Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 380

 

 

        Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нарт

        холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Гансүх, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Мөнхгэрэл,

ялтан Б.Долгорсүрэн /цахим  сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,

ялтан Б.Чанцалдулам /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Ц.Мөнхбат,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

   Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 465 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Б.Долгорсүрэн, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр, ялтан Б.Чанцалдулам, түүний өмгөөлөгч Ц.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нарт холбогдох эрүүгийн 201625020026 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овогт Батболдын Долгорсүрэн, 1993 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран 1 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Дунд тасганы 6 дугаар гудамжны 5 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй /РД:АЧ93071408/,

2. Боржигон овогт Батболдын Чанцалдулам, 1991 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Буурал цахиртын оргил” ХХК-ийн Нарлаг цайны газарт тогооч ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхэд, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран 1 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Дунд тасганы 6 дугаар гудамжны 5 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй /РД:АГ91101128/,

Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 21-нээс 22-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 10 дугаар байрны 7 дугаар орцны 2 дугаар давхарт Б.Долгорсүрэнгийн төрүүлсэн 1 нас 7 сартай охин Намуунааг хаясаны улмаас хүүхдийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нарт прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлснээс “урьдчилан үгсэн тохиролцож” гэдгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэг болгон өөрчилж, Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нарыг төрүүлсэн хүүхдээ хаясны улмаас хүүхдийн амь нас хохирсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэгт зааснаар Б.Долгорсүрэнг 5 жилийн хорих ялаар, Б.Чанцалдуламыг 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нарын тус бүр цагдан хоригдсон 14 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Долгорсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...эцэг эх хоёр маань салснаас хойш бидний амьдрал доройтож, байр хөлсөлж амьдрах болсон. Эх маань биднийг орхиж явахдаа бүх бичиг баримтыг аваад явсан тул төрүүлсэн охин Намуунааг эмнэлэгт үзүүлж чадахгүй хүндрэлтэй болсон. Эгч Б.Чанцалдулам нь ажил хийж биднийг тэжээн тэтгэж ирсэн... амьдрал маань хэцүү болохоор үр хүүхдээ өсгөж чадахгүйд хүрээд 2015 оны 12 дугаар сарын 21-ний орой би охиноо сайн хүн аваад өсгөх байх гэж бодоод айлын гадаа аваачиж тавьсан. Тавихдаа ганцаараа явсан... охиныхоо амь насанд хохирол учирна гэж үнэхээр санаагүй... өөрийн гэм буруутай үйлдэлдээ их харамсаж байна... тухайн үед эгчтэйгээ хамт явсан гэж хэлвэл зүгээр байх гэж бодоод тэгж хэлсэн. Түүнээс биш эгч Б.Чанцалдулам нь надтай хамт яваагүй. Эгчийгээ ийм байдалд оруулсандаа маш их гэмшиж байна... одоо харж хандах хүнгүй ард үлдсэн бага наснаас өсвөр насны өнчин 4 дүү нартаа маш их санаа зовож байна. Миний амьдрал ахуйг харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Миний бие цаашид амьдралдаа дахин алдаа дутагдал гаргахгүй...” гэв.

Ялтан Б.Чанцалдулам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2010 онд нөхөр Мөнхбаяртай гэр бүл болж Архангай аймагт амьдардаг байсан. 2015 оны 6 дугаар сард эцэг эх хоёр маань салж дүү нар маань харж хандах хүнгүй, орох оронгүй үлдсэн... би аргагүйн эрхэнд хотод үлдэн ажил хийж дүү нараа тэжээн тэтгэж явсан... эх маань салахдаа бүх бичиг баримтуудыг аваад явчихсан тул дүү Б.Долгорсүрэн ажилд орж чадахгүй, 3 бага дүүгийнхээ хүүхдийн мөнгийг ч авч чадахгүй болсон... би дүү Б.Долгорсүрэнгийнхээ үр хүүхдийг гадуурхаж байгаагүй... 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дүү Б.Долгорсүрэнд “...гадуур битгий тэнэ, ажил төрөл олж хий, эсвэл хүүхдээ асрамжийн газар өгвөл ядаж гэдэс нь цатгалан явах байхдаа...” гэж ярьж байгаад гарсан. Намайг гэртээ эргээд ирэхэд дүү Б.Долгорсүрэн өөрийн охин Намуунааг аваад явчихсан байсан. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа ирэхэд нь “Охиноо яасан юм бэ” гэж асуухад “Найзындаа орхичихсон” гэж хэлсэн... би дүүтэйгээ хамт яваагүй. Б.Долгорсүрэн нь “Эгчтэйгээ хамт явсан гэж хэлвэл болох юм шиг санагдаад тэгж хэлсэн” гэж хэлж байсан. Мөрдөн байцаалтын шатанд бид хоёрыг өмгөөлөгчгүй байцаасан, мөн хэргийн материалыг танилцуулаагүйд гомдолтой байна. Хэрэг маань шүүхэд шилжсэн хойно өмгөөлөгч авсан... одоо харж хандах хүнгүй үлдсэн өнчин дүү нартаа санаа зовж байна. Иймд ар гэрийн байдлыг маань харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Миний бие цаашид өнчин дүү нараа өгсөж хүмүүжүүлэхийн төлөө ажиллаж амьдрах болно...” гэв.

Ялтан Б.Долгорсүрэнгийн өмгөөлөгч Ж.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхээс шүүгдэгч нар нь хүүхдийг өвдөөд удсан, шөнө болгон халуураад байгаа гэдгийг мэдсээр байж эмнэлэгт хандаж үзүүлээгүй, шөнө орой болсон хойно өвчтэй хүүхдийг нимгэн хувцастай авч гарч орцонд хүйтэн шалан дээр хаясан нь үхэлд хүргэх гол шалтгаан болсон гэж дүгнэсэн. Ялтан Б.Долгорсүрэнг хүүхдээ хаясны улмаас хүүхдийн амь нас хохирсон гэж үзэхэд эргэлзээтэй. Учир нь хүүхэд уушгины хатгаа өвчний улмаас нас барсан нь шүүх эмнэлгийн шинжээчийн 186 тоот дүгнэлтээр тогтоогддог. Мөн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...үзлэгийг дулаан цаг агаартай гэрэлд 01 цагт эхэлж 01 цаг 25 минутад дуусгав...” гэжээ. Энэ нь тухайн орчин буюу орцны давхар нь дулаахан бөгөөд хүний амь нас хохирохоор хүйтэн байгаагүйг нотолж байна. Мөн ялтан Б.Долгорсүрэн хүүхдээ орхиж явснаас хойш удалгүй 1 цагийн дотор иргэн Т.Дорждамба хүүхдийг олж орцны жижүүрт мэдэгдсэнээр цагдаа, түргэн дуудсан байдаг. Б.Долгорсүрэнд хүүхдийнхээ амь насыг хохирооё гэсэн санаа бодол байгаагүй бөгөөд өвлийн хүйтэн орчинд хүүхдээ орхиж явсны улмаас хүүхэд осгож, амь нас хохирсон асуудал биш юм. Харин Б.Долгорсүрэн нь хүүхдийнхээ хатгаа хүндэрснийг мэдээгүй ба ханиад хүрсэн гэсэн ойлголттой явсан нь буруу бөгөөд цалин, хөлсний өөрийн орлогогүй, орон гэргүй, хүүхдээ тэжээн тэтгэх чадваргүйн улмаас хүүхдийг өөр хүн олж аваад сайхан амьдруулна гэж итгэж орцонд орхисон байдаг. Тэрээр анхан шатны шүүх хуралдаанд өөрийн буруутай үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Анхан шатны шүүх түүнд ял шийтгэл оногдуулахдаа хэт нэг талыг барьсан, хэргийн бодит байдалд хууль зүйн үүднээс зөв үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 болгон зөвтгөж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Чанцалдуламын өмгөөлөгч Ц.Мөнхбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ялтан нар нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Б.Долгорсүрэн хүүхдээ ганцаараа авч явж хаясан, Б.Чанцалдулам энэ үйлдэлд оролцоогүй, мэдээгүй” гэдэг. Мөн тэдний төрсөн дүү болох гэрч Б.Чулуунчимэг нь тухайн үед хүүхдийг авч гарсан, хаясан эсэхийг өөрөө хараагүй, цаг хугацааны хувьд хожуу буюу ажлаасаа ирэхэд байхгүй байсан, хаясан байсан зэргээр өөрийн таамаглал төдий эсхүл дамжмал эх сурвалжаас авсан байж болох мэдээллийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн байдаг. Ялтан нарын хувьд хамтдаа явсан гэж хэлвэл хүлээх хариуцлага хөнгөрөх байх гэсэн хань татсан хувийн сэтгэгдэлээр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн талаараа хэлсэн. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүхээс бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл буюу ялтан нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаа үндэслэл, тайлбар, дүгнэлтээ заагаагүй нь тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судласан нотлох баримтуудыг бүрэн бодитой үнэлээгүй буюу мөрдөн байцаалтын явцад яллагдагч нарын гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар батлагдаагүй байхад “Хамт явж хаясан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон нь тогтоогдоогүй ялтан Б.Чанцалдуламыг цагаатгаж өгнө үү...” гэв.

Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...ялтан Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нар нь энэ гэмт хэрэгт хамтран оролцсон болохоо мөрдөн байцаалтын шатанд тус бүр мэдүүлсэн бөгөөд энэ нь тэдний дүү болох гэрч Б.Чулуунчимэгийн өгсөн мэдүүлгээр давхар нотлогддог. Ялтан Б.Долгорсүрэнгийн хүүхдээ хаясан үйлдлийн улмаас хүүхэд өвдөж олон хоногоор эмчилгээ хийгдсэн боловч эмчилгээ  авалгүй нас барсан шалтгаан хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс ялтан Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нарын үйлдсэн хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Анхан шатны шүүх прокуророос Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасан “...урьдчилан үгсэж тохиролцсон...” гэх байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоогүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон бөгөөд хуульд харшлахгүй гэж үзлээ.

Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 21-нээс 22-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 10 дугаар байрны 7 дугаар орцны 2 дугаар давхарын коридор буюу хонгилд Б.Долгорсүрэнгийн төрүүлсэн 1 нас 7 сартай охин Намуунааг хаясаны улмаас хүүхэд хүндээр өвчилж амь нас нь хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

гэрч Б.Оюунчимэгийн “...2015 оны 12 дугаар сарын 21-нээс 22-ны өдөрт шилжих шөнө тус орон сууцны жижүүрийн байранд намайг унтаж байхад 2 давхарын оршин суугч ирээд “Эгчээ манай хаалганы үүдэнд жаахан хүүхэд хаячихсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь дээд давхарт гараад харахад цагаан өнгийн куртик, ягаан өнгийн өмд өмссөн 01 нас гарантай эмэгтэй хүүхэд байсан. Би уг хүүхдийг өрөөндөө авч ороод түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд удалгүй тэд ирсэн... эмч хүүхдийг чагнаж үзээд хоёр уушгиндаа хатгаатай байна гээд эмнэлэг рүү аваад явсан...” /хх-18/,

гэрч Б.Чулуунчимэгийн “...2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 23 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд эгч Б.Чанцалдулам, Б.Долгорсүрэн нар дүү Намуунааг аваад гадагшаа гарчихсан, гурван дүү маань гэртээ байж байсан... 02 цаг өнгөрч байхад хоёр эгч маань орж ирсэн бөгөөд дүү Намуунааг хаана гэдгийг нь мэдэхгүй орхичихсон байсан...” /хх-19-20/,

ялтан Б.Долгорсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...эгч Б.Чанцалдулам 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “...наад хүүхдээ энд тэнд аваачиж тавьдаг юмуу яадаг юм...” гэж хэлсэн... би хүүхдээ тэжээж чадахгүй, манай эгч дүү нар их дургүй байдаг болохоор түүнийг хаяхаар шийдээд шөнө 01 цагийн үед өөрийн охин Намуунаад цагаан өнгийн куртик, ягаан өнгийн малгай, улбар шар өнгийн өмд өмсүүлээд, хөлөөр нь ягаан өнгийн өлгий ороогоод эгч Б.Чанцалдуламтай цуг гарч таксинд суугаад 11 дүгээр хорооллын автобусны буудлын ойролцоо очиж хажуу талын орон сууцны 3 дугаар орцны 2 давхарын коридорт хүүхдээ тавиад явсан. Тухайн үед охин маань ханиад хүрчихсэн байсан... Би өөрөө хаана хандахаа мэдэхгүй ийм хэрэг хийчихсэн... миний хувьд жирэмсэн байхдаа эмнэлгийн хяналтанд ороогүй, түүнээс гадна иргэний бичиг баримт байхгүй байсан тул хүүхэддээ төрсний гэрчилгээг аваагүй...” /хх-45-46, 48, 74/,

ялтан Б.Чанцалдуламын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...дүү Б.Долгорсүрэн нь хүүхдээ хайхрахгүй болохоор нь арга ядаад “Чи хүүхэддээ анхаарал тавихгүй бол гаргаж хая” гээд хэлчихсэн юм. Тэгээд түүнтэй ярилцаж байгаад 2015 оны 12 дугаар сарын 21-нээс 22-ны өдөрт шилжих шөнө 00 цагийн үед охин Намуунааг нь хувцаслаад таксинд сууж 11 дүгээр хорооллын автобусны буудлын ойролцоо очоод хажуу талын орон сууцны 3 дугаар орцны 2 давхарт гарч манай дүү хүүхдээ орхисон... хүүхдийг өөр сайн хүмүүс олоод авчих байх гэж найдсандаа орхичихсон юм...” /хх-49, 52, 76/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газарт болон цогцосны гадна байдалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-4, 9, 12-14/, амь хохирогч Намуунаагийн цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 186 тоот “...талийгаачийн биед шинэ гэмтэл тогтоогдсонгүй. 2 хөлийн дунд чөмөг хугарч бороолсон нь сульдаа өвчний улмаас яс сийрэгжиж эмгэг хугарал үүссэн байх боломжтой. Хүүхэд суурь өвчин болох хүнд хэлбэрийн сульдаа, цус багадалт, сэтгэц, хөдөлгөөний хоцрогдол, 2 нүдний эвэрлэгийн цайлттай байсан ба 2 уушигны хүнд хэлбэрийн хатгааны улмаас амьсгалын дутагдлаар 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цаг 40 минутад нас барсан. Үхэлд эмч эмнэлгийн байгууллагын буруутай үйл ажиллагаа үгүй, зохих эмчилгээ үйлчилгээ хийгдсэн байна...” /хх-22-25/ гэх дүгнэлт, амь хохирогч Намуунаагийн төрөлтийн болон нярайн түүхийн хуулбарууд, түүнийг Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, шинжилгээнд орсон тухай баримт /хх-5, 26-37/, мөн хэргийн талаарх мэдээллийг интернет, цахим сүлжээнд байршуулж, олон нийтээс хандсан хандалтууд, Намуунаад зориулсан мөнгөн тусламж болон бусад хандивын талаарх мэдээллийг гэрэл зургаар бэхжүүлсэн үзүүлэлтүүд /хх-57-66/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгажээ.

Ялтан Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нар нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ, мөн гаргасан давж заалдах гомдолдоо “Хүүхдийг хаяхаар явахдаа Б.Долгорсүрэн ганцаараа явсан. Б.Чанцалдулам хамт яваагүй” гэж гэмт хэрэгт оролцсон байдлын талаар мэтгэлзэж байгаа боловч, энэ нь дээрх нотлох баримтуудаар няцаагдсан. Харин ялтан нарын шүүхэд өгч байгаа мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдоогүй тул үндэслэлгүй гэж үзлээ.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Дээр дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо ноцтой зөрчилдөөгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх тул эдгээрийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасан урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг гэж яллах дүгнэлт үйлдсэнийг хүчингүй болгож, ялтан Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нарыг төрүүлсэн хүүхдээ хаясан гэмт хэргийг бүлэглэн үйлдэж, үүний улмаас хүүхдийн амь нас хохирсон буюу Б.Долгорсүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэг, Б.Чанцалдуламыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 186 тоот “...талийгаачийн биед шинэ гэмтэл тогтоогдсонгүй. 2 хөлийн дунд чөмөг хугарч бороолсон нь сульдаа өвчний улмаас яс сийрэгжиж эмгэг хугарал үүссэн байх боломжтой. Хүүхэд суурь өвчин болох хүнд хэлбэрийн сульдаа, цус багадалт, сэтгэц, хөдөлгөөний хоцрогдол, 2 нүдний эвэрлэгийн цайлттай байсан ба 2 уушигны хүнд хэлбэрийн хатгааны улмаас амьсгалын дутагдлаар 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цаг 40 минутад нас барсан. Үхэлд эмч эмнэлгийн байгууллагын буруутай үйл ажиллагаа үгүй, зохих эмчилгээ үйлчилгээ хийгдсэн байна...” /хх-22-25/ гэсэн дүгнэлт, мөн олон нийтээс хаягдсан хүүхдийн эрүүл мэндэд санаа зовж эмчилгээнд зориулж хандив тусламж дэмжлэг үзүүлсэн зэрэг  боловч хүүхэд нас барж хүнд хор уршиг учирсан нь ялтан нарын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй.

Хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл хамгаалж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах явдал төр, гэр бүлийн үндсэн үүрэг билээ.  

Монгол Улсын Олон Улсын гэрээ Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 2-т Оролцогч улсууд хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч буюу түүний төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн эрх, үүргийг харгалзан, хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна, 7 дугаар зүйлийн 1-д Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсөн цагаасаа нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ гэж,

мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 11-д Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ. Үүнд: “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”, Арвандолдугаар зүйлийн 2-т “Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж тус тус заажээ.

Ялтан нар дээрх гэмт хэргийг бүлэглэн хуулиар хүлээлгэсэн үндсэн болон журамт үүргийг зөрчиж санаатай гүйцэтгэсэн ба Б.Долгорсүрэн нь өөрийн төрүүлсэн охин Намуунааг /1 нас 7 сартай/ бусдын асаргаа илүү шаардлагатай /түнхний мултрал, сульдаатай, нүдний харааны эвэрлэг цайралттай…/ өвчтэй байхад нь түүнийг тэжээн тэтгэхээс зайлсхийж, өвлийн улиралд, шөнийн цагт, олон нийтийн хараа хяналт сулрах  үед, орон сууцны орцны хүйтэн чулуун шалан дээр амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөлд орхиж гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн, Б.Чанцалдулам нь дүү Б.Долгорсүрэнгийн дээрх үйлдлийг дэмжиж, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх зэргээр хамжигчийн үүрэг гүйцэтгэж нэгдэж оролцсон байна. 

Иймээс ялтан Б.Долгорсүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв байна. Харин ялтан Б.Чанцалдуламын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Ялтан нарын гэмт хэрэгт оролцсон байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, тэдгээрийг эцэг, эх нь орхиод сураг тасарсан, бага насны болон өсвөр насны дүү нар нь үлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөлж, Б.Чанцалдуламд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн Б.Долгорсүрэнд 3 жилийн хорих ял, гэмт хэрэгт хамжигчаар оролцсон Б.Чанцалдуламд 2 жилийн хорих ялыг тус тус оногдуулж, Б.Долгорсүрэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлж, Б.Чанцалдуламд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, цагдаагийн байгууллагын хяналтанд ялыг эдлүүлэх нь тохиромжтой гэж үзлээ.

Иймээс ялтан Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нарын “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүссэн...” давж заалдах гомдлыг хүлээн авч, өмгөөлөгч Ж.Батбаяр, Ц.Мөнхбат нарын гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 465 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэгт зааснаар Б.Долгорсүрэнг 5 жилийн хугацаагаар хорих ял, Б.Чанцалдуламыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэгт зааснаар Б.Долгорсүрэнг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэгт зааснаар Б.Чанцалдуламыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан, Б.Чанцалдуламд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Цагдаагийн хэлтэст даалгасугай” гэсэн заалт нэмсүгэй.

3. Мөн “Ялтан Б.Чанцалдуламд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчлөн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг нэн даруй сулласугай” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Ялтан Б.Долгорсүрэн Б.Чанцалдулам нар нь тус бүрдээ 50 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, ялтан Б.Долгорсүрэнгийн цагдан хоригдсон 50 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МЯГМАРЖАВ

                                            ШҮҮГЧИД                                                  Д.ГАНСҮХ

                                                                                                                Д.МӨНХТУУЛ