Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 142/2024/01952/И |
Дугаар | 142/Шш2024/01658 |
Огноо | 2024-12-12 |
Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 142/Шш2024/01658
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: ****************-ийн нэхэмжлэлтэй,
Хүсэлтийн шаардлага: гэмт хэргийн шинжгүй үйлдэлд 3 жил 9 сарын хугацаагаар шалгагдаж, ял шийтгэгдэж, албан тушаалаасаа түтгэлзүүлэгдэж ажиллаагүй байх хугацаанд авах ёстой байсан үндсэн цалин хөлс болох 87 044 283 төгрөгийг гаргуулж, үүнээс дээрхи хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг суутгуулж тооцуулах болон хүн амын орлогын албан татварыг нөхөн төлж, авбал зохих байсан цалин 69 482 509 төгрөг, эрүүл мэндийн ажилтны 5 жил тутамд олгогдох тэтгэмж 6 531 942 төгрөг, өмгөөлөгчийн зардал 8 500 000 төгрөг, бүгд 102 076 225 төгрөгийг төрөөс гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч *******,
Төрийг төлөөлж прокурор ********,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.
Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдааны товыг авсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасныг баримтлан иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* нь гэмт хэргийн шинжгүй үйлдэлд 3 жил 9 сарын хугацаагаар шалгагдаж, ял шийтгэгдэж, албан тушаалаасаа түтгэлзүүлэгдэж ажиллаагүй байх хугацаанд авах ёстой байсан үндсэн цалин хөлс болох 87 044 283 төгрөгийг гаргуулж, үүнээс дээрхи хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг суутгуулж тооцуулах болон хүн амын орлогын албан татварыг нөхөн төлж, авбал зохих байсан цалин 69 482 509 төгрөг, эрүүл мэндийн ажилтны 5 жил тутамд олгогдох тэтгэмж 6 531 942 төгрөг, өмгөөлөгчийн зардал 8 500 000 төгрөг, бүгд 102 076 225 төгрөгийг төрөөс гаргуулах тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2.Хүсэлт гаргагч ********* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... *********намайг ******* аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхад Авлигатай тэмцэх газраас 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан 2023 оны 12 дугаар сарын 17-ний өдрийг хүртэл шалгаж байгаад ****** аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор ********ийн 10 дугаартай тогтоолоор ур хэргийг Гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм.
Энэ хугацаанд ******** аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ЦХШЗ/71 дугаартай захирамжаар төрийн албанд ажиллах албан үүргээ биелүүлэхийг 3 сарын хугацаагаар түтгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд уг хугацааг 2020 оны 8 сарын 27-ны өдрийн 2020/ЦХШЗ/114 дугаартай захирамж, 2020 оны 11 сарын 27-ны өдрийн 2020/ЦХШЗ/162 дугаартай захирамжаар тус тус 3 сарын хугацаатайгаар түтгэлзүүлсэн. Дараа нь 2021 оны 3 сарын 04-ний өдрийн шүүгчийн 2021/ЦХШЗ/60 дугаартай захирамжаар тус арга хэмжээг 1 сарын хугацаагаар биелүүлэхийг түтгэлзүүлсэн таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Уг арга хэмжээний 1 сарын хугацаа дууссаны дараа надад Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Үүний дараа хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд 2021 оны 4 сарын 26-ны өдрийн шүүгчийн 2021/ШЗ/371 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж надад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Ингээд ******** аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарны 23-ны өдрийн 2022/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолоор намайг Монгол улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр хэсгийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтдээ төрийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаатайгаар хасч, 2 жилийн хугацаагаар орхон аймгийн *******сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан.
Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч миний бие давж заалдах гомдол гаргаснаар ******** аймаг дахь Эрүүгийн хэгийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 2022 оны 05 сарын 25-ны өдрийн 2022/ДШМ/45 дугаартай магадлалаар хэргийг прокурорт буцаасан. Тэгэхдээ надад авсан таслан сэргийлэх арга хэмжээ буюу хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Ингээд хэрэгт нэмэлт ажиллагаа хийсээр эцэст нь хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд ********* аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай захирамжаар ********* аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилсон юм.
