Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 41

 

 

 Ө.Н нарт холбогдох эрүүгийн

                                               хэргийн тухай                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

прокурор: Д.Д,

шүүгдэгч нарын өмгөөлөгч: З.А,

шүүгдэгч: Ө.Н, Ө.Н, Ө.Н, Б.Э,   

шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Г.Нандин-Эрдэнэ нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж шийдвэрлэсэн, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ө.Н, Ө.Н, Ө.Н, Б.Э нарт холбогдох 1 хавтас 193 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч З.А, шүүгдэгч Ө.Н, Ө.Н, Ө.Н, Б.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Н,

Н /,

Н,

Э -д холбогдуулан Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Ө.Н, Ө.Н, Ө.Н, Б.Э нар нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг “Үнэгт” гэх газраас ховор амьтан болох 1 тооны эр хуланг хориглосон арга, зэвсгээр зохих зөвшөөрөлгүйгээр буудан агнасан, мөн 58-05 ДГА улсын дугаартай автомашинаар хулан адууны махыг тээвэрлэж, улсад 9 700 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Н, Н, Н, Э нарыг ховор амьтанг хориглосон арга, зэвсгээр зохих зөвшөөрөлгүй агнасан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Нг 1 жил 4 сар хорих ялаар, шүүгдэгч Ө.Ныг 1 жил 3 сар хорих ялаар, шүүгдэгч Ө.Ныг 1 жил, 2 сар хорих ялаар, шүүгдэгч Б.Эыг 1 жил 2 сар хорих ялаар тус тус шийтгэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Нд оногдуулсан 1 жил 4 сар хорих ял, шүүгдэгч Ө.Нд оногдуулсан 1 жил 3 сар хорих ял, шүүгдэгч Ө.Нт оногдуулсан 1 жил, 2 сар хорих ял, шүүгдэгч Б.Эт оногдуулсан 1 жил 2 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх ялтан Ө.Нын өмчлөлийн 1 800 000 төгрөгийн үнэ бүхий Сонота-2 маркийн    58-05 ДГА улсын дугаартай автомашиныг хурааж улсын орлого болгохоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.Нгээс 4 850 000 төгрөг, шүүгдэгч Ө.Наас 4 850 000 төгрөг, Ө.Наас 4 850 000 төгрөг, Б.Эаас 4 850 000 төгрөгийг тус тус гаргуулахаар, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ө.Нын эзэмшлийн Сонота-2 маркийн 27-29 ДГА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Нын эзэмшлийн Сонота-2 маркийн   27-29 ДГА улсын дугаартай автомашиныг хохирол төлүүлэх зорилгоор Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх ТОЗ-8 маркийн гол төмрийн дугаар З-60372 галт зэвсэг 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэх зорилгоор авч явсан улсын бүртгэлгүй, бичиг баримтгүй дробинка маркийн гол төмрийн дугаар ВК-02093, замагны дугаар ВК-80652, онгоц мод байхгүй буу нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар Дорноговь аймаг дахь цагдаагийн газарт шилжүүлэхээр, шүүгдэгч Ө.Н, Ө.Н, Ө.Н, Б.Э нарын бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч З.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан давж заалдах гомдол болон тайлбартаа: Анхан шатны шүүхээс Ө.Нын эзэмшлийн 27-29 ДГО улсын дугаартай сонота 2 маркийн авто машинаар хохирол төлүүлэх зорилгоор хураахаар шийтгэх тогтоолын 6 дахь хэсэгт заасан. Улсын дээд шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай тогтоолын 1-д “Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн “ … хувьд ногдох эд хөрөнгө … “ нь Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.3 дахь хэсэгт дурьдсан тухайн этгээдийн өөрт нь өмчлөгдсөн иргэний эд хөрөнгө, дундын өмчлөлийн эд хөрөнгийн түүнд ногдох хэсгээс бүрдэнэ. Дундаа хэсгээр өмчлөгчийн түүнд ногдох хэсгийг Иргэний хуулийн 108, 129 дүгээр зүйлд зааснаар тус тус тодорхойлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.7-д заасан үндэслэлийг баримтлаж гаргуулна.” гэж заасан байдаг: Гэтэл энэ машин нь Нын машин гэж тогтоогдоггүй. Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр Цэрэнбат гэдэг хүний нэр байдаг тул тус машинаар хохирол төлүүлэх нь үндэслэлгүй юм. Шийтгэх тогтоолын 7-д дробик маркийн бууг устгахаар заасан байгаа. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, хэрэгсэл”, мөн Улсын дээд шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай тогтоолын 9-д “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, техник болон бусад хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг үнэ, төлбөргүйгээр улсын орлого болгох буюу уг зэвсэг, хэрэгслийн онцлогийг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцүүлэн устгана.” гэсэн байдаг. Гэтэл шүүгдэгч нарын мэдүүлэгт тус бууг гэмт хэрэгт үйлдэхдээ ашиглаагүй бөгөөд тухайн үед тус буу нь сумгүй байсан. Мөн хавтаст хэргийн 34-35 энэ буу нь Гансүхийн эзэмшлийнх байдаг. Имйд үүнийн устгахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдгч нарт ял шийтгэл оногдуулахдаа хохирол төлөөгүй байдлыг ял хүндрүүлэх нөхцөл болгож хорих ял оногдуулсан. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 56 дугаар зүйлд  хохирол төлөөгүй байх нь хүндрүүлэх нөхцөл байдал байхаар энэ зүйлд хараахан тусгаагүй. Мөн шүүгдэгч нарын хувьд ар гэрийн хүнд нөхцөл байдал байсан бөгөөд зайлшгүй шаардлагаас болж энэ гэмт хэргийг үйлдсэн. Гэтэл энэ нь хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг анхаарч үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

Шүүгдэгч Ө.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон тайлбартаа: Энэ хэргийг үйлдсэндээ их гэмшиж байна. Хоёр ахыгаа хэрэгт холбогдуулсандаа их харамсаж байна. Манай амьдардын түвшин маш муу бөгөөд аргагүйн эрхэнд мах идэх гээд 2 ахыгаа дагуулж явсан. Бодлогогүй үйлдэл хийснийг минь харгалзаж оногдох ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Ө.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон тайлбартаа: Би хориотой ан агнасандаа их гэмшиж байна. Ар гэрийн амьдарлыг харгалзаж ял хөнгөрүүлж өгнө үү гэжээ.          

Шүүгдэгч Ө.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон тайлбартаа: Би хориотой ан агнасандаа гэмшиж байна. Ар гэрийн байдлыг харгалзаж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү.  27-29 ДГО улсын дугаартай авто машиныг 1 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон ба би 600 000 төгрөг өгсөн. Адуунчулуун машиныг өөрөө авч ирээд асааж өгнө гэсэн боловч тухайн машин нь асахгүй байсан. Яаж авчирч өгсөн чигээрээ л байгаа, огт хөдөлгөөгүй. Харин 58-05 ДГА улсын дугаартай машин Нын эзэмшлийнх гэжээ.

Прокурор Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хувьд авто машины талаар ярьж байна. Мөрдөн байцаалтын явцад уг автомашиныг хэний өмчлөлийнх гэдгийг тогтоосон. Анх Цэрэнбат гэдэг хүнд байж байгаад Цэрэнбат нь Адуунчулуунд зарсан байдаг. Адуунчулуун нь Нт зарсан байдаг. Хэдийгээр тээврийн хэрэгслийн нэр дээрх гэрчилгээ нь шилжээгүй боловч тус авто машиныг Нынх гэж үзэж байна. Миний хувьд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ял оногдуулах саналтай байна. Харин шүүгдэгч нарт анх удаа  хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг харгалзан баривчлах ял оногдуулахад татгалзах зүйлгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүгдэгч Ө.Н нь өөрийн төрсөн 2 ах болох Ө.Н, Ө.Н нарт хамтдаа хулан агнаж, хоолны махтай болох санаа гаргасныг 2 ах зөвшөөрч,  Ө.Н нь өөрийн найз Б.Эыг хамт явахыг зөвшөөрсөн тул тэд бүгд хамтдаа 2016 оны 01-р сарын 18-ны өдөр шүүгдэгч Ө.Нын 58-05 ДГА улсын дугаартай соната2 маркийн автомашинаар Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг болох Үнэгт гэх газарт 1 тооны эр хуланг Ө.Нын Тоз-8 буугаар Ө.Н нь буудан алж,  алсан хулангийнхаа зөвхөн 2 гуяны махыг шулж авч, хоол хүнсэндээ хэрэглэн урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 58-05 ДГА улсын дугаартай Соната2 маркийн автомашин,  ТОЗ-8 буу,  мөн хэрэглэхээр авч явсан дробинк буу зэргийг тус тус хэрэгт хураан авч эд мөрийн баримтаар тооцсон тухай баримтууд, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн сэжигтэн, яллагдагчаар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд өгсөн мэдүүлгүүдээр тус тус батлагдан тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан ба эдгээр нь хэргийг хуулийн дагуу, шударга, үндэслэлтэйгээр хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, бодит нөхцөл байдлыг тогтооход чухал шаардлагатай баримт сэлт, мэдээлэлүүд байна гэж үзлээ.

                Шүүгдэгч нарын болон тэдгээрийн өмгөөлөгч А нарын давж заалдсан гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэхэд прокурор шүүгдэгч нарыг ховор ан амьтан болох 1 тооны эр хуланг хориглосон арга, зэвсэг хэрэгслээр агнасан гэдгийг Амьтны тухай хуулийн 10-р зүйлд зааснаар тогтоогоогүй байж үндэслэлгүйгээр хүндрүүлж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

                Шүүгдэгч нар ховор ан амьтан болох 1 тооны эр хуланг хууль бусаар агнах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж үйлдсэн нь шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36-р зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 203-р зүйлийн 203.1-д зааснаар яллуулахаар шүүхэд шилжүүлсэн нь зөв үндэслэлтэй байхад  анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтыг орхигдуулан  хуулийн тусгай ангийн 203-р зүйлийн 203.1-ээр дангаар нь ял шийтгэл оногдуулж,  шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

                Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, шүүхээр шийтгүүлж байгаа, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж шударгаар мэдүүлж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа ба шүүгдэгч нарт хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд нь тохироогүй байна.

                Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Тоз-8 маркийн бууг гэмт хэрэгт хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл гэж үзэн Эрүүгийн хуулийн 49-р зүйлийн 49.2-т зааснаар хураах байтал хураагаагүй,  гэмт хэрэгт хэрэглээгүй иргэн П.Гансүхийн гэх /хх-ийн 34-35/ Дробинк бууг мөн устгуулахаар Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу болсон. Галт зэвсгийн тухай хуулийн 24-р зүйлийн 24.1-т зааснаар галт зэвсгийн хуулийн хэрэгжилтэнд Цагдаагийн байгууллага хяналт тавих үүрэгтэй ба улсын бүртгэлгүй, галт зэвсгийн гэрчилгээгүй уг бууг бүртгэлжүүлж эзэнд нь буцаан олгох, эсхүл хураах, хариуцлага тооцох эсэх асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр Цагдаагийн байгууллагад шилжүүлэх байжээ.

                               27-29 ДГА улсын дугаартай Соната-2 маркийн автомашины хууль ёсны өмчлөгчийг тогтоогоогүй байхад хохирол төлүүлэх зорилгоор уг автомашиныг шүүгдэгч Ө.Наас хурааж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь мөн үндэслэл муутай болсон.

                Эдгээр нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчөөс гаргасан хорих ялыг хөнгөрүүлж, баривчлах ял оногдуулах, 27-29 ДГА улсын дугаартай Соната-2 маркийн автомашиныг шүүгдэгч Ө.Нт буцаан олгуулах тухай давж заалдах гомдлуудыг хангах үндэслэлтэй байна,  харин гэмт хэрэгт хэрэглээгүй Дробинк бууг мөн буцаан олгуулах тухай  гомдлыг хангах боломжгүй байна.

                Эдгээр үндэслэлүүдээр Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016-05-10-ны 44 тоот шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

                Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

                Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 321-р зүйлийн 321.1.1,  324 дугаар зүйлийн 324.1,  325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны 44 тоот шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтүүдийг оруулсугай. Үүнд:

а/Шийтгэх тогтоолын 1-р заалтад “...урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж” гэж нэмж,  мөн заалтад “ ...  хориглосон арга, зэвсгээр” гэдгийг хасч өөрчилсүгэй.

б/Шийтгэх тогтоолын 2-р заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203-р зүйлийн 203.1 гэсний өмнө “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36-р зүйлийн 36.3-т заасныг журамлан “ гэж нэмж,  мөн заалтад шүүгдэгч нарт оногдуулсан ялыг “... шүүгдэгч Ө.Нг 3 сар 15 хоногийн, шүүгдэгч Ө.Н, Ө.Н, Б.Э нарт тус бүр 3 сар 1 хоногийн баривчлах ялуудаар тус тус шийтгэсүгэй” гэж  өөрчилсүгэй.

в/Шийтгэх тогтоолын 3-р заалтыг хүчингүй болгож,  энэ заалтад шинээр “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51-р зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхийг Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай” гэж шинээр нэмж өөрчилсүгэй.

г/Шийтгэх тогтоолын 4-р заалтад “...Тоз-8 бууг” гэж нэмсүгэй.

д/Шийтгэх тогтоолын 6-р заалтад “...шүүгдэгч Ө.Нын эзэмшлийн гэх 27-29 ДГА улсын дугаартай Соната2 маркийн автомашиныг хохирол төлүүлэх зорилгоор хурааж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй гэснийг хүчингүй болгож,  автомашиныг шүүгдэгч Ө.Нт буцаан олгосугай “ гэж өөрчилсүгэй.

е/Шийтгэх тогтоолын 7-р заалтад “ ... Тоз-8 маркийн бууг тогтоолын 4-р заалтаар шийдвэрлэхээр өөрчлөлт оруулсан тул Тоз-8 маркийн бууны тухай энэ заалтыг хасч,  ... дробинка бууг Галт зэвсгийн хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр Дорноговь аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсүгэй “ гэж өөрчилсүгэй.

2.Тогтоолын бусад заалтыг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн  өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Н.БОЛОРМАА

 ШҮҮГЧИД                               Г.ТЭГШСУУРЬ

                                            А.САЙНТӨГС