Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 01900

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/01239 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “А” ХХК-ийн хариуцагч НИТХ-д холбогдуулан гаргасан нийт              4 095 780 949 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай, “А” ХХК-аас нийт                   1 129 405 500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар, Э.Сугар-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунсувд, өмгөөлөгч А.Нарантуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: “Худалдааны гудамж-2005” төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгын ашиглагдах боломжгүй болсон 2 болон 3 дугаар блоктой холбоотой асуудлаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 1998 оны 9 дугаартай тогтоол, Нийслэлийн Засаг даргын 1998 оны А/41 дугаар захирамж, зохих шийдвэрүүдийг үндэслэн 1998 оны 08 сарын 01-ний өдөр “Түрээсийн барилгад их засвар хөрөнгө оруулалт хийлгэх тухай гэрээ” байгуулсан. Уг гэрээний дагуу уг объектод өөрсдийн хүч хөдөлмөрөөр их засварын ажлыг амжилттай хийсэн бөгөөд барилгыг бүхэлд нь засвар, тохижилт үйлчилгээ хийх, гадна зам талбайн тохижилтыг хийх зорилготой байсныг хэрэгжүүлэн 3 дугаар блокийн барилга засварын ажилд 113 569 682 төгрөг, 2 дугаар блокийн барилга засварын ажилд болон гадна тохижилтын ажилд 363 734 425 төгрөгийн үнэ бүхий ажлыг гүйцэтгэн түрээслүүлэгч талд актаар хүлээлгэн өгч, 2004 оны 04 сарын 26-ны өдөр Нийслэлийн Засаг даргаас нийт 477 304 107 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг батламжилж 24 тоот “Хөрөнгө оруулалтын гэрчилгээ”-г олгосон. Хариуцагчийн зүгээс дээрх засварын ажилд санхүүжилт оруулж дэмжээгүй атлаа “зах зээлийн ханш” гэх үндэслэлээр түрээсийн төлбөрийг байнга нэмэгдүүлэн нэхэмжилдэг байсан.

“А” ХХК нь гэрээнд заасны дагуу тодорхой хугацаанд /10 жил/ түрээсийн төлбөрийг зохих ёсоор төлж байсан боловч хөрөнгө оруулсан мөнгөн хөрөнгөөс нэг ч төгрөг буцаан олгоогүй. Цаашид шийдвэрлэх эсэх нь тодорхой бус байхаас гадна тус барилгыг хувьчлах тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлээгүй байна. “Урт цагаан” үйлчилгээний төвийг 2007 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад оруулж баталсан боловч 2013 онд жагсаалтаас хассан. Үүнтэй холбогдуулан 2013 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд түрээсийн барилгын өмчлөгчөөр хууль болон гэрээнд заасны дагуу тогтоолгох нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дараа нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Цаашид өөрсдийн хөрөнгө оруулалтаар бий болгосон зүйлд давхар түрээс төлөх нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан тул тухайн эд хөрөнгөнд оруулсан хөрөнгө оруулалтын төлбөрийг хариуцагч талаас гаргуулж авах нь хууль, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.4, 89 дүгээр зүйлийн 89.4, 94 дүгээр зүйлийн 94.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу талууд нь хамтран эзэмшигч байхаас гадна тухайн этгээд үр шимийг буцааж өгөх үүрэгтэй бол аж ахуйн хэвийн үйл ажиллагааны явцад үр шимийг бий болгоход зарцуулсан зардлыг тухайн үр шимийн өртгөөс хэтрүүлэхгүй хэмжээгээр эрх бүхий этгээдээс шаардах, засан сайжруулалтын улмаас эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн бол уг эд хөрөнгийг буцааж өгөх үеийн засан сайжруулалтын үнэлгээгээр шаардлагын хэмжээг тодорхойлж байна. Энэ тохиолдолд шаардлагын үнийн дүн нь эд хөрөнгийн үнийн болон ашгийн нийлбэрээс хэтрэхгүй гэсэн хэм хэмжээг үндэслэн бусдын эд хөрөнгийг засан сайжруулж шинэ өмч хөрөнгө бий болгосон санхүүжилт, хөрөнгө оруулалтын үр дүнгээр бий болсон хөрөнгийг шүүхээс томилсон мэргэжлийн байгууллага болох шинжээч “Цэгц-Очир” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн 4 095 780 949 төгрөгийг өмчлөгч болох Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргуулахаар нэхэмжилж байна. Харин хариуцагч Нийслэлийн өмч харилцааны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хувийн компаниудын гаргасан үнэлгээний үнийн дүнг үндэслэн нэмэгдүүлж 4 095 780 949 төгрөг нэхэмжилсэн атлаа шүүхээс томилогдсон “Тэнгэрийн гэрэл” ХХК-ийн хийсэн үнэлгээ буюу 2 010 683 200 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаагүй. Монгол улсын Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоол, Сангийн сайдын 2018 оны 207 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газрын баланс дахь эргэлтийн бус хөрөнгө болох газар, барилга байгууламж, нийтийн эзэмшлийн хөрөнгийн дахин үнэлгээг санхүүгийн тайлагналын зориулалтаар Нийслэлийн өмчийн харилцааны газар хийж гүйцэтгэсэн үнэлгээний тайланг “Ю Би Пропертиз” ХХК нягтлан шалгасан ба 2018 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгын бодит үнэ цэнийг 1 381 861 740 төгрөг гэж тогтоосон байна. Мөн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 сарын 05-ны өдрийн захирамжаар батлагдсан Нийслэлийн өмчийн үл хөдлөх хөрөнгөнд хийх хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох, хянаж баталгаажуулах, бүртгэх түр журмын 2.11-д батлагдсан хөрөнгө оруулалтаас зохих хууль тогтоомжийн дагуу жил бүр элэгдэл тооцно гэж заасны дагуу хуучин нэрээр Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2004 оны “Элэгдлийн хувь тогтоох тухай” 82 дугаар тушаалаар Нийслэлийн өмчийн барилга байгууламжид хийх хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагаас хийсэн хөрөнгө оруулалтад жилийн эцэст нэг удаа баталсан хувиар элэгдэл тооцож, хөрөнгө оруулалтын гэрчилгээнд бичилт хийж байхыг даалгасан байна.