Намайг ийнхүү 2020 оны 05 сарын 23-ны өдрөөс 2024 оны 04 сарын 01-ны өдрийг хүртэл гэмт хэргийн шинжгүй үйлдэлд хууль бусаар яллагдагчаар татаж, хилсээр ял шийтгэж, ажил албан тушаалаас үндэслэлгүйгээр түтгэлзүүлэх мөн хувийн баталгаа гаргуулан авах зэргээр хохироосон тул миний бие Эрүүгийн хуулийн 45 дугаар бүлэгт заасны дагуу Иргэний хуулийн 18 дугаар бүлэг, 52 дугаар бүлэгт заасны дагуу надад учруулсан дараах гэм хор, хохирлыг төрөөс нэхэмжилж байна.
Энэ 4 жил шахам хугацаанд миний бие нэр төр, алдар хүнд, сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгө, цалин мөнгөөрөө маш их хохирсон. Маш их гомдолтой байдаг.
1.2020 оны 07 сараас 2024 оны 04 сарыг хүртэлх хугацааны цалин 87,044,283 төгрөгийн үндсэн цалин авах байсан. Үүнийг төрөөс нэхэмжилж байна.
2.Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарт тасралтгүй ажилласны 5 жил тутамд олгогддог мөнгөн тэтгэмжийг миний бие 2021 онд авах ёстой байсан. Энэ нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт заасны дагуу 5 жилийн дундаж цалингаас тооцож 6 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж бөгөөд 6 531 942 төгрөг авах ёстой байсан. Үүнийг нэхэмжилж байна.
3.Миний бие дээрх хэрэгт шалгагдаж байхдаа өмгөөлөгч ************ нартай эрхзүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулж, ажлын хөлс төлсөн. Өмгөөлөгч ******тэй 2020 оны 05 сарын 27-нд гэрээ байгуулж 1000 000 төгрөгийн ажлын хөлс төлөөд дараа нь өмгөөлөгч ****** нэмж сонгож 2020 оны 07 сарын 07-ны өдөр гэрээ байгуулж 6000 000 төгрөг цувуулж төлсөн. Хэрэг маш удаан шалгагдаж зарим тохиолдолд хэд хэдэн өмгөөлөгч ажиллуулах шаардлага гарсан ба өмгөөлөгч *******нь эрүүл мэндийн шалтгаанаар ажиллах боломжгүй болж гэрээг цуцалсан тул ****** өмгөөлөгчийг сонгон авч 2022 оны 08 сарын 12-ны өдөр гэрээ байгуулж, ажлын хөлсөнд 1500 000 төгрөг төлсөн. Миний бие ийнхүү 3 өмгөөлөгчид 8500 000 төгрөг төлсөн байна.
Иймд гэмт хэргийн шинжгүй үйлдэлд 3 жил 9 сарын хугацаагаар шалгагдаж, ял шийтгэгдэж, албан тушаалаасаа түтгэлзүүлэгдэж ажиллаагүй байх хугацаанд авах ёстой байсан үндсэн цалин хөлс болох 87 044 283 төгрөгийг гаргуулж, үүнээс дээрхи хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж ажилласан жил тооцуулах болон хүн амын орлогын албан татварыг нөхөн төлж, авбал зохих байсан цалин 69 482 509 төгрөг, эрүүл мэндийн ажилтны 5 жил тутамд олгогдох тэтгэмж 6 531 942 төгрөг, өмгөөлөгчийн зардал 8 500 000 төгрөг, бүгд 102 076 225 төгрөгийг төрөөс гаргуулж, үүнээс нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар бусад суутгалд 17 561 774 төгрөгийг шилжүүлж, надад олгохоор 84 514 451 төгрөг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.******* аймгийн Прокурорын газрын прокурор *шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн прокурорын газрын шүүхэд төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор ********* гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Нэхэмжлэлийн дагуу дараах тайлбарыг гаргаж байна. **********нь анх төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэдэг нэг биш нэлээн хэдэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн дагуу Эрүүгийн хэрэг үүсгүүлээд шат шатандаа шалгагдсан байдаг. Өөрөөр хэлбэл 4-5 үйлдэл байгаа, нэгэнт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой үүссэн гэм хорын хохирлоо нэхэмжилж байгаа болохоос тухайн Эрүүгийн хэрэг дээр бид нар орохоос зайлшгүй ийм байгаа. Тийм учраас анх энэ гомдол мэдээ шалгагдаж эхлээд 790,000 төгрөг хувьдаа авсан, 102 цагийн урамшуулал өөртөө илүү бодож авсан, Улаанбаатар хот дахь эмч нарын нэрсийг Гадаад гаргахдаа өөрийнхөө нэрийг оруулсан гээд 2,200,000 төгрөг хувьдаа авч хуурамч тайлан бичсэн, 700,400 төгрөгийг төсвийн хөрөнгөөс гаргуулаад хоолны зардалд зарцуулсан гэх мэт гомдол мэдээллүүд байсан. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдсан байдаг. Дан ганц нэхэмжлэгчийн гаргаж өгөөд байгаа хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол байгаа. Энэ тогтоол бол хэрэг шалгагдаж явж байх явцад үйлдсэн нэг үйлдэл дээр нь буюу энийг нь хэрэгсэхгүй болгосон ийм тогтоол байдаг гэмт хэргийн шинжгүй. Шалгагдаж байх явцад зарим шалгасан үйлдлүүд нь гэмт хэргийн шинжгүй байна гэдэг нь тогтоогдоод прокурорын хэд хэдэн тогтоолуудаар хэргийг нь хэрэгсэхгүй болгоод явж байсан тогтоолууд байдаг. Үүнтэй холбоотой яллагдагчаар татах тогтоолд нь өөрчлөлт орсон. Миний хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн тогтоолын тухайд 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 4 дугаартай **** прокурорын тухайн хяналт тавьж байсан прокурорын яллагдагчийн зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол байгаа. Энэ ямар тогтоол вэ гэхлээр 2019 оны 06 сард аймгийн Засаг даргын Улаан бурхан улаануудын нэмэлт дархлаажуулалттай аяны үйл ажиллагаанд зарцуулах төсвийн 1.500.000 төгрөгөөс 1,117,000 төгрөгийг аяны үйл ажиллагаанд зарцуулахаар шилжүүлсэн боловч 754,000 төгрөгийг Эрдэнэт Сэлэнгэ компаниас гаргуулан авсан энэ үйлдэл тогтоогдсон гэж дүгнэгдсэн. Өөрөөр хэлбэл *******гэм буруутай үйлдэл байна энэ үйлдэл нь дүгнэгдсэн. Гэхдээ яагаад хэрэгсэхгүй болгож байгаа вэ гэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан буюу 22.8 дугаар зүйлийн 22.8.1 дэх хэсгийн 22.8.1.1-д заасан гэмт хэрэгт нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэдэг хэрэг байгаа. Энэ гэмт хэргийн шинжийг хангаж байх боловч 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр хохирлын хэмжээ заагаад, хохирлын хэмжээ нь 10,000,000 төгрөг буюу түүнээс дээш гэдэг ийм хэмжээ заасан учраас хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу энэ үйлдэл нь хэрэгсэхгүй болгосон байна. Тэгэхээр энэ хүн гэмт хэрэг үйлдээгүй гэм буруугүй хүнийг Эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татаагүй