Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Даваасүрэн |
Хэргийн индекс | 129/2020/00188/и |
Дугаар | 29 |
Огноо | 2020-07-27 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 29
ААУСА-ын “АУУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 129/ШШ2020/00454 дүгээр шийдвэртэй
ААУСА-ын “АУУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Б.Бт холбогдох гэм хорын хохирол 2.203.065 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
хариуцагч Б.Бийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн
шүүгч Т.Д-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгчийн тайлбарт: “2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0409 дугаартай захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, “АУУ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай албан бичгийн дагуу захирлаар ажиллаж байсан. Б.Бт 2017 оны 05 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны цалин 23.957.311 төгрөг, үүнээс хувь хүний орлогын албан татварын суутгалд 2.203.065 төгрөгийг суутгаж, гарт нь 21.754.264 төгрөг олгох байсан боловч тухайн үед тус компанийн захирлаар ажиллаж байсан Б.Б нь байгууллагын нягтлан бодогчид үүрэг өгч, хувь хүний орлогын албан татвар хийлгэхгүй өөрөө татварыг төлнө гэж ХААН банкны 5154051544 тоот дансаар цалинг, хувь хүний орлогын албан татварын 2.203.065 төгрөгийн хамт шилжүүлэн авч байгууллагад хохирол учруулсан байна. Б.Б нь 23.957.313 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өөрийн данс руугаа хийлгэсэн. Манай компанид Татварын хэлтсээс хувь хүний орлогын албан татварын 2.203.065 төгрөгийн акт тавьсан. Иймд хувь хүний орлогын албан татвар болох 2.203.065 төгрөгийг Б.Бээс гаргуулан компанийн эзэмшлийн ХААН банкны 5154003339 тоот дансанд шилжүүлж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Б.Б миний нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0409 дүгээр магадлал, Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 457 дугаар тогтоол биелэгдээгүй бөгөөд цалин хөлсөө бүрэн гаргуулаагүй байна. Шүүхийн шийдвэр биелүүлэх талаар захиргааны хэргийн шүүхээс албадан гүйцэтгэх захирамж гаргаж, удаа дараа бүрэн биелүүлэхийг шаардсан албан тоотуудыг хариуцагч болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсээр байгаа билээ. Захиргааны хэргийн шүүхээс өмнөх шүүхийн шийдвэр биелэгдээгүй байхад захирамж гаргаж ажлаас халсан нь хууль бус байгааг тогтоосон шийдвэр гарсан байна. Түүнчлэн хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, цалин хөлс бүрэн олгохгүй байгаатай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсэж мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа талаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна. Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
1. “АУУ” ХХК нь энэ маргааны нэхэмжлэгч огт биш. “АУУ” компани нь орон нутгийн өмчит ХХК бөгөөд орон нутгийн өмчийн бүрэн эрх аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас өөр субъектэд байдаггүй. Тийм учраас төлөөлөн удирдах биш байгууллага нэхэмжлэл гаргаж байгааг нэгдүгээрт нэхэмжлэгч биш гэж үзэж байна.
2. Б.Б гэдэг хүн хариуцагч биш. Б.Б гэдэг хүн цалин хөлсний тооцоолол хийдэггүй. Цалин хөлсний тооцооллыг тооцооны нягтлан бодогч хийж, ерөнхий нягтлан бодогч хянадаг.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа цалин хөлсөө бүрэн олгоогүй байгааг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, мөн Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүд нотолж байгаа. Өөрөөр хэлбэл цалин хөлснөөс татварын шимтгэл, нийгмийн даатгалын шимтгэлийг хэрхэн тооцож, яаж олгосон талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан бөгөөд эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Шүүхийн шийдвэр биелэгдээгүй байгаа энэ асуудлаар нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэл гаргаж байгааг гайхаж байна.
Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д зааснаар шийтгэлийн хуудсанд “АУУ” ХХК ямар нэгэн гомдол гаргаагүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдсэн байна. Үүнийг харахад хаана татварын суутгал хийгдэх ёстой байсан бэ гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн асуудал гэж үзэж байна. Миний бие цалин хөлс орох хугацаанд Улаанбаатар хотод томилолттой явж байсан. Цалин хөлс миний дансанд дутуу орсон. Энэ талаар тухайн өдөр нь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсэн. Тухайн өдөр мэдэгдсэн албан тоотуудыг Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгөөд одоог хүртэл цалин хөлсөө нэхэмжилж аваагүй хохирч байна. Архангай аймгийн “АУУ” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Б нягтлан бодогчид үүрэг даалгавар өгсөн 1 хуудас нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна. Энэ нотлох баримт 01 дүгээр сарын 31-ний өдөр гарсан байгаа. Энэ баримт нь маргаад байгаа хэрэг, маргаантай огт холбогдолгүй. Тухайн 01 дүгээр сарын 31-ний өдөр гарсан баримт нь санхүүгийн гүйлгээ 3 хоногтоо багтаж хийгдэхгүй байсан учир санхүүгийн гүйлгээг хугацаанд нь хийх талаар үүрэг өгч байсан баримт юм.” гэжээ.
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 129/ШШ2020/00454 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хариуцагч Б.Бээс 2.182.399 /хоёр сая нэг зуун наян хоёр мянга гурван зуун ерэн ес/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “АУУ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 666 /хорин мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож; Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “АУУ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.199 /тавин мянга нэг зуун ерэн ес/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бээс 49.868 /дөчин есөн мянга найман зуун жаран найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “АУУ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Б.Бийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: ““АУУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Б надад холбогдох иргэний хэрэгт Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 129/ШШ2020/00454 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Учир нь:
1. “АУУ” ХХК нэхэмжлэгч биш этгээд.
2. Цалин хөлсөө бүрэн аваагүй, тооцоолол дуусаагүй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа.
Шүүхийн шатанд өгсөн хариуцагчийн хүсэлтүүдийг шийдвэрлээгүй гэм хор учруулсан гэх үндэслэлийг шүүгч өөрөө үзэж шийдвэрлэсэн зэрэг нь нэг талд хэт үйлчилж байгааг харуулна. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 129/ШШ2020/00454 дугаартай шийдвэр нь илт хууль бус шийдвэр гэж үзэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ААУСА-ын “АУУ” ХХК нь хариуцагч Б.Бээс гэм хорын хохирол 2.203.065 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Б эс зөвшөөрч маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2.182.399 төгрөгийн шаардлагыг хангаж, 20.666 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Б.Б “АУУ” ХХК нэхэмжлэгч биш этгээд, цалин хөлсөө бүрэн аваагүй, тооцоолол дуусаагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0409 дүгээр магадлалаар нэхэмжлэгч Б.Бийг орон нутгийн өмчит “АУУ” ХХК-ийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу бодож олгохыг хариуцагч Архангай аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Энэ дагуу “АУУ” ХХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай албан бичгийн дагуу Б.Бт ажилгүй байсан хугацааны цалин олгохдоо 2017 оны оны 05 сараас 2019 оны 1 сар хүртэлх хугацааны цалин болох 23.957.311 төгрөгөөс ХАОАТ суутгаад 21.754.246 төгрөг олгох ёстой байтал ХАОАТ суутгалгүйгээр 23.957.311 төгрөг олгосон бөгөөд цалингаас суутгал хийлгүйгээр олгосон мөнгөө буцаан нэхэмжилсэн байна.
Хариуцагч Б.Бт ажилгүй байсан хугацааны цалинг Архангай аймгийн Засаг дарга биш, “АУУ” ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр “АУУ” ХХК олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар /хх-ийн 4/ тогтоогдсон тул үндэслэлгүйгээр олгосон хэсгийг буцаан нэхэмжлэх эрхтэй этгээд мөн болно.
Мөн тус баримтаар ажилгүй байсан хугацааны цалин болох 23.957.311 төгрөгийг хариуцагч Б.Бийн дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож буй тул цалин хөлсөө бүрэн аваагүй гэж үзэх боломжгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй байна.
Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, хариуцагч Б.Бийн гаргасан гомдол үндэслэлгүй байна гэж дүгнэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Хариуцагч Б.Бийн гомдлыг хангахгүй орхиж байгаа тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.898 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 129/ШШ2020/00454 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагч Б.Бийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49.898 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
В.ЦЭЦЭНБИЛЭГ