Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 117

 

П.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2020/00899/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  10 дугаар сарын 02-ны өдрийн 1040 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч П.Б-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч П.О-,

           Д.Г- нарт холбогдох

“Хариуцагч нарын зээлийн өр, төлбөрт төлсөн нийт 18.958.814 төгрөгийг буцаан гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч П.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие П.О-, Д.Г- нарын удаа дараагийн хүсэлтийн дагуу тус нэмэр болж тэдний хийж буй ажилд эргэлтийн хөрөнгөөр тусалж байх зорилгоор өөрийн өмчлөлийн Дархан сумын 13 дугаар баг, 1 дүгээр хорооллын 22 дугаар байрны 52 тоот орон сууцыг 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийж өөрийн дүү П.О-ын нэр дээр шилжүүлсэн. П.О-, түүний гэр бүл Д.Г- нар уг байранд амьдарч, бусдад түрээслэн орлогын эх үүсвэр болгож мөн орон сууцыг удаа дараа мөнгөний зээлийн барьцаанд тавьж ажил амьдралаа залгуулж ирсэн байдаг.

Гэтэл П.О-, Д.Г- нар намайг удаа дараа залилах, худал ярих, авсан зээлийн үлдэгдлээ дараагийн зээлээр төлөх, зээлийн үлдэгдлээ ихэсгэж үүсгэх болсон төдийгүй уг байрыг минь Капитрон банкны зээлийн барьцаанд тавьж банктай байгуулсан зээлийн гэрээгээ удаа дараа зөрчиж гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж явсныг би мэдэж Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг шүүх 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 515 тоог шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээ хийлгэсэн гэсэн ч энэ бүхнийг П.О-, Д.Г- нар огт хэрэгсэхгүй өдий хүрлээ. Өөрийн байрыг банкны зээлийн барьцаанд алдчихгүйн тулд П.Б- би П.О-, Д.Г- нарын Капитрон банкнаас авсан 3006-2017/30 тоот зээлийн гэрээний үлдэгдэл болох 18.958.814 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Капитрон банканд төлж барагдуулсан. Иймд хариуцагч П.О-, Д.Г- нараас 18.958.814 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

Хариуцагч П.О-, Д.Г- нар шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие П.О- нь 2004 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс төрсөн ах болох П.Б-ын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 1 дүгээр хороолол, 22-52 тоот 28м.кв 2 өрөө орон сууцыг түрээслэн амьдарч байсан. 2009 оноос эхлэн Олон улсын худалдааны төвд хүнсний лангуу ажиллуулах гэтэл бараа зээлээр нийлүүлдэг хариуцагч байгууллагуудаас хөрөнгийн баталгаа шаардлагатай гэсэн тул энэ байдлаа өөрийн ах П.Б-д учирлан тайлбарлаж хэлэхэд дээрх 28м.кв 2 өрөө орон сууцыг 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийж миний өмчлөлд шилжүүлж, уг байрыг надад бэлэглэсэн. Тухайн үед бид хоёрын харилцаа сайн, үргэлж бие биедээ тус дэм болдог байсан. Ингээд нөхөр Д.Г- бид хоёр ахын туслалцаа дэмжлэгээр 2013 онд Капитрон банкнаас бизнесийн зээл болох 31.000.000 төгрөгийг өөрийн орон сууцыг барьцаалан зээл авч цаг тухайд нь төлж дууссан. Дахин 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Капитрон банктай зээлийн гэрээ байгуулж 21.000.000 төгрөгийг зээлэн авч, зээлийн төлөлтийн графикийн дагуу төлөөд явж байсан боловч 2018-2020 оны хооронд миний бие өвчний улмаас эмнэлэгт удаан хугацаагаар эмчлүүлж улмаар байнгын эмчилгээ сувилгаа шаардлагатай болсон учир байсан бүх мөнгөө эмчилгээнд зарцуулаад дуусдаг байсан.

