Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/07

 

                                           *******т холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай   

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Улаанаа /цахим/

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, шийдвэрлэн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор *******т  холбогдох эрүүгийн 2133000040029 дугаартай, 150/2022/0044/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Пүрвээгийн Батбаатар, Монгол улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын инженер мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга ажилтай , ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 1 дугаар баг 4-11 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж :айгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай /РД:МК80073119/

 

******* нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах  ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулалгүйгээр иргэнтэй 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн СЭ02/ОТ2017 дугаартай гэрээ байгуулан 30.000.000 төгрөгийн автомашин худалдан авсан, мөн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “******* ******* *******” ХХК-аас  5.000.000 төгрөгийг байгууллагад автомашин авахад зарцуулна гэж авч өөрийн үйлдлийн улмаас бусдад усчруулсан хохирол төлөхөд зарцуулж өөртөө давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч Боржигон овогт Пүрвээгийн Батбаатарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан өөртөө, бусдад давуу байдал бий болгох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар торгох ялын 7,000,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор ******* төлж барагдуулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэн,

 

Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т торгох ял дээр нэмж 02 жилийн хугацаагаар оногдуулсан нийтийн  албанд томилогдох эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

 

Иргэний хуулийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар *******аас 5,000,000 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын засаг даргын тамгын газрын орон нутгийн хөгжлийн санд олгож,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн 2022/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг тайлбарлаж буруу хэрэглэсэн хэмээн үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

Эрүүгийн хуулийг тайлбарлаж буруу хэрэглэсний тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д гэмт хэрэг гарсан байдал гэмт хэргийг хэзээ , хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал мөн тус зүйлийн 1.3-д гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт.шүүх хуралдааны явцад нотолсон байхыг хууль тогтоогчоос хуульчилж өгсөн байдаг. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт урвуулан ашиглах гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгохоор тайлбарласан байдаг.

Шүүгдэгч ******* нь гэрч Д.*******өөс авсан 5 сая төгрөгийг албан хэрэгцээнд зарцуулаагүй буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхэд зарцуулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй болох байсан юм. Гэтэл шүүгдэгч нь ******* нь гэрч Д.*******өөс авсан 5 сая төгрөгөөр албаны буюу Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын хэрэгцээнд ашиглагдах тээврийн хэрэгсэлийг засварлахад зарцуулсан байдаг. Энэ нь түүнийг  хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхэд зарцуулсан гэсэн нь үгүйсгэгдэж байна.

 Шүүгдэгч *******ын холбогдсон гэмт хэрэг 2017 он ба шүүгдэгч гэмт хэрэгт холбогдож байх цаг хугацаанд буюу 2017 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно хэмээх тус зохицуулалт хуульд байхгүй байсан болно. 2017 онд шүүгдэгчийг гэмт хэрэгт холбогдож байх үед хөөн хэлэлцэх хугацааг тоолох өөр зохицуулалт үйлчилж байсан буюу шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хөөн хэлэлцэх хугацааг тоолох хууль үйлчилж байсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байхаар хуульчилсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх хуулийг хэрэглэхдээ шүүгдэгчийг гэмт хэрэг холбогдох цаг хугацаанд хуулинд байхгүй байсан, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүйгээр шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа болох 5 жилийн хугацаа өнгөрсөн хэмээн үзэж байгаа. Мөн шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэгт 2017.06.05, 2017.06.13, 2017.07.29, 2017.08.04 гэх он сар өдрүүд яригддаг ба хэрэв дээрх он сар хугацаанд хууль зүйн үүднээс авч үзвэл 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэг мөн хуулийн 72 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, зүйлчлэлийн асуудал давхар яригдах учиртай юм.

Түүнчлэн Монгол улсын үндсэн хуулийн цэцийн 2022 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн 83 дугаартай цэцийн гишүүний тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн тайлбарласан албан ёсны тайлбар дээр үндсэн хууль зөрчсөн эсэх талаар маргаан үүсгэчихсэн байгаа. 5.000.000 төгрөгийн хувьд тээврийн хэрэгслийн засварт мөнгийг зарцуулсан байдаг ба шүүгдэгч нь гэрчээс авсан мөнгийг хувьдаа авсан, хувьдаа зарцуулсан зүйл огт байхгүй болно. Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт заасан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор алба тушаалын байдлаа ашигласан гэх хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу Эрх мэдэл,албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субьектив талын шинжгүй, гэмт хэргийн шинжгүй юм.

Анхан шатны шүүх хуульд заасан дээрх гэмт хэргийн ойлголтыг тайлбарлахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлд заасан гэмт хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хохирол шаарддаггүй гэмт хэрэг учраас шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар шийтгэх тогтоолд дурьдсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь холимог бүрэлдэхүүнтэй буюу их хэмжээний хохирол учирсан тохиолдолд гэмт зүйлчлэлийг хүндрүүлдэг мөн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн байхыг шаарддаг гэмт хэрэг болно.

Анхан шатны шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж буруу хэрэглэсэн буюу шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьектив талын шинжгүй, гэмт хэргийн шинжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлохоор хуульчилсан байдаг. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно хэмээн 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр хуулинд нэмэлт өөрчлөлт оруулан хуульчилсан байдаг.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхээр хуульчилсан байдаг. Анхан шатны шүүх шүүгдэгч *******т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байсан гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийг хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх байсан  юм гэв.

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2016 оны 11 дүгээр сард Орхонтуул сумын Засаг дарга болсон. Намайг Засаг дарга болохоос өмнө өмнөх Засаг дарга 2 жил албан хэрэгцээний машин байгаагүй. Манай сум баруун 5 сумын хамгийн том сум юм. Хамгийн олон малтай, 200 гаруй малтай, Хоёр төвийн хооронд 20 км-ийн бартаат замтай, Өвөлдөө уг автомашин нь эрүүл мэндийн үйлчилгээнд явдаг. Энэ зарчмаараа өнгөрсөн онд хөрөнгө, мөнгийг шийдчихээд байхад, зун дуусаад намар болж байсан. Намар болоход аймаг хөрөнгө оруулалтаа татдаг. Тиймээс яаравчлан машин тэрэг авмаар байна гэж үнэлгээний хороог шахсан. Гэтэл үнэлгээний хороонд нөлөөлсөн байдлаар мэдүүлэг өгсөн юм билээ. Тухайн үед үнэлгээний хорооны гишүүдээс хөтөлж мэдүүлэг авсан гэж ярьдаг. *******ийн компани намайг Сумын Засаг Дарга болохын өмнөх жил гараад явсан. дарга, Иргэдийн хурлын даргатай нийлээд, нэгжийн тухай хуулиа зөрчөөд, сумын Иргэдийн төлөөлөгчид хэзээ ч газрын асуудал хэлэлцдэггүй. Гэтэл 328 га газрыг нэгжийн тухай хууль зөрчөөд, хурлаараа хэлэлцсэн болж оруулаад, *******өд  газар олгосон юм билээ. Би яагаад үүнийг яриад байна вэ гэхээр энэ нөхцөл байдлаар зохион байгуулалттай, нөгөө байдалд давуу байдлыг үүсгэж, намайг гэм буруутай болгох гэж зохион байгуулсан гэж үзэж байна гэв.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Өмгөөлөгч хууль хэрэглээний талаар ярьж байна. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн хэрэглээтэй холбоотой түшиглэж, Үндсэн хуулийн Цэцэд хандсан асуудлаас нь тайлбарлаж байна. Миний хувьд Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд заасан заалт нь яллагдагчаар татаж болохгүй талаарх зохицуулалт биш байна гэж харж байна. Хэрэв 1.8 дугаар зүйл гэж ярих гэж байгаа бол хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн яаж шийдвэрлэх зохицуулалт заагдаагүй байна гэж харж байна. Шүүгдэгчийн яриад байгаагаар гэрчүүдээс дарамталж мэдүүлэг авсан зүйл байхгүй, хэрэгт баримт байхгүй. Одоо шүүх хурал дээр л ярьж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 2133000040029 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 Анхан шатны шүүх шүүгдэгч *******т холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцэх боломжийг хангаж, талуудын оролцоотойгоор тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг шинжлэн судалж, тэдгээрийг цуглуулж бэхжүүлэх ажиллагаа хуульд нийцсэн, агуулга нь нотолгооны ач холбогдолтой эсэхийг өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шударга ёсны зарчимд нийцүүлэн шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзлээ.

          

 2.Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа увуулан ашиглаж төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин бараа худалдан ажиллагааг хуульд зааснаар  зохион байгуулалгүйгээр 2017 оны  07 дугаар сарын 17-ны өдөр “Орхонтуул сумын засаг дарга автомашин худалдан авах тухай” СЭ02/ОТ2017 дугаартай гэрээг иргэн тэй байгуулж 30.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашин худалдан авсан, мөн тус сумын  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* Баян *******” ХХК-ны захирал Д.*******өөс автомашин худалдан авахад зарцуулна гэж 5.000.000 төгрөгийг бэлнээр хувьдаа авч өөртөө  давуу  байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. Үүнд:

 

Гэрч Н.Цэндмаагийн “...Засаг даргын албаны хэрэгцээнд автомашин худалдан авах 30.000.000 төгрөгийн санхүүжилт орж ирсэн. ... миний хувьд 2017 оны 08 сарын 08-ны өдөр автомашины төлбөр 30.000.000 төгрөгийг  иргэн данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

 

Гэрч “... Би  Улаанбаатар хотын “Дизель хүрээ” гэдэг техникийн зах дээр машин зардаг байсан. Тэр үед гэдэг залуу “Прадо-120”  машиныг зогсоол дээрээ зараад өгөөч” гэхээр нь зөвшөөрсөн. ...машиныг 2 залуу үзээд  сонирхоод байхаар нь машины эзэн тэй уулзуулсан. ... надад 5.000.000 төгрөг өгсөн гэдэг нь худлаа би мөнгө аваагүй...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч “... Да хүрээ зах дээр машинаа заруулахаар тавьсан байсан. Машинаа 30.000.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч “...тендерийн баримт бичгийг дутуу хагас боловсруулсан  боловч албан ёсоор тендер зарласан  гэдгээ санахгүй байна.  Ямар ч байсан 2017 оны 07 дугаар сард манай Засаг дарга ******* нь Улаанбаатар  хот руу яваад Прадо-120 маркийн  машин худалдаж аваад  түүнийгээ өөрөө  унаад ирж байсан юм. Яагаад зарлаагүй гэдгийг би мэдэхгүй байна...”

 

Гэрч ******* “... сумын засаг даргын авто машиныг худалдан авах тухай асуудлыг хэлэлцээд тендерийн баримт бичгээ боловсруулж, цахим сайтад байршуулахаар ярьсан юм. ... засаг дарга ямар ч байсан машин худалдаж аваад ирсэн юм. Нэгэнт автомашин худалдан авсан учир би өөрөө үнэлгээний хорооний нарийн бичгийн дарга Мэнд-Амарт үүрэг өгч тендерийн  баримт бичиг, автомашин худалдах, худалдан авах  гэрээ зэргийг нөхөн бүрдүүлж архивт хадгалуулсан юм.  Засаг дарга албан машин худалдаж авахад “******* ******* *******” ХХК-иас 5.000.000 аваад машинаа 35.000.000 төгрөгөөр авсан гэж тайлбарласан байсан...” гэх мэдүүлэг, Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн СЭА-07/15-На дугаартай албан шаардлага, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын засаг даргын тамгын газарт ...автомашин худалдан авсан  тендерийн бичиг баримтад үзлэг хийсэн тухай 2021 оны 02 сарын 17-ны өдрийн тэмдэглэл болон түүнтэй холбоотой баримтын хуулбарууд зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

 

3.Шүүгдэгч *******ын Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын засаг даргаар буюу төрийн улс төрийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төсвийн тухай хуулийн заалтуудыг тус тус зөрчин орон нутгийн өмчийн хөрөнгөөр автомашин худалдан авахдаа  тендер шалгаруулалт зарлахгүйгээр  иргэнтэй  гэрээ байгуулан худалдан авч албан тушаалын байдлаа урвуулан  ашигласан, мөн тухайн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдээс нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт хандиваар өгсөн 5.000.000 төгрөгийг өөрийн буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг арилгахад зарцуулж өөртөө давуу байдал бий болгосон үйлдлүүд нь тогтоогдсон байна. Шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн диспозицэд заасан “Албан тушаалын байдал” гэдэгт эрх нөлөө хамаарах, мөн “Урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг тус тус ойлгохоор хуульчлсан.

 

Өөрөөр хэлбэл, албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх нь тухайн гэмт хэргийн нийтлэг шинж  бөгөөд анхан шатны шүүхээс  шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн эрх зүйн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

4.Шүүгдэгч түүний өмгөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ:

а.шүүгдэгч ******* нь тус сумын  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* Баян *******” ХХК-ны захирал Д.*******өөс автомашин худалдан авахад зарцуулна гэж 5.000.000 төгрөгийг бэлнээр авсан үйлдлээ байгууллагын автомашин засварлахад зарцуулсан тухайн мөнгийг хувьдаа аваагүй гэж тайлбарладаг ба түүний өмгөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ гэрч Д.*******өөс авсан 5.000.000 төгрөгөөр  албаны буюу Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын хэрэгцээнд ашиглагдах тээврийн  хэрэгсэлийн засварт зарцуулсан тул  хувийн ашиг сонирхлоо  гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаагүй гэмт хэргийн шинжгүй,

