Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 216/МА2020/00017

 

 Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020  оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2020/00167 дугаар шийдвэртэй, Б ХХК-ийн нэхэмжлэлтэй Ш-О ХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр нийт 241 441 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Э оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Ш О ХК-тай Дизель түлш худалдах, худалдан авах тухай №ШО19-2/143 гэрээ байгуулсан. Улмаар манай компани гэрээнд заасан үүргээ биелүүлж 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 676 441 800 төгрөгийн үнэ бүхий 375 801 литр /316 312кг/ дизель түлшийг 5 вагоноор тээвэрлэн нийлүүлсэн болно. Гэрээний 6.1-д зааснаар худалдан авагч тал гэрээний зүйлийг хэмжиж хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гэрээнд төлбөрийн үүргээ гүйцэтгэх үүрэгтэй боловч төлбөрийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Тухайлбал 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 100 000 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 150 000 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 50 000 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 35 000 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 50 000 000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 50 000 000 төгрөг, бүгд 435 000 000 төгрөгийг тус тус төлсөн ба үлдэгдэл төлбөр 241 441 800 төгрөг байна. Иймд Ш О ХК-аас 241 441 800 төгрөгийг гаргуулж Б ХХК-д олгож өгнө үү. Гэрээнд түлшийг литрээр гэж байгаа боловч баримтан дээр килограммаар гэж байгаа. Гэхдээ үүнээс үнийн дүнгийн зөрүү гарахгүй гэжээ.

Хариуцагч Ш-О ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компаниас нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр 241 441 800 төгрөг гаргуулах тухай Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагагтай танилцлаа. Манай компанитай хамтран ажиллаж шаардлагатай дизель түлш нийлүүлсэнд талархдагаа илэрхийлж байна. Тус компанийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэн худалдан авсан дизель түлшний төлбөрийн зарим хэсгийг төлж чадахгүй өнөөг хүрсэн. Төрөөс иргэдэд эрчим хүчний хэрэглээний зардлын дарамт үүсгэхгүй иргэдийг хямд үнэ бүхийн эрчим хүчээр хангах бодлогын хүрээнд тус компанийн худалдан борлуулдаг нүүрсний үнэд хяналт тогтоосноос үүдэн санхүүгийн хүнд нөхцөлд ажиллаж байна. Дэлхийн хэмжээнд дэгдсэн COVID-19 вирусын тархалт, улс орны хэмжээнд авч байгаа арга хэмжээнүүдээс үүдэн улсын төсвийн орлого тасалдаж улсын төсвөөс санхүүжилт авдаг байгууллагуудын эрчим, хүч дулааны хэрэглээний төлбөрийг царцаагаад байгаа билээ. Тус компаниас нүүрс худалдан авдаг аж ахуйн нэгжүүд нь төрөөс шууд хамааралтай Төрийн өмчит цахилгааны болон дулааны станцууд байдаг. Станцуудын орлого нь цахилгааны болон дулааны төлбөрүүд байдаг, мөн тэдгээр байгууллагуудын ихэнхи нь төрөөс татаас авч үйл ажиллагаа явуулдгаас шалтгаалан тус компанийн бэлэн мөнгөний гүйлгээ тасалдаад байна. Тус компани нь Монгол Улсын эрчим хүчний Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй цахилгаан дулааны станцуудын ханган нийлүүлэгч учраас Үл ажиллагаагаа зогсоох ямар нэгэн эрх байхгүй бөгөөд төрөөс үйл ажиллагаагаа ямар нэг хэлбэрээр явуулж байх үүрэгтэйгээр ажиллаж байна. Цахилгаан дулааны станцуудын өгч байгаа бага хэмжээний төлбөрөөр өдөр тутмын үйл ажиллагаагаа л явуулж байна. Тус компани нь нүүрсний олборлолт, борлуулалтаар үйл ажиллагаагаа явуулдаг дулааны улиралд худалдан авалт буурч, хүйтний улиралд борлуулалт өсдөг онцлогтой. Одоо дулааны улирал эхэлсэн, СOVID-19 вирусын эсрэг авч байгаа арга, хэмжээ түүний сөрөг нөлөөнөөс үүссэн эдийн засгийн хомсдолоос шалтгаалан төлбөр төлөх боломжгүй байна. Бидний зүгээс танай компанийн төлбөр мөнгийг саатуулан барих төлөхгүй байх сонирхол байхгүй юм. Харин өнөөгийн байдлаар учраад байгаа эдийн засгийн сөрөг нөлөө бэлэн мөнгийг шууд гарган төлөх нөхцөл боломжийг олгохгүй байна. Иймд өр, төлбөрийн асуудлыг 2020 оны 10, 11, 12 дугаар сард хуваан төлж барагдуулах тус компанийн хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ш-О ХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 241 441 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1 365 159 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш-О ХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 1 365 159 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 134/ШЗ2020/00415 дугаар шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж,... шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2020/00167 дугаар  шийдвэрийн зарим хэсгийг хариуцагч  “Ш-О” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2020/00167 дугаар  шийдвэрийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан болно.

“Ш-О” ХК нь “Б” ХХК-тай ШО19-2/143 дугаар худалдах худалдан авах гэрээ байгуулан дизель түлш худалдан авахаар тохиролцсон ба хүлээн авах нэгжийн хэмжээг литрээр тодорхойлсон болно.

“Б” ХХК нь “Ш-О” ХК-нд дизель түлшийг литрээр бус килограмм гэсэн нэгжээр дизель түлшийг хүлээлгэн өгсөн нь үнийн зөрүү үүсэх шалтгаан болсон байна.

“Ш-О” ХК нь хүлээн авсан дизель түлшний дүнг тооцоолон үзэхэд 3 сая төгрөгийн үндэслэлгүй тооцоо гарсан байна. Энэ нь хоёр талын ажилтнуудын хайхрамжгүй байдал хүлээн авах хэмжээг тооцоолохдоо алдаа гаргаснаас үүссэн тул “Ш-О” ХК нь “Б” ХХК-нд олгох төлбөрөөс хасагдуулан тооцох нь зүйтэй байна.

Иймд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2020/00167 дугаар  шийдвэрт өөрчлөлт оруулж 241 441 800 төгрөгийн шаардлагаас 3 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  ... Ш-О ХК нь хүлээн авсан дизель түлшний дүнг тооцоолон үзэхэд 3,000,000 төгрөгийн үндэслэлгүй тооцоо гарсан ба энэ нь хоёр талын ажилтнуудын хайхрамжгүй байдал, хүлээн авах  хэмжээг тооцоолохдоо алдаа гаргаснаас үүссэн тул “Б” ХХК-д олгох төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй  тул  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө  үү ” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасны дагуу хэргийг ИХШХШТХуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар  бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргасан, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Учир нь хэргээс үзэхэд талуудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дизель түлш худалдах, худалдан авах гэрээ /ШО19-2/143/ байгуулагдсан байх ба уг гэрээгээр нэхэмжлэгч Б ХХК нь 375801 литр буюу 676,441,800 төгрөгийн дизель түлшийг Ш-О ХК-д  нийлүүлэхээр тохирсон байна./хх-2-5/

Улмаар гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч буюу нийлүүлэгч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан вагоноос түлш хүлээн авсан актууд /хх-6-8/ талуудын тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-9-10/ зэргээр  тогтоогдож байх ба  хариуцагч талын  шүүхэд гаргасан тайлбар/хх-43/-аас үзвэл нэхэмжлэлийн шаардлагын дүнгийн талаар маргаагүй байна.

 Анхан шатны шүүх талуудын хоорондох маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин талуудын хооронд байгуулагдсан   дизель түлш худалдах, худалдах авах гэрээ/хх-2-5/-нээс үзвэл гэрээний 3.1-д дизель  түлшний 1 литрийн үнэ 1800 төгрөг гэж , 3.3-д барааны нэгж үнэ нь гэрээний хүчинтэй байх хугацаанд тохируулгагүй тогтмол байна” гэж,

            гэрээний 5.3-т худалдан авагч гэрээний дагуу ирсэн барааг шалгаж авна. Нийлүүлэгдсэн барааны шалгах болон ашиглах явцад илэрсэн доголдлыг худалдагчид доголдол илэрсэн өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор мэдэгдэнэ” гэж тус тус тохирсон байна.  

 

Худалдан авагч буюу хариуцагч тал нь дизель түлшийг литрээр бус килограмм гэсэн нэгжээр хүлээлгэн өгсөн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. 

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... дизель түлш хүлээн авах хэмжээг тооцоолохдоо алдаа гаргаснаас үүссэн 3,000,000 төгрөгийг  “Б” ХХК-д олгох төлбөрөөс хасч тооцох, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүсч гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж  давж заалдах шатны шүүх үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг  удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020  оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2020/00167 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Г.ТЭГШСУУРЬ

ШҮҮГЧИД                                          О.ОДНЯМАА

                                                              Х.БАЙГАЛМАА