Эрүүл мэндийн шалтгааны улмаас улирлын чанартай бизнес маань доголдож цаашлаад банкны зээлээ ч төлж чадахааргүй болсон. Уг нөхцөл байдлаа Капитрон банканд зээлийн гэрээ дуусахаас өмнө өөрсдийн гачигдал эмнэлгийн магадалгаа эмнэлэгт хэвтэж байгаа бичиг зэргийг хавсаргаж зээлийн хугацааг сунгах тухай хүсэлт тавьж байсан боловч хүсэлтийг маань хүлээн авалгүй шүүхэд өгсөн байсан. Нөхөр бид хоёр 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр буюу зээл авснаас хойш 2018 оны сүүл хүртэл нийт 16.000.000 төгрөг төлсөн байхад үүнээс зээлийн хүүд 11.999.000 төгрөг, үндсэн зээлд 4.350.769 төгрөг л хасагдсан байсан. Гэтэл Капитрон банк шүүхэд 19.938.566 төгрөг нэхэмжилж байсан ба бидний хувьд хэт хохиролтой байна хэмээн маргасан ба уг маргаан нь ч үндэслэлтэй байсан.

Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш зээлдэгчээс төлсөн нийт 3.427.145 төгрөгийг үндсэн зээлд биш хүү, нэмэгдүүлсэн хүүд суутгасан нь хууль зөрчсөн байсан тул бид уг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаад явж байсан. Гэтэл ах П.Б-аас огт зээл хаагаад өгөөч гэж гуйгаагүй байтал өөрөө сайн дураараа Капитрон банканд очин банкны тооцоогоор гаргасан зээлийн үлдэгдэл болох 18.958.815 төгрөгийг төлж улмаар дээрх маргаан дууссан. Хэрэв ах П.Б- нь сайн дураар бидний зээлийн үлдэгдлийг төлөөгүй байсан бол бид Монгол Улсын Дээд шүүх хүртэл өөрсдийн эрх ашгаа хамгаалж, банкны буруутай үйл ажиллагаа болох 3.427.145 төгрөгийг хууль зөрчиж хүү, нэмэгдүүлсэн хүүд суутгасныг зөвтгүүлж үндсэн зээлээс хасуулах бүрэн боломжтой, үндэслэлтэй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс 3.427.145 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1040 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч П.О-, Д.Г- нараас 18.958.814 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Б-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.О-, Д.Г- нараас улсын тэмдэгтийн хураамжид 252.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Б-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1040 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Тус хэргийг хянан хэлэлцэх анхан шатны шүүх хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр болсон. Тус өдөр хариуцагч нарын төлөөлөгч миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Т.Т-ыг гэрчээр асуухаар товлосон боловч гэрч асуулгах ажиллагаанд миний бие биечлэн оролцох боломжгүй нөхцөл байдаг үүссэн. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нүдний зовуурь, улайлт намдахгүй байсан тул харьяа өрхийн эмнэлэгт үзүүлэхэд үрэвсэлтэй, эмзэг нүд байх тул мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөж, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл эмчилгээ хийлгэх, гам болон дэглэм барихыг зөвлөсөн. Уг эмчийн актыг өөрийн гаргасан “шүүх хуралдаан хойшлуулах тухай” хүсэлттэй хамт хавсаргаж өгсөн боловч шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлээгүйд, мөн гэрчийн мэдүүлгийг хариуцагч талд танилцуулаагүйгээр шүүх хуралдаан явуулсанд гомдолтой байна.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 589 дугаартай шийдвэрээр П.О-, Д.Г- нараас 19.777.723 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. П.О-, Д.Г- нар нь Капитрон банктай 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №3006-2017/30 тоот зээлийн гэрээгээр 21.000.000 төгрөгийн зээлийг жилийн 25,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай байгуулсан байдаг. Хариуцагч талаас зээл ашиглалтын хугацаанд нийт 16.000.000 төгрөг төлсөн байхад зээлийн хүүд 11.999.000 төгрөг төлөгдөж үндсэн зээлээс 4.350.769 төгрөг хасагдсан байгаа нь зээлдэгчид хэт хохиролтой байна гэж маргадаг. Учир нь 2018 оны сүүл 2019 оны эхэн үеэс зээлдэгч П.О-ын бие муудаж, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, улмаар байнгын эмчилгээ сувилгаа шаардлагатай болсон учраас зээл, хүүгээ хуваарийн дагуу эргэн төлж чадахгүй болсон байдаг. Ийнхүү зээлийн эргэн төлөлт доголдож эхэлсэн нь нэхэмжлэгч буюу Капитрон банк талаас шүүхэд ирүүлсэн “Зээл төлсөн тооцоолол хүснэгтээр нотлогдох ба уг хүснэгтээс харахад 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үндсэн зээлд 445.739 төгрөг төлснөөс хойш зээлийн үндсэн төлбөр хийгдээгүй байсан.

2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш зээлдэгчээс төлсөн нийт 3.427.145 төгрөгийг үндсэн зээлд биш хүү нэмэгдүүлсэн хүүд суутгасан нь хууль зөрчсөн гэж үзэж байсан тул анхан шатны шүүхийн шийдвэрт уг үндэслэлээр гомдол гаргаад явж байхад П.Б- нь зээлийн үлдэгдлийг сайн дураар төлж барагдуулсан байсан тул бид давж заалдах гомдол гаргаад ямар нэгэн үр дүнд хүрэхээргүй болсон. Хэрэв ах П.Б- нь бидний өмнөөс зээлийг барагдуулаагүй байсан бол өөрсдийн гомдлоо гаргаад давж заалдах шатны шүүх эсхүл Улсын Дээд шүүхээс гомдлыг хангаж шийдвэрлэх боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс 3.427.145 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.Б- давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасантай холбогдуулан өөрийн зүгээс тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч П.Б-, хариуцагч Д.Г-, П.О- нартай холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал 2020 оны 09 дүгээр сарын 24-нд товлогдсон ч хариуцагч тал ирээгүй шалтгаанаар хойшилсон. 2020 оны 10 дугаар сарын 02-нд шүүх хурал дахин товлоод хариуцагч талаас хүн ирээгүй ч нэхэмжлэгч миний хүссэнээр шүүх хурал явагдсан. Нэхэмжлэгч би шүүхэд мэдүүлэг тайлбар гаргах, шүүх хуралд оролцох болгондоо Улаанбаатар хотоос Дарханд ирж байсан.

Нэхэмжлэгч П.Б- би хариуцагч Д.Г-, П.О- нартай байр болоод зээлийн учраар удаа дараа холбогдох, уулзах хүсэлт тавиад ерөөсөө олж уулзаж чаддаггүй байсан. 2020 оны 02 дугаар сард зээлийн хугацаа дуусаж, 3, 4, 5 сард 3-4 удаа ярьсан. Ер нь бол эцэс төгсгөлгүй худлаа яриад, сүүлдээ бүр ярьж ч болохгүй болоод 2020 оны 05 дугаар сарын 27-ны үед би ярьж 2 талаасаа Дарханд ирж уулзаж, банканд хамт очих миний саналыг хүлээж аваагүй. Тэгээд би өөрөө, тэдний зээл авсан гэх Капитрон банканд очиж удирдлагуудтай нь уулзаж энэ хариуцагч нарын жинхэнэ үнэн төрхийг олж мэдсэн. Хариуцагч Д.Г-, П.О- нар 2017 оны 02 дугаар сарын 01-нд 21.000.000 төгрөгийн зээлийг бизнес, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авч, өөрсдийн хэрэгцээнд бага хэмжээний санхүүжилт авч байхдаа (барьцаалах биш) ашиглаарай гэж тэднийг түр суулгаж байсан өөрийнхөө байрыг нэр дээр нь бэлэглэлийн журмаар түр шилжүүлсэн орон сууцны зориулалттай байрыг минь барьцаалсан байсан.

Намайг банканд очиход хариуцагч Д.Г-, П.О- нар нь Капитрон банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас банк хариуцагч нарыг шүүхэд өгч 2020 оны 05 дугаар сарын 20-нд анхан шатны шүүхийн №589 дугаартай шийдвэр гарч Д.Г-, П.О- нараас 20.034.582 төгрөг гаргуулах, мөн үүргийн гүйцэтгэлийг хангахыг даалгасан шийдвэр гарчихсан байсан. Энэ учраас нэхэмжлэгч П.Б- би Капитрон банкны нэхэмжлэлтэй хууль шүүхийн ажиллагааг зогсоох, өөрийн орон сууцыг үнэгүйдүүлж алдахгүйн тулд өнөөдрийн хариуцагч Д Г-, П.О- нарын авсан зээлийг тус банкны удирдлагуудтай ярилцаж, хүсэлт гаргаж зээлийн торгуулийн хүүг 100%, зээлийн хүүгээс 15%, шүүхийн улсын тэмдэгтийн хураамжаас 100% (нийтдээ 1.075.748) чөлөөлүүлж 18.958.143 төгрөг дээр тохиролцож, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 3006-2017/30 тоот зээлийн гэрээний үлдэгдэл болох 18.958.352 төгрөгийг Капитрон банкны 300 600 4472 тоот дансанд тушааж барьцаалагдсан байраа зээлийн барьцаанаас чөлөөлүүлсэн.

Энэхүү чөлөөлөлт нь тэр үедээ банканд миний төлөх мөнгөний хөнгөлөлт, чөлөөлөлт боловч дараа нь хариуцагч нараас нэхэмжлэх мөнгөн дүн тэр хэмжээгээр чөлөөлөгдөж байгаа. Хариуцагч талын банкны үйл ажиллагаа болон нэхэмжлэгч намайг буруутган төлөх ёсгүй мөнгийг нь нэхэмжлэгч төлсөн гэх гомдлын тухайд 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №589 дугаартай шүүхийн шийдвэрийг банк надад үзүүлснээр шийдвэрт тогтоосон мөнгөн дүн болон хариуцагч нарт оногдуулсан үүргийн хэмжээнд нь л нэхэмжлэгч миний бие аргагүйдэж оролцсон байгаа. Зээлийн үлдэгдэл төлж байр чөлөөлөх тэр үед миний тавьсан саналын дагуу банканд цуг очоод дээрх чөлөөлөлттэй хамт тэр “маргах үндэслэлтэй” гэдгээрээ банканд нэг мөсөн хандсан бол хүссэн хэмжээнд нь биш ч арай дээр байх байсан болов уу? Хэлж мэдэхгүй байна. Маргаад байгаа асуудлаараа хариуцагч нар өөрсдөө Капитрон банканд нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй болов уу. Ер нь хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн бол уг зээлийн гэрээ ердийн байдлаар дуусаж, хууль шүүхдээ тулж хүндрэхгүй байжээ гэж би ойлгож байгаа. Нэхэмжлэгч миний хувьд нотлох баримт бүхий дэлгэрэнгүй тайлбарыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн байгаа тул энэ удаа хариуцагч нарын гомдолд тулгуурлан тайлбарыг бичлээ.

Нэхэмжлэгч би иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн хүлээж авч байгаа төдийгүй давж заалдах шатны шүүхээс П.Б- миний гаргасан нэхэмжлэлийг хангаж өгнө гэдэгт найдан тайлбар гаргав. Өөрийн биеэр шүүх хуралд оролцох боломжгүй нөхцөл байдал улс оронд бий болсонд харамсаж шүүхээс гарах шийдвэрийг хүлээж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч П.Б- нь хариуцагч П.О-, Д.Г- нараас 18.958.814 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дээрх хариуцагч нарын хариуцаж төлөх байсан банкны зээлийн хугацаа хэтэрсэн өрийг сайн дураараа төлсөн гэж тайлбарласан бөгөөд энэ талаарх баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн, хариуцагч нар тухайн үйл баримтыг маргаагүй.

Харин дээрх мөнгөнөөс 3.427.145 төгрөгийг банканд төлөх ёсгүй өр байсан тул   энэ хэсгийг зөвшөөрөхгүй байна гэж маргажээ.

Зохигчдын дунд үүссэн маргаантай харилцааг хуульд нийцүүлэн тодорхойлж улмаар шаардах эрхийн үндэслэл болон түүний хангагдах нөхцөл, хэмжээ зэргийг тодорхойлох нь чухал юм.

Нэхэмжлэгч дээрх хариуцагч нарт өөрийн өмчлөлийн орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр  шилжүүлж улмаар хариуцагч нар банк болон бусад санхүүгийн байгууллагад  барьцаалж зээл авч, түүнийгээ төлдөг байжээ.

Талуудын хүсэл зоригийг судалбал тэдгээр нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэн нэгэндээ шилжүүлэх зорилгогүй байжээ.

Хариуцагч нар зээлээ 0төлөгдөөгүй тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангагдахаар гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явагдах болсонтой холбоотой жинхэнэ өмчлөгч өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас  чөлөөлөх ашиг сонирхлын үүднээс зээлийн төлбөрийг төлсөн үйл баримт нь Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд заасан бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх үүргийн шинжийг агуулж байгаа мэт боловч үйлдэл нь бусдын эд хөрөнгө болон эрх ашигт учирч болзошгүй аюулыг урьдчилан зайлуулах шинжгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаагаар банкны өмчлөлд шилжихээс сэргийлэхдээ зээлдэгч нарын өмнөөс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэжээ.

Иймд бусдын үүргийг даалгаваргүйгээр биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Банканд хариуцагч нарын төлөх ёстой байсан зээлийн өрийг төлснийг хариуцагч нарын өмчлөлд мөнгө шилжүүлсэн гэж шууд утгаараа дүгнэх боломжгүй хэдий ч дээрх хүмүүсийн үүргийг бусдын өмнө гүйцэтгэсэн байна.

Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд заасан өр шилжих тухай асуудал нь үүрэг гүйцэтгүүлэгч нартай тохиролцсоны үндсэн дээр гуравдагч этгээд шаардах эрхийг шилжүүлэн авсан байх ойлголт юм. Эрх зүйн хувьд Хууль зүйн хуульд тусгасан агуулгаар нь авч үзвэл энэ нь шаардах эрх шилжүүлэн авч байгаа нэг хэлбэр бөгөөд үүрэг гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний нэг оролцогч буюу үүрэг гүйцэтгүүлэгч болж өмнөх гэрээний дагуу гаргах бүх шаардах эрхийг эдэлж үүргийг хүлээх юм.

Нэхэмжлэгч хариуцагч нарын тухайд ийм тохиролцоо хийгдээгүй бөгөөд хариуцагч нарын буюу зээлдэгч П.О- Д.Г- нарын банктай үүсгэсэн зээлийн харилцаа дуусгавар болсон байна.

Иймд хэдийгээр мөнгийг бэлнээр болон дансаар хариуцагч нарын захиран зарцуулах эрхэд олгоогүй боловч тэдгээрийн бусдад төлөх төлбөрийг төлсөн хэмжээний мөнгөөр нэхэмжлэгчийн хөрөнгө багасч мөн хэмжээгээр хариуцагч нараас зарлага гарсан байх үндэслэлтэй гэх утгаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих зарчмын дагуу шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагч нар энэ утгаар нь нэхэмжлэлийн шаардлагын дийлэнх хэсгийг  маргаагүй байх боловч маргасан хэсэгтэйгээ холбогдуулан үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, нотлох баримт бүрдүүлээгүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, няцаах баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхэд эрүүл мэндийн улмаас шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт гаргасан хэдий ч хүсэлтийг хангаагүй, гэрчийн мэдүүлгийг хариуцагч талд танилцуулалгүйгээр шүүх хуралдаан явуулсан, нэхэмжлэгч П.Б- нь зээлийн маргааны төлбөрийг сайн дураар төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс 3.427.145 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж давж заалдах гомдол гаргасан.

“Амин холбоо” нэртэй өрхийн эрүүл мэндийн төвийн магадалгаагаар Б-ын Б-ыг 2020 оны 10 дугаар сарын 02-ноос 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажлаас чөлөөлсөн байгаа хэдий ч тухайн магадалгаа нь дугааргүй, засвартай, өвчний онош тодорхой бус, уг магадалгааг батлах нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлтийг нь шүүгч захирамж гарган хэрэгсэхгүй болгон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Мөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрчийн мэдүүлэг болон хавтаст хэргийн материалтай танилцуулахаар шүүхээс мэдэгдсэн хэдий ч өөрөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн очоогүй байна.

Түүнчлэн хариуцагч нарын өмнөх Капитрон банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу шийдвэрлэгдсэн хэргийн шийдвэрт хуульд заасан хугацааны хүрээнд гомдлоо гарган хэргээ давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянуулах хуулийн боломжтой байсан тул гомдолд дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй юм.

Харин нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэхдээ хуулийн илүү нарийвчилсан зохицуулалт буюу Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-т заасныг хэрэглэхгүй орхигдуулсан нь байх тул хууль хэрэглээний асуудлаар шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Учир нь: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол шаардах эрхтэй гэж заасан ба өөрөөр хэлбэл, хэн нэгэн этгээд нөгөөдөө хөрөнгө шилжүүлж өгөх эрх, үүрэггүй хүлээгээгүй атлаа шилжүүлснээс нөгөө тал нь хөрөнгөжсөн тохиолдолд уг шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах эрхийг олгосон хуулийн зохицуулалт юм.

Харин буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт бүх зүйл хамаарахаар Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-т зааснаар үүсдэг учиртайг анхаарвал зохино.

Иймд магадлалд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдол хангагдаагүй тул гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.780 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1040 дүгээр шийдвэрийн ТОГТООХ НЬ хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч П.О-, Д.Г- нараас 18.958.814 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Б-д олгосугай...” гэснийг

“...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч П.О-, Д.Г- нараас 18.958.814 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Б-д олгосугай...” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангагүй орхисугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.780 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

        

                                                                                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                                   ШҮҮГЧИД                               Л.АМАРСАНАА

                                                                                                                                                                   М.МӨНХДАВАА