж, алгадсан гэх газарт нь хөхрөл няцрал үүсэх зэрэг шинж тэмдгүүд илрэх боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн таньж олуулах ажиллагаануудыг нотлох баримтаар тооцож, таамаглал байдлаар шүүхээс шийтгэх тогтоол гаргасан. Өөрөөр хэлбэл хэн ямар үйлдэл хийсэн, хэрхэн цохиж зодсон нь тодорхойгүй байхад ял шийтгэсэн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” хэмээн зааснаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.  

Прокурор Н.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримтуудыг үнэлж, өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа нөхцөл байдлууд тогтоогдсон гэж үзэж байна. Г.Б найздаа мөрдөгч нарт эрүүдэн шүүлгэсэн талаараа хэлсэн. Тухайн үед найз нь өмгөөлөгч зааж өгсөн байдаг. Г.Б цагдаагийн байгууллагад болон Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан байдаг. Гэрч Д мэдүүлэхдээ “тухайн үед цагдаа нар цохиж зодоод байсан, хурдан шээгээч гээд өгзөг хэсэг рүү өшиглөж байсан, надад гэмтэл учирсан зүйлгүй” гэж мэдүүлсэн. Г.Б эрүүлжүүлэх байранд 2 удаа орсон. Эрүүлжүүлэх байранд түүний гадна биед үзлэг хийхэд шарх, сорви байхгүй байсан гэдэг нь хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтээр Г.Бын биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй ч гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Шинжээчээс мэдүүлэг авахад “Г.Бын биед учирсан гэмтлүүд нь бор шаргал өнгийн цус хуралтуудтай байсан нь 3 дугаар сард үүссэн байх боломжтой” гэсэн байдаг. Мөн П.Чын үйлдэл нь гэмт хэргийг давхар нотолдог. Тэрээр уг шинжээчийн дүгнэлтийг хавтаст хэрэгт хавсаргахгүйгээр нуугаад сүүлд устгасан тухайгаа мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч П.Ч, Д.Б, Б.Б нарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

1. Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 51-05 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт 1.8 гр бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

гэрч М.Дамбын: “...2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр манай найзууд болох Н, Д, М, Г.Б, Х ирээд бид хэд архи ууцгаасан. Тэгээд Г.Б бид хоёроос бусад нь унтаад өгсөн. Тэгэхэд Г.Б халааснаасаа ногоон өнгийн жижигхэн бөөрөнхийтэй өвс шиг юм гаргаад ирсэн. Тэгээд тэрийг нь ороож байгаад татчихсан. ...Г.Б нь ганцаараа татсан.” /1хх-н 152-154/,

гэрч Г.Т “...Г.Быг дуудаж сэрээгээд босгоод биед нь үзлэг хийхэд Г.Б гэх залуугийн өмдний халааснаас жижиг ууттай арцтай төстэй ногоон өнгийн өвс гарч ирсэн учир устгаж, үрэгдүүлэхээс урьдчилан сэргийлж уг айлын ширээн дээр гаргаж тавиад бүрэлдэхүүн дуудсан...” /1хх-н 104-105/,

гэрч Ж.М.Хгийн “...2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн орой 17 цагийн үед Хангайн 51-р гудамжны үзүүрт зүс таних Дтай таарсан. Гэтэл Д манайд очиж хамт архи уух уу гэхээр нь хамт гэрт нь орсон чинь 30 орчим насны залуу гэрт нь байсан. Тэгээд би Дтай архи хувааж уугаад сууж байтал тэдний гэрт байсан залуу халааснаасаа гялгар ууттай ороодог тамхи шиг бараан өнгийн зүйл гаргаж ирээд тамхины нимгэн цаасанд ороогоод татаад байсан. Намайг сорж үзэх үү гэхээр нь би үгүй гээд гэрээс нь гарч яваад дуудлага өгсөн. ...” /1хх-н 100-101/ гэх мэдүүлгүүд,   

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн лабораторийн шинжээч Д.Золзаяагийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1928 дугаартай “...1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “10,1 гр өвс мэт зүйл “СХД III” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. 4. 10,1 гр өвс мэт зүйл “СХД III” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 7,5 гр, цэвэр жин 1.8 байсан." гэх шинжээчийн дүгнэлт /2хх-н 199-200/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5114 дугаартай “1.2. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. С-3-1670 дугаартай гомдол эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч П.Ч гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. 3. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн цэвэр жин 1,5606 гр байсан ба 0,1 гр-г зарцуулав. 4. 2021 оны 4-р сарын 14-ний өдрийн 1928 дугаартай шинжээчийн дүгнэлттэй объект нь шинжилгээний үр дүнгээрээ тохирч байна...” гэх дүгнэлт /5хх-н 130-132/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-н 243-248/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /5хх 36/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар,