Дээрх тушаалын дагуу “А” ХХК-аас хийсэн 477 304 107 төгрөгийн хөрөнгө оруулалтад жил бүр элэгдэл тооцоход 2019 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар тус компанийн хөрөнгө оруулалтын үлдэгдэл 161 761 239 төгрөг болсон байна. Энэ элэгдэл хорогдлыг удаа дараагийн шинжээчийн дүгнэлтэд огт тооцож гаргаагүй. Түүнчлэн тус барилгын 12 блок бүхий нийт 7 912.8 кв.м талбайтай байгууламжийг 1 381 861 740 төгрөгөөр Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газрын санхүүгийн тайланд тусган бүртгэсэн байна. “А” ХХК нь Нийслэлийн өмчийн барилга байгууламж болох “Урт цагаан” үйлчилгээний төвийн 2, 3 дугаар блокийг өнөөдрийг хүртэл тасралтгүй эзэмшиж ашиглан, үйл ажиллагаагаа явуулж байгаа болно. Түрээслүүлэгч НИТХ, түрээслэгч “А” ХХК аль, аль нь түрээсийн гэрээг дуусгавар болгох, гэрээг цуцлах талаар санаачилга гаргаагүй, гэрээнээс татгалзаагүй учир Иргэний хуулийн 294, 295 дугаар зүйлд заасан нөхцөл бүрдээгүй болно. Нэгэнт гэрээ дуусгавар болоогүй байгаа нөхцөлд “А” ХХК нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж заасан байгаа тул гэрээг албан ёсоор хуульд заасны дагуу дүгнэж, дуусгавар болгоогүй байхад гарсан зардлаа нэхэмжлэх хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.4 дэх хэсэгт заасныг баримталсан боловч уг зүйлд шаардлагын үнийн дүн нь эд хөрөнгийн үнийн болон ашгийн нийлбэрээс хэтрэхгүй гэж заажээ. Гэтэл “А” ХХК-ийн нэхэмжлэлийн дүн болох 4 095 780 949 төгрөгийн хэд нь “Урт цагаан” үйлчилгээний төвийн 2, 3 дугаар блокийн үнэ, хэд нь тус компанийн ашиг гэж тодорхойлон үнэлж шаардаж байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ талаар нэхэмжлэгч баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна. Хуулийн эдгээр зүйл заалтуудыг дүгнэлт гаргасан шинжээч тодруулж өгөөгүй, ялган салган тодорхойлоогүй болон нэхэмжлэгч тал хуулийн зохих шаардлагыг хангаагүй байгаа тул шүүх “А” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй. Шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй, бодит байдалд нийцээгүй. “Урт цагаан” үйлчилгээний төвийн бүх барилгын үнэ нь 1 381 861 740 төгрөг байхад зөвхөн 2, 3 дугаар блокийн үнэ 4 095 780 949 төгрөг байна гэдэг нь ойлгомжгүй, эргэлзээтэй зүйл ба шинжээч нарын дүгнэлт үндэслэлгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь Нийслэлийн өмчийн барилга байгууламж болох “Урт цагаан” үйлчилгээний төвийн 2, 3 дугаар блокийг 1999 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй эзэмшиж, ашиглан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2000-2001 онд хийгдсэн 477 304 107 төгрөгийн хөрөнгө оруулалтыг 20 жилийн дараагаар бараг 10 дахин өсгөж, шинжээчдийн дүгнэлтийг үндэслэж нэхэмжлэлийн үнийг нэмэгдүүлж байгаа нь бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулсан 2008 оны “Түрээсийн гэрээ”-ний 3.2-т түрээслэгч барилгын ашиглалтын үйл ажиллагаатай холбогдсон бүх зардлыг хариуцна. Энэ тухайд түрээслүүлэгчээс ямарваа нэгэн хөрөнгө шаардахгүй гэж заасан. Нэхэмжлэгч нь түрээсээр эзэмшиж байгаа барилгадаа өөрийн хөрөнгөөр их засвар хийж, хөрөнгө оруулсан ба үр шимийг нь 20 жил  хүртсэн. Тухайн хөрөнгө оруулалтын элэгдэл, хорогдлыг бодитоор үнэлсэн эрх бүхий байгууллага, шинжээчийн дүгнэлт гараагүй, нэхэмжлэгч өөрийн бодит хохирлыг тодорхойлоогүй, хариуцагчаас хөрөнгө оруулалтын зардлыг шаардах эрх гэрээтэй холбоотойгоор үүсээгүй байна. Нэхэмжлэлийн үнийг удаа дараа нэмэгдүүлсэн шинжээчийн дүгнэлтүүд нь 2000-2001 онд оруулсан хөрөнгө оруулалтыг инфляцын түвшинтэй уялдуулан өнөөдрийн ханшаар үнэлж, элэгдэл хорогдлыг нарийвчлан тооцоогүй орхигдуулсан нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: “А” ХХК нь нийслэлийн өмчийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Урт цагаан” ахуй үйлчилгээний төвийн 2, 3 дугаар блокийг 2007 оноос хойш эзэмшиж, ашиглаж байна. Түрээсийн гэрээг 2007, 2008 онд байгуулснаас хойш ямар ч гэрээ хэлцэлгүйгээр улсын өмчийг эзэмшиж ашиглаж байгаа болно. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 04 сарын 02-ны өдрийн 480 дугаар шийдвэрээр “А” ХХК-аас 2009-2012 он дуусталх түрээсийн төлбөр 417 471 992 төгрөгийг гаргуулж Нийслэлийн өмчийн харилцааны газарт олгохоор шийдвэрлэсэн. Уг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг “А” ХХК нь “хөрөнгө оруулалтын төлбөрөөс хасаж тооцуулна” гэсэн тайлбар гаргаж, одоог хүртэл биелүүлээгүй байгаа болно.

