Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 0001

 

 

 

 

 

 

 

 

 

С.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                          Г.А

Нарийн бичгийн дарга                 Г.Отгонтуяа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 314 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч С.Гт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Т овогт С-н Г,  

 

 С.Г нь 2021 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө         аймгийн       сумын     багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” шатахуун түгээх станцын гаднаас Х.Б-н эзэмшлийн      улсын дугаартай автомашиныг зөвшөөрөлгүй авч яван 228.500 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: С.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Т овгийн С-н Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 9 хоногийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гын цагдан хоригдсон 39 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гт оногдуулсан 1 сар 09 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний цагдан хоригдсон 39 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож, хасч, эдэлбэл зохих зорчих эрх хязгаарлах ялыг 1 сар 09 хоногийн хугацаагаар тогтоож,

 

Шүүгдэгч С.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С.Гтаас 470.500 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Б-т олгож шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.А эсэргүүцэлдээ: ... Шийтгэх тогтоолыг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. ...” гэсэн шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гт оногдуулсан 1 сар 09 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний цагдан хоригдсон 39 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож хасаж, эдэлбэл зохих зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 сар 09 хоногийн хугацаагаар тооцож шийдвэрлэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй, түүнийг биелүүлэхэд эргэлзээтэй байдлыг үүсгэж байна.

Учир нь шүүгдэгч С.Гт оногдуулсан 1 сар 09 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний цагдан хоригдсон 39 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож хасаж шийдвэрлэсэн атлаа “1 сар 09 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай гэж ойлгогдохоор байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.А дүгнэлтдээ: ... Шийтгэх тогтоол тодорхойгүй, ойлгомжгүй бичигдсэн түүнийг биелүүлэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байгаа тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            

             Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүх хуралдаанаар хэлэлцээд тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хянан үзэв.

 

             Шүүгдэгч С.Г нь 2021 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө   улсын дугаартай “Ниссан тийда” маркийн автомашинд зорчиж явахдаа   аймгийн      сумын      багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” шатахуун түгээх станцын хажууд уг автомашины жолооч Х.Б-г бие засаж байх үед тээврийн хэрэгслийг нь зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан

 

             шүүгдэгч С.Гын ... би архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Ц” хүнсний дэлгүүрийн эсрэг талын зам дээр гар өргөж цагаан өнгийн таксинд суусан ... Тухайн үед их согтуу байсан болохоор яг хаанаас эхэлж машиныг жолоодсоноо санахгүй байна. Нэг мэдсэн Булаг багт үйл ажиллагаа явуулдаг “Х” дэлгүүрээс уруудаад халамжийн төв өнгөрөөд автобусны буудлын ойролцоо явж байгаад замын цагдаад баригдсан ... Би их согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Хохирлыг төлж барагдуулна ... гэсэн мэдүүлэг,

 

             хохирогч Х.Б-н ... 2021 оны 10 сарын 23-ны орой 22 цаг 30 минутын үед      багийн Ц хүнсний дэлгүүрийн ойролцоогоос эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гар өргөн миний машинд суусан.     багийн      дугаар байр орно гэж хэлэхээр нь хүргэж өгсөн. Эмэгтэй нь буугаад хүлээж байгаарай гэж хэлээд байр луу ороод гарч ирээд жолооч талын эсрэг суудалд суусан. Эрэгтэй нь хойд суудал дээр сууж байсан. Дэнж явна гэхээр нь урд замаар явж байгаад миний шээс хүрээд байхаар нь “М” шатахуун түгээх станцын ойролцоо машинаа зогсоож бие засах гэж гараад эргээд харахад миний машиныг миний зөвшөөрөлгүй, урд сууж явсан эмэгтэй унаад цааш явсан ... Би 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр машинаа тээврийн хэрэгсэл түр саатуулах байрнаас хүлээж авсан. Машины жолоочийн эсрэг талын урд хойд под керлан, жолооч талын хойд под керлан, суудал дээш, доош болгодог рүчик хугарсан байсан. Моторын дуу өөрчлөгдсөн, тосол нь гоожиж машин зогссон. Засварын газар босоо тэнцүүлэгч 56.000 төгрөгөөр, хропны тос 74.000 төгрөгөөр солиулсан. Журмын хашаанаас гарахдаа 64.000 төгрөг төлсөн. Машинд байсан S7 маркийн гар утас, арьсан хар өнгийн түрийвч, ХААН банкны 2 ширхэг виза карт, иргэний үнэмлэх, 26.000 төгрөг алга болсон  ... гэсэн мэдүүлэг,