- мөн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч Б.Б, мөрдөгч П.Ч, Д.Б нар нь бүлэглэн хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэгтэй, ач холбогдолтой гэж үзсэн мэдээ сэлт агуулсан мэдүүлэг авах, улмаар хэрэг хүлээлгэх зорилгоор иргэн Г.Быг цохиж, зодон бие махбодыг шаналган зовоож эрүүдэн шүүсэн гэх хэрэгт Г.Б нь хохирогчоор тогтоогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо буюу мөрдөн шалгах ажиллагааны үед 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авлигатай тэмцэх газрын албан байрны “Мэдүүлэг авах Б-103” тоот өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 14 цаг 25 минутад хохирогчоор дахин мэдүүлэг өгөхдөө “...Би худлаа ярьсан юм..энэ хүмүүс намайг зодсон гэж худлаа ярьсан. Энэ асуудал энэ хүртэл даамжраад явна гэж бодоогүй...” гэж, мөн үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа тухайн өдөр уг өрөөнд 15 цаг 00 минутад яллагдагч П.Чтай нүүрэлдэж мэдүүлэг өгөхдөө “...ямар нэг байдлаар надад гар хүрээгүй зодоогүй 00-д ч тэр, хоёрдугаар хэлтэст байхдаа ч тэр... ямар нэг байдлаар энэ хүмүүсийг хохирооё гэсэн бодолтой, дургүй хүрээд байсан учраас ийм мэдүүлэг өгсөн байгаа. Надад хэн нь ч ямар нэгэн байдлаар халдаагүй..." гэж тус тус зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Бын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “...2021 оны 03 сарын 27-ны өглөө эрүүлжүүлэх байрнаас 10 цагийн орчимд гарсан. Эрүүлжүүлэх байрнаас гарах үед миний биед гэмтэл шарх байгаагүй. Эрүүлжүүлэх байрнаас гарахад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсээс алба хаагчид ирээд хамт эрүүлжүүлэхээс гарсан 5 хүнийг машинд суулгаад явсан. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр ирээд нэг давхрын хүлээлгийн хэсэгт нь суугаад нэлээн удаан хүлээсэн. Хүлээлгийн хэсэгт сууж байгаад 12-13 цагийн орчимд 3 давхар руу гараад мөрдөгч П.Чтай өрөөнд нь уулзсан. П.Ч мөрдөгчид мэдүүлэг өгчихөөд оргон зугтахгүй, дуудсан цагт ирнэ гэсэн амлалт бичиг бичиж өгчихөөд гарах гээд байж байхад П.Чын дарга нь гээд улаан өнгийн фудволк, хар бэлтгэлийн өмдтэй эрэгтэй орж ирээд “энэ яасан хүн юм” гэж асуусан. П.Ч тэр эрэгтэйд өчигдөр баригдсан, хар тамхины хэргээр орж ирсэн гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр эрэгтэй надад хандаад “хаанаас, хэнээс авсан” гэсэн. Би газраас олсон, хүнээс аваагүй гэсэн чинь “чам шиг ийм хүмүүс зөндөө орж ирдэг юм” гээд миний өөдөөс ирээд баруун гараараа зүүн хацар руу 2 удаа алгадсан. Би тэр үед гарах гээд өрөөнд босоод зогссон байсан. Би 2 дахь алгадалт дээр нь хажуу тийшээ, биеийнхээ баруун хэсгээр газарт унасан. Би газарт унахад тэр дарга нь гэх эрэгтэй “баашлаад байгаарай, бос” гээд зүүн хөлийн шилбэний урд хэсэг рүү зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би боссон, тэгсэн чинь П.Ч чи гараад байж бай гэсэн. Би гарах гэхэд нөгөө дарга нь гэх эрэгтэй надаас түрүүлээд гарсан ба би П.Ч мөрдөгчийн өрөөний үүд хэсэгт нь хүлээгээд зогсож байсан. Үүдэнд нь хүлээгээд байж байхад П.Ч мөрдөгч шээсний шинжилгээ авна гэсэн. Тэгээд тэр давхрынхаа өөр өрөөнөөс Д.Б гэдэг цагдааг дуудаад намайг дагуулаад хоёр давхрын ариун цэврийн өрөөнд оруулсан. Д надаас түрүүлж мэдүүлэг өгсөн ба араас дуудагдаад орж ирсэн. Ариун цэврийн өрөөнд байхдаа гар утсаар бичлэг хийж байсан ба П.Ч, Д.Б хоёр ээлжлээд бичлэг хийсэн шиг санаж байна. Ариун цэврийн өрөөнд оруулсны дараа бичлэг хийж байхдаа лацтай сав задалж үзүүлээд дээр нь миний нэрийг бичээд намайг сав руу шээ гэсэн. Би саванд шээгээд өгсөн. Тэгсэн чинь Д надаас түрүүлж мэдүүлэг өгчхөөд хүлээж байх үедээ шээчихсэн гээд шээс нь гарахгүй байсан. Мөрдөгч П.Ч Дамбыг ус уу, шээ гэсэн. Д угаалтуураас ус уугаад шээсээ хүргэх гээд дээш, доошоо сууж босоод байж байсан. Д суултууртай хэсгийн гадаа дээш, доошоо сууж, босож байхдаа намайг харж байсан, тэгээд шээх гээд суултууртай хэсэг рүү орж байсан. Ариун цэврийн өрөөнд байхад Дамбын шээс гарахгүй байж байхад Д.Б цагдаа гар утсаараа бичлэг хийж дуусчхаад надад хандаад “чи хаанаас авсан юм, хэнээс авснаа хэл, худлаа яриад бай” гэсэн. Би “газраас олсон нь үнэн” гэхэд зүүн гарын булчин хэсэгт баруун гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон, хажуугаас нь П.Ч “чи үнэнээ хэл, хэнээс авсан юм бэ гээд” зүүн талын хавирга хэсэг рүү баруун гараараа 2-3 удаа цохисон, Д.Б цагдаа зүүн гуяны дээд хэсэг рүү баруун хөлөөрөө 2-3 удаа өвдгөөрөө өвдөглөж цохисон, мөн шилбэ хэсэг рүү гутлынхаа урд хэсгээр өшиглөсөн, урд талд зогсож байгаад гутлынхаа урд хэсгээр өшиглөсөн. Тэр хоёр ээлжлээд л над руу ирээд өшиглөх, цохихдоо 2-3 удаа цохих, өшиглөх байдалтай байсан. Энэ үед Д шээх гээд тасалгаатай суултуурын хэсэгт сууж босоод, зарим үед угаалтуураас нь ирж ус уугаад буцаж тасалгаатай хэсэг рүүгээ орох байдалтай байсан. Гэхдээ суултуурыг хаасан тасалгаатай хэсгийн хаалга нь онгорхой байсан. Намайг өшиглөж, цохих үед шээх гээд суултуурын хэсэгт байсан ба яг өшиглөж, цохиж байгааг харсан эсэхийг мэдэхгүй. ...Би 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс хойш архи уугаагүй, хүмүүстэй зодоон, цохион хийгээгүй, цагдаагаас дуудсан цагт оччихоод бусад үед нь гэртээ байсан. Би биедээ эмчилгээ хийлгээгүй, гэртээ байж байгаад эдгээсэн. Миний биед учирсан гэмтлүүдийг П.Ч, Д.Б, нөгөө дарга нь гэх эрэгтэй учруулсан. Одоо миний биед учирсан гэмтэл эдгэсэн, одоо зовуурьтай зүйл байхгүй...” /1хх-н 141-143/,

