Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Батзориг |
Хэргийн индекс | 101/2020/00473/и |
Дугаар | 01743 |
Огноо | 2020-08-12 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 01743
Р.Д-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/01579 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч Р.Д-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.А-, П.Г-нарт холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 24 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Чинхүсэл, хариуцагч Н.А-, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Очирваань, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.
Нэхэмжлэгч Р.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Д- миний бие Н.Баттөмөрөөс 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хьюндай женесис маркийн KMHGL41DDFU033911 арлын дугаартай, гаалийн бичигтэй, дугаар аваагүй тээврийн хэрэгслийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Амарбаясгалангаар дамжуулан 49.000.000 төгрөгөөр худалдан авч итгэмжлэхээр өөрийн нэр дээр шилжүүлэн авч төлбөрийг төлсөн. Гэтэл Н.А- болон эхнэр П.Г-нар 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ирж уулзаж мөнгөний асуудалтай байгаа болон ломбарданд тавьсан машины хүү өндөр болсон, эдийн засгийн хувьд хямралд орсон, та надад хьюндай женесис маркийн KMHGL41DDFU033911 арлын дугаартай гаалийн бичигтай машинаа өгчих, бид зараад ломбарднаас бенз Е300 маркийн машиныг аваад өөрт чинь 72.000.000 төгрөгөөр тооцож өгье, таны машиныг 49.000.000 төгрөгөөр тооцож авах ба үлдэгдэл 23.000.000 төгрөгийг бартер хийх замаар дуусгая гэсэн саналыг удаа дараа тавьсан. Саналыг зөвшөөрсний дагуу нөхөр Н.Амарбаясгалан 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ирж миний хьюндай женесис маркийн KMHGL41DDFU033911 арлын дугаартай, гаалийн бичигтэй авто машиныг гараар гэрээ үйлдэн зогсоол дээрээс авч явсан. Н.Амарбаясгалан болон Р.Д- бидний хооронд 2019 оны 10 дугаар сарын 09-ний бичгээр байгуулсан гэрээнд гэрээний зүйл болох 72.000.000 төгрөгийн бенз Е300 маркийн авто машиныг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны дотор Р.Д-д шилжүүлэхээр тохиролцсон. Гэтэл 2019 оны 11 дүгээр сард Н.Амарбаясгалан гэрээнд заасан хугацаанд гэрээний зүйл болох бенз Е300 маркийн авто машиныг шилжүүлээгүй бөгөөд гэрээний үүргээ зөрчсөн. Бенз Е300 маркийн авто машиныг шилжүүлж өгөөгүй, мөн миний хьюндай женесис маркийн KMHGL41DDFU033911 арлын дугаартай, гаалийн бичигтэй машиныг дур мэдэн хүнд шилжүүлж намайг хохироосон. Энэ талаар бенз Е300 маркийн машиныг шилжүүлэн өгөх шаардлага тавихад машиныг зарсан тул буцаан өгөх боломжгүй мөнгөөр төлье гээд 11 сард 2 удаагийн үйлдлээр нийт 25.000.000 төгрөгийг миний Хаан банкны дансанд буцаан шилжүүлсэн. Үлдэгдэл 24.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй болно. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан бөгөөд талууд гэрээнээс татгалзаж төлбөрийг буцаасан үйл баримт тодорхой байгаа тул гэрээнээс татгалзсан гэж үзнэ. Гэрээнээс татгалзсантай холбоотой Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан тул машины үлдэгдэл 24.000.000 төгрөгийг шаардах эрхтэй. Иймд Н.Амарбаясгалан, түүний эхнэр Л.Гэрэлмаагаас нараас 24.000.000 төгрөгийг Р.Д-д гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.А- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Амарбаясгалан 2019 оны 10 дугаар сарын 09-ний орой Р.Д-тай уулзаж гэрээ хийсэн нь үнэн болно. Миний бие Р.Д-тай Солонгос улсаас орж ирсэн хьюндай женесис маркийн машиныг 49.000.000 төгрөгөөр үнэ үнэлж худалдсан ба машины үнэ 45.000.000 төгрөг дээр нэмээд 1 айлын газрыг 4.000.000 төгрөгөөр бодож нийт 49.000.000 төгрөгөөр Р.