Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 00118

 

                     Б.Мөнхнасан, Ц.Олдохбаяр, Б.Эрдэнэдаваа

                        нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                

 

                                                                      Хэргийн индекс 142/2015/0117/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

           Прокурор                                           Ц.Идэрмөнх

            Шүүгдэгч                                           Б.Мөнхнасан, Ц.Олдохбаяр,

                                                                        Б.Эрдэнэдаваа

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                Х.Оюунбат

            Нарийн бичгийн дарга                 Б.Ганчимэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ж.Байгалмаа, шүүгч Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Мөнхнасан, Ц.Олдохбаяр, Б.Эрдэнэдаваа нарт холбогдох, 201514000108 дугаартай, эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Мөнхнасан, Ц.Олдохбаяр, Б.Эрдэнэдаваа, ялтны өмгөөлөгч С.Төмөрбаатарын давж заалдах гомдол, болон  улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

-Монгол Улсын иргэн, 1989-06-12-ны өдөр Булган аймгийн  Сэлэнгэ суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Хабитатын 6б-13 тоотод оршин суух, урьд нь 2014 оны 03 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ГИ89061219 регистрийн дугаартай, Боржигон овогт Батбаярын Мөнхнасан,

 

-Монгол Улсын иргэн, 1995-06-19-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, ах, дүү, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Хабитатын 6б-13 тоотод оршин суух,  урьд 2014-03-24-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ФЖ95061911 регистрийн дугаартай, Дэлсэг овогт Бадрахын Эрдэнэдаваа,

 

-Монгол Улсын иргэн, 1997-10-03-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, хүргэн ах, нагац эгч, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баян цагаан багийн Шинэ тосгоны 9-01 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ГИ97100314 регистрийн дугаартай, Халх овогт Цогтбаярын Олдохбаяр.

 

- Шүүгдэгч Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа, Ц.Олдохбаяр нар нь бүлэглэн 2015-02-23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг “Эрдэм” ахлах сургуулийн сурагч Б.Дүүрэнбуян, Б.Буянбат,Б.Дүүрэнбуян, О.Жамъяандорж, Б.Цогтбаяр З Анхмөрөн нарын 6 хүүхдийн “Т-мобайл” маркийн гар утас 1 ширхэг,” Нөт-1” маркийн гар утас 1 ширхэг, “Эль жи прадо” маркийн гар утас 1 ширхэг,” Самсун”г маркийн гар утас 1 ширхэг, “Самсунг галакси эс 2” маркийн гар утас 1 ширхэг, бэлэн 60.000 төгрөг зэргийг дээрэмдэн авч бусдад 775.000 төгрөгний хохирол учруулсан,

 

- Шүүгдэгч Б.Мөнхнасан, Ц.Олдохбаяр нар нь бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-19 дүгээр байрны баруун талын зам дээр Д.Шинэбаярын “LGF-120” маркийн гар утсыг дээрэмдэн 150.000 төгрөгийн хохирол,

 

          -Шүүгдэгч Ц.Олдохбаяр нь ганцаараа 2015-12-10-ны өдөр Баян-Өндөр сумын  Баянцагаан сумын нутаг дэвсгэрт  насанд хүрээгүй М.Отгонбаярыг гэртээ харихаар явж байхад нь “С-3” маркийн гар утсыг нь дээрэмдэн авч 183.000 төгрөгийн хохирол,

 

-2015-02-18-ны өдөр Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт насан хүрээгүй Б.Энхцогтын “Самсунг” гар утсыг дээрэмдэж 30.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын шүүх 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор :

 

Шүүгдэгч Боржигон овогтой Батбаярын Мөнхнасан, Халх овогтой  Цогтбаярын Олдохбаяр нарыг бүлэглэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Дэлсэг овогтой Бадрахын Эрдэнэдавааг  бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551.зүйлийн 551.1.д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.д заасныг баримтлан Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа, Ц.Олдохбаяр нарт  эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сар хорих ял оногдуулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа, Ц.Олдохбаяр нарт оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.д зааснаар шүүгдэгч Ц.Олдохбаярт оногдуулсан 3 жил 5 сар хорих ялаас 2 жил хорих ялыг өршөөн хасч үлдэх  1 жил 5 сар хорих ялыг биечлэн эдлүүлэх, 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч Б.Мөнхнасангийн цагдан хоригдсон 312 хоног, Б. Эрдэнэдаваагийн цагдан хоригдсон 375 хоног, Ц. Олдохбаярын цагдан хоригдсон 146 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7.д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацааг дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Б.Мөнхнасангаас хүлээлгэн өгсөн 130.000 төгрөгийг хохирогч З.Анхмөрөнгийн хууль ёсны төлөөлөгч Л.Хандсүрэнд олгож,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэдаваа, Б.Мөнхнасан, Ц.Олдохбаяр нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Олдохбаяр давж заалдах гомдолдоо:

 

Миний бие Цогтбаяр овогтой Олдохбаяр би Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 13 дугаар сургууль дээр очиж дээрэм хийх гэсэн боловч ганцаардаад Б.Эрдэнэдавааг хань татаж утсаар дуудсан. Б.Эрдэнэдавааг Б.Мөнхнасан ахаас холдуулан авч явж хүүхдүүдийн юмыг авсан.

 

Б.Мөнхнасан ах тэр хэрэгт оролцоогүй бид нарыг салгасан юм. Миний таньдаг гурван найз бүүр хол байсан. Цагдаад орой нь баригдаж очоод өглөө нь эрүүгийн төлөөлөгч ахлагч А.Бадамжунай байцаагч тэр Б.Мөнхнасан хамт явсан хэрэг хийсэн биз дээ гээд өрөөндөө Б.Эрдэнэдаваа бид хоёрыг зодоод байсан.

 

Дараа нь мөрдөн байцаагч дэслэгч Г.Эрдэнэбаяр өрөөндөө салгаж оруулан намайг зодоод хамт хэрэг хийсэн гэж хэл за юу тэр гурван хүүхдийг битгий ярь яривал шууд хорино гээд цахилгаан бороохойгоор айлган худал мэдүүлэг авсан. Илүү дутуу юм яривал хорьчихно шүү гээд байсан.

 

Айж явсаар гэм зэмгүй хүнийг хэрэгт хутгасандаа гомдолтой байна. Миний гурван найз Б.Мөнхнасан ах гэмт хэрэг хийгээгүйг мэдэж байгаа тэр гурав бас гэмт хэрэгт оролцоогүй. Шүүх хуралдаан болохын өмнө мөрдөн байцаагч ахмад Оюунболд ирээд “юу ч гэсэн ялаа авчих ахыгаа өмөөрөөд байна уу” гээд занаад байсан. Гурван найзыг минь дахин байцааж хэргийн үнэн зөвийг шалгаж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Б.Эрдэнэдаваа давж заалдах гомдолдоо:

 

Миний бие 2015-02-23-нд Ц.Олдохбаяртай нийлж гэмт хэрэг хийсэн нь үнэн. Гэмт хэрэгт Ц.Олдохбаярын гурван найз болон ах Б.Мөнхнасан нар оролцоогүй. Харин 2, 3 удаа салгаж намайг зөндөө загнаж хэлсэн.

 

Урьд өдөр нь Ц.Олдохбаяр надтай “хоёулаа мөнгөтэй больё. Сурч байсан сургуулийн хүүхдүүдээс мөнгө салгаж авна” гэж ярьсан. Би Ц.Олдохбаяртай хамт хүүхдүүдийг зодож юмын авсан.

 

Цагдаа дээр Ц.Олдохбаяр хоёулаа Наснаа ах руу чихнэ шүү гээд над руу тэгсэн байцаагч та хоёр тэр гурван хүүхдийг битгий ярь яривал хүндэрнэ Б.Мөнхнасан ахыгаа зод гэж байсан гээд хэл тэгүүл хөнгөрч даалтанд гаргана гээд байсан. Ц.Олдохбаяр хоёулаа яаж мөнгө төгрөг өгөх юм бэ даалтанд байвал амар шууд Наснаа ах руу чихий чи Наснаа ахыг зод гээд хэлээрэй гэж надад хэлсэн байцаагчийн өрөөнөөс Ц.Олдохбаяр ганцаараа уулзаад гарч ирэхдээ миний ярьснаар илүү гэсэн. Б.Мөнхнасан ахыг хэлмэгдүүлсэнд уучлаарай. Б.Мөнхнасан ах хэрэг хийгээгүйг Ц.Олдохбаярын гурван найз мэдэж байгаа.

 

Тэр гурван найз нь зодож цохисон юм байхгүй. Ц.Олдохбаяр надад үгнээсээ буцвал хоригдоно хоёулаа баларна гээд байсан. Дэслэгч Г.Эрдэнэбаяр “Б.Мөнхнасан хамт хүн зодож юмын авсан гэж хэлэхгүй бол одоо хорьлоо” гээд өрөөндөө хаалга түгжээд цахилгаан бороохоо гаргаж Б.Мөнхнасанг хамт явсан уу гэхэд нь айгаад явсан гэж худал хэлсэн юм. Өөр гэмт хэрэг хийгээгүй биз дээ гээд Г.Эрдэнэбаяр байцаагч зодсон.

 

Айсандаа би Б.Мөнхнасан ахыг хамт явсан зодсон гэж хэлсэн. Ийм юм болоогүй. Байцаагчид зодуулан хоригдохоос айгаад худал хэлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нараас уучлалт гуйж байна. Надад оногдуулсан хорих ялаас 2 жилийн өршөөлд хамруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Б.Мөнхнасан давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолтыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дээрмийн гэмт хэрэгт би ямар ч холбоогүй. Энэ өдөр Ц.Олдохбаяр нь надтай “Баян” худалдааны төв дээр таарсан. Урьд нь манай хаалгыг эвдсэн юм.

 

 Би хаалга хэзээ төлж өгөх үү гэж асуутал удахгүй гээд л надтай юм яриад зогсож байснаа та харих гэж байгаа юм уу би танай тийшээ явах гэж байсан юм гээд хамт явсан. Манайх тэр үед Тамирын гурван чулуунд байсан. Нийгмийн даатгалын тэнд явж байтал ахаа хоёулаа хүнтэй уулзаадахъя та түр хүлээгээч гэсэн. Зогсож байтал нэг давхрын цонхноос Ц.Олдохбаярыг хэдэн хүүхэд даллан дуудсан. Ц.Олдохбаяр, Б.Эрдэнэдаваа хоёр хамт орсон.

 

Би Б.Эрдэнэдаваад хурдлаарай гээд зогсоод хүлээсэн. Б.Эрдэнэдаваа манайд амьдардаг байсан юм. Удалгүй энэ хоёр хүүхэдтэй муудалцсан байдалтай гарч ирсэн. Араас нь Ц.Олдохбаярыг таньдаг гурван хүүхэд ирсэн. Тэгсэн Ц.Олдохбаяр Б.Эрдэнэдавааг дуудан нөгөө гурван хүүхэдтэй хамт 5, 6 хүүхдийг дуудан гражийн ар тал руу орсон. Б.Эрдэнэдавааг авах гээд араас нь очтол нөгөө гурван хүүхэд наана нь зогсож байсан.

 

Ц.Олдохбаяр Б.Эрдэнэдаваа хоёр хохирогч болох хүүхдүүдийг зодож байсан. Би очиж боль гээд салгаад Ц.Олдохбаяраас асуутал агаа зүгээрээ би өөрөө учраа олно гээд гялс уулзаад саллаа та наанаа байж бай гэхээр гурван хүүхдийн хамт зогсоод тамхи татаж байтал энэ хоёр гарч ирэхгүй байхаар нь хамт зогсож байсан гурван хүүхдийн хамт очтол Ц.Олдохбаяр Б.Эрдэнэдаваа хоёр хохирогч нарыг дахиад зодож байхаар нь загнаж салгаад хохирогч хүүхдүүдийн газар унасан байсан нүдний шилийн авч өгсөн. Хүүхдүүдийг одоо та нар яв гээд би энэ хоёрыг яагаад хүүхэд зодоод байгаа юм гээд асуутал Ц.Олдохбаяр урьд нь учраатай байсан юм аа гэж хэлсэн. Тэгээд би харьлаа гээд Б.Эрдэнэдавааг аваад явах гэтэл би танайд очъё хоол хийж идье гэхээр нь тэг гэсэн. Нөгөө гурван найз нь хамт зогсож байснаа салаад явсан.

 

Гэрт очоод би энэ хоёрыг хамт явах уу / урт цагаан/ орж хүнтэй уулзаад ирье гэтэл хамт явсан. Би хүнтэй уулзаад гараад иртэл Ц.Олдохбаяр, Б.Эрдэнэдаваа хоёр түргэн хоолны газрын тэнд бас хүнтэй уулзаад зодолдоод унахлаар нь би салгаж байтал миний таньдаг найз тааралдаж салгасан. Тэр танилыг минь /Ганбаяр/ гэдэг. Хаана явсан газраа хүнтэй зодолдоод яагаад байгаа юм бэ Олдохоо чи ингээд гурван удаа хүн зодож байна. Болиорой гээд ширүүхэн загнасан. Урт цагааны голоос найз Ганбаяртай “дүү нар чинь хүн зодоод алах нээ чамайг байхгүй хойгуур нэлээн зодолдсон тэгсэн чи гарч ирлээ арай гэж салгасан” гээд ярилцаж явсаар Соёлын ордны урдаас найзаасаа салсан.

 

Энэ хоёр зам түрүүлээд гараад явсан би найздаа тамхи халааснаасаа гаргаж өгөөд зам гартал prius-30 маркийн мөнгөлөг саарал тэрэг тулж ирээд Б.Эрдэнэдавааг түрүүлэн хоёр залуу барьж аваад Ц.Олдохбаярын араас нь тулж очоод машинаас буусан залуу татаж аваад энэ хоёрыг нэлээд зодсон. Тэгсэн нэг залуу нь машинаас урт төмөр гаргаж ирээд Б.Эрдэнэдавааг цохихоор нь би очтол Б.Эрдэнэдавааг зодоод салахгүй байсан арай гэж салгасан.

 

Машинаас сургууль дээр миний салгасан хүүхдүүд гарч ирээд ах нартаа Ц.Олдохбаяр, Б.Эрдэнэдаваа хоёрыг энэ хоёр зодож юмын авсан. Энэ ах буюу намайг ямар ч хамаагүй харин салгаж өмөөрсөн гээд ах нартаа хэлсэн. Би ах нарт нь учрын ойлгуулж хэлсэн. Ах нар нь за за ойлголоо гээд энэ хоёрыг цагдаа дуудаж өгсөн. Маргааш өдөр нь би цагдаа дээр очтол энэ хоёр нэг өрөөнд байсан. Цагдаа чи хамт хэрэг хийсэн энэ хоёроос асуу би тийм юм байхгүй гэсэн чинь энэ хоёр үнэнээ хэлж намайг явуулсан. Би бүх болсон явдлын талаар байцаалт өгсөн. Цагдаа хохирогч хүүхдүүдээс намайг яг яасныг асуутал энэ ах яагаачгүй харин ч өмөөрсөн ямар ч хамааралгүй гэж хэлтэл цагдаа намайг загнахаа больсон. Дараа нь хохирогч нараар таньж олуулахад хохирогч хүүхдүүд энэ ах ямар ч хамаагүй гээд дахин хэлж намайг гэмт хэрэгт хийгээгүй гэж хэлсэн. Гэтэл байцаалтын шатанд буруутан болгож гэмт хэрэгт холбогдуулж амьдрал ахуй бие сэтгэлд минь ял өгч байгаад гомдолтой байна. Иймээс Ц.Олдохбаярын гурван найзыг дахин байцааж үнэн зөвийг тогтоож өгнө үү. Тэр гурван найз ямар ч мэдүүлэг өгөөгүй байгаад гайхаж байна.

 

Болсон бүх явдлыг тэр гурван хүүхэд харсан учир мөрдөн байцаагч зөвхөн хар ухаанаар намайг буруутган тэр гурван хүүхдийг байцаагч асуугаагүйд гомдолтой байна. Байцаагчид би тэр гурван хэд дүгээр ангид сурдаг, царайг нь мэднэ гэж хэлтэл чи буруутай гээд загнаад байцаагаагүй. Тэр гурван хүүхэд 13 дугаар сургуульд сурдаг. Гомдлыг нь харгалзан үзэж үнэн зөвийг олж өгнө үү. Мөрдөн байцаагч дэслэгч Г.Эрдэнэбаяр байцаагч дээрх гурван хүүхдийг илт өмөөрөн баримт нотолгоо байсаар байтал байцаагч асуулгүй зөвхөн намайг буруутгаж байгаад гомдолтой байна гэжээ.

 

Улсын яллагч эсэргүүцэлдээ:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолт хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Учир нь ялтан Ц.Олдохбаяр нь ганцаараа хоёр удаагийн үйлдлээр, бусадтай бүлэглэн хоёр удаагийн үйлдлээр бусдын эд зүйлсийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн байхад шийтгэх тогтоолд зөвхөн бусадтай бүлэглэн давтан үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан.

 

Өөрөөр хэлбэл ялтан Ц.Олдохбаяр нь бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулсан ганцаараа болон бусадтай бүлэглэн дөрвөн удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.1 “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэх”, 286.1.3 “энэ гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх”, 286.1.5 “шүүгдэгчид ял оногдуулах үндэслэлтэй эсэх”-д шүүх дүгнэлт хийнэ. Мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1.д “Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ...гэмт хэрэг үйлдсэн газар, цаг, арга, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүний хэмжээ, гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт...”-ыг тодорхойлох ба шийтгэх тогтоолд гэмт хэрэг нэг бүрээр дүгнэлт хийж гэм буруутай эсэхийг тогтоох ёстой байтал ялтан Ц.Олдохбаярын ганцаараа үйлдсэн гэх 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй М.Отгонбаярын samsung S3 маркийн гар утсыг, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байх “Эрдэм” ахлах сургуулийн ойролцоо тус сургуулийн сурагч Б.Энхцогтын samsung маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт үйлдлүүдэд дүгнэлт хийгээгүй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар давж заалдах гомдолдоо:

 

Б.Мөнхнасан нь бусадтай бүлэглэн давтан үйлдлээр бусдын эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.д зааснаар Орхон аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 79 дүгээр шийтгэх тогтоолоороо 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэнийг эс зөвшөөрч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэн уг тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан ялтны ялыг хөнгөрүүлж өгнө үү хэмээн давж заалдах гомдол гаргаж байна.Үүнд:

 

Шүүгдэгч Б.Мөнхнасан нь бусадтай бүлэглэн давтан үйлдлээр, бусдын эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогддог.

 

Харин Б.Мөнхнасан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.д заасан гэмт хэрэг үйлдсэн нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.д заасан заалтад хамрагдах боломжтой гэж үзэж байх тул Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор түүнд 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн ялаас 2 жилийн хорих ялыг хасч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

 

ХЯНАВАЛ :

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Орхон аймгийн Прокурорын газраас Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа, Ц.Олдохбаяр нарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, бүлэглэж дээрэмдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх тэднийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулжээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргээс үзвэл :

 

а./ Шүүгдэгч Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа, Ц.Олдохбаяр нар нь бүлэглэн 2015-02-23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг “Эрдэм” ахлах сургуулийн сурагчдыг хичээл тараад явж байхад нь айлган сүрдүүлж Б.Дүүрэнбуян “НӨТ-1” маркийн гар утсыг, Б.Буянбатын “Т-мобайл” маркийн гар утас, О.Жамъяандоржийн “Эл-Жи прадо” маркийн гар утас, Б.Цогтбаярын 60.000 төгрөг, З Анхмөрөнгийн “Самсунг- Эс-2” маркийн гар утас зэргийг дээрэмдэн авч тэдэнд 775.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

б./ Шүүгдэгч Б.Мөнхнасан, Ц.Олдохбаяр нар нь бүлэглэн 2015-02-20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-19 дүгээр байрны баруун талаар явж байсан насанд хүрээгүй Д.Шинэбаярын “LGF-120” маркийн гар утсыг дээрэмдэн 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          в./Шүүгдэгч Ц.Олдохбаяр нь ганцаараа 2015-12-10-ны өдөр Баян-Өндөр сумын Баянцагаан сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй М.Отгонбаярыг хичээл тараад гэртээ харихаар явж байхад нь “С-3” маркийн гар утсыг нь дээрэмдэн 183.000 төгрөгийн хохирол, мөн 2015-02-18-ны өдөр Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт насан хүрээгүй Б.Энхцогтыг мөн хичээл тараад явж байхад нь “Самсунг”маркийн гар утсыг нь дээрэмдэж 30.000 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, бүлэглэж дээрэмдсэн байна.

 

            Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ:

 

            1./Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдэгдсэн, хэргийг хэн, хэнтэй бүлэглэж үйлдсэн, эсхүл ганцаараа үйлдсэн эсэх, түүнчлэн үйлдэл тус бүрийн улмаас учирсан хохирлын хэмжээ зэргийг зөв тодорхойлж, дүгнэлт хийж чадаагүй бөгөөд зөвхөн нэг өгүүлбэрт оруулж бичсэн нь шийтгэх тогтоол “...тодорхой, ойлгомжтой, хуулийн бүх шаардлагад нийцсэн, хуульд үндэслэн ...”  гарах тухай зарчмыг зөрчжээ.

 

            -Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсан зарим үйлдлийн талаар огт дурьдаагүй бөгөөд хэрэг үйлдэгдсэн эсхүл түүнийг үгүйсгэсэн эсэх нь тодорхойгүй... тухайлбал :

 

            Ц.Олдохбаяр нь ганцаараа 2015-12-10-ны өдөр насанд хүрээгүй М.Отгонбаярын “С-3 маркийн” гар утсыг дээрэмдэн 180.000 төгрөгийн хохирол учруулсан байхад энэ талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй, мөн ганцаараа 2015-02-18-ны өдөр насанд хүрээгүй Б.Энхцогтын  “Самсунг” маркийн гар утсыг дээрэмдэж 30.000 төгрөгийн хохирол учруулсан байхад энэ үйлдлийг 2015-02-23-ны өдөр Б.Эрдэнэдаваа, Б.Мөнхнасан нартай бүлэглэж Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт “Эрдэм” ахлах сургуулийн сурагч З.Анхмөрөн нарын 5 хүүхдийн гар утсыг дээрэмдсэн үйлдэлтэй хольж бичсэн байна.

 

            2./ Мөн дээрх гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль гарахаас өмнө үйлдэгдсэн учраас тэдний үйлдэл Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарах эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж, өөрөөр хэлбэл энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.10.д заасан  “ …Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна...” гэснийг анхаарч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.   

 

            Иймд улсын яллагчийн гаргасан “...шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг зөрчсөн тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү...” гэсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа нарын гаргасан “...хэргийг мөрдөн байцаалтанд буцааж дахин шалгуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Ц.Олдохбаяр давж заалдах гомдлоосоо татгалзсан болно. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2., 317 дугар зүйлийн 317.1.2., 319 дүгээр зүйлийн 319.1.2 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Боржигон овогтой Батбаярын Мөнхнасан, Халх овогтой Цогтбаярын Олдохбаяр, Дэлсэг овогтой Бадрахын Эрдэнэдаваа нарт холбогдох, 201514000108 дугаартай, 3 хавтас бүхий, эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Ц.Олдохбаяр давж заалдах гомдлоосоо татгалзсан болохыг дурьдсугай.  

 

3.Хэрэг анхан шатны шүүхэд очтол Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа  Ц.Олдохбаяр нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4.Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              З.ХОСБАЯР

 

                        ШҮҮГЧИД                                                                 С.ЦЭЦЭГМАА                                                                                                                                                                                                                                         

 

                                                                                                            Ц.ТУЯА