Иймд “А” ХХК-аас “Урт цагаан” үйлчилгээний төвийн 1 089,71 м.кв талбай бүхий ажлын байрыг ашиглаж, эзэмшсэн 2013-2019 оныг дуустал түрээсийн төлбөрт нийт 752 937 000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар төлбөрийн үнийн дүнгийн 50 хувь болох 376 468 500 төгрөгийн алдангийн хамт нийт 1 129 405 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлээс 74 422 242 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Талуудын хооронд 2008 оны 03 сарын 03-ны өдөр байгуулсан “Түрээсийн гэрээ”-ний хавсралтаар түрээсийн төлбөр болон түрээслэх талбайн хэмжээг заасан. Уг түрээсийн гэрээтэй холбоотой асуудал 2013 оны 04 сарын 02-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхээс хэлэлцэгдэж шүүхээс түрээсийн гэрээний хугацаа дууссан гэж үзэж байрыг чөлөөлөхийг “А” ХХК-д үүрэг болгож шийдвэрлэснийг Нийслэлийн шүүхийн 2013 оны 07 сарын 01-ний өдрийн Магадлалаар гэрээний хугацаа тодорхой бус хугацаагаар, тухайн нөхцөлөөр сунгагдсан гэж үзнэ гээд шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Иймээс 2008 оны түрээсийн гэрээний хавсралтад заагдсан талбайн хэмжээ, нэгж үнээр тооцогдох ёстой. Конторын зориулалтаар 359 м.кв талбайг 4 000 төгрөгөөр, рестораны зориулалттай 241 м.кв талбайг 3 500 төгрөгөөр, эмийн бөөний төвийн зориулалттай 200 м.кв талбайг 3 500 төгрөгөөр тус тус тооцож тохиролцсон байх бөгөөд сөрөг нэхэмжлэлд дурдсан агуулах гэх талбайд хэмжээ болон үнэ огт тохиролцоогүй. 2008 оны түрээсийн гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөрийг тооцож үзвэл конторын зориулалттай талбайд 1 сард 1 436 000 төгрөг, рестораны зориулалттай талбайд 1 сард 843 500 төгрөг, эмийн бөөний төвийн зориулалттай талбайд 1 сард 700 000 төгрөг нийт 1 сард 2 979 500 төгрөг төлөхөөр тохиролцсон гэрээний нөхцөл өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа болно. Хариуцагч нь 2008 оноос хойш гэрээг бичгээр байгуулаагүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулж бүртгүүлэх заалт байгаа, үүнийг биелүүлээгүй бол хүчин төгөлдөр бус гэрээ болдог. Хариуцагч өөрийн дураар үнэ тариф гаргаж түрээсийн төлбөрийг байнга үндэслэлгүй нэмэгдүүлдэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны “Түрээсийн төлбөрийн доод үнийг тогтоох тухай” 26 тоот тогтоол, 2014 оны “Журам, гэрээний үлгэрчилсэн загварыг шинэчлэн батлах тухай” 65 дугаар тогтоол, 2018 оны “Түрээсийн төлбөрийн хэмжээ тогтоох тухай” 40 дүгээр тогтоол зэрэг нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй учир хүчингүй юм. Хүчин төгөлдөр бус журмыг баримтлан төлбөр нэхсэн нь үндэслэлгүй.

Манай компанийн зүгээс түрээсийн төлбөрт 2013 оны 10 сарын 04-ний өдрөөс хойш 2017 оны 05 сарын 18-ны өдөр хүртэл нийт 50 716 757.77 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 74 422 242 төгрөгийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч, бусад хэсгийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 477 304 107 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх               3 618 476 842 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-аас 664 051 842 төгрөгийг гаргуулан хариуцагч НИТХ-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 465 353 658 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК нь Нийслэлийн өмч харилцааны газар /Нийслэлийн өмч ашиглалтын удирдлагын газар/-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.4-д заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлсөнд нэхэмжлэгчээс             2 440 0000 төгрөг, хариуцагчаас 2 240 000 төгрөгийг тус тус гаргуулан шинжээч “Тэнгэрийн гэрэл” ХХК-д, нэхэмжлэгчээс 1 500 000 төгрөгийг, хариуцагчаас 1 500 000 төгрөгийг тус тус гаргуулан шинжээч “Цэгц-Очир” ХХК-д, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс 2 500 000 төгрөг, хариуцагчаас 2 500 000 төгрөгийг тус тус гаргуулж Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн Тамгын газарт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч байгууллагын сөрөг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдан, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 20 953 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2 544 471 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 3 490 931 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: “Си А Ти групп” ХХК нь Нийслэлийн Засаг даргын дэргэдэх өмчийн газартай 1998 оны 08 сарын 01-ний өдөр “Түрээсийн барилгад их засвар, хөрөнгө оруулалт хийлгэх тухай” гэрээ байгуулсан. 1998 оны 07 сарын 20-ны өдөр “Урт цагаан” үйлчилгээний төвийн 2, 3 дугаар блокийг хүлээлцсэн тухай актаас үзвэл, уг барилга нь ашиглах ямар ч боломжгүй байсан. Дээрх гэрээний дагуу нийт 477 304 107 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг Өмчийн харилцааны газраас баталгаажуулж 2004 оны 04 сарын 26-ны өдөр 24 дугаартай “Хөрөнгө оруулагчийн гэрчилгээ” олгосон. Дээрх гэрээний дагуу 2000 оны 05 сарын 29-ны өдөр 3 дугаар блок барилгад хийгдсэн ажлыг 25 дугаартай актаар, 2 дугаар блок барилгад хийсэн ажлыг 2001 оны 12 сарын 25-ны өдрийн 20 тоот актаар тус тус хүлээлгэн өгсөн. Мөн барилгад хийсэн их засвар хөрөнгө оруулалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2001 оны 12 сарын 19-ны өдрийн 139 тоот техникийн дүгнэлтээр маш тодорхой баталгаажуулсан.

Нэхэмжлэгч нь уг барилгад хөрөнгө оруулалт хийх болсон үндсэн шалтгаан нь “Түрээсийн барилгад их засвар, хөрөнгө оруулалт хийлгэх тухай байгуулсан гэрээ”-ний 2.6-д заасан тухайн барилгыг хувьчлал хийгдсэн тохиолдолд нэхэмжлэгчид тэргүүн ээлжид худалдан авахад нь дэмжлэг үзүүлнэ гэсэн нөхцөл болно. НИТХ-аас 2007 оны 12 сарын 28-ны өдөр 11/65 тоот тогтоол гарч 2008 онд Нийслэлийн өмчөөс хувьчлах аж ахуйн нэгж, барилга байгууламжийн жагсаалтыг хавсралаар баталсан бөгөөд уг жагсаалтад “Урт цагаан” үйлчилгээний төв багтсан байдаг. Мөн Нийслэлийн өмчөөс хувьчлах жагсаалтыг Төрийн өмчийн хорооноос зөвшөөрч 2008 оны 03 сарын 27-ны өдөр 191 тоот тогтоолыг гаргасан. Гэвч НИТХ- болон Нийслэлийн өмчийн газар нь дээрх тогтоолын биелэлтийг хангахын оронд нуун дарагдуулж хөрөнгө оруулагчийн эрхийг ноцтой зөрчсөөр ирсэн. Энэ талаар “А” ХХК нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасанд 2009 оны 03 сарын 11-ний өдөр хүргүүлсэн 23/2009 тоот “Өмч хувьчлал болон түрээсийн төлбөрийн тухай” албан бичгээс маш тодорхой харагдана. Хариуцагч болох НИТХ- нь 2007 онд гарсан өмч хувьчлалын тухай тогтоолоо хэрэгжүүлэхийн оронд 2013 оны 11 сарын 28-ны өдөр 13/49 тоот тогтоол гаргаж “Урт цагаан” үйлчилгээний төвийг хувьчлалын жагсаалтаас хассан болно. НИТХ- нь хөрөнгө оруулагчийн хууль ёсны дагуу зохих зөвшөөрлийн үндсэн дээр хийсэн хөрөнгө оруулалтыг үл тоож, харин түрээсийн төлбөрийн хэмжээг өөрчлөх, нэмэгдүүлэх талаар тогтоол шийдвэр гаргаж ирсэн. Хөрөнгө оруулалтыг буцаан олгох, өмч хувьчлах асуудлыг огт анхаарч үзэлгүй өнөөдрийг хүргэж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч НИТХ нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 14 хоногийн дотор шүүхэд хариу тайлбараа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй шүүхийг үл хүндэтгэсэн байдал үзүүлснийг дурдах нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас Нийслэлийн өмчийн харилцааны газрын хүсэлтээр шүүхийн журмаар томилогдсон “Тэнгэрийн гэрэл” ХХК-ийн шинжээч Ц.Сэржээгийн гаргасан дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж, “Гэрэгэ Эстимэйт ХХК-ийг томилсон. Уг компанийн шинжээч Д.Ганбаатар нь 2018 оны 07 сарын 09-ний өдөр Үнэлгээний Олон Улсын стандарт /2017/-Д заасны дагуу “А” ХХК-ийн хөрөнгө оруулалт хийсэн “Урт цагаан” үйлчилгээний төвийн 2, 3 дугаар блокийн өнөөгийн зах зээлийн үнэлгээг гаргаж, талуудын хувь оролцоог тогтоон нийт зах зээлийн үнэлгээг 4 291 328 910 төгрөг гэж тогтоон “А” ХХК-д ногдох хувийг 3 751 908 866 төгрөг болохыг маш тодорхой дүгнэж, барилгын өртгийн хандлагын аргаар үнэлж болохгүй үндэслэлийг маш тодорхой дурдаж “Тэнгэрийн гэрэл” ХХК-ийн шинжээч Ц.Сэржээгийн гаргасан дүгнэлтийг няцаасан болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр дээд шатны шүүхээс буцсан бөгөөд хэрэг шийдвэрлэгдэлгүй өнөөдрийг хүртэл 3 жилийн хугацаа өнгөрч манай компанийн хувьд ихээхэн хохирол амсаж шүүхээр хэрэг хэрэг маргаанаа үнэн зөв бодит байдалд нийцсэн хууль ёсны шийдвэр гарахыг хүлээсэн компани хүнд нөхцөл байдалтай байна.

Шүүхээс 2019 оны 10 сарын 14-ний өдөр шинжээчээр томилсон “Цэгц очир ХХК нь 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж нийт үнэлгээг өнөөдрийн буюу эд хөрөнгийн буцаан өгөх үеийн байдлаар 4 095 780 949 төгрөг болох талаар дүгнэлт гаргасан. Мөн уг тайлан дүгнэлтдээ барилга өнөөгийн нөхцөл байдал, ашиглалт, цаашид ашиглаг боломжит байдлыг бүрэн гүйцэт тусган дүгнэж мөн шүүхээс нэмэлтээр тодруулсан асуултад дахин дүгнэлт гаргасан. Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг шийдвэрлэхэд хангалттай, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ бүрэн нотолсон баримтуудыг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгч бүрэн нотолж мэтгэлцсэн байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс бүрэн гүйцэт судлалгүй, хэргийн бодит үнэнийг тогтоохын оронд шинжээчийн дүгнэлтийг хэрэглэх боломжгүй, бодитоор үнэлсэн гэхэд эргэлзээтэй гэх хэт нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт хийж төрийн байгууллагад буюу хариуцагч талд хэт ашигтай нөхцөлийг үүсгэн бизнес эрхлэгч аж ахуйн

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд үүссэн харилцаа, оруулсан хөрөнгө оруулалт зэргийг зөв дүгнэсэн хэдий ч хариуцагч буруугүй тул өнөөгийн зах зээлийн ханшаар, шинжээч нарын дүгнэлтээр хэргийг шийдвэрлэх боломжгүй гэх өрөөсгөл дүгнэлт хийж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн, илт хууль зөрчсөн шийдвэр гаргасан юм. Шүүхээс шинжээч нарын хийсэн дүгнэлтийг нэг бүрчлэн дүгнэж үзээгүй бөгөөд хэрэглэх боломжгүй өөр хоорондоо зөрүүтэй гэх дүгнэлт хийсэн.

Дээр дурдсан үнэлгээтэй холбоотой хууль болон олон улсын стандартын зохицуулалтыг үзвэл, шинжээч “Тэнгэрийн гэрэл” ХХК-ийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, эрх бүхий байгууллагаас баталсан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн гэснийг зөрчсөн. “Гэрэгэ эстимэйт” ХХК болон бүрэлдэхүүнтэй шинжээч болох “Цэгц очир” ХХК-ууд хууль болон холбогдох стандартын дагуу үнэлгээг хийж тайланг гаргасан учраас дүгнэлтийн дүн ойролцоо буй бодит байдалд нийцсэн болох нь батлагдаж байна. Мөн Үнэлгээний олон улсын стандартын 60 дугаар зүйлд өртгийн хандлагын аргыг ямар тохиолдолд хэрэглэхийг зохицуулсан байх бөгөөд “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт “Урт цагаан” үйлчилгээний төвийн 2,3 дугаар блокийг үнэлэхэд хэрэглэх боломжгүй болохыг уг стандартын 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт маш тодорхой тусгасан болно. Гэтэл шүүх нь дээрх дүгнэлтүүдийг харьцуулан үзэж бодит байдалд нийцсэн, хууль, олон улсын стандартын дагуу дүгнэсэн эсэхэд анхаарал хандуулахыг оронд өөр өөр зөрүүтэй үнэлгээ байна, бодитоор үнэлсэн гэхэд учир дутагдалтай гэх байдлаар дүгнэж байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр гарах үндэслэл болоод байна. Нэгэнт удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр үнэлгээ нь тодорхой болсон, холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардах эрх нь “А” ХХК-д байгаа, хэргийг шийдвэрлэхэд буюу нэхэмжлэлийг хангахад үнэлэгдэх бүхий л нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөөр байхад шүүхээр 2004 онд хөрөнгө оруулалтыг баталгаажуулсан гэрчилгээнд туссан дүнгээр шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай болно.

Хариуцагчийн зүгээс хувьчлалын асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу явуулахаар шийдвэрлэсэн боловч зориуд санаатайгаар зохион байгуулалгүй байсаар 2007 онд гарсан тогтоолоо 2013 онд өөрөө хүчингүй болгож хувьчлалын жагсаалтаас хассан. Талуудын хооронд маргаан бүхий эд хөрөнгөтэй холбоотойгоор иргэний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд уг харилцаанд оролцогч нэг тал нь /Иргэдийн төлөөлөгчдийн хурал/ захиргааны акт гаргах замаар тэнцвэртэй, харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн байх иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нөгөө талаа хууран мэхэлж, он удаан жилийн туршид оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан олгохгүй, гэрээгээр хүлээсэн хувьчлалтай холбоотой үүргээ биелүүлээгүй, бүр цаашлаад хэвийн үргэлжилж байгаа гэрээний харилцааг дуусгах зорилгоор 2013 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд хандан байрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан, 2017 онд шат дараалсан арга хэмжээг авах талаар мэдэгдэл ирүүлсэн зэрэг нь хариуцагчийн зүгээс гаргасан гэм буруутай үйлдлүүд гэж үзэж байгаа болно. Энэхүү үйл баримтыг нотолсон бүхий л нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх хэт өрөөсгөл дүгнэлт хийж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болохыг нотолж байгаа юм.

Ийнхүү хариуцагчийн дээр дурдсан үйлдлүүдээс улбаалан “А” ХХК нь цаашид үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл үүсэж, улмаар хувьчлал явагдахгүй нь тодорхой болсон тул 20 жилийн өмнө оруулсан хөрөнгөө буцаан шаардаж буй юм. 2007 онд гарсан хувьчлах тогтоол хэрэгжсэн бол “А” ХХК нь өөрийн гэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчилсөн, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болсон цаашлаад оруулсан хөрөнгө оруулалт болох 477 304 107 төгрөг нь “Цэгц очир” ХХК -ийн дүгнэлтэд туссанаар 6 эсхүл 9 тэрбумаар үнэлэгдэх боломжтой болох байсан.

