Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
Хэргийн индекс | 142/2020/01175/и |
Дугаар | 123 |
Огноо | 2020-12-07 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 123
“И.м.н”ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Х.Бт холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/001141 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “И.м.н”ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Х.Бт холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 4.569.560 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг,
Хариуцагч Х.Бын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Нандинцэцэг, хариуцагч Х.Б, нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
Нэхэмжлэгч “И.м.н”ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Х.Б нь тус компаниас 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 3.000.000 төгрөгийг 6,5 хуувийн хүүтэй 25 хоногийн хугацаатай зээлж авсан бөгөөд зээл хүүний эргэн төлөлтийг өдөр бүр төлж 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусгах байсан. Гэвч Х.Б нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй ба доорх хугацаанд нийт 515.400 төгрөг төлснөөс үндсэн зээлд 480.000 төгрөг хүү 31.200 төгрөг, алданги 42.000 төгрөг болж байна.
2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар Х.Бын үндсэн зээлийн үлдэгдэл 2.520.000 төгрөг, хүү 2019 оны 10 дугаар сарын 26 -ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 21 хоногийн 114.660 төгрөг, алданги 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 202 хоногийн 2.545.200 төгрөг ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.,-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 1.500.000 төгрөг байна. Нийт 4.134.660 төгрөг байна. Мөн Х.Б нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ззээлийн гэрээ байгуулж 802.700 төгрөгийн 4,5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай үнэт эдлэлийн лизингийн зээл авсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон. Гэрээний хугацаанд дараах төлөлтүүд хийгдсэн бөгөөд нийт 781.150 төгрөг төлснөөс үндсэн зээл 514.850 төгрөг, хүү 231.500 төгрөг, алданги 35.150 төгрөг төлсөн байна.
2020 оны 06 дугаар сарын 04-ний байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 439.300 төгрөг, хүү 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 38 хоног 25.050 төгрөг, алданги 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 118 хоног 259.200 төгрөг болсноос Иргэний хуулийн 232 дугаар 232.4.,-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 219.650 төгрөг, хүү 25.050 төгрөг, үндсэн зээл 4.400 төгрөг хасаж нийт зээлийн үлдэгдэл 434.900 төгрөг болсон байна.
Иймд Х.Б зээлийн гэрээний үүрэгт хүү, алдангийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар тооцсон ба сайн дураараа гэрээний үүргийг гүйцэтгэхгүй байх тул зээлийн гэрээний үүрэгт 4.569.560 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Х.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Х.Б миний бие санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг “И.м.н” ХХК-аас 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөгийг сарын 6,5 хувийн хүүтэй, 25 хоногийн хугацаатай зээлж авсан. Энэ хугацаанд тодорхой хэмжээнд төлбөрийг хийж байсан боловч эхнэрийн ах нь бие муудаж улмаар эмчилгээ хийлгэсэн боловч нас барсан. Миний тооцоолсноор энэ хугацаанд нийт төлөлт 899.550 төгрөг болсон. Сарын хүү нь 25 хоногт 162.500 болох ба нийт төлөх нь 3.162.950 төгрөг болно. Дансаар 805.500 төгрөг, бэлэн 94.050 төгрөг тушаасан. Үндсэн мөнгө болох хүүнээс төлсөн мөнгөө хасахад 2.262.950 төгрөг болно.
2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хооронд лизингийн зээл 802.700 төгрөг сарын хүү 36.149 төгрөг 50 мөнгө нийт 838.949 төлж, үлдэгдэл 441.949 төгрөг 50 мөнгө байна. Энэ хоёр зээлд нийт төлсөн дүн тус компанийн үнийн дүнтэй таарч байна. Нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэг зээлийн төлөлтийг нөгөө зээл рүү шилжүүлснийг зөвшөөрөхгүй байна. Мөн Монгол банкны мөнгөний бодлогын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 13, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрүүд гарч хэрэглээний зээлийн хүүг зогсоох шийдвэр гарсан. Мөн Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарч 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хүү алданги тооцохгүй байх шийдвэр гарсан. Монгол улсын Засгийн газар болон Монгол банкнаас гарсан шийдвэрийг албан байгууллага болон иргэд дагаж мөрдөх ёстой гэж бодож байна. Иймд үүнийг үндэслэн хэрэглээний зээлийн алданги төлөхгүй гэж бодож байна.” гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/01141 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 232 дугаар зүйлийн 232.4., 232.8.,-д заасныг баримтлан хариуцагч Х.Баас 3.008.610 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И.м.н”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 869.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Баас 88.062 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Х.Б давж заалдсан гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/01141 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэвэл хэрэглээний зээлээс 2.262.950 төгрөг, хүү 144.660 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа ч гэсэн алданги 631.475 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь Монгол банкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 13, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрүүд гарч хэрэглээний зээлийн хүү, алданги зогсоох шийдвэрүүд гарсан. Мөн Монгол улсын Засгийн газрын шийдвэр гарч 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс алданги тооцохгүй байх шийдвэр гарсан. Дээрх шийдвэрүүдийг албан байгууллага, иргэд дагаж мөрдөх ёстой. Иймд хэрэглээний зээлийн алданги төлөхгүй байх үндэслэлтэй гэж бодож байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч “И.м.н”ХХК нь хариуцагч Х.Баас үндсэн зээл 2.520.000 төгрөг, зээлийн хүү 549.560 /114.660+434.900/ төгрөг, алданги 1.500.000 төгрөг нийт 4.569.560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бууруулж нийт 3.877.610 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч Х.Б “...тус компаниас 3.000.000 төгрөгийг 6,5 хувийн хүүтэй, 25 хоногийн хугацаатай зээлж авсан, ...үндсэн зээл, хүүнээс төлсөн мөнгөө хасахад 2.262.950 төгрөг төлөхөөр үлдсэн,...лизингийн зээлд 838.949 төлж, 441.949 төгрөг үлдсэнийг 09 дүгээр сарын 13-ны өдөр төлж дууссан учир хэрэглээний зээлийн алданги төлөхгүй гэж бодож байна” гэх тайлбар гаргаж мэтгэлцжээ.
Шүүх хариуцагчийн зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүйгээс гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээнд заасан зээлийн хүү, үндсэн зээл төлөх үүрэгтэй, талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэлт хийсэн нь хуульд нийцжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа зээл төлөх боломжгүй болсон тухай хүсэлт нэхэмжлэгчид гаргасан, талууд зээлийн гэрээний хугацааг сунгаагүй, хариуцагч зээлийн төлбөрт тооцож нийт 899.550 төгрөг төлсөн, лизингийн зээлийн төлбөрийг төлж дуусгасан, нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй байна.
Анхан шатны шүүх хариуцагч Х.Баас 3.008.610 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 869.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.
Учир нь нэхэмжлэгч барьцаалан зээлдэх журмаар хариуцагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр 3.000.000 төгрөгийг 25 хоногийн хугацаатай, 6.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн байх тул хариуцагчийн нийт төлсөн 899.500 төгрөгнөөс гэрээний дагуу төлөгдөх зээлийн хүү 195.000 төгрөгийг хасч үлдэгдэл 704.500 төгрөгийг үндсэн зээл 3.000.000 төгрөгнөөс хасч хариуцагчаас зээлийн төлбөрт 2.295.500 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин шүүхэд нэхэмжлэл гаргасан болон шүүх хэргийг шийдвэрлэсэн хугацаанд Монгол улс Ковид-19 цар тахлын улмаас банк болон банк бус санхүүгийн байгууллага, ломбардын авсан зээлийн хүү, алдангийг иргэд төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн, гэрээний дагуу зээлдэгч өдөр бүр зээл, зээлийн хүү төлж чадахгүй болсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хариуцагчийн төлөх ёстой алдангийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд хариуцагч Х.Бын гаргасан “...Засгийн газраас ковид цар тахал гарсантай холбогдуулан зээлийн хүү, алдангийг зогсоох шийдвэр гаргасан, зээлийн алданги төлөх боломжгүй байгаа тул алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх” давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/01141 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 232 дугаар зүйлийн 232.4., 232.8.,-д заасныг баримтлан хариуцагч Х.Баас 3.008.610 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И.м.н”ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 869.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1., 286.2., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан хариуцагч Х.Баас зээл- 2.295.500 төгрөг гаргуулж “Их мөнх наран ХХК”-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.582.110 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай..,” гэж,
Шийдвэрийн 2 дахь заалтанд “88.062 төгрөг” гэснийг “51.678 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Х.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19.595 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.БАТТӨР
Б.ОЮУНЦЭЦЭГ