гэдэг нь үүгээр нотлогдож байгаа. Энэнтэй холбоотой энэ тогтоол дээр **********нэг ч гомдол гаргаагүй, бусад хэрэг хэрэгсэхгүй болгосон хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр буюу яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай мөрдөгч хэргийг шүүхэд шилжүүлсний дараа ерөнхий прокурор Жаргалсайхан гэдэг хүн гомдол гаргасан. Гэхдээ энэ үйлдэл дээр гомдол гаргаагүй намайг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэдэг нь нотлогдсон байна гэдэг дээр гомдлоо гаргаагүй, өөр үйлдэл дээрээ буюу яллах дүгнэлт шүүхэд шилжүүлэх саналтай өнөөдрийн нь хэрэгсэхгүй болгох тогтоол гээд бичиж өгөөд байгаа энэ үйлдэл дээрээ гомдол гаргаж байсан. Тэгэхээр өөрөө энэ үйлдэл дээр тухайн үедээ гомдол гаргаагүй нь үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэж нэг талаараа үзэх нөгөө талаар нотлогдсон гэж байгаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа юм байна гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх нь байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д хохирол арилгах эрх өнөөдөр энэ Эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа *******ийн гаргаж өгөөд байгаа хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай тогтоолыг өнгөрсөн хувиар нь аваад үзэхэд буюу 2023 оны 12 сарын 14-ний өдрийн 10 дугаартай тогтоол байгаа. Энүүгээр аваад үзэхээр энэ хүнийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгочихжээ гэж байгаа юм шиг харагдаж байгаа. Гэтэл эрүүгийн хэрэгт нь бүхэлд нь аваад үзсэнээс энэ шалгагдаж байх явцад гэм буруутай үйлдэл байж байгаа гэхдээ хуулийн өөрчлөлтөөр хэрэгсэхгүй болгосон байна гэдэг нь харагдаж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-д зааснаар хохирлыг нөхөн төлөх үндэслэл гэж байгаа. Энэ үндэслэл дээр 45 дугаар зүйлийн 45.3-д зааснаар тухайн гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болсон ял албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн хууль батлагдсанаар хүчингүй болсон өөрчилсөн тохиолдолд энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан нь хамаарахгүй гэж байгаа. Өөрөөр хэлбэл миний гаргаж өгөөд байгаа хуульд өөрчлөлт орсонтой холбоотой энэ хүний үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа энэ шийдвэр дээр энэ хүн гомдол гаргах эрх нь байхгүй буюу хохирлоо арилгуулахаар шаардлага гаргах эрх нь үгүйсгэгдэж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх үүсээгүй байсан байна гэж үзэж байгаа. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.6-д зааснаар зүйлд хууль зөрчсөн ажиллагааны улмаас лавлагаа өгөх гэдэг энэнтэй холбоотой л зохицуулалт байгаа. Энэ дээр цагаатгах тогтоол гарсан гэмт хэрэг гараагүй, гэмт хэргийн шинжгүй, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон бол лавлагаа өгнө. Тэгэхээр энэ хүний хэрэг дотор гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна гэдэг энэ дүгнэлт тогтоол байгаа. Энэнтэй холбоотой хуульд өөрчлөлт орсноор энэ хүн гэм буруутай үйлдэл байгаагүй байна, хүнийг хилсээр Эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгажээ гэж үзэх үндэслэл байхгүй байна. Хоёрдугаарт нь Эрүүгийн хэрэгт шалгагдаж байсантай холбоотой албан үүргээ биелүүлэхийг нь түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хэрэг хянан шалгах ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэл бий болсон гомдлын дагуу хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Яагаад энэ таслан сэргийлэх арга хэмжээ авах болсон бэ гэхээр өөрөө хэрэгт миний гаргаж өгсөн өөрийнхөө талаарх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг мэдээлсэн гэх энэ гэрчүүдэд албан тушаалын байдлаа ашиглан сахилгын шийтгэл оногдуулж эхэлсэн. Үүнтэй холбоотой шийтгэл хүлээсэн ********** гээд эдгээр нэр бүхий хүмүүс эргээд гомдлоо гаргасан бид нарыг ингэж гэрчээр мэдүүлэг өгсөн гомдол мэдээлэл гаргасан талаар