Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2023/03868

 

 

 

 

 

 

 

 

 

2023 12 05 181/ШШ2023/03868

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Х овогт О-ийн Б /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 03 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Ш овогт Д-гийн Б /РД:/-д холбогдох,

2,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Б, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Би Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 0 тоотод хаягтай Д.Б гэх хүний эзэмшлийн орон сууцыг, 2022 оны 6 дугаар сарын 10-наас эхлэн барьцаа болох 800,000 төгрөг, cap бүрийн түрээсийн төлбөрт урсгал зардал орохгүйгээр 800,000 төгрөгийн түрээсийг улирлаар буюу 2,400,000 төгрөгөөр төлж байхаар харилцан тохиролцож 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл түрээслэсэн. Гэвч 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 99180158 гэх дугаараас Д.Б гэх байрны эзэн залгаж өнөө маргаашгүй гарах хэрэгтэй байна, байраа сулла барьцаа болон буцааж өгөх мөнгө төгрөг дээр санаа зоволтгүй гэж хэлсэн. Би хариуд нь яаж би өнөө маргаашдаа шууд гарах вэ дээ дараагийн байраа олчихоод энэ сарын хугацаагаа дуусгаад 7 дугаар сарын 10-нд гарч болох уу гэж хэлэхэд, за яахав хүлээе гэж хэлсэн. Хэлж ярьж тохирсондоо 7 дугаар сарын 10-ны өдөр байраа суллаад дуусч байна, ирээд байраа хүлээж авч, түлхүүрээ авах уу гэж хэлэхэд манай эхнэртэй ярь, би завгүй байна гэж хэлсэн.

Анх ярилцаж, байр хүлээлгэж өгсөн эгчтэй ярихад Зав зай байхгүй байна, баяр наадам болж байна, 7 дугаар сарын 12-нд хүлээж авъя гэж хэлээд утсаа салгасан. 7 дугаар сарын 12-ны өглөө утсаар ярихад, өдөр 7 дугаар сарын 13-ны 14:00 цагт уулзъя гэж тохиролцсон. Анх түлхүүр хүлээлгэж өгөхөд, хоёрхон түлхүүртэй гэж хэлсэн боловч намайг очоогүй байхад түлхүүрдэж онгойлгоод, ороод сууж байсан. Байрыг хүлээлгэж өгөөгүй, буцааж авах ёстой төлбөрийг буцааж аваагүй байхад яагаад онгойлгож орсоныг тодруулж, мөн цэвэрлэгээ хийж дуусаагүй байгааг тайлбарлах гэтэл ёс бус үг хэллэг хэрэглэж, зүй бусаар харааж, надад байсан хоёр түлхүүр, нэг зогсоолын чипийг яг одоо өг, 15-ны өглөө 09:00 цагт цэвэрлэгээний компани дуудаж, цэвэрлүүлчихээд үлдэгдэл мөнгөө аваарай гэж хэлэн хөөж гаргасан. 7 дугаар сарын 15-ны өглөө 09:00 цагт цэвэрлэгээний компанийн хүмүүстэй очоод залгасан боловч өдөр 15:00 цагаас хойш уулзаж чадна, одоо очиж чадахгүй бие өвдөөд байна гэх тайлбар тавьсан. Өдөр 15:00 цагт дахин цэвэрлэгээний хүмүүстэй ирээд залгатал 3 хоногийн дараа гэж чамд хэлсэн, юун 3 цаг гэж булзааруулж уулзахаас дахин татгалзсан. Маргааш өглөө нь буюу 2023 оны 7 дугаар сарын 16-ны 11:00 цагт залгахад нь би завгүй байсан учраас утасны дуудлагад нь хариу өгч чадаагүй. Тэгтэл над руу зурвас илгээн, надад өгсөн гэх мөнгө, миний байр түрээсийн урьдчилгаа 800,000 болон 8, 9 дүгээр саруудын 1,600,000 төгрөгийг буцааж өгөхгүй зорилготой элдэв шалтаг тоочсон зурвас явуулсан байсан.

Иймд тухайн байранд түрээслэж суугаагүй үлдсэн хугацааны буюу 8, 9-р саруудын түрээсийн төлбөр болох 1,600,000 төгрөг, мөн барьцаа болох 800,000 төгрөг, нийт 2,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: Би БГД-ийн 4-р хороонд байрлах 0 тоот, өөрийн эзэмшлийн нэг өрөө орон сууцыг 2022 оны 6 дугаар сарын 10-наас эхлэн барьцаа болох 800,000 төгрөг, cap бүрийн түрээсийн төлбөрт 800,000 төгрөг ба, түрээслэгч О.Б нь өөрийн хэрэглээний зардлыг төлж байхаар 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүртэл О.Б гэх хүнд 12-ны өдрийг хүртэл миний эхнэртэй харилцан тохиролцож түрээслүүлсэн. Энэ 2023 оны 07 дугар сарын 12-ныг дуустал суухдаа манайд гаргасан бодит хохирлууд нь:

Хэрэглээний зардал (СӨХ 3,4,5,6, домофон төлөгдөөгүй, контор 3,4,5,6-р сарууд, цахилгаан 6-р cap гэх зардлуудаа төлөгдөөгүй тул цахилгаан хязгаарлаж 5,000 төгрөгний хураамж төлж цахилгаанаа залгуулсан болно. Нийт үнийн дүн: 344,272 төгрөг)

Гадаах хаалганы дуран 57,000 төгрөг (Суулгалтын ажлын хөлстэйгээ)

Ханын 2 ширхэг цаг 90,000 төгрөг, 25,000 төгрөг

Душны холигч 150,000 төгрөг

Балконы хаалганы бариул 6,500 төгрөг

Цэвэрлэгээний зардал: 100,000 төгрөг

Хоёр хаалганы гажилт засварын үнэ 40,000 (Зах зээлийн үнэ нь нэг хаалга нь 35,000 буюу нийт 70,000 болох юм байна, таньдаг хүнээрээ хийлгэв.)

Засварын материал 112,000 төгрөг (4 литр солонгос эмульс, 4 литр грунд болон бусад туслах мөтериалууд)

Засварын 100,000 төгрөг, нийт манай орон сууцанд хохирсон хохирол: 1,024,772 төгрөг болж байгаа бөгөөд түрээсийн төлбөр болох 2,400,000 төгрөгөөс хасах нь хохирлын 1,024,772 төгрөг = 1,375,228 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөх болно.

Сар болгоны түрээсийн мөнгөн дээр хэрэглээний зардал болох байр, СӨХ, домофон, цахилгааны зардлыг цаг тухайд нь төлж байхыг энэ хунд чухалчлан сануулж байсан. 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр орон сууцны контороос улирлаар нь төлбөр огт хийгдээгүйг хэлж, авч болох бүх төрлийн хязгаарлалтыг хийнэ гэж сануулсан. Ийм учир 07 дугаар сарын 03-нд би энэ хүнийг гарахыг сануулсан. Маргааш нь миний эхнэр энэ хүн руу залгаж яагаад гэнэт гаргах болсны учрыг тайлбарласан. Гэтэл энэ хүн уучлалт гуйж, бүх төлбөрийг өнөөдөр барагдуулна, цаашид үргэлжлүүлэн сууя гэж хэлсэн байдаг. Гэвч 07 дугаар сарын 08-ны өдөр хэрэглээний явцдаа гэмтээгээд, засуулахгүй удсан душны холигчоос халуун ус алдаж орцны хана, доод гурван айлд хохирол учруулсан байдаг. Энэ хохирлын төлбөрийг барагдуулахгүйн тулд 07 дугаар сарын 09-нд над руу залгаж, 07 дугаар сарын 03-ны яриаг ашиглан энэ хүн Та намайг гар гэсэн тул би 10-нд гарья" гэж хэлсэн. Уг нь бол 04-нд эхнэртэй маань үргэлжлүүлэн суухаар тохиролцсон байсан. Орон сууцандаа ороход угаалгын өрөө ус алдалтаас нил чийг хөгц, таазны эмульс ховхорч унасан байдалтай, балкон дээр дүүрэн тамхины иштэй өмхийрсэн лаазнууд, толин дээр хэдэн олон сараар хураалгаагуй нэхэмжлэл наасан, үнэр танар гэж айхтар, гал тогоо нэлэнхүйдээ хир тос, ширээн дээр халуун тогоо ажиллуулсны улмаас хулдаас нь барьцалдаад наалдсан, хоёр хаалга гажаатай болгочихсон, балконы бариулыг сугалаад хугалчихсан, хивс нил хир, хананд өлгөсөн хоёр цагийг маань балкон дээр шууд хаяаад тоос шороонд ажиллагаагүй болж эвдэрсэн байдалтай мөн энэ хүний ус алдалтаас болж баяр наадмын өдруудээр орцоор нь халуун ус таслаад айлууд халуун усгүйгээр 6 хоночихсон ийм л байдалтай орчин угтсан.

Уг нь О.Б нь гэгч нь манай эхнэртэй анх ярихдаа цэвэрхэн сууна, цаг тухайд нь хэрэглээний төлбөрөө төлж байна гэж амлалт өгч орж байсан. Энэ хүнийг орохын өмнө 112,000 төгрөгмйн материалыг бид өөрсдөө засвар хийх зорилгоор авсан байсан. Засвар хийгээд оруулья, хоёр хоногийн дараа хандаарай гэж хэлэхэд О.Б урьд нь түрээслэж сууж байсан гурван өрөө байрнаасаа хөөгдөөд байна, тавилгаа зөөх газар алга, одоо шууд танайх руу нүүгээд ирье гэх мэтчилэн зовлон тоочиж, эхнэрийг маань яаруулсан. Засвар битгий хэл илүү дордсон байраа хараад эхнэр маань гомдож уурласан нь тодорхой. О.Б гэгч нь хариуд нь Би завгүй болохоор засвар хийгээгүй, юун сүртэй юм, яачихсан юм, юу болчихоод байгаа юм? гээд өөрийнх нь хэлдгээр ёс бус үгнүүд хэрэглэн харилцан хэрүүл хийсэн.

Уулзахаар болсон 07 дугаар сарын 15-ны өдөр эхнэрийн бие өвдөж, өдөр очьё гэж хэлсэн боловч найз хүүхэнтэйгээ нийлж эхнэрийг маань доромжилсон учир очоогүй гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас иргэний үнэмлэхний лавлагаа, О.Б-ийн Хаанбанкны дансны хуулга 6 хуудас зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас мессежээр харилцсан байдал, Д.Б-ын Төрийн банкны дансны хуулга, Г СӨХ-ны 2023.09.08-ны өдрийн 05 дугаар тодорхойлолт, хэрэглээний зардлыг төлсөн баримтууд зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар үзлэгийн тэмдэглэл, хавсралтуудыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Д.Б-д холбогдуулан 2,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь орон сууцыг ашиглаагүй хугацааны төлбөр 1,600,000 төгрөг, барьцаа 800,000 төгрөг, нийт 2,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, хэрэглээний зардал, хохиролд 1,024,772 төгрөгийг суутгасан гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Д.Б-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 0 тоот, 1 өрөө орон сууцыг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 1 сарын 800,000 төгрөгөөр хөлслөх, 800,000 төгрөгийг барьцаалж, төлбөрийг 3 сараар нь урьдчилан төлөхөөр тохиролцжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.

 

Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

2. Хөлслөгч О.Б нь орон сууц хөлслөх гэрээг байгуулахдаа барьцаанд 800,000 төгрөгийг хөлслүүлэгчид шилжүүлсэн, мөн орон сууцны хөлсийг 3 сараар урьдчилан төлөх үүргийнхээ дагуу 2023 оны 06 дугаар сарын 11-ны өдөр, 7, 8, 9 сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны 2,400,000 төгрөгийг төлжээ. /хавтаст хэргийн 5-10 хуудас/

 

3. Хөлслөгчийн хэрэглээний зардлаа хугацаанд нь төлөөгүйтэй холбоотойгоор хөлслүүлэгч нь гэрээг цуцалж, 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг дуусгавар болсон талаар зохигч маргаагүй.

 

4. Нэхэмжлэгч О.Б нь гэрээ цуцлагдсантай холбоотойгоор орон сууцыг ашиглаагүй хугацааны хөлс 1,600,000 төгрөгийг, барьцааны 800,000 төгрөгийн хамт буцаан шаардсан нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1, 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлээр шаардсан дээрхи төлбөрийг буцаан төлөх үүргийн талаар маргаагүй боловч орон сууц хөлслөх гэрээний дагуу хөлслөгчийн төлөх хэрэглээний зардал болон хохирлыг суутган тооцуулахаар маргасан.

 

4.1. Нэхэмжлэгч О.Б нь хэрэглээний зардал буюу СӨХ, контор, цахилгааны төлбөр 344,272 төгрөгийг, ханын цаас наах засварын зардалд хасуулсан 100,000 төгрөгийг, балконы хаалганы бариул эвдэрсэн тул 6,500 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй.

 

Харин гадна хаалганы дуран, ханын 2 ширхэг цаг, душны холчигч, хоёр хаалганы гажилт, засварын материал зэрэгт нэхэмжилсэн 474,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

4.2. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4 дэх хэсэгт зааснаар хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх үүрэгтэй бөгөөд хөлслүүлэгч Д.Б нь гадна хаалганы дуран, ханын 2 ширхэг цаг, дашны холчигч, хоёр хаалга зэргийг анх ямар байдалтайгаар хүлээлгэж өгсөн, хүлээн авах үед ямар байдалтай байсан, энэ нь ердийн элэгдлээс илүү муутгасан гэх байдлыг баримтаар нотлоогүй. Мөн анх орон сууцыг хүлээлгэж өгөхдөө засварын материал болох 4 литр солонгос эмульс, 4 литр грунд, бусад туслах материалууд хүлээлгэж өгсөн гэх байдлаа баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд хариуцагч Д.Б-ын гадна хаалганы дуран, ханын 2 ширхэг цаг, душны холчигч, хоёр хаалганы гажилт, засварын материал зэрэгт нэхэмжилсэн 474,000 төгрөгийг нэхэмжлэгч О.Б-с гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

4.3. Цэвэрлэгээний зардал 100,000 төгрөгийн тухайд, хөлслөгч О.Б нь орон сууцыг хүлээлгэж өгөхдөө цэвэрлэгээ хийх үүргийнхээ дагуу цэвэрлэгээг хийхээр 7 дугаар сарын 15-ны өглөө цэвэрлэгээний компанийн хүмүүстэй очоод залгахад хөлслүүлэгч бие өвдөөд байна 15 цагаас хойш болно гээд 15 цагт дахин залгатал 3 хоногийн дараа гэж чамд хэлсэн, юун 3 цаг гэж булзааруулж уулзахаас татгалзсан тул цэвэрлэгээг хийгээгүй гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч О.Б-н цэвэрлэгээ хийх хүн авчирсан боловч өөрсдөө ирээгүй гэх тайлбар нь цэвэрлэгээг хийх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул цэвэрлэгээний зардал 100,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна.

 

5. Иймд нэхэмжлэгч О.Б-ийн нэхэмжилсэн 2,400,000 төгрөгөөс хэрэглээний зардал 344,272 төгрөг, засварын зардалд хасуулсан 100,000 төгрөг, балконы хаалганы бариул 6,500 төгрөг, цэвэрлэгээний зардал 100,000 төгрөг, нийт 550,772 төгрөгийг хасч, үлдэх 1,849,228 төгрөгийг хариуцагч Д.Б-оос гаргуулж олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 53,350 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэсгийн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-с 1,849,228 /нэг сая найман зуун дөчин есөн мянга хоёр зуун хорин найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Б-д олгож, нэхэмжлэлээс 550,772 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,350 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-оос 44,538 /дөчин дөрвөн мянга таван зуун гучин найман/ төгрөгийг гаргуулж О.Б-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА