Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Оч |
Хэргийн индекс | 2209 01905 1551 |
Дугаар | 2023/ДШМ/440 |
Огноо | 2023-04-20 |
Зүйл хэсэг | 13.14.1, |
Улсын яллагч | Н.Булганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2023/ДШМ/440
Б.Ц-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Булганчимэг,
хохирогч Ц.Э-ын өмгөөлөгч С.Пүрэвдорж,
шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ж.Бат-Амгалан,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/182 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ц-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2209 01905 1551 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Б-ын Ц, 1982 оны ... дугаар сарын ...-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;
Б.Ц нь 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлох туршилтын үйл ажиллагаа явуулж буй “Б” ХХК-ийн үйл ажиллагааны улмаас байгаль орчин, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргаанд нөлөө үзүүлж байгаа асуудлыг шалгах ажлын хэсэгт ажиллаж байхдаа уг сумаас тээвэрлэн ирсэн малын махыг “Улаанбаатар хот, Дэнжийн 1000 худалдааны төвд худалдан борлуулан зарах” талаар илт худал мэдээлэл бэлтгэн олон нийтэд тараах үйл ажиллагааг зохион байгуулахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газар: Б.Ц-ийн үйлдлийг ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт Б-ын Ц-ийг худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор солихыг анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 6 ширхэг сидийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Ц нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хэргийн үйл баримт болон гэрчүүдийн мэдүүлгийг нягтлан судлаагүй, гэрчийн худал мэдүүлэгт үндэслэсэн, гэрч оролцуулах хүсэлтийг хангаагүй, хохирогчийн хэлсэн зүйлийг хэрэгт ач холбогдолтой талаас дүгнээгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болон Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал болон шүүхэд маргаж байгаа асуудалд дурдагдсан нөхцөл байдлыг үнэлж, дүгнэлгүй зөвхөн нэг талд үйлчилж, яллах зорилгоор энэхүү тогтоолыг гаргасан гэж үзэж байна. Тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-ын “...10 худгуудад тодорхой хэмжээний элемент өндөр гардаг, ...байгалийн өгөгдлөөр өөрчлөлттэй болсон байдаг...” гэх үг нь миний ярьсныг нотолж байна. Гэтэл шүүх байгалийн өөрчлөлт үү, уран олборлох үйл ажиллагаанаас болж өөрчлөгдсөнийг тогтоогоогүй байж худал гэж хэрхэн дүгнэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-ын “...компанийн нэр дурдаагүй гэх боловч тухайн суманд манай компани л үйл ажиллагаа явуулдаг...” гэх үг нь намайг “Б” гэдэг компанийн нэрийг дурдаж байгаагүйг нотолдог. Улаанбадрах суманд маш олон тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг баримт АМГТ-ын сайтад байна. Шүүх тогтоолдоо ““Б” ХХК-ийн нэрийн тухайлан дурдаагүй ч Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлох төслийн үйл ажиллагаа зөвхөн “Б” ХХК хэрэгжүүлж байгаа” гэж өөрөө дүгнэж, компанийн төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-ын “...Засгийн газраас маш олон шинжилгээ, ажиллагаа явуулсан...” гэсэн. Тэр олон шинжилгээний баримтуудыг татаж, өмнөх Засгийн газрын үед хийсэн дүгнэлтүүдийг авч, яагаад Улаанбадрах суманд асуудал үүсч, Засгийн газраас ажлын хэсэг удаа дараа гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй. Криминалистикийн шинжилгээгээр дүрс бичлэгт дуу дүрсний өөрчлөлт орсон эвлүүлэг болохыг тогтоосон баримтыг анхаарч үзэлгүй орхигдуулсан. Гэрч Б.А “...Би хажууд нь байсан. ...Энэ ярьсан яриаг хэн нэгэн бичиж аваад олон нийтийн сүлжээгээр тараасан байна лээ...” гэсэн байдаг. Ямар нэгэн өөр санаа, зорилготой хэн нэгний хийсэн ажлыг намайг хийсэн мэтээр дүгнэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна”, зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, арван зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан. Би хэн нэгэн хуулийн этгээдийн нэрийг зааж, олон нийтийн сүлжээгээр ямар нэгэн илт худал мэдээлэл тараагаагүй. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон байгаль хамгаалах журамт үүргээ биелүүлж байгаагийн төлөө гэмт хэрэгт холбогдуулж байгаад гомдолтой байна. Шүүгч “...Б.А-ын эсэргүүцлээс буюу өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар туйлдаа хүрээгүй, худал мэдээлэл тараах гэмт хэрэг төгсөөгүй байна, ...худал мэдээллийг олон нийтэд тараах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна...” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Ж.Бат-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх хэн тараасан, хэн нь эвлүүлсэн гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлоогүй. Нийт 46 секундийн бичлэг байдаг. Хэн эвлүүлээд цацсан бэ гэдгийг мөрдөн шалгах ажиллагаанд мөрдөгч тогтоосон гэсэн боловч дараа нь шүүхийн шатанд хэрэг ирсэн хойно хэрэгтэй танилцахаар тогтоосон зүйл байдаггүй. Анх хэн ч гомдол гаргаагүй. Цагдаагийн Ерөнхий газраас өөрсдөө санаачилгаараа шалгаж байна гээд мэдүүлэг тайлбар авсан байдаг. “Б” компанийг сүүлд хохирогчоор татсан байдаг. Эхлээд Б.Ц-ийг өөр зүйл, ангиар шалгаж байгаад дараа нь гүйцэтгэх ажиллагаа явуулаад бүх зүйлийг нь шалгаад ямар ч мөнгө, төгрөг авсан талаарх нотлох баримт олдоогүй учраас сүүлдээ зүйлчлэлээ өөрчлөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Уг бичлэгийг олон нийтэд тараасан бол “Б” компанийн нэр хүндэд муугаар нөлөөлөх байсан байна гэх үндэслэлгүй тайлбарыг хэлдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдаагүй. Субъектив тал буюу бусдын нэр хүндийг гутаах санаа зорилго байх ёстой. Гэтэл Б.Ц нэр хүндийг гутаах зорилго агуулаагүй. Энэ талаарх баримт байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд нотолж чадахгүй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх буюу хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналыг гаргасан. ...” гэв.
Хохирогч Ц.Э-ын өмгөөлөгч С.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Б” компани нь хуульд заасны дагуу зөвшөөрлөө аваад хяналтын дор үйл ажиллагаагаа явуулдаг. Олон удаа хяналт шалгалт хийгдсэн. Уг компанитай холбоотой мал, байгаль орчин хордуулсан гэх акт дүгнэлт гарч байгаагүй. Б.Ц-ийн яриа биеллээ олсон бол “Б” компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдах байсан. Б.Ц нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэгт орж ажиллаж байхдаа илт худал мэдээлэл тараахыг завдсан гэм буруутай үйлдэлд нь ял шийтгэл оногдуулсан нь зөв гэж үзэж байна. Давж заалдах гомдолтой танилцаж байхад манай байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-ын мэдүүлгийг илтэд гуйвуулж бичсэн байсан. Энэ бүгд худлаа бөгөөд түүний холбогдсон хэрэгт ямар ч ач холбогдолгүй юм. Б.Ц нь хуульд заасан арга хэрэгслээр байгаль орчноо хамгаалах үйл ажиллагаа хийхийг хориглоогүй. Удаа дараа гомдол гаргасан бөгөөд төрийн байгууллагаас шалгаад хариуг нь өгөөд явж байсан. Одоо ч гэсэн гомдол гаргаад шалгуулж байна. Харин Б.Ц нь Б.А-тай бүлэглэн илт худал мэдээлэл тараах үйл ажиллагаа явуулахыг завдсан гэж ял шийтгэл оногдуулсан. Шүүх ул суурьтай хандаж үндэслэлтэй шийдвэр гаргасан. Шинжилгээ хийлгэсэн бичлэг нь Б.Ц-ийн санаа зорилгыг илэрхийлсэн баримт болохоос биш хэн бичсэн болох нь хэрэгт ач холбогдолгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Талууд гэрч Б.А-ыг оролцуулах хүсэлт гаргасан боловч гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт уг хүсэлтээсээ татгалзсан байдаг. Хавтас хэрэгт цугларсан баримтын хүрээнд 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр буюу Хонхорын мал нядалгааны газар мал нядалсан талаар Б.