сахилгын шийтгэл оногдуулсан юм. Үүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаад байна, гэрчид нөлөөлөөд байна, гэрчийг дарамтлаад байна гэдэг албан тушаалын байдлыг нь түр түдгэлзүүлэх тогтоолын үндэслэл дээр ч гэсэндээ ийм зүйлүүд тусгагдсан байгаа. Авсан сахилгын шийтгэл нь үндэслэлгүй байсан гэдэг нь Төрийн албаны төв зөвлөлийн даргын гаргасан энэ сахилгын шийтгэлүүдийг хүчингүй болгуулахаар өгсөн хариу байгаа. Тэгэхээр албан тушаалын байдлаа ашиглаад тухайн гэрчүүдэд нөлөөлөх байдлаар гэдэг юм уу энэ сахилгын шийтгэл хувийн байдлаар авч байсан болох нь Төрийн албаны төв зөвлөлийн дарга ********йн гаргасан шийдвэрээр үндэслэлгүй сахилгын шийтгэл оногдуулчихсан байна ийм зүйлүүд харагдаж байгаа. Энэ нь юутай уялдаж байна вэ гэхлээр энэ хүнд тухайн үед албан үүргийн биелүүлэхийг түдгэлзүүлэх, таслан сэргийлэх арга хэмжээ авах хууль зүйн үндэслэл бий болсон байна. Тэгэхээр хууль зөрчиж албан үүргийн биелүүлгийг түдгэлзүүлсэн ийм шийдвэр гаргаагүй. Энэ хүн энэнтэй холбоотой мэдээж бид нар бүхэлд нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгоод гэдэг юм уу, цагаатгах юм уу ийм шийдвэр гарчихсан байсан бол албан үүргээ биелүүлэхтэй холбоотой, албан тушаалаа түдгэлзүүлсэнтэй холбоотой, гэм хорын нэхэмжлэл буюу цалингаа нэхэмжлэх нь зүй ёсны хэрэг байсан. Гэтэл энэ хүний хууль бус үйлдэл байсан, байсныг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгасан хууль зөрчсөн гэдэг ийм зүйл байгаагүй мэдээж хэд хэдэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгаад үүн дотроос гэм буруутай үйлдэл буюу тухайн хүнийг холбогдуулан шалгагдаж байх үед гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл гаргаж байх үед гэмт хэрэгт тооцогдож байсан ийм зүйлүүд байсан. Гэхдээ хуулийн өөрчлөлтөөр хэрэгсэхгүй болгож байсан. Бас нэг өмгөөлөгчтэй холбоотой нотлох баримт гаргаж өгсөн, үүнтэй холбоотой Эрүүгийн хэрэг дээр авагдсан баримтаас ******* гэдэг хүнтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээнд өөрийнх нь шүүхэд гаргаж өгсөн гэрээний дугаар Эрүүгийн хэрэгт хавсрагдсан гэрээний дугаар хоёрын дугаар нь зөрөөтэй. Хэрвээ тухайн үед байгуулагдсан нэг гэрээ бол гэрээний дугаар хоёр өөр байх боломжгүй. Тийм учраас алийг нь үнэн зөв гэж үнэлж дүгнэх өөрийнх нь гаргаж өгч байгаа гэрээ нь 14 дугаартай, Намнансүрэнтэй байгуулсан 6,000,000 төгрөг гээд үнийн дүн биччихсэн гэрээ Эрүүгийн хэрэгт байгаа гэрээ нь 202 гээд ондоо дугаартай гэрээ авагдсан байгаа. Тэгээд Эрүүгийн хэрэгт авагдсан дээр мэдээж үнийн дүн бичигдээгүй, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой Эрүүгийн хэрэгт хавсаргаж байгаа баримт дээр үнийн дүнгээ бичдэггүй байх. Гэхдээ өмгөөллийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дугаар нэг ижил дугаараар тухайн үед ижил байгуулагдсан гэрээг бол дугаар зөрөх ёсгүй гэж үзсэн. Тийм учраас энэ гаргаж байгаа баримт нь зөрөөтэй байгаа учраас тухайн үедээ хийгдэж байсан бид нар гэрээг үндэслэх боломжтой. Тэгээд энэ хүн үнэхээр өмгөөллийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ авсан юм бол үүнтэй холбоотой нотолсон баримт бичиг байх шаардлагатай. Туслалцаа үзүүлэх гэрээ байгуулснаараа энэ хүнийг 8,500,000 төгрөг өмгөөллийн хөлсөнд төлжээ гэдгийг бид нар өнөөдөр батлах боломжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод явж байсан нь явж байсан. Гэхдээ хэдэн төгрөг өгсөн гэдгийг чинь дансаар шилжүүлсэн баримт байдаг юм уу бэлэн мөнгө хүлээлцэж өгсөн баримт байдаг юм уу ийм чухал зүйлүүдээр нотлогдох ёстой гэж үздэг. Түүнээс яг аль нь үнэн зөв нь мэдэгдэхгүй хоёр өөр дугаартай ийм гэрээг үндэслээд гаргах боломжгүй. Нэгэнт нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй гэж үзэж байгаа учраас хуульд зааснаар эрхийг нь хязгаарласан ийм зохицуулалт байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм байна гэсэн ийм санал байна гэжээ.
3.Хүсэлт гаргагчаас: ********** 2020 оны 05 сарын 27-ны өдрийн 2025002450236 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-6-7/, ******* дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 29-ний өдрийн 2020/ЦХШЗ/71 дугаартай шүүгчийн захирамж /хх-8-10/, ******* дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 27-ны өдрийн 2020/ЦХШЗ/114 дугаартай шүүгчийн захирамж /хх-11-14/, ******* дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 27-ны өдрийн 2020/ЦХШЗ/162 дугаартай шүүгчийн захирамж /хх-15-18/, ******* дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 04-ний өдрийн 2021/ЦХШЗ/60 дугаартай шүүгчийн захирамж /хх-19-23/, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай баримт /хх-24/, ******* дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 26-ны өдрийн 2021/ШЗ/371 дугаартай шүүгчийн захирамж /хх-25-30/, ******* дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоол /хх-31-40/, ******* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 сарын 25-ны өдрийн 2022/ДШМ/45 дугаартай магадлал /хх-41-53/, ******* аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 02 дугаартай тогтоол /хх-54/, ******* аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 сарын 17-ны өдрийн 18 дугаартай тогтоол /хх-55-57/, ******* аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 76 дугаартай тогтоол /хх-57-58/, ******* аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай тогтоол /хх-59-62/, ******* аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай тогтоол /хх-63-66/, ******* аймгийн Засаг даргын 2018 оны 02 сарын 27-ны дрийн Б/08 дугаартай захирамж /хх-67/, ******* аймгийн Засаг даргын 2020 оны 01 сарын 21-ний өдрийн А/27 дугаартай захирамж /хх-69-70/, ******* аймгийн Засаг даргын 2020 оны 07 сарын 28-ны өдрийн Б/14 дугаартай захирамж /хх-71/, ******* аймгийн Засаг даргын 2024 оны 04 сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай захирамж /хх-72-76/, ********тэй байгуулсан эрх зүйн туслалцааны гэрээ, тасалбар /хх-79-80/, *******тэй байгуулсан эрх зүйн туслалцааны гэрээ, тасалбар /хх-81-83/, ****ай байгуулсан эрх зүйн туслалцааны гэрээ, тасалбар /хх-84-85/-ыг нотлох баримтаар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч гэмт хэргийн шинжгүй үйлдэлд 3 жил 9 сарын хугацаагаар шалгагдаж, ял шийтгэгдэж, албан тушаалаасаа түтгэлзүүлэгдэж ажиллаагүй байх хугацаанд авах ёстой байсан үндсэн цалин хөлс болох 87 044 283 төгрөгийг гаргуулж, үүнээс дээрхи хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг суутгуулж тооцуулах болон хүн амын орлогын албан татварыг нөхөн төлж, авбал зохих байсан цалин 69 482 509 төгрөг, эрүүл мэндийн ажилтны 5 жил тутамд олгогдох тэтгэмж 6 531 942 төгрөг, өмгөөлөгчийн зардал 8 500 000 төгрөг, бүгд 102 076 225 төгрөгийг төрөөс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2.Хүсэлт гаргагч ******* нь хүсэлтийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд хүсэлт гаргагч өөрийг нь ******* аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхад Авлигатай тэмцэх газраас гэмт хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаад Прокурорын тогтоолоор уг хэргийг Гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм. Намайг ийнхүү гэмт хэргийн шинжгүй үйлдэлд хууль бусаар яллагдагчаар татаж, хилсээр ял шийтгэж, ажил албан тушаалаас үндэслэлгүйгээр түтгэлзүүлэх мөн хувийн баталгаа гаргуулан таслан сэргийлэх арга хэмжээ авах зэргээр хохироосон тул учруулсан гэм хор, хохирлыг төрөөс нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.
