Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 07

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сайхан сумын Ардын намын хороонд

 холбогдох захиргааны зөрчлийн

 тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

Даргалагч шүүгч                             Б.Батзориг

Шүүгчид                                Ц.Амаржаргал

Д.Буянжаргал

  Оролцогчид:

Гомдол гаргагчийн төлөөлөгч     Д.Даваахүү

                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Сарантуяагийн шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай “Захиргааны шийтгэл оногдуулахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн гомдол гаргагчийн төлөөлөгч Д.Даваахүүгийн давж заалдах гомдлоор Сайхан сумын Ардын намын хороонд холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 06 дугаар сарын 27ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасгаас “Сайхан сумын Монгол Ардын нам нь сонгуулийн ухуулах байрандаа LED дэлгэцээр сонгуулийн сурталчилгааг байнга явуулж байгаа нь Сонгуулийн хуулийг зөрчиж байна” гэх Сайхан сумын Ардчилсан намаас ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгаж, шийдвэрлүүлэхээр материалыг Сайхан сум дахь Сум дундын  шүүхэд шилжүүлснийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх 05 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны шийтгэл  оногдуулахаас татгалзсан байна.

                           

        Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Ардчилсан намын дарга С.Энхтайваны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваахүү  давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        “…Шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд  үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна. Үүнд:

        1.Зөрчлийн материалыг гомдол гаргагч болон зөрчилд холбогдсон этгээдэд танилцуулаагүй байна.

        2.Захиргааны зөрчлийг шалгахдаа талуудад Захиргааны хариуцлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрхийг танилцуулаагүй.

        3. Шүүх захиргааны зөрчлийг хянан хэлэлцэх товыг гомдол гаргагч талд мэдэгдээгүй.

       

2.

 

        4. 2016.06.10-ны өдрийн  Сонгуулийн ерөнхий хорооноос Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 337 дугаартай зөвлөмж хэлбэрээр гаргасан эрх зүйн актыг албан тоот гэж үзэж нотариатаар гэрчлүүлээгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

         Монгол Ардын намын хороо нь ухуулах байранд LED  дэлгэцийг тогтмол ажиллуулж, нэр дэвшигчийн намтар, мөрийн хөтөлбөрийг сурталчилж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж гомдол гаргасан нь үндэслэлтэй.

        Шүүгч уг захирамжийг гаргахдаа Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн    5.1.5-д заасан маргааныг шуурхай үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх зөрчмыг зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгуулахаар гомдол гаргаж буйг хүлээн авна уу” гэжээ.

 

Тодорхойлох  нь:

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасгаас “Сайхан сумын Монгол Ардын нам нь сонгуулийн ухуулах байрандаа LED дэлгэцээр сонгуулийн сурталчилгааг байнга явуулж байгаа нь Сонгуулийн хуулийг зөрчиж байна” гэх Сайхан сумын Ардчилсан намаас ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгаж, шийдвэрлүүлэхээр материалыг 2016 оны 06 дугар сарын 20-нд Сайхан сум дахь Сум дундын  шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх зөрчлийн материалыг хүлээн авч танилцаад Монгол Ардын намын хороо нь Сонгуулийн тухай хууль зөрчиж хууль бус, хуулиар хориглосон сурталчилгаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнээд захиргааны шийтгэл ногдуулахаас татгалзаж шийдвэрлэсэн 05 дугаартай  шүүгчийн захирамж нь “...хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

        Захиргааны зөрчлийн материал болон гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваахүүгийн гомдлын үндэслэлийн дагуу зөрчлийн материалыг судлан үзэхэд:

        Сайхан сум дахь Монгол Ардын намын  хороо нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газрын өмнөх талбайд асар байрлуулан, намын ухуулах байрыг ажиллуулж, уг байрандаа Led дэлгэцээр Улсын Их хурлын 27 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч С.Бүрэнбатын намтар, намын мөрийн хөтөлбөр зэргийг сурталчилсан нь зөрчлийн материалд авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа хэдий боловч Сонгуулийн тухай хууль зөрчөөгүй байна.

 

        Энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, Монгол Ардын намын хороонд захиргааны шийтгэл ногдуулахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05  дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваахүүгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

         Харин Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Арга зүйн зөвлөгөө өгөх тухай” 337 дугаартай албан бичгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байх бөгөөд Сонгуулийн тухай хуулийг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, Сонгуулийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ  нь:

 

        

 

3.

 

         1.  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05  дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваахүүгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

        2. Энэхүү магадлал нь эцсийн шийдвэр болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД                            Ц.АМАРЖАРГАЛ

 

                                               Д.БУЯНЖАРГАЛ