Нөгөө талаар нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтаар бий болсон барилга нь цаашид 40 орчим жил ашиглагдах боломжтой өнөөдрийн зах зээлийн үнэлгээгээр 4 тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгийг хариуцагчид буцаан өгч байгаа юм. Ийнхүү хөрөнгөө оруулсан нэхэмжлэгч нь өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болох итгэл өвөрлөн өнөөдрийг хүрсэн бөгөөд энэ бүх цаг хугацаанд эдийн засгийн нөхцөл байдал, инфляц, валютын ханшийн өсөлт гэх бүхий л хүчин зүйлийн нөлөөллийг харгалзан мэргэжлийн эрх бүхий этгээдийн хийсэн дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлсон тул хангагдана гэж үзэж байна. Мөн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар шүүхээс шинжээч нарыг томилж дүгнэлт гаргуулсан атлаа шинжээчийн дүгнэлтүүдийг хоорондоо хэт зөрүүтэй гэж дүгнэсэн нь  талуудын хүсэлт болон өөрийн санаачилгаар томилсон дүгнэлтүүдийг үгүйсгэсэн байх тул хэргийг шударгаар шийдвэрлэсэн гэхэд эргэлзэж байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д, үнэ цэнэ гэж хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх үнийн дүнг гэж заасан.

Иймд хэрэг авагдсан нотлох баримтууд, “Цэгц очир” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Иргэний хуулийн 9, 13, 13.3, 94 дүгээр зүйлийн 94.4 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд, нэхэмжлэгчийн зүгээс дээрх өмч хувьчлал, хамтран өмчлөгч болох зэрэг асуудлаар маргаан үүсгэж, холбогдох шүүхээр шийдвэрлүүлж ирсэн бөгөөд эцэст нь оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан шаардсан. НИТХ-ын зүгээс түрээсийн төлбөрийг нэмж тогтоосон тушаал шийдвэрээ холбогдох хууль тогтоомжийн дагуу Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүлээгүй нь Захиргааны Ерөнхий хууль зөрчсөн. Энэ талаар мэтгэлцэж баримтаар нотолж боловч шүүх 2010 оны түрээсийн төлбөр тогтоосон тогтоолыг үнэлсэн нь буруу. Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ, түүнийг урьд шүүхээр дүгнэсэн шийдвэр, магадлал зэргийг үндэслэж, өөрсдийн төлсөн төлбөрөө хассанаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нийт 74 422 242 төгрөг төлөхийг зөвшөөрсөн.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хамааралтай 2016 оны 07 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн Захиргааны Ерөнхий хуулийг хэрэглээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан шүүх албан ёсоор нийтэлсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ гэснийг зөрчсөн. Учир нь, хариуцагч тал түрээсийн төлбөртэй холбоотой журмаа Хууль Зүйн асуудал эрхэлсэн яам болон Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтлүүлээгүй нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4, 318.5, Захиргааны Ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 67 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн. Иймд нэхэмжлэгч тал түрээстэй холбоотой асуудлаар ямарваа нэг үүрэг, хариуцлага хүлээхгүй талаар мэтгэлцэж энэ талаар хангалттай нотолсон. Анхан шатны шүүх хариуцагч талын төлөх ёстой мөнгөн төлбөрийг их хэмжээгээр бууруулж харин авна гэсэн мөнгөн төлбөрийг зориуд ихэсгэн түүнд ашигтайгаар тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг үндэс угсаа ... хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана гэснийг зөрчсөн. Мөн Захиргааны Ерөнхий хуулийг хэрэглэхээс татгалзаж байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасантай нийцэхгүй. Шүүх 2013-2019 оны түрээсийн төлбөрт 664 051 842 төгрөгийг “А” ХХК-аас гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд бид хэрэгт авагдсан баримтыг үндэслэн холбогдох хэсгээ хүлээн зөвшөөрсөн иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэсгээс 589 629 600 төгрөгийг хасаж өгнө үү.

Эцэст нь, “А” ХХК-ийн санхүүжилт, хөрөнгө оруулалтаар бий болгосон баялаг, эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нийт үнэ цэнийг тооцсон бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлт болон тухайн гэрээний 2.4, 2.5, Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

            Нэхэмжлэгч “А” ХХК нь “Урт цагаан” үйлчилгээний төвийн 2, 3 дугаар блокийн барилгад хийсэн засан сайжруулалтын зардлыг буцааж өгөх үеийн үнэлгээ 4 095 780 949 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч НИТХ- бүхэлд нь эс зөвшөөрч, 2013-2019 оны түрээсийн төлбөр 752 937 000 төгрөг, алданги 396 468 500 төгрөг, нийт 1 129 405 500 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /1хх 1-4, 3хх 104-105, 4хх 7-8, 12-13, 96-97, 115-117/

 

            Нэхэмжлэгч тал шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтүүдтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байсан бол хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үргэлжилсэн хугацаатай холбоотойгоор нэмэгдүүлжээ.

 

Нэг. Засан сайжруулалтын зардлыг буцааж өгөх үеийн үнэлгээ 4,095,780,949 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

 

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Өмчийн газар, “Си-А-Ти групп” ХХК нар 1998 оны 08 сарын 01-ний өдөр №4 тоот “Түрээсийн барилгад их засвар хөрөнгө оруулалт хийлгэх тухай” гэрээ байгуулж, “Си-А-Ти групп” ХХК нь “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгын “Б”, “В” корпуст /2, 3 дугаар блок/ их засвар хийж хүлээлгэн өгөх, түүнтэй холбоотой зардлыг өөрөө санхүүжүүлэх, их засварын ажил дуусаж барилга ашиглалтад орсон өдрөөс хойш түрээсийн төлбөр төлөх, харин Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Өмчийн газар нь их засварын ажилд зарцуулагдсан зардлыг буцаан төлөх хүртэлх хугацаанд барилгыг “Си-А-Ти групп” ХХК-д эзэмшүүлэх, улмаар уг барилга хувьчлагдах тохиолдолд “Си-А-Ти групп” ХХК давуу эрхтэй байх, зайлшгүй шалтгаанаар барилгыг буцаан авахад хүрвэл их засварт гарсан зардлын төлөгдөөгүй үлдэгдлийг төлж “Си-А-Ти групп” ХХК-ийг хохиролгүй болгохоор тус тус харилцан тохиролцжээ. /1хх 7-8/

 

Талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт заасан Холимог гэрээний харилцаанд хамааруулах үндэслэлтэй ба уг гэрээ нь хамтран ажиллах гэрээ, түрээсийн гэрээний аль алины шинжийг агуулжээ. /1хх 7-8/

 

Анхан шатны шүүх дээрх гэрээний эрх, үүрэг “Си-А-Ти групп” ХХК-аас “А” ХХК-д шилжсэн талаар /1хх 129/, “Урт цагаан” үйлчилгээний төвийн өмчлөгч нь НИТХ- болох талаар хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлтийг хийснээс гадна нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, “Си-А-Ти групп” ХХК нь “Урт цагаан” үйлчилгээний төвийн 2, 3-р блокийн их засварын ажлыг “иж бүрэн чанар сайтай”-гаар /1хх 40-41/ хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн, уг ажилд 2000-2001 оны ханшаар нийт 477 304 107 төгрөгийн зардал гаргасан /1хх 9, 10/, Нийслэлийн өмчийн харилцааны газар их засварын ажлыг хүлээн авч, “Си-А-Ти групп” ХХК /”Анома” ХХК/ нийт 477 304 107 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг батламжилж гэрчилгээ олгосон /1хх 11/ үйл баримтуудыг зөв тогтоожээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.6-д заасан нөхцөл хэрэгжих боломжгүй буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн 2, 3-р блок хувьчлагдахгүй болсон үйл баримтын тухайд талууд маргаагүй. /1хх 233-237, 243-244/ Харин “Си-А-Ти групп” ХХК-аас тухайн үед /2000-2001 онууд/ гаргасан зардал болох 477 304 107 төгрөгийг буцаан өгөх эсэх, өгвөл өнөөгийн зах зээлийн ханшаар тооцох эсэх нь маргааны гол зүйл болжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “А” ХХК-ийг их засвар, засан сайжруулалтын өнөөгийн үнэ цэнийг шаардах эрхтэй хэмээн дүгнэсэн нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.4 дэх хэсэгт “засан сайжруулалтын улмаас эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн бол уг эд хөрөнгийг буцааж өгөх үеийн засан сайжруулалтын үнэлгээгээр шаардлагын хэмжээг тодорхойлох”-оор заасантай нийцсэн байх боловч “шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй” үндэслэлээр тэдгээрийг огт үнэлэлгүй тухайн үед /2000-2001 онууд/ гаргасан зардал болох 477 304 107 төгрөгийн хэмжээнд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гурван удаа шинжээч томилсон байх ба “А” ХХК-ийн их засвар, засан сайжруулалтын ажилд гаргасан зардлын өнөөгийн үнэ цэнийг “Тэнгэрийн гэрэл” ХХК нь 2 010 683 200 төгрөг /2018.05.08-ны өдрийн байдлаар/ гэж /2хх 167-218/, “Гэрэгэ эстимэйт” ХХК нь 3 418 431 730 төгрөг /2018.06.30-ны өдрийн байдлаар/ гэж /3хх 1-44/, “Цэгц очир” ХХК нь 4 095 780 949 төгрөг /2019.11.25-ны өдрийн байдлаар/ гэж /4хх 50-86, 153-157/ тус тус тодорхойлжээ.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээ хийхэд олон улсын үнэлгээний стандартыг удирдлага болгохоор зохицуулсан байх ба Үнэлгээний олон улсын стандарт 105-ын 10.3-т “Хөрөнгийн хувьд үнэлгээний хандлагууд болон аргуудыг сонгох зорилго нь тухайн нөхцөл байдалд хамгийн тохиромжтой аргыг олох явдал байдаг” гэж, 10.4-т “Хөрөнгийн үнэлгээний хувьд, ялангуяа үнэлгээчин нь тухайн үнэлгээний гэрээт ажлын бодит байдал ба нөхцөл байдлуудыг харгалзан үзсэнээр нэг аргыг үнэн зөв бөгөөд найдвартай гэдэгт өндөр түвшний итгэлтэй байгаа тохиолдолд нэгээс олон арга ашиглахыг үнэлгээчнээс шаарддаггүй” гэж тус тус заажээ.