б.Шүүгдэгч *******ын холбогдсон гэмт хэрэг 2017 он ба шүүгдэгч гэмт хэрэгт холбогдож байх цаг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно хэмээх тус зохицуулалт хуульд байхгүй байсан буюу хөөн хэлцэх хугацааг тоолох өөр зохицуулалт үйлчилж байсан. Гэтэл анхан шатны шүүх хуулийг хэрэглэхдээ шүүгдэгчийг гэмт хэрэгт холбогдох цаг хугацаанд хуулинд байхгүй байсан, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүйгээр шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулсан гэж тус тус тайлбарлажээ.

 

Шүүгдэгч хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлээгүй гэсэн гомдлын хувьд:

 

Энэ  нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “...Сэлэнгэ аймгийн орон нутгийн төсвөөс 2017 онд Орхонтуул сумын Засаг даргад автомашин худалдаж авах 30.000.000 төгрөг баталж эрх шилжүүлсэн.  Гэтэл сумын засаг дарга тус сумд үйл ажиллагаа явуулдаг компанаас нийгмийн хариуцлагын хүрээнд хандивт өгсөн 5.000.000 төгрөгийг сумын эсвэл аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн дансанд хандив хэлбэрээр төвлөрөн зарцуулах ёстой байтал  төрийн сангийн дансаар дамжуулалгүй бэлнээр авсан байна. Иймд хандивын 5.000.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн орон нутгийн хөгжлийн дансанд буцаан төвлөрүүлэхээр нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.*******ийн “...2017 онд Манай компани орон нутагт үйл ажиллагаа явуулаад 2 жил болж байсан. ...2017 оны 10 сард засаг дарга ******* нь машин эвдэрсэн гээд бид 2 уулзаад 5.000.000 төгрөгийг хандив тусламж гээд өгсөн...” гэх мэдүүлэг,

 

Гэрч ******* “...2017 оны 08 сард Буянт-Ухаа хороололын наахан талд  миний баруун талаас цагаан өнгийн жийп машин орж ирээд миний машины буруу туслах замаас ирж мөргөсөн. Тухайн жолоочийн буруутай үйлдлээс болж осол гарсан.  Миний машиныг мөргөсөн автомашины жолооч  нь  “цагдаа дуудахгүй тохирьё, засуулаад өгье” гэхээр нь зөвшөөрч “Ранже ровер” засварын газарт очиж засуулсан. ...автомашины завсарын хөлс, их гэрэл гупер хоёрыг шинээр сольж тавиад  нийлээд 5.000.000 төгрөг  болж байсан...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн *******ын “...тухайн үед манай байгууллага машингүй учир жолоочгүй байсан.  Би өөрөө машинаа барьж яваад  осол гаргасан.  ******* гэдэг найздаа хандаж яриад тусалъя, дэмжинэ гээд 5.000.000 төгрөг өгсөн.  Тэр мөнгөөр нь машины эвдрэл засуулсан...“ гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар  “******* ******* *******” ХХК-аас нийгмийн хариуцлагын хүрээнд хандивт өгсөн 5.000.000 төгрөгийг шүүгдэгч  *******  нь байгууллагын автомашин засварт хэрэглээгүй харин өөрийн буруутай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг арилгахын тулд зарцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул түүний байгууллагын эд хөрөнгө засан сайжруулахад зарцуулсан, шүүгдэгчийн дээрхи үйлдэл гэмт хэргийн шинжгүй, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаагүй гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Хөөн хэлцэх хугацааны талаар:  

 

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан ба Улсын их хурлаас хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Харин Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулсан бөгөөд “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй” гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн  хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд 5 жил  өнгөрсөн байхаар заасан бөгөөд шүүгдэгч ******* нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу 2017 оны 07 сарын 17-ны өдөр гэмт хэрэг үйлдснээр 2021 оны 05 сарын 21-ны өдөр түүнд эрүүгийн хэрэг үүсгэж ялагдагчаар татсан,  Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор өөрчлөлт хамаарч байна.  Иймд хөөн хэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй.

Мөн шүүгдэгч ******* нь 2017 оны 07 сарын 17, 2017 оны 08 сарын 04-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн үйлчлэлд хамаарахгүй болно.

Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 83 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн тайлбарласан Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай тогтоолд Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар маргаан үүсгэсэн байгаа боловч албан ёсны дүгнэлт гараагүй байх тул энэ үндэслэлээр хэргийг түдгэлзүүлэхийг хүссэн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  *******, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                        

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН