Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 00114

 

                             Н.Отгонсугарт захиргааны шийтгэвэр

                                      ногдуулсан хэргийн тухай

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 207 дугаар шийтгэвэртэй, Н.Отгонсугарт холбогдох захиргааны зөрчилтэй хэргийг, зөрчил гаргагч Н.Отгонсугарын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн 4-5 тоотод оршин суух, ИЦ84050676 регистрийн дугаартай, Булебат овогт Норжийн Отгонсугар.

 

Орхон аймгийн Цагдаагийн газраас:

 

Н.Отгонсугар нь архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэгдсэн зөрчил гаргасан тул хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлт ирүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 207 дугаар шийтгэврээр:

 

Монгол Улсын Захиргааны Хариуцлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар Н.Отгонсугарт 14 / арван дөрөв/ хоног баривчлах шийтгэл ногдуулж, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт байхгүй, зөрчил гаргагчид шийтгэврийн хувийг гардуулж, шийтгэвэрт зөрчил гаргасан этгээд, хохирогч, өмгөөлөгч шийтгэврийн хувийг хүлээн авсанаас хойш 10 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Зөрчил гаргагч Н.Отгонсугар давж заалдах гомдолдоо: “Норж овогтой Отгонсугар би 2016 оны 06 дугаар сарын 09-нд 14 хоног баривчлахаар шийдвэрлэсэн. Архи 2 хоног ууж эхнэртэйгээ маргалдаж байгаад эрүүлжүүлэх байранд орсон. Ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр жирэмсэн 6 сарын сүүлээр төрнө. Эхнэр маань хавантай даралт багатай учир хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгаа. Эхнэр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд хүүхэд харах цай хоол зөөх хүн байхгүй тул эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Энэ байдлыг харгалзан үзэж 14 хоногийн баривчлах хоногийг 7 хоног болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ :

 

Зөрчил гаргагч Н.Отгонсугар нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр архидан согтуурч, гэртээ агсам тавьж эхнэр Б.Цэрэннадмидтай маргалдан түүнийг хэл амаар доромжилж амгалан, тайван байдлыг нь алдагдуулсан. Мөн 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд архи согтууруулах ундаа хэрэглэн удаа дараа эрүүлжүүлэгдсэн болох нь зөрчил гаргагчийн өөрийн тайлбар, зөрчлийн тухай тэмдэглэл, эрүүлжүүлэх баривчлах байрны бүртгэл зэргээр нотлогдож байна.

 

Анхан шатны шүүхээс Н.Отгонсугарт ногдуулсан шийтгэл нь түүний удаа дараа эрүүлжүүлэгдсэн зөрчил болон хувийн байдалд нь тохирсон байх тул зөрчил гаргагчийн “...ар гэрийн ахуй амьдралын байдлыг харгалзан үзэж баривчлагдсан хугацааг 7 хоног болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд зөрчил гаргагч Н.Отгонсугарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1., 315 дугаар зүйлийн 315.1.1.д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 207 дугаар шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч Н.Отгонсугарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Магадлалын хувийг Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах байранд хүргүүлсүгэй.

 

3. Магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.