Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2024/04849

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 21 182/ШШ2024/04849

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: .............. тоот хаягт байрлах, К ББСБ ХХК /РД:000000000/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С овогт Э.Э /РД:00000000/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

К ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...К ББСБ ХХК нь Э.Э-тай 2021.08.25-ны өдөр №14 тоот зээлийн гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн гэрээний үүрэгт 1,647,175.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч 2024.05.22-ны өдрийн 184/ШЗ2024/12588 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчдийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд Э.Э-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан 2024.10.08-ны өдрийн 24/2971 тоот О.М, С.Б, Б.У нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 2 х/,

-Улсын тэмдэгтийн хураамжид 2024.10.08-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3-4 х/,

-Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.22-ны өдрийн 184/ШЗ2024/12588 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 5 х/,

-2021.08.25-ны өдрийн 14 дугаартай Зээлийн гэрээ /хх-ийн 6-8 х/,

-Зээл төлөлтийн хүснэгт /хх-ийн 9 х/,

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 10 х/,

-Улсын бүртгэлийн 000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 11 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Э-гийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар К ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ц шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021.08.25-ны өдрийн 14 дугаартай зээлийн гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Э-гийн оршин суух хаягийг ............................ тоот гэж тодорхойлсны дагуу К ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,647,175.88 төгрөг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.22-ны өдрийн 184/ШЗ2024/12588 дугаартай шүүгчийн захирамжаар Э.Э нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 5 х/,

 

Э.Э нь К ББСБ ХХК-тай 2021.08.25-ны өдөр 14 дугаартай зээлийн гэрээ байгуулан 1,099,900 төгрөгийн зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах К ББСБ ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 6-8 х/,

 

Э.Э нь 2021.08.25-ны өдрийн 14 дугаартай зээлийн гэрээнд тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.22-ны өдрийн 184/ШЗ2024/12588 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, К ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Цгийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд К ББСБ ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Э-гийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С овогт Э.Э /РД:00000000/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Э.Э-г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА