Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 28

 

Т.Дашнямд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Анхбаяр, ялтан Т.Дашням, түүний өмгөөлөгч Ц.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолтой Т.Дашнямд холбогдох эрүүгийн 201520000302 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1944 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Шовх овогт Төвсанаагийн Дашням нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутаг “Сээр” гэх газарт 64-41 УНК улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэглэсээр санаатайгаар иргэн Х.Пүрэвсүрэнг дайрч бие махбодид нь хүнд гэмтэл, иргэн Б.Рагчааг дайрч бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Дашнямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 болгон хөнгөрүүлэн өөрчилж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар шүүгдэгч Т.Дашнямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Дашнямыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас согтуугаар, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Т.Дашнямыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 / хоёр / жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т.Дашнямд оногдуулсан 2 /хоёр / жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Т.Дашнямд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж,1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Т.Дашнямд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын эдлэх хугацааг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлж тоолохоор” шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй буюу шүүхээс Т.Дашнямд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд замын хөдөлгөөнд оролцохдоо нийтийн хэрэгцээний замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн аль тохирох хэсгээр зүйлчлэх бөгөөд тухайн этгээд хэдийгээр тээврийн хэрэгсэл жолоодсон боловч гэр ахуйн хүрээнд ачаа буулгах тодорхой үйл ажиллагаа явуулахдаа хөдөлмөр хамгааллын дүрэм зөрчиж бусдад хор уршиг учруулсан байвал Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр зүйлчлэхээр хуульчилсан байна.

Гэмт этгээд хүний бие махбодид гэмтэл санаатай учруулахдаа тээврийн хэрэгсэл ашигласан бол хор уршгийн байдлын харгалзан түүний гэмт үйлдлийг хүний бие эрүүл мэндийн буюу бусад гэмт хэргийн тохирох зүйл хэсгээр зүйлчилнэ.

 Мөн шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын санаатай гэм буруугийн хэлбэр тогтоогдохгүй байна гэсэн нь хуульд нийцээгүй байна.  Шүүхээс шүүгдэгч Т.Дашням нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөний улмаас бусдын биед хөнгөн, хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэлээ гэсэн нь хуульд нийцээгүй байна.

Шүүх хууль буруу хэрэглэж шүүгдэгч Т.Дашнямд ял завшуулсан шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Ялтны өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний нэг шинж нь үгүйсгэгдвэл уг гэмт хэрэгт тооцохгүй гэж байна.

 Гэтэл Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлд гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулсан бол гэмт хэрэгт тооцож эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж заасан байдаг.

Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бол ялтны санаатай үйлдлийг нотлох ёстой байсан. Гэтэл энэ талаар хавтаст хэрэгт нэг ч нотлох баримт байхгүй. Хэрвээ тээврийн хэрэгсэлийн зэвсгийн чанартайгаар ашигласан гэж үзвэл энэ машиныг битүүмжлэх ёстой байсан.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн бүхий л шаардлагыг хангаж гарсан гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэл нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн байна.

 Иймд прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Ялтан Т.Дашням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

 Прокурорын эсэргүүцлийг буруу гарсан тул үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Би энэ хэргийг санаатай хийгээгүй. Санаандгүй хийсэн гэв.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Увс аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Дашнямыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутаг “Сээр” гэх газарт 64-41 УНК улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр санаатайгаар иргэн Х.Пүрэвсүрэнг дайрч бие махбодид нь хүнд гэмтэл, иргэн Б.Рагчааг дайрч бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүх Т.Дашнямын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийн  бүрэлдэхүүний шинж байхгүй бөгөөд харин мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна. Учир нь:

Мөрдөн байцаалтаар хохирогч Х.Пүрэвсүрэн, Б.Рагчаа гэрч Ж.Оюунбат, шүүгдэгч Т.Дашням нар нь 2 литрийн савтай “Боргио” нэртэй 5 ширхэг пиво уусан, хохирогч Х.Пүрэвсүрэн шүүгдэгч Т.Дашням нар нь хоорондоо маргалдаж, хэрэлдсэн, энэ үед тэднийг салгах гэж дундуур нь орсон хохирогч Б.Рагчаагийн эрүү орчимд Т.Дашням гараараа нэг удаа цохисон, дараа нь бүгдээрээ эвлэрч үлдсэн нэг пивоо уусан.

Үүний дараа шүүгдэгч Т.Дашням машинаас гэрээ буулгаж барина гээд босоод явах үед хохирогч Х.Пүрэвсүрэн, Б.Рагчаа нар нь сууж байсан газартаа суугаад үлдсэн байдаг.

 Хохирогч Х.Пүрэвсүрэн, Б.Рагчаа нар нь ертөнцийн зүгээр хойт зүг рүү салхины эсрэг хараад юм яриад сууж байсан, харин гэр ачсан портер машин ертөнцийн зүгээр урд зүгт байсан, энэ үед машин маш хүчтэй хаазлах чимээ гарч хохирогч нарыг машин араас нь ирж мөргөсөн гэх хэргийн нөхцөл байдал тогтоогдсон байна.  Энэ үед гэрч Ж.Оюунбат сууж байсан газартаа унтаж байсан гэж мэдүүлдэг.

Харин мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Пүрэвсүрэнгийн “...тухайн үед салхины чиг хойноосоо урагшаа чиглэлтэй байсан ба би Б.Рагчаатай юм яриад сууж байтал гэнэт миний араас машин мөргөсөн[1] ”, хохирогч Б.Рагчаагийн “...Пүрэвсүрэн бид хоёр машин руу харахгүй хоорондоо юм яриад сууж байтал машин хүчтэй хаазлах чимээ гарахаар эргэж харахад Т.Дашням машинтайгаа маш хурдтай ирээд бид хоёрыг мөргөсөн[2] ”  гэх мэдүүлгүүд болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл[3] , гэрэл зургийн үзүүлэлтүүд[4] , Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол тогтоосон акт[5], замын бүдүүвч зураг[6]  зэрэг нотлох баримт баримтуудыг дүгнэж үзэхэд шүүгдэгч Т.Дашням нь гэрээ барих газраа машинаа авчирна гэж явсан боловч хохирогч нарыг машинаар дайрсан, ингэхдээ хөдөлгөөний чигээ өөрчилж, цаашаа хараад сууж байгаа хүмүүсийн ар талаас нь  хурдтай очиж дайрсан үйлдлийг зориуд хийжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийнхөө үйлдлийн улмаас учрах хор уршгийг хүсээгүй боловч хөдөлгөөний чиглэлээ өөрчлөн цаашаа хараад сууж байгаа хүмүүсийн ар талаас чиглэн хурдтай очсон “үйлдэл”-ийг зориуд хийсэн байна.

Иймд шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар бүлэг буюу хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд харин 24 дүгээр бүлэг буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “Монгол Улсын эрүүгийн хуулийн зорилт нь ...эрх зүйн журмыг гэмт халдлагаас хамгаалахад оршино” гэж заасан байдаг. Энэ утгаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн объект нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт  бөгөөд нэмэгдэл обьект нь хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгө байдаг.

Харин шүүгдэгч Т.Дашням нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объект буюу Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчих биш харин мөн 15 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн объект буюу хүний эрүүл мэнд, амь биед гэмтэл учруулах үйлдлийг зориуд хийхдээ тээврийн хэрэгслийг ашигласан байна. 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2. Хэргийг тус шүүхэд очтол шүүгдэгч Т.Дашнямыг бусдын батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3. Энэ магадлал нь нэн даруй заавал биелэгдэх бөгөөд Хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүйг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.НЯМБАЯР

                   ШҮҮГЧИД                                      Б.ДАМБА                                                                           

                                                                          Д.КӨБЕШ

 


[1] Нэгдүгээр хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас

[2] Нэгдүгээр хавтаст хэргийн 39-44 дүгээр хуудас

[3] Нэгдүгээр хаваст хэргийн 5-6 дугаар хуудас

[4] Нэгдүгээр хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас

[5] Нэгдүгээр хавтаст хэргийн 12 дугаар хуудас

[6] Нэгдүгээр хавтаст хэргийн 13 дугаар хуудас