Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 40

 

 

 Б.Уд холбогдох эрүүгийн

                                                                                             хэргийн тухай                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

прокурор А.Д,

хохирогчийн өмгөөлөгч Ч.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж шийдвэрлэсэн, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Уд холбогдох 2016 1000 0007 дугаартай, 2 хавтас, 334 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.А, хохирогчийн өмгөөлөгч Ч.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: У-д холбогдуулан Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр 99.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Мөнхчулуунтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Уыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уыг нэг сар баривчлах ялаар шийтгэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн цалингийн зөрүүг жич нэхэмжлэх эрхтэйг дурдан, шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болох, хохирогч Ч.Мөнхчулууны шүүхэд ирүүлсэн 10 ширхэг компьютер, томографикийн зураг, 3 ширхэг рентген зураг, 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцаг, 4 ширхэг гэрэл зураг, 2 ширхэг эмчлүүлэгчийн картыг өөрт нь буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уаас 551 200 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Мөнхчулуунд олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 15 334 420 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Уд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр, Дорноговь аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдан шийдвэрлэжээ. 

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан давж заалдах гомдол болон тайлбартаа: Би анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяаг зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан боловч шүүгч энэ хүсэлтийг огт авч хэлэлцэлгүйгээр шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчсөн асуудал болсон юм. Тухайн шүүх хуралдааны явцад хэд хэдэн байр сууриар шүүгч энэ хэрэгт хувийн сонирхолтой байгаа нь ажиглагдсан. Өөрөөр хэлбэл шүүгч нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн явуулж байгаа байр суурийг дэмжих, миний  өмгөөллийн үгийг тасалдуулах, хязгаарлах байдлаар хэд хэдэн удаа ажиглагдаж байсан тул миний хувьд шүүгчийн татгалзахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Хэдийгээр шүүгч нь шүүгдэгчид ямар ял шийтгэл оногдуулах нь түүний эрх хэмжээний асуудал боловч үндсэндээ шүүгдэгчид хамгийн бага ялыг оногдуулж байгаа байдал, нотлох баримтыг үнэлж хохирлыг гаргуулж байгаа байдал зэргээс анзаарахад шүүгч нь энэ хэрэгт хувийн шууд бусаар хандаж байгаа нь тус шийтгэх тогтоолоор нотлогдож байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоосон. Хохирогч нь сонсголын хувьд группт байдаг боловч энэ хэргийн улмаас түүний сонсгол болон нэг нүдний хараа нь муудсан. Мөн хөдөлмөр эрхэлж байхдаа 2 удаа ухаан алдаж унасан байдаг. Гэтэл гэмтлийн зэрэг тогтоох журмаараа хөнгөн гэмтэл гэж тогтоогдсон байхад одоо хүртэл биеийн байдал нь муудаад эдгэхгүй байгаа. Шинжээч нь дүгнэлт гаргахдаа нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг хараагүй байдаг. Шинжээчид нэмэлт материал гаргаж өгсөн ба шинжээч нь дүгнэлтдээ тус материалуудыг бүрэн тусгаагүй байсан. Мөн хохиролтой холбоотой асуудал байгаа ба шүүгдэгчийн өмгөөлөгч зарим баримтуудыг хуурамч гэж хэлж байсан. Үнэхээр эргэлзээ байгаа юм бол үүнийг мөрдөн байцаалтаар дахин шалгаж болох юм гэсэн 2 үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах хүсэлтэй байна. Мөн миний бие хохирогчийн эгч Эрдэнэчулууныг иргэний нэхэмжлэгчээр татах хүсэлтийг гаргаж байна. Учир нь Мөнхчулууны эмчилгээний бүхий л төлбөрийг түүний эгч Эрдэнэчулуун нь хийж байсан гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний үйлчлүүлэгч Б.Уд Дорноговь аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ял оногдуулан шийдвэрлэсэн. Шүүгч уг тогтоолын тодорхойлох хэсэгт: Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаас гэмшиж, хохирогчийн эрүүл мэндэд учруулсан эд материалын хохирлоос 1 512 420 төгрөг төлж барагдуулсан, түүний хувийн байдал зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох боловч согтуугаар хэрэг үйлдсэн, материаллаг хохирлыг бүрэн хэмжээгээр төлөөгүй, хохирогчийн гомдол бүрэн арилгаагүй зэрэг нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болох тул баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн. Б.У нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байдаг бөгөөд үйлдсэн хэргийн хувьд нийгмийн аюулын шинж чанар бага, хохирогчид учирсан гэм хорыг арилгасан тул ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй байсан хэмээн үзэж байна. Хохирогч Ц.Мөнхчулуун нь үндэслэлгүйгээр 15 885 620 төгрөг нэхэмжилсэн ба шүүх хуралдаан бүрт шинээр хохирлын нотлох баримт гаргаж өгч байсан. Б.Уын хувьд хохирлыг бүрэн барагдуулсан гэж үзэж байгаа ба шүүхээс зарим зөрүүтэй нотлох баримтыг үнэлэн хохиролд тооцон Б.Уаас гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Ц.Мөнхчулуун нь 1-р эмнэлэгт хагалгаа хийлгэсэн гэдэг боловч хагалгаа хийлгэсэн баримт нь ТЭУ     ХХК-ийн санхүүгийн баримт байдаг бөгөөд үүнийгээ тайлбарлаж чаддаггүй. Мөн эм тарианууд хэрэглэсэн гэх боловч ямар эмчийн заавраар бичиж өгсөн нь тодорхойгүй гэх мэтчилэн зөрүүтэй зүйлс маш олон байдаг. Иймд шүүхээс материаллаг хохирлыг бүрэн хэмжээгээр төлөөгүй хэмээн дүгнэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.2 дахь хэсэгт зааснаар тогтоолыг өөрчлөн Б.Уд оногдуулсан 1 сарын баривчлах ялыг өөрчлөн торгуулийн ялаар сольж өгнө үү гэжээ.

Прокурор А.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий юм. Хэдийгээр шүүгчийн татгалзан гаргах хүсэлт гаргасан ч гэсэн үүнтэй холбогдуулан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах ямар ч үндэслэл байхгүй юм. Мөрдөн байцаалтын шатанд уг хэргийн талаар нотолбол зохих бүх зүйлийг нотолсон ба дахиж хийх ямар ч ажиллагаа байхгүй учраас нь энэ нь ямар ч ач холбогдолгүй юм. Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгчид тохирсон ялыг оногдуулсан гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтэд гаргаж өгсөн материалуудыг тусгаагүй гэж байгаа боловч тухайн материалуудыг бүгдийг нь дүгнэлтэд тусгасан байдаг. Мөн хохирогчийн эгч Эрдэнэчулууныг иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагагүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ. Учир нь:

            Шүүгдэгч Б.Уд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд шүүгчийг хохирогчийн өмгөөлөгч Ч.Б татгалзан гаргах хүсэлтийг гаргасныг шүүгч энэ хуулийн 52 дугаар зүйлийн 52.4 дэх хэсэгт зааснаар хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулан шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж гаргасан хууль бус шийдвэр болсон байна.

            Иймд  шүүгчийг татгалзан гаргах асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлсний дараа хэргийг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны шатанд дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 322 дугаар зүйлийн 322.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын зарим хэсэг болох хохирогчийн биед учирсан гэмтлийг дахин шалгуулах тухай хэсгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 320 дугаар зүйлийн 320.1, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатанд буцаасугай.

2.Хохирогчийн өмгөөлөгч Ч.Бын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, зарим хэсэг болох хохирогчийн биед учирсан гэмтлийг дахин шалгуулж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах тухай гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

3.Энэхүү магадлалд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг тус тус дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Н.БОЛОРМАА

 ШҮҮГЧИД                              Г.ТЭГШСУУРЬ

                                                    А.САЙНТӨГС