Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ДШМ/04

 

Г.Б*******, Д.Х******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор М.Сайнзаяа

Шүүгдэгч Г.Б*******

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Даваасүрэн, П.Ган-Очир

Нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нарыг оролцуулан

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор М.Сайнзаяагийн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Г.Б*******, Д.Х******* нарт холбогдох 2215000190149 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Д.Х

Монгол Улсын иргэн, Г.Б

 Д.Х******* нь бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бусадтай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Хандгайтын даваа” гэх газраас 21 ширхэг 4 метрийн урттай 10.85м3 шинэс төрлийн хэрэглээний нойтон мод зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгүүлсэн,

Г.Б******* нь Д.Х*******тай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Хандгайтын даваа” гэх газраас 21 ширхэг 4 метрийн урттай 10.85м3 шинэс төрлийн хэрэглээний нойтон мод зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

   Булган аймгийн Прокурорын газраас: Д.Х*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, Г.Б*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Бэлсэг овогт Д*******ийн Х*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, Засагтхаан овогт Г*******ын Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Х*******ыг 2 жилийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Б*******ийг 2 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Д.Х*******, Г.Б******* нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Х*******, Г.Б******* нарт сануулж, энэ хэрэгт шүүгдэгч Д.Х*******, Г.Б******* нар нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х*******, Г.Б******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.Х*******, Г.Б******* нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, 

хэрэгт прокурорын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож 83-91 БУА улсын дугаартай Зил 130 загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигч Б.Г*******ын эзэмшилд, мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож 69-69 УР улсын дугаартай шар өнгийн авто ачигч механизмыг “Жи эс би капитал” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшилд тус тус үлдээж, гэмт хэрэг үйлдэж олсон 21 ширхэг 4 метрийн урттай, 10.85м3 хэмжээтэй шинэс төрлийн нойтон модыг хурааж, үнийг төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 90,000 төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй цахилгааг хөрөөг хурааж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Сайнзаяа эсэргүүцэл гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хуралдааны явцад улсын яллагчаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь Б.Г*******ын эзэмшил өмчлөлийнх болох нь тогтоогдсон тул прокурорын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4/16 дугаартай тогтоолоор гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ОХУ-д үйлдвэрлэсэн Б.Г*******ын эзэмшилд бүртгэлтэй 6,400,000 төгрөгийн үнэлгээ бүхий ногоон өнгийн 83-91 БУА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгслийг Булган аймаг дахь Цагдаагийн газрын Хангал сум дундын цагдаагийн тасгийн хашаанд битүүмжилж, хадгалах хамгаалах үүргийг Э.А*******, Д.Х******* нарт хүлээлгэсэн битүүмжпэлийг хүчингүй болгож тээврийн хэрэгслийг өмчлөгч Б.Г*******ын өмчлөлд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ болох 6,400,000 төгрөгийг шүүгдэгч Д.Х*******, Г.Б******* нараас хувь тэнцүүлэн тус бүр 3,200,000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагад нийцнэ гэж үзэж дээрх саналыг гаргаж оролцсон боловч шүүх илтэд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, хуулиар тогтоосон эрх хэмжээг хэтрүүлсэн алдаа гаргажээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл тогтоогдсон тохиолдолд уг арга хэмжээг заавал авахаар хууль тогтоогч үүрэг болгосон байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн, бусдын өмчлөлийнх болох нь тогтоогдсон байвал шүүх уг тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн зүйл хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

Мөн улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан гэж дүгнэн тээврийн хэрэгслийн үнэ болох 6,400,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах албадлагын арга хэмжээ авах санал гаргасан боловч анхан шатны шүүхээс улсын яллагчийн дүгнэлтийг няцаан, үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн урьд өмнө шүүхээс Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан “Хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх талаар хууль хэрэгжүүлж, тогтсон ойлголттой нэг мөр хэрэгжүүлж байсан боловч уг 2022/ШЦТ/266 дугаартай шийтгэх тогтоолд өөрөөр дүгнэж шийдвэрлэсэн байх тул цаашид энэ төрлийн гэмт хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэхэд хууль хэрэглээний жишиг тогтооход ач холбогдолтой гэж үзэж прокурорын эсэргүүцэл бичсэн болно.

Иймд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/266 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон зохих өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. Мөн шийтгэх тогтоолд үг, үсэг техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг анхаарч үзнэ үү” гэв.

Шүүгдэгч Г.Б******* шүүх хуралдаанд “Тайлбар байхгүй“ гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хуулинд заавал үүрэг болгосон зүйл байхгүй, шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй ... шүүх шийтгэх тогтоолын 8, 9 дүгээр талд тодорхой тайлбарласан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд 4 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна”,

мөн хуулийн  7.5 дугаар зүйлд 5 дахь хэсэгт Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус заасан.

Гэтэл уг тээврийн хэрэгсэл нь Г******* гэдэг хүний өмчлөлд байдаг гэдэг нь тогтоогдсон. Б.Г******* нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож уг тээврийн хэрэгслийг нэхэмжилнэ гэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хэргийг шийдвэрлэж байсан боловч энэ хэрэг өөр байдлаар шийдвэрлэгдсэн гэж улсын яллагч тайлбарласан. Хэрэг учрал бүхэн өөр өөр байдаг. Гэтэл хохирол төлөгдсөн байхад тээврийн хэрэгсэл хураахаар эсэргүүцэл бичсэн нь үндэслэлгүй юм“ гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэгт Б.Г*******ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлийн асуудал яригдаж байна. Шүүгдэгч гэм хорыг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан. Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү“ гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос Д.Х*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт, Г.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч Д.Х*******, Г.Б******* нарыг  зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 83-91 БУА улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгсэлийг өмчлөгч Б.Г*******ын өмчлөлд үлдээж шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор М.Сайнзаяа эсэргүүцэл бичсэн байна.

Давж заалдах шатны шүүх прокурор эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргажээ.

Тодруулбал: Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг уншиж сонсгохдоо “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Х*******ыг 2 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Б*******ийг 2 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй” гэж уншиж сонсгожээ.

Гэтэл прокурор, хэргийн оролцогч нарт гардуулсан болон хэрэгт хавсаргагдсан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “... хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй ...” гэж бичигдсэн, өөрөөр хэлбэл шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоолын тогтоох хэсэг зөрүүтэй болжээ.

 

Дээрх зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байхад шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч уг ноцтой зөрчлийг “техникийн шинжтэй алдаа” гэж үзэж залруулга хийлгэх саналыг шүүхэд хүргүүлсэн нь буруу байна.

Мөн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ойн судалгаа, хөгжлийн төв Улсын төсөвт үйлдвэрийн газрын шинжээчийн дүгнэлтэд “...7 модны дундаж диаметр нь 45.4 см, дундаж өндөр нь 20.4 метр бөгөөд нийт эзлэхүүн нь 10.85 м3 болно” гэж дүгнэсэн байтал шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт “10.421м3” гэж,  ойн санд 5,228,317 төгрөгийн хохирол учирсан атал “5,021,594 төгрөгийн хохирол” гэж, гэмт хэрэгт битүүмжлэгдсэн Зил-131 маркийн тээврийн хэрэгсэлийг “Зил-130 маркийн тээврийн хэрэгсэл” гэж тус тус зөрүүтэй бичжээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно” гэж заасан боловч шийтгэх тогтоолд дурдагдсан дээрх зөрчлүүдийг техникийн шинжтэй алдаа гэж үзэх боломжгүй байна.

Түүнээс гадна анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч Д.Х*******ын гэм буруугийн талаар “...Г.Б*******ийг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн ... мод зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгүүлсэн...” гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгавал зохих зүйлсийг заасан бөгөөд мөн зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох талаар шүүх тодорхой дурьдах шаардлагатай юм.

Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.

Мөн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгсэл” хамаарахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тодорхой заасан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгсэл болон авто ачигч механзмыг өмчлөгч, эзэмшигч нарт нь буцаан олгосон нь үндэслэлтэй боловч тухайн эд зүйлийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдээс албадан гаргуулаагүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах тухай заалт нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан үндэслэл буюу шүүх хэргийг шийдвэрлэхдээ 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлүүдэд заасан зөрчил гаргасан нь тогтоогдвол давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох эрхтэй юм.

Иймд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолыг хүчигүй болгож, прокурор М.Сайнзаяагийн гаргасан эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.АРИУНЦЭЦЭГ   

     

 

                                       ШҮҮГЧ                                   С.УРАНЧИМЭГ

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