хохирогч Г.Бын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “...энэ хүмүүс намайг зодсон юм гэж би худлаа ярьсан. Энэ асуудал энэ хүртэл даамжраад явна гэж бодоогүй. ...ямар нэгэн байдлаар энэ хүмүүсийг хохирооё гэсэн бодолтой дургүй хүрээд байсан учраас ийм мэдүүлэг өгсөн байгаа. ....”/4хх 146-147/,

гэрч М.Д“...Би яг Г.Бын хаана хаана цохиж байгааг бол хараагүй Г.Б ёолоод яая гээд дуу гаргаад байсан. Цагдаа нар Г.Быг бол зодсон Г.Б ёолоод байсан. Би тэр зодоод байсан цагдаагийн нэрийг нь мэдэхгүй өндөр цагдаа л байсан. Нойлын өрөөнд 2 цагдаа байсан. Мэдүүлэг авдаг П.Ч байсан, өөр нэг өндөр цагдаа байсан. Тэр өндөр цагдаа нь голдуу зодоод байсан. ...” /1хх 152-154/,

шинжээч эмч Т.Амартүвшингийн “...мохоо зүйл гэдэгт гар, хөл, хурц ирмэггүй гадны биет, тоосго, чулуу гэх мэт зүйлийг ойлгоно. ...Шинэ гэмтэл нь хөх ягаан өнгөтэй, 2-с дээш хоногоос хүрэн ягаан, 3-5 хоногт шаргал өнгөтэй, гэмтлийн талбайн хэмжээнээс хамаарч харилцан адилгүй хугацаанд шимэгдэж арилна. Г.Бын биед учирсан гэмтлүүд нь бор шаргал, шар өнгийн цус хуралтуудтай байсан нь 3 дугаар сарын 28-нд үүссэн байх боломжтой гэмтлүүд байсан. ... Г.Бын биед учирсан гэмтлүүд нь унах ойчих үед үүсэх боломжгүй. Эдгээр гэмтлүүд нь биеийн олон хэсгүүдэд байгаа учраас тус бүрдээ цохих хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой, биеийн олон хэсгүүдэд байгаа учраас нэг удаа унахад үүсэхгүй...” /1хх-н 202, 2хх-н 227/, гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2973 дугаартай “...1. Г.Бын биед зүүн бугалга, 2 гуя, 2 шилбэний цус хуралт, цээжний зүүн талын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн хуучин гэмтэл байна./1хх-н 197-198/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар,

Хоёр: Шүүгдэгч П.Ч нь төрийн албан хаагчаар буюу Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа,

шүүгдэгч Д.Б нь төрийн албан хаагчаар буюу Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа,

шүүгдэгч Б.Б нь төрийн албан хаагчаар буюу Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч тухайн цаг хугацаанд хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэгтэй, ач холбогдолтой гэж үзсэн мэдээ сэлт агуулсан мэдүүлэг авах, улмаар хэрэг хүлээлгэх гэсэн санаа зорилго, үйлдлээрээ нэгдэж бүлэглэн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр иргэн М.Хцагдаагийн байгууллагад гаргасан “хүмүүс хар өвс татаад байна” гэх гэмт хэргийн талаарх дуудлага, мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс буюу ажлын байрны 2 давхрын ариун цэврийн өрөөнд “хаанаас, хэнээс авснаа хэл, үнэнээ хэл” гэх мэтээр хэрэг хүлээлгэж мэдүүлэг авах зорилгоор иргэн Г.Быг цохиж, зодон бие махбодыг шаналган зовоож эрүүдэн шүүсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Г.Бын “...П.Чын дарга нь гээд улаан өнгийн фудволк, хар бэлтгэлийн өмдтэй эрэгтэй орж ирээд “энэ яасан хүн юм” гэж асуусан. П.Ч тэр эрэгтэйд өчигдөр баригдсан, хар тамхины хэргээр орж ирсэн гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр эрэгтэй надад хандаад хаанаас, хэнээс авсан гэсэн. Би газраас олсон, хүнээс аваагүй гэсэн чинь “чам шиг ийм хүмүүс зөндөө орж ирдэг юм” гээд миний өөдөөс ирээд баруун гараараа зүүн хацар руу 2 удаа алгадсан. Би 2 дахь алгадалт дээр нь хажуу тийшээ, биеийнхээ баруун хэсгээр газарт унасан. Би газарт унахад тэр дарга нь гэх эрэгтэй баашлаад байгаарай бос гээд зүүн хөлийн шилбэний урд хэсэг рүү зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би боссон, тэгсэн чинь П.Ч чи гараад байж бай гэсэн. Би гарах гэхэд нөгөө дарга нь гэх эрэгтэй надаас түрүүлээд гарсан ба би П.Ч мөрдөгчийн өрөөний үүд хэсэгт нь хүлээгээд зогсож байсан. Үүдэнд нь хүлээгээд байж байхад П.Ч мөрдөгч шээсний шинжилгээ авна гэсэн. Тэгээд тэр давхрынхаа өөр өрөөнөөс Д.Б гэдэг цагдааг дуудаад намайг дагуулаад хоёр давхрын ариун цэврийн өрөөнд оруулсан. Д надаас түрүүлж мэдүүлэг өгсөн ба араас дуудагдаад орж ирсэн. Ариун цэврийн өрөөнд байхдаа гар утсаар бичлэг хийж байсан ба П.Ч, Д.Б хоёр ээлжлээд бичлэг хийсэн шиг санаж байна. Ариун цэврийн өрөөнд оруулсны дараа бичлэг хийж байхдаа лацтай сав задалж үзүүлээд дээр нь миний нэрийг бичээд намайг сав руу шээ гэсэн. Би саванд шээгээд өгсөн. ...Ариун цэврийн өрөөнд байхад Дамбын шээс гарахгүй байж байхад Д.Б цагдаа гар утсаараа бичлэг хийж дуусчхаад надад хандаад “чи хаанаас авсан юм, хэнээс авснаа хэл, худлаа яриад бай” гэсэн. Би “газраас олсон нь үнэн” гэхэд зүүн гарын булчин хэсэгт баруун гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон, хажуугаас нь П.Ч “чи үнэнээ хэл, хэнээс авсан юм бэ гээд” зүүн талын хавирга хэсэг рүү баруун гараараа 2-3 удаа цохисон, Д.Б цагдаа зүүн гуяны дээд хэсэг рүү баруун хөлөөрөө 2-3 удаа өвдгөөрөө өвдөглөж цохисон, мөн шилбэ хэсэг рүү гутлынхаа урд хэсгээр өшиглөсөн, урд талд зогсож байгаад гутлынхаа урд хэсгээр өшиглөсөн. Тэр хоёр ээлжлээд л над руу ирээд өшиглөх, цохихдоо 2-3 удаа цохих, өшиглөх байдалтай байсан. ...Би биедээ эмчилгээ хийлгээгүй, гэртээ байж байгаад эдгээсэн. Миний биед учирсан гэмтлүүдийг П.Ч, Д.Б, нөгөө дарга нь гэх эрэгтэй учруулсан. Одоо миний биед учирсан гэмтэл эдгэсэн, одоо зовуурьтай зүйл байхгүй. ...Би өргөдөл гаргахдаа он сар, өдрийг нь андуурсан байна. Өргөдөл гаргасныхаа дараа мэдүүлэг өгөхдөө 3 дугаар сарын 28-ны өдөр гэж андуурч мэдүүлсэн байна. Мөн шүүх эмнэлэгт үзүүлэхдээ өдрөө андуурч байсан учраас 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гэж хэлсэн байна. Намайг зодсон өдөр бол шээсний шинжилгээ өгсөн өдөр байгаа. Мэдүүлэг өгөхдөө он сарыг андуурч хэлсэн байна...” /хх 1хх 141-143, 146-149/,

гэрч М.Д“...Шээсний шинжилгээ өгөх гэсэн миний шээс хүрэхгүй байсан. Шээсний шинжилгээг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн нойлын өрөөнд авсан. Намайг шээ гээд ус уулгасан. Би яг Г.Бын хаана хаана цохиж байгааг бол хараагүй Г.Б ёолоод яая гээд дуу гаргаад байсан. Цагдаа нар Г.Быг бол зодсон Г.Б ёолоод байсан. Би тэр зодоод байсан цагдаагийн нэрийг нь мэдэхгүй өндөр цагдаа л байсан. Нойлын өрөөнд 2 цагдаа байсан. Мэдүүлэг авдаг П.Ч байсан, өөр нэг өндөр цагдаа байсан. Тэр өндөр цагдаа нь голдуу зодоод байсан. П.Ч намайг хурдан шээгээч гэж миний өгзөг хэсэгт өшиглөж байсан. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй зовиур үүсээгүй...” /1хх 153-154/,

гэрч Д.Б“...ирж уулзаад надад өөрийнхөө зүүн мөрөө гаргаж харуулсан. Г.Бын мөрийг нь харахад бугалгын дээд хэсэгтээ бүхэлдээ биш жоохон хэсэгтээ хөхөрсөн харагдсан. Г.Быг ирэх үеэр ба яаралтай ажилтай болсон учраас түүнд чи өмгөөлөгч аваад болсон зүйлээ хэлээд эхний удаад хууль зүйн зөвлөгөө ав, ярилцаад авахаар бол хоорондоо яриад шийдээрэй гэж хэлсэн. Миний ажлын цаг болоод яаралтай явах болсон учир өөрийн таньдаг Батсүх гэдэг өмгөөлөгчтэй танилцуулсан. Тэр хоёрыг хооронд нь уулзуулчхаад Г.Бд “чи өмгөөлөгчдөө бүх үнэнээ хэлээрэй, үнэнээ хэлж байж чамд туслалцаа үзүүлнэ шүү” гэж хэлээд тэр хоёрыг орхисон. Түүнээс хойш бас өдрийг нь сайн санахгүй байна, Г.Б ажил дээр ирээд бид хоёр уулзахад Г.Б мэдүүлэг өгсөн. Цагдаа цохисон талаараа хэлсэн гэсэн. Би түүнд чи үнэн хэлсэн биз, хүнийг гүтгэж болохгүй, хэрвээ чи худал хэлбэл хариуцлага хүлээнэ гэж хэлэхэд Г.Б үнэн гэж хэлсэн. Би түүнд Эрүүгийн хуулийн худал мэдүүлэг өгөх зүйл хэсгийг хэлж өгөөд чи худлаа хэлбэл эргээд өөрөө хариуцлага тооцогдоно шүү гэж хэлсэн. Г.Баас чамайг яаж зодсон юм гэхэд зодсон юм байхгүй, цохисон гэж хэлсэн. Товчхон байдлаар хэлсэн. Би түүнээс дэлгэрүүлж асуугаагүй, уг нь дэлгэрэнгүй асууя гэсэн боловч тэр өдөр сургуулийн магадлан итгэмжлэлийн чухал ажилтай, хүмүүс ирчихсэн байсан учраас өмгөөлөгч Батсүхтэй уулзуулаад үлдээсэн....” /1хх 158/,