 

“Тэнгэрийн гэрэл” ХХК нь өртөг зардлын хандлагын аргыг голчлон ашигласан бол “Гэрэгэ эстимэйт” ХХК болон “Цэгц очир” ХХК нар орлогын болон зах зээлийн хандлагын аргыг голчлон ашиглажээ. /2хх 167-218, 3хх 1-44, 4хх 50-86, 153-157/

 

Шинжээч нарын гаргасан дүгнэлтүүд бүгд Үнэлгээний олон улсын стандарт, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн байх боловч талуудын хооронд үүссэн харилцаа, үнэлүүлэх эд хөрөнгийн шинж, байдал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл зэргийг харгалзан үзээд “Тэнгэрийн гэрэл” ХХК-аас хийсэн үнэлгээ буюу “А” ХХК-ийн их засвар, засан сайжруулалтын ажилд гаргасан зардлын өнөөгийн үнэ цэнийг өртөг зардлын хандлагын арга, аргачлалаар үнэлж 2 010 683 200 төгрөг гэж гаргасан үнэлгээг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч талын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд нэхэмжлэгч талаас тодорхой зардал гаргаж их засвар, засан сайжруулалтыг хийж, үр дүнд нь ашиглаж, үр шимийг нь хүртэж болохуйц эд хөрөнгө бий болсон, улмаар түүнийг салгаж үл болох тул нэхэмжлэгч нь их засвар, засан сайжруулалтад тухайн үед оруулсан зардал, өртгийг өнөөгийн үнэ цэнээр шаардаж буй учир “өртөг зардлын хандлагын арга”-ыг голчлон хэрэглэж гаргасан шинжээчийн дүгнэлтийг магадлалын үндэслэл болгох боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Зах зээлийн болон орлогын хандлагын аргууд нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах зах зээлийн үнэ цэнэ хэд болох, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад эзэмшүүлж, ашиглуулж ямар орлого олж болохыг илэрхийлэх учир зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэхэд тохиромжгүй гэж үзлээ.

 

“Урт цагаан” үйлчилгээний төвийн барилга, байгууламжийн тайлан балансад бүртгэгдсэн үнэлгээ нь 1 381 861.74 төгрөг гэсэн тайлбарыг хариуцагч талаас гаргасан боловч дээрх тайлан баланс, бүртгэл нь дотооддоо ашиглах тоон мэдээлэл бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэ цэнийг илэрхийлэхгүй юм. /4хх 129-130/

 

Иймд хариуцагч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2 010 683 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгох нь зүйтэй.

 

Хоёр. 2013-2019 оны түрээсийн төлбөр 752 937 000 төгрөг, алданги 396 468 500 төгрөг, нийт 1 129 405 500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2008 оны 03 сарын 03-ны өдрийн түрээсийн гэрээ /1хх 47-50/-ний хугацаа тодорхой бус хугацаагаар, тухайн нөхцөлөөр сунгагдан үргэлжилсээр 2020 оны 02 сарын 21-ний өдөр дуусгавар болсон /1хх 204-212, 4хх 209/, 2013-2018 онуудын нэг жилийн түрээсийн төлбөрийг 102 109 800 төгрөгөөр тогтоосон /1хх 155-166/, 2019 оны түрээсийн төлбөрийг мөн 102 109 800 төгрөгөөр тооцох нь зүйтэй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нийт түрээсийн төлбөр болох 714 768 600 /102 109 800 х 7/ төгрөгөөс “А” ХХК-ийн төлсөн 50 716 758 /2хх 51-57/ төгрөгийг хасаж тооцон нэхэмжлэгчийн хариуцах үүргийг 664 051 842 төгрөг хэмээн тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2, 40.4 дэх хэсэгт заасантай нийцжээ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Түүнчлэн, зохигчдын тайлбараар “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилга, байгууламж нь улсын бүртгэлд бүртгэлгүй болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэх үндэслэлгүй болно. 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцохоор зохицуулсан байтал 2008 оны 03 сарын 03-ны өдрийн түрээсийн гэрээнд төлбөрийн дүнгээс тооцохоор заасан байх тул шүүх алдангийн талаарх талуудын тохиролцоо хуульд нийцээгүй учир алданги гаргуулах үндэслэлгүй хэмээн дүгнэж холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл “төлбөрийн дүн” гэсэн нь түрээсийн нийт төлбөрийн дүн, эсхүл төлөгдөөгүй төлбөрийн дүн аль нь болох нь тодорхойгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч “А” ХХК-аас 664 051 842 төгрөгийг гаргуулан хариуцагч НИТХ-д олгохоор шийдвэрлэсэн нь зөв.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2 010 683 200 төгрөгийг хангаж, үлдэх 2 085 097 749 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 664 051 842 төгрөгийг хангаж, үлдэх 465 353 658 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/01239 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...318 дугаар зүйлийн 318.1., 289 дүгээр зүйлийн 289.2.5.-д...” гэснийг “...94 дүгээр зүйлийн 94.4 дэх хэсэгт...” гэж, “...477 304 107...” гэснийг “...2 010 683 200...” гэж, “...3 618 476 842...” гэснийг “...2 085 097 749...” гэж тус тус өөрчилж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...нэхэмжлэгчээс 2 440 000 төгрөг, хариуцагчаас2 240 000 төгрөгийг...” гэснийг “...нэхэмжлэгчээс 2 484 331 төгрөг, хариуцагчаас 2 395 669 төгрөгийг...” гэж, “...нэхэмжлэгчээс 1 500 000 төгрөгийг, хариуцагчаас 1 500 000 төгрөгийг...” гэснийг “...нэхэмжлэгчээс 1 527 253 төгрөг, хариуцагчаас 1 472 747 төгрөгийг...” гэж, “...нэхэмжлэгчээс 2 500 000 төгрөг, хариуцагчаас 2 500 000 төгрөгийг...” гэснийг “...нэхэмжлэгчээс 2 545 421 төгрөг, хариуцагчаас 2 454 579 төгрөгийг гэж...” тус тус өөрчилж,

Тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын сөрөг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20 953 270 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 316 415 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан, хариуцагч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас улсын тэмдэгтийн хураамжид 10 583 439 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч “А” ХХК-д буцаан олгож, нэхэмжлэгч “А” ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 3 478 209 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай” гэж өөрчлөн найруулж,

Шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 07 сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 200 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.БАТЗОРИГ                                                

                                       ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                   Д.НЯМБАЗАР