Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 00121

 

Б.Буянбатад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                       Хэргийн индекс 142/2016/0069/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

           Прокурор                                           Б.Бүжинлхам

            Ялтан                                     Б.Буянбат

            Ялтны өмгөөлөгч                            Д.Оюунчимэг

            Нарийн бичгийн дарга                 Б.Ганчимэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ж.Байгалмаа, шүүгч Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолтой Б.Буянбатад холбогдох, 201614000066 дугаартай, эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Их танил” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 40-13 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДО91120413 регистрийн дугаартай, Тайж овогт Батчулууны Буянбат.

 

Шүүгдэгч Б.Буянбат нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 19 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэр 1-р хорооллын 12 байр болон 21 дүгээр цэцэрлэгийн дундах явган хүний зам дээр Б.Байгалмаад хутга тулган, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж 600 төгрөгийг дээрэмдсэн,

 

2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 20 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар цэцэрлэг болон 8 дугаар сургуулийн дундах явган хүний зам дээр Казакстан улсын иргэн Серова Валентина Алексеевнагийн эд хөрөнгийг авах зорилгоор, давтан үйлдлээр, зэвсэг хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон,

 

2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 15-16 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах 4-р сургуулийн арын явган хүний зам дээр Оросын холбооны улсын иргэн Букреева Лариса Юрьевнагийн эд хөрөнгийг авах зорилгоор, давтан үйлдлээр, зэвсэг хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон,

 

2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 16 цаг 15 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-р микрийн 26 дугаар байрны 4 дүгээр орцонд зэвсэг ашиглаж Оросын холбооны улсын иргэн насанд хүрээгүй Тугаринова Даръя Евгеньевнагийн эд хөрөнгийг авах зорилгоор, давтан үйлдлээр зэвсэг хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэргийг тус тус үйлджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Тайж овгийн Батчулууны Буянбатыг давтан үйлдлээр, зэвсэг хэрэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-ийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар шүүгдэгч Б.Буянбатыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Буянбатад оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Буянбатын цагдан хоригдсон 9 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Буянбатад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

Анхан шатны шүүх Б.Буянбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй. Б.Буянбат нь гартаа хутга бариад түүнийгээ бусдад харуулан мөнгө нэхсэн үйлдлийг хийсэн боловч энэ үйлдлээ туйлд нь хүргээгүй бөгөөд нэг хүнээс 600 төгрөг авсан ч хүч хэрэглэж аваагүй болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдоно. Өөрөөр хэлбэл мөнгө өгөхөөс өмнө хүч хэрэглээгүй, айлгаагүй, хутга тулгаагүй. Бусад хохирогч нарт хутга тулгаагүй. Хохирогч нарт тухайн үед амь нас эрүүл мэндэд нь бодитой аюул занал учруулаагүй тул дээрмийн гэмт хэргийг төгс үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Хэргийн бодит байдлыг авч үзвэл Б.Буянбат өөрөө тэндээс мөнгө нэхсэн уг үйлдлээ цаашид үргэлжлүүлэхээс өөрөө татгалзсан байдал хэргээс харагддаг. Хэний ч эд зүйлийг дээрэмдээгүй, хэний ч амь нас эрүүл мэндэд ямар нэгэн гэмтэл учруулаагүй тул дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Б.Буянбат нь дээрэм хийхээр довтолгоон хийгээгүй байхад шүүх хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэж дүгнэсэн нь нотлогдож тогтоогдоогүй зүйлийг үндэслэсэн гэж үзэхээр байна. Ийм байдал үнэхээр болоогүй гэдэг нь хохирогч нарын мэдүүлгээр нотлогдоно. Өөрөөр хэлбэл мөнгө нэхээд өгөхгүй бол тэгнэ шүү, ингэнэ шүү гэж заналхийлсэн, зодох цохих зэргээр хүч хэрэглэх хийж хутгыг биед нь тулган айлгаагүй. Тийм учраас түүнийг дээрмийн гэмт хэрэг биш, бусдын эд зүйлийг булааж авах үйлдэл хийсэн ч түүнээсээ өөрөө сайн дураараа татгалзсан гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Иймд зүйлчлэлийг өөрчлөн, ялыг хөнгөрүүлсэн заалтыг шийтгэх тогтоолд оруулж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Бүжинлхам дүгнэлтдээ:

 

Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ялтан Б.Буянбат нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 19 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэр 1-р хорооллын 12 дугаар байр болон 21 дүгээр цэцэрлэгийн дундах явган хүний зам дээр Б.Байгалмаад хутга тулган, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, 600 төгрөгийг дээрэмдсэн,

 

- 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 20 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар цэцэрлэг болон 8 дугаар сургуулийн дундах явган хүний зам дээр Казакстан улсын иргэн Серова Валентина Алексеевнагийн эд хөрөнгийг авах зорилгоор, давтан үйлдлээр, зэвсэг хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон,

 

- 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 15-16 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах 4-р сургуулийн арын явган хүний зам дээр Оросын холбооны улсын иргэн Букреева Лариса Юрьевнагийн эд хөрөнгийг авах зорилгоор, давтан үйлдлээр, зэвсэг хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон,

 

- 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 16 цаг 15 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-р микрийн 26 дугаар байрны 4 дүгээр орцонд зэвсэг ашиглаж Оросын холбооны улсын иргэн насанд хүрээгүй Тугаринова Даръя Евгеньевнагийн эд хөрөнгийг авах зорилгоор, давтан үйлдлээр зэвсэг хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь ялтан, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэргийн зүйлчилсэн зүйлчлэл зөв, оногдуулсан ял түүний гэм бурууд тохирсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт ялтны өмгөөлөгч Д.Оюунчимэг: Хохирогч нар хүч хэрэглэн айлгаж заналхийлсэн талаар огт ярьдаггүй. Б.Буянбат нь дээрэм хийхээр довтолгоон хийгээгүй байхад шүүх хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэж дүгнэсэн нь нотлогдож тогтоогдоогүй зүйлийг үндэслэсэн гэж үзэхээр байна. Чи эд хөрөнгө мөнгөө өг, өгөхгүй бол биед чинь гэмтэл учруулна гэх мэтээр заналхийлэхийг л заналхийлсэн гэнэ байх. Энэ хүний гарт хутга байсныг хүмүүс харсан ч Б.Буянбат хутгаа хэрэглээгүй. Тэрнээс бусдын амь нас эрүүл мэндэд аюул учруулахуйцаар бодитойгоор довтлоод дээрэмдсэн зүйл бол байхгүй..., түүнийг дээрмийн гэмт хэрэг биш, бусдын эд зүйлийг булааж авах үйлдэл хийсэн ч түүнээсээ өөрөө сайн дураараа татгалзсан гэж үзэх үндэслэлтэй... гэж гомдол гарган тайлбарлаж байгаа нь

 

Хохирогч Б.Байгалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Яг тэр залуутай зөрөх үед тэр залуу миний зүүн гараас нэг гараараа барьж аваад хутга гаргаж ирээд мөнгөө өг гэсэн. Тэгэхээр нь би тэр залууд эгчид нь мөнгө байхгүй шүү дээ итгэхгүй бол чи үз гэж хэлээд өөрийн гар цүнхээ үзүүлсэн. Өмсөж явсан куртикнийхээ халаасанд гараа хийгээд үзсэн чинь задгай хэдэн төгрөг байсан. Би тэр мөнгөө тэр чигт нь атгаж гаргаад нөгөө залууд эгчид нь байгаа мөнгө л энэ гэж хэлээд өгсөн...” мэдүүлэг /хх-ийн 79-р хуудас/,

 

Хохирогч Серова Валентина Алексеевна мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн орой нохойгоо салхинд авч гараад байрныхаа орчим алхаж явтал үл таних эрэгтэй хүн ирээд хутга гаргаад намайг мөнгө, гар утсаа өг гэж гараараа дохиод байсан...” мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

 

Насанд хүргээгүй хохирогч Тугаринова Даръя Евгеньевна мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...намайг 2 давхарт гарч ирэхэд нөгөө хүн шатан дээр зогсоод намайг хажуу талаараа гаргахгүй байсан. Хажуу талаар нь гараад явах гэхээр нь урдуур ороод зам хориод шахаад байсан. Нөгөө талаар нь гараад гарах гэсэн чинь мөн л урдуур орж ирээд зогссон. Надаас 20-30 орчим см зайнд зогсож байсан. Гэтэл нөгөө эрэгтэй хүн хаанаас гаргаж ирсэнийг мэдэхгүй ямар ч байсан хар өнгийн бариултай жижиг хутга гаргаж ирээд баруун гартаа бариад зүүн гарынхаа хурууг хооронд имрээд мөнгө өгөө наашаа өг гэсэн дохио үзүүлсэн...” мэдүүлэг  /хх-ийн 17-р хуудас/,

 

Хохирогч Букреева Лариса Юрьевна мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр салхинд гараад 4 дүгээр сургуулийн ард явж байхад миний араас нэг монгол залуу дайраад хутга гаргаад миний гар цүнхнээс бариад авах гээд татаад чангаагаад байсан...” мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

 

Ялтан Б.Буянбатын мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт:

 

...Орос эмэгтэй руу ойртоод хутга гаргаад гарынхаа хуруугаар мөнгө тоолж байгаа мэт дүр үзүүлээд мөнгө өг гэж дохио үзүүлсэн чинь нөгөө Орос эмэгтэй чанга чанга яриад толгой сэгсэрээд байхаар нь хажуу талаар нь гараад гүйгээд явсан. ...тэр охины хажуу талаар нь гүйж орц руу ороод 3 давхарт нь гараад буцаж буусан. Эргээд бууж байхад нөгөө охин 2 давхарт гарч ирж байсан. Тэгэхээр нь бага зэрэг зайтай зогсож байгаад хутгаа гаргаад мөнгө байна уу гээд дохиогоор үзүүлсэн чинь толгой сэгсэрсэн. ...Орос эмэгтэй эмнэлгийн тийшээ алхаж байсан. Тэгэхээр нь араас нь дагаж явж байгаад 4 дүгээр арван жилийн сургуулийн зүүн талд урд нь орж эргэж хараад хутгаа гаргаад мөнгө тоолж байгаа юм шиг дүр үзүүлээд мөнгө нэхсэн чинь нөгөө Орос эгч толгой сэгсэрээд хоёр тийшээ хүн хараад байгаа бололтой байхаар нь гүйгээд явчихсан юм. /хх-ийн 67-р хуудас/,

 

01 сарын 26-ны өдөр 21-р цэцэрлэгийн тэнд монгол эгчтэй таараад мөнгө байна уу? гэсэн чинь мөнгө байхгүй, эгч нь гэрээсээ ороод аваад өгье гэсэн. Халааснаасаа 600 төгрөг гаргаж өгсөн. Тэгээд Барилгачины талбай руу гүйсэн. Нохойгоо салхилуулж байсан орос эгчээс мөнгө байна уу гээд гараараа дохио үзүүлсэн чинь хажуу тийшээ хараад чанга яриад байхаар нь гүйгээд явсан. 01 дүгээр сарын 29-ний өдөр 1-26-р байрны урд нэг хүүхэд орц руугаа орох гээд чулуу авах гээд тонгойж байхаар нь хажуугаар нь ороод хоёр давхарт нь гараад зөрөхөд нь зайтай зогсож байгаад гараараа мөнгө гэсэн дохио үзүүлсэн чинь толгойгоо сэгсрээд хажуу талынхаа ханыг цохьсон. Тэгэхээр нь би айсандаа зугтаасан. Ингээд 1-26-р байрны цаашаа яваад 1-р 10-н жилийн наахан талд явж байсан орос эмэгтэйн урдуур нь гүйж очоод хутгаа гаргаад цүнх рүү нь заасан чинь хоёр тийшээ хараад юм яриад байсан. Тэгэхээр нь зугтаасан... /хх-ийн 148-р хуудас/ гэсэн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэх бөгөөд Б.Буянбатын дээрх давтан үйлдлийг бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авч чадсан эсэхээс үл хамаарч хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолгоон хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогдохоос гадна Б.Буянбат нь хохирогч Б.Байгалмаагаас мөнгөө өг гэж, бусад хохирогч нар руу довтлохдоо тэдний нүдэнд харагдахуйц байдлаар гартаа хутга барьж харуулан мөнгө, гар утсыг дохио зангаа хэрэглэх байдлаар өгөхийг шаардаж байгаа үйлдэл нь бусдын биед хүчирхийлэл хийхэд чиглэгдсэн идэвхтэй үйлдэл бөгөөд бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны заналхийлэл гэж үзнэ.

 

Иймд ялтны өмгөөлөгч Д.Оюунчимэгийн “...хүч хэрэглээгүй, айлгаагүй, хутга тулгаагүй. Бусад хохирогч нарын хувьд ч гэсэн хэнд нь хутга тулгаагүй. Хохирогч нарт тухайн үед амь нас эрүүл мэндэд нь бодитой аюул занал учраагүй тул дээрмийн гэмт хэргийг төгс үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын Улсын ерөнхий прокурор шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.