гэрч Н.А“...Эрүүлжүүлэх байранд ирсэн хүний ерөнхий биеийн байдал, ухаан санааны байдлыг дүгнэдэг, дараа нь хүргэж ирсэн цагдаагийн алба хаагч нарынх нь дэргэд дотуур өмднөөс бусад хувцсыг нь тайлуулж биед байгаа шинэ болон хуучин шарх, сорви, гэмтэл байгаа эсэхэд үзлэг хийдэг. ... 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр миний бие эрүүлжүүлэх байранд 24 цагийн хугацаатай үүрэг гүйцэтгэж ажилласан. Энэ хугацаандаа 23 цаг 55 минутад Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсээс хүргэж ирсэн Г Г.Б гэдэг эрэгтэйг авчирсан байна. Энэ хүний “Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл”-ийг харахад миний бие үзлэг хийж хүлээн авсан байна. Миний хийсэн үзлэгээр энэ хүний биед ил харагдах гэмтэл, шарх, сорвигүй, ямар нэгэн зовуурьгүй, артерийн даралт 110/70, зүрхний цохилт 88, амьсгал 18, биеийн халуун 35,4, согтолтын зэрэг 2,11% байсан байна. Тухайн хүнийг эрүүлжүүлэх байранд хүлээн аваад эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлээд маргааш нь буюу 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагт хүлээлгэж өгсөн байна. Энэ хүн хэргийн холбогдолтой гэсэн шалтгаанаар эрүүлжүүлэх байранд ирсэн байна. Эмчийн хувьд хүлээн авч байгаа хүний биед үзлэг хийхдээ шинэ болон хуучин шарх, сорви байгаа эсэх, ямар учраас эрүүлжүүлэх байранд ирэх болсон талаар нь асуудаг. Биед үзлэг хийхдээ биеийн дээд талын хувцсыг бүрэн тайлуулах, биеийн доод хэсгийн хувцсыг дотуур өмднөөс бусдыг нь доош нь шувтлуулах байдлаар тайлуулж үзлэгээ хийдэг. Энэ үзлэгээр илэрсэн нөхцөлийг бүгдийг нь тэмдэглэлд тусгадаг...” /1хх 182-183/,

гэрч Б.Э“... Тэр өдрөө унтаж амраг гээд уулзаагүй ба маргааш нь ажилдаа явчхаад орой нь гэртээ ирэхэд эмээтэйгээ байж байсан ба гэртээ цээж нүцгэн, доод талаараа биеийн тамирын өмдөө өмсчихсөн байж байсан. Цээж нүцгэн байхад нь харахад биеийн нь зүүн хавирга, зүүн мөр, бугалгын хэсэгт нь хэсэг, хэсэг газарт нь том биш хэмжээтэй хөхөрчихсөн харагдаж байсан. Би Г.Баас бие чинь яагаад хөхөрчихсөн юм, хүнтэй зодоон хийсэн юм уу гэж асуухад тодорхой юм хэлэхгүй инээхээр нь би лавлаж асуулгүй өнгөрсөн. Би гэртээ ирж хоносонгүй гэсэн өдөр нь очоод эх, Г.Б нарын хамт 5-6 хоносон. Тэр үед хөл хориотой байсны улмаас ажил хийх боломжгүй байсан учраас байнга л гэртээ байсан. Тэр үед Г.Б ойр зуур орж гараад явж байсан түүнээс хоногоор болон удаан хугацаагаар яваагүй. Намайг байх хугацаанд архи уусан байдалтай ирээгүй...” /1хх 186-188/,

гэрч Н.Б“...Шалгалтын явцад Г.Б, Д.Б нар тухайн айлд архи ууж байснаас өөрөөр гаргасан зөрчил тогтоогдоогүй. Бусадтай зодоон цохион хийсэн зүйл тогтоогдоогүй...” /1хх 153-154/,

гэрч Д.Б“...Би 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 22 цаг 50 минутад Г овогтой Г.Быг эрүүлжүүлэх байранд зодоон хийж бусдын биед гэмтэл учруулсан гэсэн зөрчлөөр авчирсан. ...тухайн үед биед нь ил харагдах гэмтэл, шарх байхгүй халуун нь 36,1 байсан байна. Үзлэгээр ил харагдах шарх, сорви байгаагүй учраас хүлээж авсан. ...эрүүлжүүлэх байранд байхдаа ямар нэгэн байдлаар биедээ гэмтэл аваагүй..." /3хх 81-82/,

гэрч Э.А“...2021 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ах Г.Б гэртээ байсан. ...би цахимаар хичээлтэй байсан болохоор өрөөндөө хичээлээ хийж байсан. ...ах, эмээ хоёр өрөө өрөөндөө л байж байгаа харагдсан.” /3хх 88-89/,

шинжээч эмч Т.Амартүвшингийн “...мохоо зүйл гэдэгт гар, хөл, хурц ирмэггүй гадны биет, тоосго, чулуу гэх мэт зүйлийг ойлгоно. ...Шинэ гэмтэл нь хөх ягаан өнгөтэй, 2-с дээш хоногоос хүрэн ягаан, 3-5 хоногт шаргал өнгөтэй, гэмтлийн талбайн хэмжээнээс хамаарч харилцан адилгүй хугацаанд шимэгдэж арилна. Г.Бын биед учирсан гэмтлүүд нь бор шаргал, шар өнгийн цус хуралтуудтай байсан нь 3 дугаар сарын 28-нд үүссэн байх боломжтой гэмтлүүд байсан. ... Г.Бын биед учирсан гэмтлүүд нь унах ойчих үед үүсэх боломжгүй. Эдгээр гэмтлүүд нь биеийн олон хэсгүүдэд байгаа учраас тус бүрдээ цохих хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой, биеийн олон хэсгүүдэд байгаа учраас нэг удаа унахад үүсэхгүй...” /1хх-н 202, 2хх-н 227/, гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан 2973 дугаартай “...1. Г.Бын биед зүүн бугалга, 2 гуя, 2 шилбэний цус хуралт, цээжний зүүн талын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн хуучин гэмтэл байна” гэх дүгнэлт /1хх 197-198/,

2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 322 дугаартай бүртгэлд авагдсан Г.Бын бичгээр гаргасан гомдол, мэдээлэл /1хх 7/,

 иргэн Г.Бын Авлигатай тэмцэх газарт хандаж бичгээр гаргасан хүсэлт /1хх 8/,

2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 12-14/,

Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны захиргаа удирдлагын хэлтсээс хийсэн “Албаны шалгалтын материал” /1хх 71/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар,

Гурав: Шүүгдэгч П.Ч нь 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр иргэн М.Хцагдаагийн байгууллагад гаргасан “хүмүүс хар өвс татаад байна гэх бүртгэлийн С-3-1670 дугаартай гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хойшлуулшгүй ажиллагааны явцад эд мөрийн баримтаар хураагдсан “өвс” мэт зүйлд “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн өөрийнхөө тогтоолын дагуу хийгдсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн лабораторийн шинжээч Д.Золзаяагийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1928 дугаартай дүгнэлтийг дээрх гомдол, мэдээллийг шалгасан материалд хавсаргалгүйгээр 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай" 1109 дугаартай санал гаргаж Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт материалыг шилжүүлж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Ц.Ц“...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн орохдоо хэлтсийн мөрдөгч нарын томилсон тогтоолын дагуу гарсан байсан бүх шинжээчийн дүгнэлтийг авсан. Шүүхийн шинжилгээнээс авсан дүгнэлт, дагалдах объектоо авч яваад ажил дээрээ очоод мөрдөгч нарт хүлээлгэж өгч байсан. 1928 дугаартай дүгнэлтийг эрүүгийн мөрдөгч П.Чд Шүүхийн шинжилгээнээс хүлээн авсан өдрөө өрөөндөө дуудаад өгсөн.” /2хх 241-242/,

гэрч М.А“...Өвс дээр нь шинжээч томилсон тогтоол байгаагүй учраас би анзаарч хянаагүй байна. Би хяналт тавихдаа шээснээс нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис гараагүй гэдгээр л шийдвэр гаргачихсан байна...” /2хх 236-238/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн лабораторийн шинжээч Д.Золзаяагийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1928 дугаартай “1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “10,1 гр өвс мэт зүйл “СХД III” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. 4. 10,1 гр өвс мэт зүйл “СХД III” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 7,5 гр, цэвэр жин 1,8 байсан" гэсэн дүгнэлтийн хуулбар /2хх 199-200/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр худал мэдүүлэг өгсөн” гэмт хэргийг,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ч, Д.Б, Б.Б нарыг төрийн албан хаагчаар ажиллаж байх үедээ бүлэглэн хохирогч Г.Быг “хэрэг хүлээлгэж мэдүүлэг авах зорилгоор цохиж зодон бие махбодийг шаналган зовоож эрүүдэн шүүсэн” гэмт хэргийг,

-шүүгдэгч П.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Б, П.Ч, Д.Б, Б.Б нарт оногдуулсан ял шийтгэл нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.     