Ц нь шууд лайв хийж, мэдээллийг хүргэсэн. “Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас малчдын авч ирсэн малыг уранд хордсон” гэдэг байдлаар Улаанбаатар хотын хэрэглэгч нарт худал мэдээлэл тараах талаар ярьсан. Энэ яриа хэрэгжсэн бол “Б” компанийн эрх ашгаас гадна үндэсний аюулгүй байдалд ч хор хөнөөлтэй байх байсан. Анхан шатны шүүх талуудын мэтгэлцээн, шинжлэн судалсан бүх баримтыг үндэслээд гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн. Гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нөхцөл байдал байхгүй. Шийтгэх тогтоолд дурдагдсан асуудлууд, хууль зүйн үндэслэл, дүгнэлт, шийтгэх тогтоолын бүтцэд тавигдах шаардлагыг бүрэн хангасан. Гэм буруутайд тооцсон үндэслэл нь үндэслэл бүхий байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Ц-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Прокуророос Б.Ц-ийг “Б” ХХК-ийн үйл ажиллагааны улмаас байгаль орчин, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргаанд нөлөө үзүүлж байгаа асуудлыг шалгах ажлын хэсэгт ажиллаж байхдаа “Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас тээвэрлэн ирсэн малын махыг Улаанбаатар хот дахь Дэнжийн-1000 худалдааны төвд худалдан борлуулах” талаар илт худал мэдээлэл бэлтгэн олон нийтэд тараах үйл ажиллагааг зохион байгуулахыг завдсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ц-ийг худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутай гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг тус тус журамлан тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн байна.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэхэд анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ц-ийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлж, дүгнэхдээ “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг үйлдэх үе шатын талаар өрөөсгөл дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэмт хэрэг үйлдэх үе шат гэдэгт гэмт этгээдийн оюун ухаанд гэмт санаа үүссэнээс эхлээд тухайн санааг бодит болгон хэрэгжүүлж, хийж дуусах хүртэлх үйл явцыг хамааруулдаг.
Гэмт этгээдэд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдах гэмт санаа бий болж, уг санаагаа гүйцэлдүүлж эхлэхээр хэрэг болох зүйлсийг олж авах /үйлдэлдээ хүч нэмэх, түргэтгэх, амар хялбар болгох зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хайж олох, шинээр хийх, засаж тохируулах г.м/, гэмт хэрэг үйлдэхээр тохиролцох, гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл байдлыг зориуд бүрдүүлэх зэргийг “Гэмт хэрэгт бэлтгэх үе” гэж тодорхойлно.
Харин, гэмт хэрэгт бэлтгэсний дараа үйлдэлдээ завдаж эхлэх ба гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг санаатай эхэлсэн боловч үүнээс үл хамаарах, түүний тооцоолоогүй гаднын хүчин зүйлийн улмаас үйлдэл бүрэн төгсөөгүй байхыг “Завдалт” гэдэг.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт бэлтгэх болон завдах нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг санаатай эхэлсэн эсэх буюу объектив шинжээр ялгагддаг бөгөөд төгсөөгүй гэмт үйл ажиллагааны үе шатыг үндэслэлтэй тодорхойлох нь уг үйлдэлд эрх зүйн зөв үнэлэлт өгөх, гэм буруутай этгээдэд шударга ял оногдуулах урьдчилсан зайлшгүй чухал нөхцөл болдог.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ц.Э-ын: “...Дүгнэлтүүдээр манай үйл ажиллагаанаас шалтгаалсан хохирол болон хортой нөлөө хүн, мал, байгаль орчинд нөлөөлсөн байдал тогтоогдоогүй гэж гарсан. ...Б.Ц гэх хүн 2020 оноос орон нутгийн иргэдийн дунд худал мэдээлэл тараах, манай компанийн нэр хүндэд халдах, иргэдийг өдөөн турхирах үйл ажиллагааг маш идэвхтэйгээр зохион байгуулдаг бөгөөд удаа дараа худал гүтгэлгийн шинжтэй мэдээллийг шүүх хуралдааны танхимд болон фэйсбүүк цахим хуудсаар “live” хийх явцдаа олон удаа олон нийтэд тараасан. ...Манай компани байгалийн ураныг гаргадаг. Үүнийг шар нунтаг гэж ярьдаг. Олборлосон ураныг олон удаагийн хяналт шалгалт, шинжилгээнд оруулж, мэргэжлийн байгууллага, ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Ямар нэгэн хортой бодис болон сөрөг нөлөө тогтоогдож байгаагүй. Хэрвээ хэн нэгэн хордох, сөрөг нөлөө илрэх бол яг олборлох үйл явц дээр гардан ажиллаж байгаа компанийн ажилчид хамгийн түрүүнд өртөнө. Тэгтэл одоогийн байдлаар ийм зүйл огт байхгүй. Манай компанийн нэр хүндэд удаа дараа халдаж, худал мэдээлэл тарааж гүтгэсэн асуудал дээр компанийн зүгээс гомдолтой байна. ...” /2хх 72-75/,