3.Хүсэлт гаргагчийн дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 болон 13 дугаар бүлэгт тус тус заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх хэрэг маргаанд харъяалагдаж байна.
4.Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Хүсэлт гаргагч *******ийг ******* аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхад нь Авлигатай тэмцэх газраас 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл шалгаж ******* аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурорын 10 дугаартай тогтоолоор уг хэргийг Гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
Хүсэлт гаргагчийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан мөрдөн шалгах хугацаанд ******* дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ЦХШЗ/71 дугаартай захирамжаар төрийн албанд ажиллах албан үүргээ биелүүлэхийг 3 сарын хугацаагаар түтгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх бөгөөд уг хугацааг 2020 оны 8 сарын 27-ны өдрийн 2020/ЦХШЗ/114 дугаартай захирамж, 2020 оны 11 сарын 27-ны өдрийн 2020/ЦХШЗ/162 дугаартай захирамжаар тус тус 3 сарын хугацаатайгаар сунгасан, 2021 оны 3 сарын 04-ний өдрийн шүүгчийн 2021/ЦХШЗ/60 дугаартай захирамжаар тус арга хэмжээг 1 сарын хугацаагаар биелүүлэхийг түдгэлзүүлсэн таслан сэргийлэх арга хэмжээ, дараа нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авчээ. Мөн 2021 оны 4 сарын 26-ны өдрийн шүүгчийн 2021/ШЗ/371 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж нэхэмжлэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
******* дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарны 23-ны өдрийн 2022/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч *******Монгол улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, төрийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаатайгаар хасч, 2 жилийн хугацаагаар ***** аймгийн*******ын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож зорчих эрх хязгаарлах ял оногдуулжээ.
******* дахь Эрүүгийн хэгийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 сарын 25-ны өдрийн 2022/ДШМ/45 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан байна.
Хэрэгт нэмэлт ажиллагаа хийж ******* аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурорын 2023 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд ******* аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай захирамжаар ******* аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилсон байна.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 498 дугаар зүйлийн 498.4-д Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж тус тус заажээ.
Ийнхүү нэхэмжлэгч 2020 оны 05 сарын 23-ны өдрөөс 2024 оны 04 сарын 01-ны өдрийг хүртэл гэмт хэргийн шинжгүй үйлдэлд хууль бусаар яллагдагчаар татаж, хилсээр ял шийтгэж, ажил албан тушаалаас үндэслэлгүйгээр түтгэлзүүлсний улмаас учирсан хохиролоо шаардах эрхтэй байна.
6.Шүүх хуралдаанд оролцсон прокурор ********ийн талаар хэд хэдэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн дагуу Эрүүгийн хэрэг үүсгэж шат шатанд нь шалгасан байдаг. Нэхэмжлэгчийн гаргаж өгч байгаа тогтоол бол хэрэг шалгагдаж байх явцад нэг үйлдэл дээр нь хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол юм. Шалгаж байх явцад зарим үйлдлийг прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг. Үүнтэй холбоотой яллагдагчаар татах тогтоолд нь өөрчлөлт орсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 22.8.1 дэх хэсгийн 22.8.1.1-д заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн шинжийг хангаж байх боловч 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хохирлын хэмжээг 10,000,000 төгрөг буюу түүнээс дээш гэж заасан учраас энэ үйлдэл нь хэрэгсэхгүй болсон байна. Тэгэхээр энэ хүн гэмт хэрэг үйлдээгүй гэм буруугүй хүнийг Эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татаагүй гэдэг нь үүгээр нотлогдож байгаа гэж тайлбарлаж байна.
Прокурор ****** нь ******* аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурорын 2023 оны 12 дугаар сарын 17-ний өдрийгн 10 дугаартай тогтоолоор ********ийн зөвхөн нэг үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоол байхгүй, түүнийг гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар ямар нэгэн баримт хавтас хэрэгт байхгүй, прокурор нэхэмжлэгчийг буруутгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотолж няцааж чадахгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасан учраас нэхэмжлэгч хохирол нэхэмжлэх эрхгүй гэж прокурор үзэж байгаа нь үндэслэлгүй байна.
7.Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д зааснаар хөдөө орон нутагт ажилласан 5 жилийн урамшуулал авах эрхтэй байх бөгөөд 2016 оны 05 сард урамшууллын мөнгөн тэтгэмжийг авч байсан энэ талаар тамга, санхүүгийн тэмдэгээр баталгаажуулдаг, нийгмийн даатгалын дэвтэр дээр хуучин тэмдэглэгддэг байсан, одоо шууд цахим дээрээ бүртгэгддэг болсон, Эрүүл мэндийн газрын даргаар 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр томилогдон ажилласан, 2020 оны 07 сараас 2024 оны 04 сарыг хүртэлх хугацааны үндсэн цалингаа нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байна. ******* аймгийн Засаг даргын 2020 оны 01 сарын 21-ний өдрийн А/27 дугаартай цалин хөлсний хэмжээ шинэчлэн тогтоох тухай захирамжаар аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний төрийн байгууллагын удирдах ажилтнуудын цалин хөлсний хэмжээг хавсралтаар баталж 2020 оны 01 сарын 02-ны өдрөөс эхлэн мөрдсөн байх бөгөөд ******ийн цалинг 1,426,164 төгрөгөөр тогтоосон байна. Түүнчлэн Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 2-р хавсралтаар **** нь албан тушаалын зэрэглэлээр ТЗ-10 зэрэглэлд хамарч цалинг 1,088,657 төгрөг, Засгийн газрын 2023 оны 06 сарын 21-ний өдрийн 241 дүгээр тогтоолын 3-р хавсралтаар ТЗ-4 зэрэглэлд хамаарч цалинг 1,757,000 төгрөгөөр тус тус тогтоосон байна. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаанд 3 өмгөөлөгчид өмгөөллийн хөлс нийт 8,500,000 төгрөг төлсөн болох нь эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж 3 өмгөөлөгчид өмгөөллийн хөлс нийт 8,500,000 төгрөг төлсөн болох нь өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр батлагдаж байна. / х-79-83/
8.Иймд хүсэлт гаргагч ******нь хэргийн хугацаанд таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан. Эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон нь тогтоогдож байх тул 2020 оны 07 сараас 2024 оны 04 сарыг хүртэлх хугацааны үндсэн цалин 87,044,283 төгрөг, 2021 онд авах ёстой байсан Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарт тасралтгүй ажилласны 5 жил тутамд олгогддог мөнгөн тэтгэмж 6,531,942 төгрөг, хэрэгт шалгагдаж байхдаа өмгөөлөгч нартай эрхзүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулж, төлсөн өмгөөллийн хөлс 8,500,000 төгрөг, бүгд 102,076,225 төгрөгийг Төрөөс буюу Засгийн газрын нөөц сангаас гаргуулж олгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
9.Тухайн хүсэлт Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсаны улмаас учирсан гэм хорын хохиролд 102,076,225 төгрөгийг гаргуулж хүсэлт гаргагч **********т олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