Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 27

 

М.Эрдэнэчимэгт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Д.Көбеш, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч М.Эрдэнэчимэг түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолтой М.Эрдэнэчимэгт холбогдох эрүүгийн 201621010007 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд 1968 онд төрсөн, 48 настай, эмэгтэй, урьд ял шийтгэлгүй, Шарнууд овгийн Муучхайгийн Эрдэнэчимэг нь алдуул мал завших гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүх “Шүүгдэгч Муучхайгийн Эрдэнэчимэгийг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан үндэслэлээр шүүгдэгч М.Эрдэнэчимэгт Ховд аймгийн Булган сум дахь Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч М.Эрдэнэчимэгийн 2 тооны үхрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгон битүүмжлэлийг цуцалж 2 тооны үхрийг М.Эрдэнэчимэгт буцаан олгож, хохирогч Х.Батмөнх нь нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж ” шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасантай нийцээгүй байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг ямар гэмт хэрэг үйлдсэн талаар дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-т заасныг зөрчсөн мөн шийтгэх тогтоолын 1 дэх заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйл, заалтыг баримтлалгүйгээр шүүгдэгчийг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.1-д заасныг зөрчсөн байна.

Үүнээс харахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дугаар зүйлийн 290.2-т заасныг зөрчин таамаглалд үндэслэж, шүүгдэгч М.Эрдэнэчимэгийг гэм буруутайд тооцсон байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.3-т “хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, энэ хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу юм.

Мөн хэрэг бүртгэгч Н.Батжаргал нь иргэн Х.Баянмөнхөөс ирүүлсэн гомдол, мэдээлэлтэй танилцсан мэтээр өөрийн санаачилгаар эрүүгийн хэрэг үүсгэж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж байна. Эрүүгийн хэрэгт авагдсан баримтаар миний үйлчлүүлэгч М.Эрдэнэчимэг нь хохирогч Х.Баянмөнхийн 1 тооны эм үхрийг завшаагүй, өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Эрдэнэчимэгийг цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч М.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө давж заалдсан гомдлыг нь дэмжиж байна.

 Х.Баянмөнхийн алга болсон үхрийг шийдэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь:

            Шүүгдэгч М.Эрдэнэчимэг нь бусдын өмчлөлийн 3 тооны үхрийг өөрийн үхэрт нийлсэн  гэдгийг орон нутгийн засаг захиргаанд мэдэгдэж, тэмдэглүүлээгүй эс үйлдэхүй нь уг үхрийг өөрийн өмчлөлийн үхэр мэтээр захиран зарцуулах боломж нөхцөлийг өөртөө бүрдүүлсэн байна. Үүнээс эхлэн уг гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдсан гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа тоолох 3 цаг хугацаа байна.

            Үүнд: Нэг. Шүүгдэгч М.Эрдэнэчимэгийн ямар нэг оролцоогүй, хохирогч Х.Баянмөнхийн хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр 3 үхэр ижил сүргээсээ тасарч, салж явсан цаг хугацаа.

            Хоёр.  Уг 3 тооны үхэр шүүгдэгч М.Эрдэнэчимэгийн үхэрт ирж нийлсэн цаг хугацаа.

            Гурав. Хохирогч Х.Баянмөнх нь өөрийн алдагдсан үхэр шүүгдэгчийн эзэмшилд байгааг мэдэж 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр М.Эрдэнэчимэгтэй очиж уулзсан өдөр буюу гэмт үйлдэл нь таслан зогсоогдсон цаг хугацаа байна.

            Энэ тохиолдолд шүүх М.Эрдэнэчимэгийн үйлдэл, эс үйлдэхүй таслан зогсоогдсон цаг хугацаа буюу 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн Эрүүгийн хариуцлагад татах хугацааг тоолох нь зүйтэй.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Эрдэнэчимэгийн үйлдэл, эс үйлдэхүй нь иргэн Х.Баянмөнхийн 3 тооны үхэр өөрийнхөн үхэрт ирж нийлсэн үеэс эхлэн хохирогч  Х.Баянмөнхийг ирж уулзах хүртэл хугацаанд удааширсан байна.

            Иймд удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт үйлдэл нь илэрсэн буюу таслан зогсоогдсон өдрөөс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй юм.

            Хохирогч, шүүгдэгч нар нь мөн шүүхийн шүүх хуралдаан дээр “Х.Баянмөнх нь 2016 оны 01 дүгээр сарын 06-нд ирж шүүгдэгч М.Эрдэнэчимэгтэй уулзсан” гэж мэдүүлсэн байна.

            Иймд шүүх хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа дуусаагүй байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан үндэслэлээр  М.Эрдэнэчимэгт  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн байна.

            Мөн шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс эхлэн тоолоод хөнгөн гэмт хэргийн эрүүгийн хариуцлагад татах 6 сарын хугацаа дууссан гэж үзсэн талаараа дүгнэлт хийгээгүй нь шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

            Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “миний үйлчлүүлэгчийн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй тул цагаатгаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.

 

 

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2. Хэргийг тус шүүхэд очтол шүүгдэгч М.Эрдэнэчимэгт гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3. Энэ магадлал нь нэн даруй заавал биелэгдэх бөгөөд Хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүйг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.НЯМБАЯР

                     ШҮҮГЧИД                                     Д.КӨБЕШ

                                                                            Б.ДАМБА