Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 00115

 

                      Л.Билгүүнд холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                          Хэргийн индекс 142/2016/0061/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

           Прокурор                                           Ц.Идэрмөнх

            Ялтан                                     Л.Билгүүн

            Ялтны өмгөөлөгч                            Ж.Шинэжаргал

            Хохирогч                                           Н.Ариун-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга                 Б.Ганчимэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь   Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолтой, Л.Билгүүнд холбогдох, 201614000039 дугаартай, эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 25-нд Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, МУИС-ын улс төр судлалын 3 дугаар дамжаанд сурдаг,  ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 2-13-10 тоотод оршин суудаг,  2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2.т зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, ФА95062531 регистрийн дугаартай, Бандихүү овгийн Лхагвадоржийн Билгүүн.

 

Шүүгдэгч Л.Билгүүн нь 2016 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-24 дүгээр байрны гадна Н.Ариун-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь цохиж биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Бандихүү овгийн Лхагвадоржийн Билгүүнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1.д зааснаар шүүгдэгч Л.Билгүүнийг 450 /дөрвөн зуун тавь/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3.т зааснаар шүүгдэгч Л.Билгүүн нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг анхааруулж,

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ү.Амарбат давж заалдах гомдолдоо:

 

Миний үйлчлүүлэгч Н.Ариун-Эрдэнэ нь 2016 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө иргэн Л.Билгүүн, Б.Энхболд, Ж.Нацагдорж, Мөнх-Эрдэнэ нарт хэрцгийгээр зодуулж, улмаар эмнэлгийн тусламж авч чадахгүй шөнийн турш буудлаар явсан бөгөөд энэ явцдаа бугуйн цаг, түрийвч, картан дахь мөнгөө хулгайд алдаж хохирсон. Зодуулсан этгээдүүдээсээ бус буудлын ресепшнээс тусламж авч, гэр бүлийнхээ гишүүдийг дуудаж эмнэлгийн тусламж авсан. Шүүхийн шинжилгээгээр хүндэвтэр гэмтэл авсан нь тогтоогдож, 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэж, хэргийг шалгахдаа ашиг сонирхлын зөрчилтэй буюу хангалтгүй шалгасан. Анхан шатны шүүх хуралдааны явцад мөрдөн байцаагч мөрдөн байцаалтын явцад хохирогчийг хууран мэхлэн эд хөрөнгийн хохирол барагдсан гэж мэдүүлэг өгүүлсэн нь тодорхой болсон.

 

            1.Хэргийг мөрдөн байцаах шатанд мөрдөн байцаагчид бид гарсан хохирлоо бодитойгоор хэлсэн ба уг асуудлаар мөрдөн байцаагч санаачлага гаргаж сэжигтний ар гэртэй ярилцсан. Улмаар миний хүүгийн “ухаалаг цаг”-ыг нөгөө тал эвдсэнээ хүлээн зөвшөөрч, уг цагны мөнгө болох 500.000 төгрөгийг манай талд өгөхөөр боллоо хэмээн ойлгуулан миний дансанд сэжигтний ээжийн зүгээс 1.500.000 төгрөгийг 3 тасалж шилжүүлсэн. 500.000 төгрөг нь цагны мөнгө хэмээн ойлгуулсан. Миний хүү “Цаг, түрийвч, картан дахь мөнгөө буцаан авсан тул уг асуудлаар гомдолгүй” хэмээн мэдүүлэг өгсөн. Гэтэл шүүх хуралдааны явцад яллагдагчийн өмгөөлөгч “Бид хохирогчийн эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд хохирлыг барагдуулсан. Тэр цагны асуудал миний үйлчлүүлэгчид огтын хамаагүй” хэмээн мэдүүлсэн.

 

            2.Бидэнд цагны мөнгийг огт төлөөгүй бөгөөд харин мөрдөн байцаагч нь та нарт мөнгөө шилжүүлсэн гэсэн шүү гэж хэлэн гомдолгүй гэсэн мэдүүлгийг өгүүлсэн. Мөрдөн байцаагч хүн илтэд ийм хуурмаг арга хэрэглэн сэжигтний талд үйлчилсэн эсэх эсвэл мөрдөн байцаагч мөн сэжигтний талд хуурагдсан эсэхийг бид нарийн мэдэхгүй байна. Гэхдээ одоог хүртэл миний хүү эвдэрхий цагаа ч аваагүй цагныхаа хохирлыг ч төлүүлээгүй байгаа нь мөрдөн байцаагчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой хэмээн үзэж байна.

 

3. Миний хүүг Л.Билгүүн, Б.Энхболд, Ж.Нацагдорж нар зодсоныхоо дараа буудлуудаар авч явсан бөгөөд “Хүнхэр-Алтай” хэмээх буудалд ухаан алдсан байдалтайгаар нь орхиж өөрсдөө гарсан. /хавтаст хэрэгт энэ тухай тодорхой байгаа/ Үүний дараа буудалд Мөнх-Эрдэнэ хэмээх залуу миний хүүгийн түрүүвч, түүн доторх эд зүйлсийг авч улмаар хэрэг болсноос хэд хоногийн хойно түрүүвчийг, дараа нь картнаас авч хэрэглэсэн мөнгөө буцаан авчирч өгсөн. Энэ тухай мөрдөн байцаагчид мэдэгдсэн боловч хавтаст хэрэгт оруулаагүй бөгөөд гэрч Долгорсүрэнгээс мэдүүлэг авахдаа “түрүүвчийг нь бас нэг нь авсан байсныг сүүлд авчирч өгсөн” хэмээн бүдгэрүүлэн оруулж, хэрэгт хамааралтай нэг этгээдийг ор тас орхигдуулсан.

 

4. Уг хэргийг илтэд хохирогчийн талд ашигтай байхаар буюу “хөнгөрүүлэх бүх нөхцөл байдал”-ыг баримтлан мөрдөн байцаах ажиллагааг явуулсан байгаа нь мэдүүлгүүд, тэр дундаа Н.Ариун-Эрдэнийг зодох үед хамт байсан, улмаар эмнэлгийн туслалцаа үзүүлэхгүйгээр буудлуудаар авч явсан. Б.Энхболд, Ж.Нацагдорж нарын мэдүүлэг, бусад яллагдагчийн найзууд, гэр бүлээс мэдүүлгүүдийг яллагдагчийг цагаатгах талд авч, хохирогчийн гэр бүлийн өгсөн мэдүүлэгт уг гомдлын 2 дахь хэсэгт заасанчлан мэдүүлгийг бүдгэрүүлсэн байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

 

Мөн шүүх хуралдааны явцад хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах хүсэлтийг гаргасан бөгөөд уг хүсэлтийг шүүх хүлээн аваагүй төдийгүй үргэлжлүүлэн хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн. Ингэхдээ зөвхөн хэргийн нэг талыг барьж “Л.Билгүүн нь Н.Ариун-Эрдэнийг цохьсон нь тогтоогдож байна. Л.Билгүүн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулсан байна” гэсэн үндэслэлүүд гаргаж мэдүүлгүүдийн асар олон зөрүү, хэргийн 4 дэх оролцогчийн тодорхойгүй байдлыг үл харгалзан хэргийг шийдвэрлэсэн. Харин энэхүү хэргийг хохирогчийн өмгөөлөгчийн хувьд дараах үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж дахин хянан шалгах шаардлагатай хэмээн үзэж байна. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Хэрэг 2016 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-ыг шилжих шөнө болсон ба уг хэргийг үйлдсэн этгээдүүд нь Л.Билгүүн, В.Энхболд, Ж.Нацагдорж, Мөнх-Эрдэнэ нар юм. Гэтэл цагдаагийн байгууллагын зүгээс хэргийн нөхцөл байдлыг тогтоохдоо  хэргийг ганцхан Л.Билгүүн үйлдсэн мэтээр хавтаст хэргийг бүрдүүлсэн байгаа нь үнэнд нийцэхгүй юм. Учир нь тэр өдөр Н.Ариун-Эрдэнэ нь таксинд суугаад явж байхдаа хэсэг хугацаанд унтаад сэрэхэд Л.Билгүүн таксинд суусан байсан бөгөөд Н.Ариун-Эрдэнийг сэрсэн цагаас хойш өдөж, хэрүүлийн шинж чанартай ярьж байсан ба гол маргаан “чи ирчихээд надтай яагаад уулзахгүй байгаа юм бэ?”, “Алиа банди” гэх зэргээр өдөж хоргоож, доромжилж эхэлсэн бөгөөд улмаар Н.Ариун-Эрдэнэ нь таксинд мөнгө өгөөд бууж ирэхэд заамдаж аваад, цааш нь түлхэхэд шууд цохьсон байдаг.

 

Улмаар түүнийг ухаангүй болтол нь зодсон ба түүнийг 09-өөс 10-нд шилжих шөнийн турш буудлуудаар биед нь хүнд гэмтэл учруулан авч явсан. Нэг буудал олж оруулан Мөнх-Эрдэнэ гэгч этгээдийг оруулж түрийвчийг нь авахуулаад түрийвчинд байсан мөнгийн хэрэглэсэн байдаг.

 

Гэрчүүдийн талаар

 

Уг хэрэгт дөрвөн этгээд оролцсон бөгөөд В.Энхболд, Ж.Нацагдорж хоёр Л.Билгүүнийг зодож байхад хамжиж зодоод, улмаар буудлуудаар цус нөжтэй нь хутгалдуулан авч явсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд “Гэрч гэж хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг хэлнэ” гэж тодорхойлсон байдаг.

 

Гэтэл эдгээр нь хэрэгт холбогдолгүйгээр үл барам Н.Ариун-Эрдэнийг Л.Билгүүнтэй хамтарч зодон улмаар гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор буудлуудаар түүнийг авч явсан бөгөөд үргэлжлүүлэн Н.Ариун-Эрдэнийн хувийн эд зүйлсийг дээрэмдэн авсан. Л.Билгүүнтэй бүлэглэн хийсэн уг хэргээс мултарч гэрчээр оролцох явцдаа Л.Билгүүнд ямар ч гэмтэл учраагүй байхад “Н.Ариун-Эрдэнэ эхэлж цохьсон”, “Л.Билгүүн эхэлж цохьсон”, “Гэртээ орохгүй гэхээр нь буудалд 01 цагийн орчимд оруулаад тамхи татахаар гараад 04 цагийн орчимд орж ирсэн”, “Н.Ариун-Эрдэнэ нь замын бордуур луу газар саваад унасан” гэх мэтээр мэдүүлэг өгсөн байгаа нь илтэд нэг талыг баримталсан гэж үзэж байна.

 

Оролцогчийн талаар

 

Хэрэг болсон орой Л.Билгүүн, В.Энхболд, Ж.Нацагдорж гурав Н.Ариун-Эрдэнийг буудалд оруулсны дараа Мөнх-Эрдэнэ гэгчийг дуудаж, Мөнх-Эрдэнэ нь Н.Ариун-Эрдэнийн түрийвчийг буудлаас орж аван бүх мөнгийг нь үрсэн ба улмаар хэд хоногийн дараа түрийвч болон түрийвчин дэх мөнгийг авчирч өгсөн ба ингэхдээ “Битгий л цагдаа сэргийлэх гээрэй” гэж Н.Ариун-Эрдэнээс гуйсан байдаг.  Гэтэл мөрдөн байцаагч Бат-Эрдэнэ нь буудлын үйлчлэгч, Н.Ариун-Эрдэнийн эгч Энхзул нараас мэдүүлэг авахдаа уг мөнгийг авсан асуудлыг дарахыг хүссэн ба Энхзулаас мэдүүлэг авахаар түүний гэрт ирэхдээ “За энэ Мөнх-Эрдэнийн асуудлыг нь ингээд чимээгүйхэн шийдчихье” гэх мэтээр мэдүүлэг авч байгаад Н.Ариун-Эрдэнийн аав Очирдоржтой муудалцсан байдаг.

           

            Гэмт хэргийн улмаас үүссэн хохирлын талаар

 

            Миний үйлчлүүлэгч Н.Ариун-Эрдэнэ нь бусдад зодуулсны улмаас хүндэвтэр гэмтэл авч Орхон аймгийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэн нэг сая гаруй төгрөгийг эм тарианд зарцуулсан.

 

            Мөн Улаанбаатар хот болон Эрдэнэт хотын хооронд гэр бүлийн гишүүдтэйгээ хамт хэд хэдэн удаа зорчсон бөгөөд Улаанбаатар хотод байхдаа хэд хэдэн удаа шинжилгээнд орж улмаар эм тарианд зардал гаргасан. Мөн хамгийн сүүлийн шинжилгээгээр цаашид хагалгаанд орох зардал хохирол бүрэн тодорхой болсон.

 

            Иймээс дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгөхийг хохирогчийн зүгээс хүсч байна гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул  хэвээр үлдээх саналтай гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

 

Ялтан Л.Билгүүн нь 2016 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-24 дүгээр байрны гадаа хохирогч Н.Ариун-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүр лүү нь цохиж баруун хацар ясны хугарал, тархины эдийн дунд зэргийн няцрал, баруун чамархай ясны цууралт, хоёр нүдний алимны салст, нүүр хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Н.Ариун-Эрдэнийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

“...2016 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө найз Энхболдтой уулзаж бааранд 1 цаг дижи хийж тэнд 1 шил пиво, 0.75 граммтай “Болор” архи уусан..., гараад такси бариад явж байхдаа унтсан байсан..., сэрээд Л.Билгүүнтэй маргалдаж, Л.Билгүүн миний нүүр лүү цохисон..., тэр үед миний хөмсөг сэтэрч оёдол тавиулсан бөгөөд би ухаан алдсан байсан..., цаашид хацрын үйрмэн ясыг түүх, шанааны ясыг бэхлэх хагалгаанд орох шаардлагатай тул эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Энхболдын “...Би Н.Ариун-Эрдэнийн сайн найз нь байгаа юм. Бид хоёр бааранд орж архи пиво уучихаад тэндээс гараад Н.Ариун-Эрдэнэ намайг Л.Билгүүн, Ж.Нацагдорж хоёр луу залгачих гэж надад хэлсэн...,

 

Би Л.Билгүүнтэй ярихад 1-5 дугаар байранд хүрээд ир гэхээр нь такситай  очиж аваад тэндээсээ 4-24 дүгээр байрны гадаа буухаар болоод таксины мөнгө өгөх гэхэд Н.Ариун-Эрдэнэ дуугүй суугаад байсан..., Л.Билгүүн цаанаас нь таксины мөнгө байхгүй бол би мөнгийг нь өгчих үү гэхэд Н.Ариун-Эрдэнэ чамаар таксины мөнгө гаргуулах болоогүй шүү гээд маргалдсан...,  Би Н.Ариун-Эрдэнээс таксины мөнгө авч өгөөд машинаас буутал Н.Ариун-Эрдэнэ Л.Билгүүнийг цохиж аваад байхаар нь Ж.Нацагдорж бид хоёр салгасан. ...Л.Билгүүн Н.Ариун-Эрдэнийг нэг цохих гэсэн чинь хий цохиж аваад дахиж гараараа нэг удаа цохисон чинь Н.Ариун-Эрдэнэ замын хажуугийн боржуур луу баруун шанаа хэсгээрээ савж уначихсан... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ж.Нацагдоржийн “...4-24 дүгээр байрны гадаа ирээд буухад таксины мөнгө 3.000 төгрөг гараад Б.Энхболд, Н.Ариун-Эрдэнэд таксины мөнгөө өгөөрэй гэж хэлэхэд Н.Ариун-Эрдэнэ дуугарахгүй дуугүй суугаад байсан..., Л.Билгүүн цаанаас нь “таксины мөнгө байхгүй бол би өгчих үү” гэсэн чинь чамаар таксины мөнгө гаргуулах болоогүй гээд Н.Ариун-Эрдэнэ Л.Билгүүнтэй маргалдсан..., Б.Энхболд Н.Ариун-Эрдэнээс таксины мөнгө авч өгөөд машинаас буутал Н.Ариун-Эрдэнэ Л.Билгүүнийг цохиж аваад байхаар нь хоёр тийшээ салгасан боловч дахин хэрүүл маргаан хийгээд байсан..., Л.Билгүүн Н.Ариун-Эрдэнийг нэг цохих гээд хий цохиод дахин гараараа нэг удаа цохиод авсан чинь Н.Ариун-Эрдэнэ замын хажуугийн боржуур луу баруун шанаа хэсгээрээ унах шиг болсон... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч З.Сарнайцэцэгийн “...Шөнө нэг хүүхдийн нүүр ам нь цус болсон, хавдсан байдалтай 3 залуутай хамт орж ирсэн. Буудлын мөнгөний оронд гар утсаа үлдээгээд хамт явж байсан залуучууд нь гараад явсан..., зодуулсан залуу нь нилээд согтуу байсан..., буудалд зодолдоогүй...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Бямбасүрэнгийн “...Н.Ариун-Эрдэнэ надад хэлэхдээ Л.Билгүүнээ намайг зодоод миний цаг утас, түрийвч алга байна та хүрээд ирээч гэхэд нь Би хаана байгаа юм бэ гэхэд хаана гэдгээ мэдэхгүй байна гэсэн..., буудлын ажилтнаас буудлын хаягийг нь асуугаад 07 цаг 20 минутын орчимд дүү Долгорсүрэн, бэр Энхзул нартай хамт буудалд очиход манай хүүхдийн нүүр ам, гар хөл хувцас нь цус болчихсон буудлын орон дээр хэвтэж байсан..., эмнэлэгт яаралтай тусламжийн хүлээн авах төвд очиж үзүүлж эмнэлэгт хэвтүүлсэн..., эмнэлэгт байхад Ж.Нацагдорж, Б.Энхболд, Л.Билгүүн нар ирсэн. Хүүхдийнхээ цагийг асуухад Б.Энхболд карманаасаа гаргаж ирж өгсөн..., цаг дахин ашиглагдах боломжгүй болсон байсан..., түрүүвчийг Ж.Нацагдоржийн найз нь авсан байсныг авсан..., гар утсыг нь Л.Билгүүнээ буудлын барьцаанд тавьсан байсныг нь авсан...” гэсэн мэдүүлэг,

 

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 95 дугаартай :

 

...Н.Ариун-Эрдэнийн биед учирсан гэмтлүүдийн баруун хацар ясны хугарал нь хүндэвтэр гэмтэл, бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн  дүгнэлт болон хэрэгт авагдсан гэрэл зургаар бэхжүүлсэн үзүүлэлтүүд, хэргийн газарт хийсэн үзлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогджээ.

 

            Ялтан Л.Билгүүн нь хохирогчийн эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг нөхөн төлсөн ба хохирогч болон түүний өмгөөлөгч цаашид хийгдэх эмчилгээний зардал, хохирогчийн зүүж явсан гэх цагны үнэ, Улаанбаатар, Эрдэнэтийн хооронд зорчсон замын зардал гэх мэт хохирлыг нэхэмжилж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд анхан шатны шүүх хохирлыг нотлох баримтанд үндэслэж шийдвэрлэсэн байх тул учраас хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна.

 

            Мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, шүүхийн тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий байдлыг шалгаж тогтоосон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл зөв, ялтан Л.Билгүүнд хуульд заасан ял оногдуулсан байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Ү.Амарбатын  гаргасан “...Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн  315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Ү.Амарбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын  шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.