Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 00122

 

Д.Батсүхэд захиргааны шийтгэвэр

                                      ногдуулсан хэргийн тухай

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 215 дугаар шийтгэвэртэй Д.Батсүхэд холбогдох захиргааны зөрчилтэй хэргийг, зөрчил гаргагч Д.Батсүхийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 23-ны төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Манхан 1-07 тоотод оршин суух, ГН65022331 регистрийн дугаартай, Хайлантай овогт Дашнямын Батсүх.

 

Орхон аймгийн Цагдаагийн газраас:

 

Д.Батсүх нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан хэл амаар доромжилсон байх тул хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлт ирүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 215 дугаар шийтгэврээр:

 

Монгол Улсын Захиргааны Хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар З.Батсүхэд 15 / арван тав/ хоног баривчлах шийтгэл ногдуулж, энэ материалд хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт байхгүй, зөрчил гаргагч З.Батсүхэд шийтгэврийн хувийг гардуулж, шийтгэвэрт зөрчил гаргасан этгээд, хохирогч, өмгөөлөгч шийтгэврийн хувийг хүлээн авсанаас хойш 10 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Зөрчил гаргагч Д.Батсүх давж заалдах гомдолдоо: “Даваат багийн харъяат 1-7-д оршин суух Дашням овогтой Батсүх би 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр архи ууж 14 хоногоор баривчлагдсан. Иймд бие болон эрүүл мэндийн байдал муу байгаа учир баривчлагаанаас чөлөөлж өгнө үү. Архи дахин ууж ийм байдал гаргахгүй” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Д.Батсүх нь 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат баг Манхан 1-07 тоотод оршин суудаг бөгөөд өөрийн гэрийн цонх руу хүрз авч шидэн хэл амаар доромжилон хэрүүл маргаан үүсгэж, амгалан тайван байдал алдагдуулан танхайрсан болох нь зөрчлийн талаар асуусан тэмдэглэл, зөрчлийн тухай 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл, зөрчил гаргагч Д.Батсүхийн тайлбар зэргээр нотлогдож тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүхээс Д.Батсүхэд ногдуулсан шийтгэл нь түүний гаргасан зөрчил болон хувийн байдалд тохирсон байх тул зөрчил гаргагчийн “...эрүүл мэндийн байдал муу байгаа учир баривчлагаанаас чөлөөлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1., Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 215 дугаар шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч Д.Батсүхийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Магадлалын хувийг Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах байранд хүргүүлсүгэй.

 

3. Магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.