Шүүгдэгч П.Ч, Д.Б, Б.Б нарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир “...П.Ч, Д.Б, Б.Б нар хохирогч Г.Быг цохьж зодоогүй, эрүүдэн шүүгээгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан боловч хэрэгт авагдсан хохирогч Г.Бын “...П.Чын дарга нь гээд улаан өнгийн фудболк, хар бэлтгэлийн өмдтэй эрэгтэй орж ирээд ... баруун гараараа зүүн хацар руу 2 удаа алгадсан. ... зүүн хөлийн шилбэний урд хэсэг рүү зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ... Д.Б цагдаа зүүн гарын булчин хэсэгт баруун гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон, хажуугаас нь П.Ч “чи үнэнээ хэл, хэнээс авсан юм бэ гээд” зүүн талын хавирга хэсэг рүү баруун гараараа 2-3 удаа цохисон, Д.Б цагдаа зүүн гуяны дээд хэсэг рүү баруун хөлөөрөө 2-3 удаа өвдгөөрөө өвдөглөж цохисон, мөн шилбэ хэсэг рүү гутлынхаа урд хэсгээр өшиглөсөн, урд талд зогсож байгаад гутлынхаа урд хэсгээр өшиглөсөн. ...” /хх 1хх 141-143, 146-149/, гэрч М.Д“...Г.Б ёолоод яая гээд дуу гаргаад байсан. Цагдаа нар Г.Быг бол зодсон Г.Б ёолоод байсан. П.Ч намайг хурдан шээгээч гэж миний өгзөг хэсэгт өшиглөж байсан. ...” /1хх 153-154/, гэрч Д.Б“...ирж уулзаад надад өөрийнхөө зүүн мөрөө гаргаж харуулсан. Г.Бын мөрийг нь харахад бугалгын дээд хэсэгтээ бүхэлдээ биш жоохон хэсэгтээ хөхөрсөн харагдсан. Г.Быг ирэх үеэр ба яаралтай ажилтай болсон учраас түүнд чи өмгөөлөгч аваад болсон зүйлээ хэлээд эхний удаад хууль зүйн зөвлөгөө ав гэж хэлсэн. ...” /1хх 158/, гэрч Н.А“...Миний хийсэн үзлэгээр энэ хүний биед ил харагдах гэмтэл, шарх, сорвигүй, ямар нэгэн зовуурьгүй, артерийн даралт 110/70, зүрхний цохилт 88, амьсгал 18, биеийн халуун 35,4, согтолтын зэрэг 2,11% байсан байна. ...” /1хх 182-183/, гэрч Б.Э“...Цээж нүцгэн байхад нь харахад биеийн нь зүүн хавирга, зүүн мөр, бугалгын хэсэгт нь хэсэг, хэсэг газарт нь том биш хэмжээтэй хөхөрчихсөн харагдаж байсан. ...” /1хх 186-188/,  гэрч Д.Б“...тухайн үед биед нь ил харагдах гэмтэл, шарх байхгүй халуун нь 36,1 байсан байна. Үзлэгээр ил харагдах шарх, сорви байгаагүй учраас хүлээж авсан. ..." /3хх 81-82/, шинжээч эмч Т.Амартүвшингийн “...Г.Бын биед учирсан гэмтлүүд нь бор шаргал, шар өнгийн цус хуралтуудтай байсан нь 3 дугаар сарын 28-нд үүссэн байх боломжтой гэмтлүүд байсан. ...” /1хх-н 202, 2хх-н 227/, гэх мэдүүлгүүд болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан 2973 дугаартай “...1. Г.Бын биед зүүн бугалга, 2 гуя, 2 шилбэний цус хуралт, цээжний зүүн талын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн хуучин гэмтэл байна” гэх дүгнэлт /1хх 197-198/, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 322 дугаартай бүртгэлд авагдсан Г.Бын бичгээр гаргасан гомдол, мэдээлэл /1хх 7/, иргэн Г.Бын Авлигатай тэмцэх газарт хандаж бичгээр гаргасан хүсэлт /1хх 8/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар П.Ч, Д.Б, Б.Б нар нь хохирогч Г.Бд хэрэг хүлээлгэж мэдүүлэг авах зорилгоор албан өрөөндөө болон ариун цэврийн өрөөнд “хаанаас, хэнээс авснаа хэл, үнэнээ хэл гэж цохиж, зодон бие махбодыг шаналган зовоож эрүүдэн шүүсэн хууль бус үйлдэл гаргасан, мөн шүүгдэгч П.Ч нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн лабораторийн шинжээч Д.Золзаяагийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1928 дугаартай дүгнэлтийг устгаж, 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай" 1109 дугаартай санал гаргаж Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт материалыг шилжүүлж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Ч, Д.Б, Б.Б нарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан “...П.Ч, Д.Б, Б.Б нар хохирогч Г.Быг цохьж зодоогүй, эрүүдэн шүүгээгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/895 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Ч, Д.Б, Б.Б нарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                       

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