Д- нь худалдан авсан нь үнэн. Миний бие Р.Д-тай уулзаж мерседес бенз 2014 оны Е300 маркийн машиныг санал болгож 2 талаас ярьж байгаад Р.Д- нь худалдан авахаар болж хьюндай женесис маркийн авто машиныг буцааж авах үед гэрээ хийсэн ба хэдэн өдрийн дараа Р.Д- нь мерседес бенз Е300 маркийн авто машиныг очиж үзээд сонирхохгүй гэдгээ хэлж бид хоёрын хоорондын наймаа буцсан. Р.Д- манай эхнэр П.Гэрэлмаатай хийсэн гэрээгээ өөрөө биелүүлээгүй тул хьюндай женесис маркийн машины үнэ 45.000.00 төгрөгөөс 5 айлын газрын мөнгө болох 27.000.000 төгрөгийг Р.Д-ын данс руу 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 12-ны өдөр 22.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 23-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус бүр шилжүүлсэн. Иймд Р.Д- бид хоёрын хооронд ямар нэгэн өр төлбөр тооцоогүй гэж бодож байгаа гэжээ.
Хариуцагч П.Г-шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.Г-Р.Д-тай 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр АНУ-аас орж ирсэн мерседес бенз GLK350 маркийн 2010 онд үйлдвэрлэсэн авто машиныг худалдсан ба үнийн дүнгийн тодорхой хувьд 5 айлын газар худалдан авсан. Үнийн дүн нь 18.000.000 төгрөг, 4 айлын газрыг 1 айлыг 4.000.000 төгрөгөөр тус бүр бодож 1 айлын газрыг 2.000.000 төгрөгөөр, нийт 18.000.000 төгрөгөөр авсан. Р.Д-тай миний бие тухайн 5 айлын газрыг 2019 оны 8 дугаар сард багтаан өөрийн нэр дээр шилжүүлэн өгөх, тухайн сард багтаан шилжүүлж өгөөгүй нөхцөлд 5 айлын газрын мөнгө болох 18.000.000 төгрөгийг бэлэн өгнө гэж хоорондын гэрээ байгуулсан боловч Р.Д- нь шилжүүлж өгөөгүй учир хийсэн гэрээгээ зөрчин миний нэр дээр ямар нэгэн газар шилжиж ирээгүй болно. Иймд Р.Д-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Амарбаясгалан, П.Г-нараас 22.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Д-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Р.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Амарбаясгалан, П.Г-нараас нийт 267.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Д-д олгож, Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 2740 дугаар бүхий захирамжаар хариуцагч Н.Амарбаясгалан, П.Г-нарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжилсэн ба уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Н.А-, П.Г-нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2019 оны 07 сарын 09-ний өдөр Н.Амарбаясгалан би өөрийн өмчлөлийн улсын дугаар аваагүй авто ломбардад зээлийн барьцаанд байсан Мерседес бенз ЖЛК 350 маркийн тээврийн хзрэгслийг нэхэмжлэгч Р.Д-д 43.000.000 төгрөгөөр худалдсан. Тодруулбал, Р.Д- нь зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж өөрийн эхнэрийн дүү гэх Н.Лувсангийн нэр дээр тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж авсан ба тээврийн хэрэгсэл худалдсаны үлдэгдэл төлбөр 18.000.000 төгрөгт тооцож 5 айлын газрыг надад өгөхөөр тохиролцсон. Улмаар нэхэмжлэгч нь өөрийн гэр бүлийн гишүүд нэр дээрх эзэмшлийн газрыг гэрээ байгуулан надад хэлбэрийн төдий шилжүүлсэн ба уг гэрээ огт хэрэгжээгүй учир 2019 оны 7 сард хариуцагчид худалдсан Бенз ЖЛК 350 маркийн тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр 18.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Р.Д- нь надад өгөхөөр болсон. Үүний дараа маргааны зүйл болсон Хъюндай маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 45.000.000 төгрөгөөр хариуцагчаас худалдаж авсан ба түүнд 27.000.000 төгрөгийг өгч үлдэх 18.000.000 төгрөгт надаас худалдаж авсан бенз ЖЛК 350 маркийн тээврийн хэрэгслийн төлбөрийг үлдэгдэл 18.000.000 төгрөгт бодон харилцан тооцож төлбөр дууссан. Р.Д-ын надад 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр худалдсан Хьюндай маркийн тээврийн хэрэгслийг үнэ 49.000.000 төгрөг биш бөгөөд жинхэнэ үнэ нь 45.000.000 төгрөгөөр тохирсон, 4.000.000 төгрөгт надад газар өгөхөөр тохиролцсон тул нийт үнийг 49.000.000 төгрөг гэж бичсэн. Энэ нөхцөл байдлыг Р.Д- өөрөө хүлээн зөвшөөрсөн дүрс бичлэгийг шүүхэд гаргаж өгсөн ч тухайн бичлэгийг нотлох баримтаар тооцож үнэлэлгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд туйлын харамсалтай байна. Энэхүү хэрэг хянан хэлэлцэгдэж байх хугацаанд Р.Д- нь надтай холбогдож 2-3 сая төгрөг өгчих би газраа чамд шилжүүлж өгөөгүй учир чамаас худалдаж авсан машины үлдэгдэл төлбөр 18.000.000 төгрөгөө хасаад маргаанаа шийдвэрлүүлэх санал тавьсныг миний бие тухайд үед нь хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь үнэн мөн нь олдоно биз хэн алиндаа өглөггүй байж яахаараа бусдад мөнгө өгдөг юм гэдэг зарчим барьснаас үүдэлтэй. Шүүх хуралдаанд Р.Д-ыг биеэр оролцуулж нүүр тулж мэтгэлцэх саналыг шүүхэд гаргасан ч шүүх хүлээн аваагүйг гайхаж байна. Иймд шийдвэрийн хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн, нотлох баримт бүрдүүлэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Р.Д- нь хариуцагч Н.Амарбаясгалан, П.Г-нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотой 24.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Р.Д- нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хьюндай женесис маркийн тээврийн хэрэгслийг Н.Амарбаясгалангаар дамжуулан 49.000.000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч Р.Д-аас Н.Амарбаясгаланд 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 9 дүгээр сарын 19-ний хооронд нийт 29.543.000 төгрөгийг “хьюндай женесис төлбөр” гэсэн утгатай шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан, харин үлдэх төлбөр хэрхэн төлөгдсөн нь тодорхой бус үлджээ.
Талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан гэрээгээр хьюндай женесис маркийн тээврийн хэрэгслийг Benz-E300 маркийн авто машины урьдчилгаа 49.000.000 төгрөгт тооцон хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч нэхэмжлэгч Benz-E300 маркийн авто машиныг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хариуцагчаас 25.000.000 төгрөгийг буцаан авч, үлдэх 24.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардлагын үндэслэлээ тодорхойлж байгаа тохиолдолд өмнөх 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээгээр хьюндай женесис маркийн тээврийн хэрэгслийн үнэ хэрхэн төлөгдсөн болохыг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд тухайн үед нэхэмжлэгч Р.Д- нь хариуцагч Н.Амарбаясгалантай ярилцсан аудио дууны бичлэг бүхий сидиг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байх бөгөөд шүүх хуралдаанаар аудио дууны бичлэгийг шинжлэн судалсан гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48, 51 дүгээр зүйлд заасан журмын дагуу үзлэг хийж тэмдэглэл үйлдээгүй тул мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийгдсэн эсэх, эсхүл нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн баримтаас хассан эсэх нь тодорхой бус байна. /хх-ийн 81, 87-88/
Иймд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах, дүгнэлт хийх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр давж заалдах шатны шүүхийн бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/01579 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 268 000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Н.БАТЗОРИГ