Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 00119

 

Ж.Нямдоржид холбогдох эрүүгийн

                                                      хэргийн тухай

 

 

                                                                          Хэргийн индекс 142/2016/0040/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

           Прокурор                                           Ч.Сэлэнгэ

            Шүүгдэгч                                           Ж.Нямдорж

            Шүүгдэгчийн  өмгөөлөгч              Ц.Энхтуяа

            Хохирогч                                           Ц.Ганчимэг

            Хохирогчийн өмгөөлөгч               Д.Энхбаяр

            Нарийн бичгийн дарга                 Б.Ганчимэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Ц.Алтангадас даргалж хянан шийдвэрлэсэн, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 94 дугаар шийтгэх тогтоолтой, Жамъянгийн Нямдоржид холбогдох, 201614000024 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч  Ж.Нямдоржийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1968-05-13-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, технологийн багш мэргэжилтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 18 дугаар сургуулийн жижүүр ажилтай, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-12-59 тоотод оршин суух, урьд ял шийтгэлж байгаагүй, РЙ68051333 регистрийн дугаартай, Эрхий мэргэн овогт Жамъянгийн Нямдорж.

 

Шүүгдэгч Ж.Нямдорж нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Ариранг ресторанд Ц.Ганчимэгийн эрүү рүү гараараа цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 94 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Эрхий мэргэн овгийн Жамъянгийн Нямдоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.д зааснаар шүүгдэгч Нямдоржийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 960.000/ есөн зуун жаран мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.д зааснаар шүүгдэгч Ж.Нямдоржоос 1.142.700 /нэг сая дөчин хоёр мянга долоон зуу / төгрөг гаргаж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2-34-1-13 тоотод оршин суух Цэндмаагийн Ганчимэг РД:РЮ72071104, Утас: 99359816-т олгох, хохирогч Ц.Ганчимэг нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зөрүү, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3.т зааснаар шүүгдэгч Ж.Нямдорж нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Нямдоржид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.Нямдорж давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016-05-11-ний өдрийн 94 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

Миний бие Ж.Нямдорж нь 2015-12-18-ны орой бааранд эмч Ц.Ганчимэгийг санамсар болгоомжгүйгээс 1 удаа гараараа шүргэсэн нь үнэн. Гэхдээ Ц.Ганчимэгийн яриад байгаа шиг гэмтэл учруулааргүй болох нь шинжээч эмчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон.

 

Хохирогч Ц.Ганчимэг намайг буруутгаж болох ямар л арга байна тэр бүхнийг хэрэглэн дарамт шахалт үзүүлсэн. Анхнаасаа ахиухан мөнгө салгах зорилгоор байсан. Хөдөлмөрийн чадвараа алдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Эм тариа авч хэрэглэсэн гэж байгаа боловч “Мөнхийн тун” эмийн сангийн эм зүйч Болороо, “Орхон эм хангамж” ХХК-ийн 8-р эмийн сангийн эм зүйч С.Баярхүү нарын тайлбараар үгүйсгэгдэж байгаа. Эм, эмнэлгийн эмчилгээ, лист зэргийг танил тал найз нөхдөөсөө гуйж хуурамчаар бичүүлсэн нь тодорхой болсон.

 

Өөрийнхөө толгойны суурь өвчнөө надад тохох гээд байна. Учир нь урд өмнө нь ажил дээр байнга толгойн өвдөж олон хүнээр бариулдаг, нүд бүрэлзээд байна, эмнэлэгт хэвтэх юмсан гэж байнга ярьдаг байсныг ажлын Батсайхан, Батхишиг, Амаржаргал нарын мэдүүлэг болон бусад хүмүүс гэрчилнэ.

 

Энэ явдлаас болж миний бие муудаж, 3 дугаар сарын 10-нд шулуун гэдэсний мэс засалд орж, ходоод гэдэс, элэг өвдөж, даралт ихэсдэг болж сэтгэл санаа эрүүл мэндээрээ хохирч байна. Хохирогч Ц.Ганчимэг нь хууль бусаар хуурамч эмийн баримтууд бүрдүүлж надаас эмчилгээний зардал гэж зөндөө мөнгө гаргуулан авсан. Анхан шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5.д заасан нотолбол зохих асуудлыг нотлоогүйд гомдолтой байна.

 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 94 дугаар шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Сэлэнгэ дүгнэлтдээ:

 

Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг тогтоогдсон, гэвч хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад  хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас  Ж.Нямдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай гэв.

 

ХЯНАВАЛ :

 

Шүүгдэгч Ж.Нямдорж нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “Ариранг” ресторанд ингэж ёолк тэмдэглэдэг юм уу гээд Ц.Ганчимэгийн эрүү рүү гараараа цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох :

 

 - Хохирогч Ц.Ганчимэгийн  

 

2015-12-18-ны орой манай ажлынхан шинэ жилийн баяраа “Ариранг” ресторанд хийсэн…, Тэгээд би Болор-Эрдэний хамт юм яриад сууж байхад миний гар утас дуугарсан…, Санжаа ах залгасан байхаар нь Санжаа ах руу хараад толгойгоороо яасан бэ гэсэн чинь нааш ир гээд гараараа дуудхаар нь очсон чинь Санжаа ах, Цэцгээ эгч, Ж.Нямдорж гурав сууж байсан..., Тэгээд намайг Болор-Эрдэнийг дууд гэхээр нь за гэж хэлээд Болороо дээр очоод нөгөө хэд чинь дуудаад байна хоёулаа очъё гээд очитол Ж.Нямдорж босч ирээд ...ингэж ёолк тэмдэглэдэг юм уу ...гээд гараа атгаад миний баруун эрүү рүү маш хүчтэй цохисон..., тэнд Санжаа ах, Ж.Нямдорж, Нэргүй 3 байсан…, би гомдолтой гэсэн мэдүүлэг  /х.х-н 12-15-р хуудас /

 

- Гэрч У.Санжаажамцын ...2015-12-18-ны орой манай сургуулийн шинэ жил “Ариранг” ресторанд болсон…, Намайг Ж.Нямдоржийн хамт сууж байгаад тортоо задлах гэж байтал Ц.Ганчимэг Болороо хоёрыг ирсэн..., Ж.Нямдорж босоод амандаа нэг юм хэлээд гараа сарваалгаад Ц.Ганчимэгийн нүүрэн тус газар шүргэж цохисон нь үнэн..., Тухайн үед Ц.Ганчимэг хойшоо болох гэж байгаад ар талынхаа сандалд тээглээд хойшоо унасан..., Би босгоод Ж.Нямдоржийг бариад юу болсон, яасан бэ ,гэсэн чинь Ганчимэг уйлаад яваад өгсөн…, гэсэн мэдүүлэг./ х.х-н 16-р хуудас/

 

- Гэрч Э.Банзрагчийн ....2015-12-18-ны орой манай сургуулийнхан шинэ жилээ хийсэн...,  намайг Ц.Ганчимэг дуудахаар нь яваад очсон чинь Ж.Нямдорж ах эрүү рүү цохичихлоо..., бас Болор-Эрдэнийг цохисон... гээд Ц.Ганчимэг эмч өөрийнхөө завьжийг татаад надад үзүүлсэн чинь завьж нь доод хэсгээрээ жижигхэн урагдаж цус гарсан байсан....,  Гэтэл Ж.Нямдорж ах хүрч ирээд миний шилэн хүзүүнээс бариад Банзаа хоёулаа уулзъя гээд надад хэлээд намайг заалны тусгаарлагч руу аваад орох гэж байсан..., Тэгэхэд хажууд Оюун-Эрдэнэ, Мөнхтулга, О.Заяа нар байсан учир тэд салгасан... гэсэн мэдүүлэг,/ хх-н 20-р хуудас/

 

- Гэрч Ё.Нэргүйгийн ....Тэр өдөр манай сургуулийн шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулагдсан..., Тэгээд би бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад бүжгийн ая дуусахаар нь ширээ рүүгээ суух гээд явж байтал манай ажлын Нямдорж нь эмч Ганчимэгийн ам хэсэг рүү гарынхаа ар хэсгээр цохиж харагдсан... гэсэн мэдүүлэг    / хх-17-р хуудас/,

 

            -Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015-12-23-ны өдрийн 40 дугаартай :

 

            ... Ц.Ганчимэгийн биед тархи доргилт, доод эрүүний зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл тогтоогдлоо..., Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна..., гэмтлийн зэргийн зааврын 2.4.1.д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт,/ хх-н 35-р хуудас/

 

            - Шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн ...2015-12-23-ны өдөр болон 2016-01-11-ний өдөр Ц.Ганчимэгийг үзэж дүгнэлт гаргасан..., Ц.Ганчимэгийн биед тархи доргилт, доод эрүүний зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүссэн бөгөөд энэ нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэсэн мэдүүлэг..., / хх-н 23-р хуудас / болон гэрч Н.Нансалмаа, С.Энхсаруул, Д.Батсайхан, Д.Даваасүрэн, Д.Амаржаргал, Д.Батхишиг, О.Заяа, нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, Ж.Нямдоржийн үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх түүнд хуульд заасан ял оногдуулжээ.

 

Мөн шүүх хохирогч Ц.Ганчимэгийн эм тарианы болон эмнэлэгт хэвтэж эмчүүлсэнийн төлбөр гэж 2.706.920 төгрөг нэхэмжилсэнээс эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 490.000 төгрөг, зүү эмчилгээ хийлгэсэн 100.000 төгрөг, эм тариа авч хэрэглэсэн 173.200 төгрөг, 129.500 төгрөг, өмгөөллийн хөлс 600.000 төгрөг нийт 1.492.700 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

 

Үүнээс өмгөөлөгчийн хөлс 600.000 төгрөгийг хасаж шүүгдэгчээс 542.700 төгрөг гаргаж хохирогчид олгохоор өөрчлөлт оруулах нь зүйтэй бөгөөд учир нь хохирогч өөрөө хууль зүйн туслалцаа хүсэж өмгөөлөгч хөлсөлж авсан нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш харин хохирогч болон өмгөөлөгчийн хооронд хийгдсэн гэрээний дагуу өөрөө төлөх төлбөр болно. 

 

            Түүнчлэн шүүх хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал гэж 450.000 төгрөг, цалингийн зөрүү гэж 517.520 төгрөг, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн гэж 247.000 төгрөг, 352.500 төгрөг тус тус нэхэмжилснийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

            Ж.Нямдорж нь дээрх гэмт хэргийг 2015 оны 12 дугаар сарын 18-нд үйлдсэн бөгөөд давж заалдах шатны шүүхэд хэрэг хэлэлцэх явцад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн байх тул Ж.Нямдоржийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1., 315 дугаар зүйлийн 315.1.3.,323 дугаар зүйлийн 323.1.1., 325 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 94 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.д заасныг журамлан шүүгдэгч Жамъяны Нямдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2.д зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.Ж.Нямдоржоос 542.700 төгрөг гаргаж хохирогч Ц.Ганчимэгт олгосугай.

 

           3. Ж.Нямдоржид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

           4.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын  шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.