Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 302/ШШ2025/00061

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, регистрийн ********** дугаартай, Б аймгийн Нийгмийн даатгалын газар /дарга М.А, утас: ***********/

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, регистрийн ******** дугаартай, А ХХК /захирал М.К/

Нэхэмжлэлийн шаардлага: Дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 132,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч А ХХК-д холбогдуулан дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 132,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.А ХХК нь 2023 оны 12 дугаар сараас эхлэн аймгийн Нийгмийн даатгалын газарт шимтгэл төлөгчөөр бүртгэгдэн шимтгэл төлж эхэлсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлээ дутуу төлж тайлагнаж байсан. Уг хугацаанд Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж заасныг зөрчиж 132,000 төгрөгийн шимтгэлийг дутуу төлж нийгмийн даатгалын санг хохироосон. Тус компани захирал, нягтлан бодогч нараас удаа дараа шаардсан боловч төлөөгүй.

1.2.Иймд А ХХК-ийн дутуу төлсөн шимтгэл болох 132,000 төгрөгийг төлүүлж аймгийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү.

2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтэд:

2.1.А ХХК нь нийгмийн даатгалын өрийг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Шүүхээс нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч А ХХК-нд холбогдох иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 63,000 төгрөгийг Б аймгийн Нийгмийн даатгалын газарт төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 58 дугаартай албан бичгээр шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байгаа тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Энэ нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 4,610 төгрөгийн тал нь болох 2305 төгрөгийг хариуцагч А ХХК-аас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй

6.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч А ХХК нь дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 132,000 /нэг зуун гучин хоёр мянган/ төгрөгийг Б аймгийн Нийгмийн даатгалын газарт төлж өгч, нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 4,610 төгрөгийн тал нь болох 2,305 /хоёр мянга гурван зуун таван/ төгрөгийг хариуцагч А ХХК-аас гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МАНГИЛИК