гэрч Б.А-ын: “...Би, манай зураглаач Г.Э, Б.Ц, “Д” студийн сурвалжлагч, зураглаач бид тав хоорондоо юм яриад, тамхи татсан. Энэ үед Б.Ц бид нарт хандаж “Улаанбадрах сумаас хонь, ямаа оруулж ирээд Дэнжийн-1000-д махны ченжүүдэд өгье, үүнийгээ нууц камераар бичээд, ченж худалдаж авсны дараа сэтгүүлчид гараад “Таны авсан мах Улаанбадрах сумын ураны хортой мах” гэж хэлээд болиулъя, гол зорилго нь Улаанбадрах сумын ураны хольцтой мах нийслэлийн иргэдэд чөлөөтэй зарагдаж байж болзошгүй гэдгийг бүгдээрээ ил тод харуулъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Наадах чинь бүтэхгүй ээ, бид нар мэдээний сайт болохоос нууцаар бичлэг хийхгүй ээ” гэж хэлээд салсан. Энэ ярьсан яриаг хэн нэгэн бичиж аваад манай сайтын захирал Б-ыг байсан мэтээр бичлэг хийж, олон нийтийн сүлжээгээр тараасан байна лээ. Энэ бичлэг дээрх дуу хоолой, ярьсан зүйл Б.Ц-ийнх байсан. ...” /1хх 33-34/ гэсэн мэдүүлгүүд,
олон нийтийн сүлжээгээр цацагдсан шүүгдэгч Б.Ц-ийн ярианы бичлэгийн бүтцэд дуу болон дүрсний өөрчлөлт хийгдсэн, дүрс бичлэгийн агуулгыг илэрхийлэх хүний дуу хоолой, бичлэгийг нэг цаг хугацаад хийгдсэн эсэх, эвлүүлсэн бол ямар программ ашиглан эвлүүлсэн эсэхийг нарийвчлан шинжлэх боломжгүй болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2317 дугаар дүгнэлт /1хх 79-82/,
дээрх дүгнэлтийг гаргасан ахлах шинжээч Д.М-ын: “...Миний гаргасан дүгнэлтэд шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг шинжилж үзэхэд нэгж хугацаанд дүрслэгдэх дүрслэлийн хувьд дүрсний өөрчлөлт болон дүрс бичлэгийн бүтцэд мөн өөрчлөлт орсон байсан. Тухайн дүрс бичлэгийн мета дата буюу файлын мэдээллийг тусгай зориулалтын программ ашиглан гаргаж үзэхэд ямар нэгэн программ ашиглан эвлүүлэг хийсэн дүрс бичлэгийг өөрчилсөн мэдээлэл бүртгэгдээгүй байсан. Тухайн дүрс бичлэгийн дүрсийн хувьд нэмэлт хөдлөл зураг болон ярианы утга агуулгыг текст хэлбэрээр харуулсан. Дуу авианы хувьд үргэлжилсэн яриа биш утга агуулгыг илэрхийлсэн байсан нь тухайн дүрс бичлэгийг дүрс, дуу авианы өөрчлөлт хийгдсэн гэж үзэх үндэслэл болсон. ...” гэсэн мэдүүлэг /2хх 78-79/,
дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоолын дагуу мөн дүрс бичлэгийг аудио /дуу/, зураг, ярианы үгсийг бичвэр болгон нэгтгэн эвлүүлсэн, мөн дүрс бичлэгт 00:15-00:20, 00:33-00:37 секундэд өөрчлөлт орсон байх боломжтой, шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгээс нэг цаг хугацаанд бичигдсэн, ямар төхөөрөмжөөр бичигдсэн болохыг тогтоох боломжгүй болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Инженер-техникийн шинжилгээний газрын Цахим технологийн шинжилгээ хариуцсан бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 287 дугаар дүгнэлт /4хх 120-127/,
“W...” болон “B... B...” нэртэй фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /2хх 88-93/,
“W...” нэртэй фэйсбүүк хаягаас фэйсбүүк сүлжээнд нийтэлсэн бичлэгт “Тэгэнгүүтээ юм аа хаагаад аваад явчхаж болно ш дээ, тэгээд тэр бичлэг чинь хэрэгтэй юм байгаа биз дээ та нарт, тэр чинь ингээд аан Дорноговийн урантай мах дэнжийн мянга дээр зүгээр зарагдчихлаа гэдэг ч юм уу, тэнэг болгоё л доо тэгэх үү, заавал, тэгээд тэндээсээ шүүх хуралд орох уу? Тэгнэ нэг нь худалдагч болчих чи худалдагч болчих, сайхан Сүхбаатарын мах шүү гээд, тэгэнгүүт нэг нь ирээд аваад явчихна за юу, машины ард тавьж байгаад, тэгээд аваад явангуут нь та нар араас нь бичлэг лайвтайгаа гарч ирээд, та сая яг хаанахын махаа зарсан, энэ тэрээ гэнгүүт "би Дорноговийн Улаанбадрахын мах зарсан юм аа гэж хэлээд, ингээд тэнэг болох ёстой байхгүй юу даа” гэж хэлснийг бэхжүүлсэн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 12-14/ зэрэг нотлох баримтуудаар:
шүүгдэгч Б.Ц нь “...Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас мал оруулан ирж, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Дэнжийн-1000 махны захад худалдаа эрхэлдэг иргэдэд өгч, түүнийгээ нууцаар дүрс бичлэг хийж, “Таны авсан мах Улаанбадрах сумын ураны хортой мах” гэж хэлье” хэмээн дээрх сумын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал буюу уран олборлох туршилтын төслийн үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараахаар бэлтгэсэн...” үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь бодит байдалд нийцээгүй, бодит байдлаас тэс өөр, илэрхий худал мэдээллийг хохирогчийн нэр төр, алдар хүндийг гутаах, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйц мэдээ, мэдээллийг олон нийтэд тараасан үйлдэл байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 16 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн нь “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ... эрхтэй” бөгөөд гагцхүү энэхүү эрх нь Үндсэн хуулийн арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүргийг ёсчлон биелүүлэх” үүргээр хязгаарлагдана.
Мөн Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан бөгөөд хууль, Олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл шүүх, эрх бүхий байгууллагад гомдол гаргах замаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх учиртай.
Өөрөөр хэлбэл, хууль бус гэж үзэж буй бусдын үйл ажиллагааны талаар үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүргээ биелүүлэх ёстой байтал шүүгдэгч Б.Ц нь өөрийн эрх, эрх чөлөө, үзэл бодлоо хамгаалах нэрийдлээр “Б ХХК-ийн үйл ажиллагааны улмаас мал хордсон, энэхүү хордсон малын махыг Улаанбаатар хотод борлуулж байгаа” талаарх ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэл олон нийтэд тараахаар бэлтгэснийг зөвтгөх үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Ц-ийн сэтгүүлч Б.А-тай ийнхүү “Б” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдах зорилгоор тухайн газарт байсан хүмүүсийг “Чи худалдагч болчих”, “Дэнжийн-1000 зах дээр мах зар”, “Нөгөө нь камераар нууцаар шууд бичлэг /Live/ хий”, улмаар “Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас ирсэн малын мах зарсан гэж хэл” гэх зэргээр худал мэдээлэл бэлтгэж, олон нийтэд тараахаар ярьсныг нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд санаатай завдсан бус, харин гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хийхээр бэлтгэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ц нь давж заалдах гомдолдоо ““Б” ХХК-ийн нэрийг тухайлан дурдаагүй, Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий олон компани байдаг” талаар дурджээ.
Б.Ц нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/213 дугаар тушаалаар Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт уран олборлох туршилтын төсөл хэрэгжүүлж байгаа “Б” ХХК-ийн үйл ажиллагааны талаар газар дээр нь танилцаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж ажилласан, улмаар “Улаанбадрах сумын малчид уранд хордсон хонь, ямаа оруулж ирснийг нь нядлаад, эд эрхтнийг нь олон нийтэд харуулъя, сурвалжлаад өг” хэмээн сэтгүүлч Б.А-ыг дуудан сурвалжлуулсан, улмаар энэ талаар илт худал мэдээллийг олон нийтэд тараахаар бэлтгэсний улмаас “Б” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйц үр дагаврыг үүсгэж байх тул хуулийн этгээдийн нэрийг онцгойлон дурдаагүй нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.
Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Ц-ийг хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараахаар бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах”-аар гаргасан шүүгдэгч Б.Ц-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан буюу хорих ялын санкци байхгүй тул худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн шүүгдэгч Б.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр, чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 дэх заалтыг “Шүүгдэгч Б овгийн Б-ын Ц-ийг хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ц.ОЧ