Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 450

 

 

 

 

Ц.Баярбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Гансүх, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор Н.Алтантүлхүүр,                                        

          Ялтан Ц.Баярбаатар /онлайн/, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, 

          Хохирогч М.Оюунчимэг,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

         

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэлмэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 500 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Баярбаатарын өмгөөлөгч Д.Энхтунгалагийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Баярбаатарт холбогдох эрүүгийн 2015 2503 1820 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овгийн Цоодолын Баярбаатар, 1986 оны 1 дүгээр сарын 28-нд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Баянзууч проперти” ХХК-д борлуулагч ажилтай байсан, ам бүл 5, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 1200 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХМ86012875/,

 

Ц.Баярбаатар нь 2015 оны 10 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзууч” үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагын нэрийг барьж нийт 5 удаагийн давтан үйлдлээр буюу

2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 81 дүгээр байрны 11 тоот байрыг түрээслэсэн барьцаа мөнгө гэж хохирогч Д.Даваанямаас 600.000 төгрөг

2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 13а байрны 100 тоот байрыг түрээслэсэн үйлчилгээ болон түрээсийн мөнгө гэж хохирогч М.Оюунчимэгээс 1.500.000 төгрөг,

2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эдэм буург” хотхоны 101 дүгээр байрны 49 тоот байрыг түрээслэн амьдарна гэж хохирогч Л.Чинзоригоос 1.200.000 төгрөг,

2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар байрны 05 тоот байрыг түрээслэсэн барьцаа мөнгө гэж хохирогч Ц.Мандахбаяраас 350.000 төгрөг,

2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 41 дүгээр байрны 28 тоот байрыг түрээслэнэ гэж хохирогч Д.Пүрэвсанжаагаас 100.000 төгрөгийг тус тус түрээсийн мөнгө, барьцаа, зуучлалын хөлс нэрээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч нийт 3.750.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 3 дугаар сарын 1-нээс 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд прокурорын хяналтаас оргож, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.Баярбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос Ц.Баярбаатарыг иргэн Л.Чинзоригийг залилан мэхлэж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Ц.Баярбаатарыг давтан үйлдлээр бусдыг залилан мэхлэж бага бус хэмжээний хохирол учруулсан, Прокурорын хяналтаас оргон зайлсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Ц.Баярбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаатай хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаатай хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүнд ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаатай хорих ялд хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг багтааж Ц.Баярбаатарын биечлэн эдлэх нийт ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаатай хорих ялаар тогтоож, түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, түүний цагдан хоригдсон 49 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч “Баянзууч проперти” ХХК-иас 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Даваанямд, хохирогч М.Оюунчимэгт 1.500.000 төгрөгийг, хохирогч Ц.Мандахбаярт 350.000 төгрөгийг тус тус олгож, Иргэний хариуцагч “Баянзууч проперти” ХХК нь дээрх хохирлыг төлж барагдуулсаны дараа өөрт учирсан хохирлоо иргэний журмаар гэм буруутай этгээд болох Ц.Баярбаатараас, иргэн Л.Чинзориг нь өөрт учирсан хохирлоо Ц.Баярбаатараас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

 

Ялтан Ц.Баярбаатарын өмгөөлөгч Д.Энхтунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс өөрийн үйлчлүүлэгчийн гэм буруугийн асуудалд гомдол гаргаагүй бөгөөд зөвхөн анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар бага байгаа, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хувийн байдлын хувьд эх, насанд хүрээгүй дүү нарын хамт амьдардаг зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү, зарим хохирогчид хохирлыг барагдуулсан баримтаа гаргаж өгөх гэсэн боловч нотариатаар батлуулж амжаагүй тул гаргаж өгөх боломжгүй байна...” гэв.

           

Хохирогч М.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би байраа түрээслэхээр “Баянзууч проперти” ХХК-тай гэрээ байгуулсан учраас Ц.Баярбаатараас мөнгө авахгүй “Баянзууч проперти” ХХК-иас мөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна...” гэв.

 

Ялтан Ц.Баярбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хохирогч нараас уучлалт гуйж байна, хүмүүсийг хохироосондоо маш их харамсаж байна. Хохирлыг барагдуулна. Хохирогч Оюунчимэгт 900.000 төгрөг барагдуулна. Надад оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

 

Прокурор Н.Алтантүлхүүр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Ц.Баярбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан, анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү…” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

          Анхан шатны шүүх Ц.Баярбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Ц.Баярбаатарын иргэн Л.Чинзоригийг залилан мэхлэж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн байна гэж үзлээ.

          Учир нь анхан шатны шүүх “...хавтаст хэргийн 33 дахь талд байгаа Түрээсийн гэрээг нэг талаас Ядамжавын Ганбаатар, нөгөө талаас Цоодолын Баярбаатар нар байгуулснаас үзэхэд Л.Чинзориг нь түрээслэж буй орон сууцтай ямар хамааралтай болохыг хавтаст хэрэгт нотлож чадаагүй, Ц.Баярбаатар нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, түрээсийн төлбөрийг төлөлгүй хаяж явсан үйлдэл нь хохирогч Л.Чинзоригт учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй байх тул Л.Чинзоригийг залилан мэхлэж хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Л.Чинзориг нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв...” гэсэн үндэслэлүүдийг дурдаж, прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан яллах талын нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг /хх 31-32, 35-36/ үгүйсгэж, няцаасан дүгнэлт хийхгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

          Шүүгдэгч Ц.Баярбаатарын үйлдлийн улмаас энэ хэрэгт Л.Чинзориг нь хохирогчоор тогтоогдох нь үндэслэлтэй эсэх, Л.Чинзориг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд заасан /гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн/ шаардлагыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт өгөөгүй, энэ талаар хэн алинаас асууж тодруулахгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ. Иймээс хохирогчийг зөв тогтоосны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

          Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд /хх 217/ шүүгдэгч Ц.Баярбаатар нь гэмт хэргийн улмаас хохирогч “...Д.Пүрэвсанжаад 100.000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэж мэдүүлсэн хэдий ч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хохирол төлөгдсөн эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад хохирогч Д.Пүрэвсанжаад учирсан хохирлыг шийдвэрлээгүй байх тул энэ асуудлыг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлж шийдвэрлэх нь зүйтэй.

          Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Ц.Баярбаатарт холбогдох хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд тухайн шүүхийн Ерөнхий шүүгч 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн захирамжаар Ц.Баярбаатарт холбогдох хэрэгт шүүх хуралдаан даргалагчийг томилсон байна. Гэтэл хэрэг анхан шатны шүүхэд шилжиж ирээгүй байхад буюу 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр прокурорын яллах дүгнэлтийг шүүхээс шүүгдэгч Ц.Баярбаатарт гардуулсан баримт /хх 181/ хэрэгт авагдсан нь ойлгомжгүй, түүнчлэн хохирогч Л.Чинзоригт шийтгэх тогтоолын хувийг хуульд зааснаар гардуулж өгөх ажиллагааг хийгээгүй зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэт хийлгүй орхигдуулсан байгааг тэмдэглэж байна. Иймд давж заалдах шатны шүүх дээрх зөрчлүүдийг зөвтгөх боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 500 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Баярбаатарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

            2. Хэрэг шүүхэд очтол Ц.Баярбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргахгүй, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.ДАВААСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                              Д.ГАНСҮХ

 

                                                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