 

        гэрч С.Ц-н ... Тухайн өдрийн 22 цагийн орчим манай хүү Б нэг залуугийн хамт гэртээ ирээд “Ээж би машинаа алдчихлаа” гэж хэлсэн ... Миний шээс хүрээд машинаа асаалттай орхиод буугаад шээж байх хооронд машинд нь сууж байсан эмэгтэй машиныг нь бариад яваад өгсөн, гадуур зөндөө хайж байгаад ирлээ гэж хэлсэн. Хувцасаа сольж өмсөөд машинаа хайхаар гараад явсан...Манай хүү архи хэрэглээгүй байсан. Таксинд явдаг хүнтэй машинаа хайж байна гэж хэлсэн. Бензиний мөнгө гэж надаас 30.000 төгрөг аваад тухайн хүнд өгсөн. Машин дотроос нь миний ХААН банкны виза карт, хүүгийн өөрийнх нь ХААН банкны карт, иргэний үнэмлэх, арьсан түрийвч, бэлэн мөнгө, гар утас зэрэг нь алга болсон байсан ... гэсэн мэдүүлэг,

 

             гэрч О.Б-н ... 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 21 цагийн үед      багийн 6-11 дүгээр байрны арын төв зам дээр таксинд явах гээд зогсож байхад Б хороолол талаас явган алхаж ирээд их сандарсан байдалтай машинаа алдчихлаа, хамт яваад хайлцаад өгөөч гэсэн. Таксинд нь суусан эмэгтэй Б-г машинаасаа буугаад шээж байх хооронд машиныг нь унаад яваад өгсөн гэж хэлсэн. Бид хоёр хайгаад олоогүй ... казах эмэгтэй байсан ... гэсэн мэдүүлэг,

 

             гэрч Н.М-н ...2021 оны 10 дугаар сарын 23-ны орой цагийг нь сайн санахгүй байна “Гок гарден”-ы уулзвар дээр тээврийн хэрэгсэл шалгаад байж байтал ... цагаан өнгийн     улсын дугаартай “Ниссан тийда” маркийн тээврийн хэрэгсэл ирж байхаар нь зогсоож шалгахад С.Г гэдэг эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож явсан тул ачилтын компани дуудаж машиныг түр саатуулах газарт саатуулсан ... гэсэн мэдүүлэг,

 

             Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, “Ашид билгүүн”  компанийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн даатгалын хохирлын үнэлгээ, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

 

             Шүүгдэгч С.Гын зорчиж явсан таксины жолооч бие засаж байх үед  машиныг нь дур мэдэн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэлд уг машиныг зарж борлуулж, ашиг олох гэсэн сэдэлт, зорилго тогтоогдоогүй байх тул дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

             Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь тухайн тээврийн хэрэгслийг өөрийн өмч болгох гэсэн зорилгогүй, түр унах зорилгоор авч явжээ.

 

             Харин шүүгдэгч нь тээврийн хэрэгслийг завших зорилгоор авч явсан гэдэг нь тогтоогдвол үйлдлийн аргаас нь хамаарч өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэрэг /хулгайлах, дээрэмдэх/-ээр зүйлчилнэ.

 

             Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, тухайн зүйл, хэсэгт заасны дагуу түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

             Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

             Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

             Анхан шатны шүүх шүүгдэгч С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 9 хоногийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, түүний цагдан хоригдсон 39 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэсэн атлаа шүүгдэгчийн эдэлбэл зохих ялыг 1 сар 9 хоногийн хугацаагаар тогтоосон нь ойлгомжгүй, зорчих эрхийг хязгаарлах ялтай гэж ойлгогдохоор бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчилд тооцогдож байх боловч давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, зөвтгөх боломжтой гэж дүгнэлээ.

 

             Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй байна.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 314 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Гын цагдан хоригдсон 39 хоногийг түүнд оногдуулсан 1 сар 9 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасаж, түүнийг ял эдэлж дууссанд тооцсугай” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА