Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 451

 

 

 

 

А.Анхбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Гансүх, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор М.Амарзаяа,                                        

          Ялтан А.Анхбаяр /онлайн/, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа, 

          Нарийн бичгийн дарга А.Анх-Үжин нарыг оролцуулан,

         

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 522 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан А.Анхбаяр, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Анхбаярт холбогдох эрүүгийн 2016 2601 0274 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овгийн Атарбаярын Анхбаяр, 1993 оны 6 дугаар сарын 8-нд төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 24Б гудамжны 13 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:НИ93060817/,

 

А.Анхбаяр нь 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо “Цэнхэр” дэлгүүрийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Хишигбаярыг ямар нэгэн шалтгаангүйгээр илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Анхбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

А.Анхбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг дурдаж, хохирогчийн нэхэмжлэлээс 66.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар А.Анхбаяраас 1.276.013 төгрөг гаргуулж Б.Хишигбаярт олгож шийдвэрлэжээ.

 

Ялтан А.Анхбаярын өмгөөлөгч Н.Одонтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Нотлох баримтад дүн шинжилгээ хийх нь.

1.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах хугацаа сунгах тухай 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолд  2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 24-ны өдрийг хүртэл 9 хоногоор сунгасан тогтоол үйлдсэн. Гэвч үндэслэлгүйгээр 2016 оны 1 дүгээр сарын  29-ний өдрийг хүртэл 5 хоногоор хугацаагаа сунгасан гэж дээр нь балаар нэмж бичиж хугацаа сунгасанд тооцож хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 171 дүгээр зүйлийг зөрчсөн. /хх-3/

1.2 Хавтаст хэргийн 5 дугаар талд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдлийг Хишигбаярын өмнөөс эхнэр Долгорсүрэн гаргасан байдаг. Гэтэл 6 дугаар талд Долгорсүрэнгээс мэдүүлэг авахдаа “та шүүх эмнэлэгт үзүүлэх үү” гэж асуухад “шүүх эмнэлэгт үзүүлнэ” гэсэн хохирогчийн байр сууринаас мэдүүлэг авсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хоёр. Хэргийн зүйлчлэлийн талаар.

2.1 Гэмт хэргийн сэдэлтийн хувьд хохирогчтой хувийн таарамжгүй, хэрүүл маргааны улмаас хэрэлдэж муудалцан, харилцан зодолдон уг хэрэг гарсан байдаг тул зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөх үндэслэлтэй байна. Учир нь энэ талаар хавтаст хэргийн 8 дугаар талд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 252 дугаар зүйлийг сануулан хохирогч Б.Хишигбаяраас авсан мэдүүлэгт “...Анхбаярыг би тоглоом шоглоом болгоод “дарваан Анхаа, дарвагар” гэж дуудсан. Анхбаярын хочийг дарвагар гэдэг. Анхбаяр караокед байхад Сайхнаатай муудалцаад байсан, Төмөрөө намайг “Анхбаяртай зодолдох уу” гэж асуусан чинь “зодолдоё” гэж байсан. Таныг Анхбаяр ямар шалтгаанаар зодож цохисон бэ гэж асуухад “Караокед байхад би Анхбаярыг хочоор буюу дарвагар” гэж дуудсан. Анхбаяр зүгээр инээгээд байсан. Харин Төмөрөө бид хоёрыг хоорондоо зодолдох уу гэхэд би “бид хоёр зодолдоё” гэж хэлсэн мэдүүлэг.

Хавтаст хэргийн 10 дугаар талд Б.Хишигбаярын хохирогчоор өгсөн мэдүүлэгт “...Анхаа намайг караокед дуулж байхдаа Дамбаа гэж хочилж дуудаад дүү Сайхнааг зодолдох гээд байхаар нь бид хоёр муудалцсан. Анхаа бид хоёр хэсэг муудалцаж байгаад болиод бүгд караокеноос гарсан...”.

Хавтаст хэргийн 14 дүгээр талд гэрч Ганжигүүрийн өгсөн мэдүүлэгт “...бүгдийг нь Цагдаагийн хэсгээс гаргачихаад цагдаа даатгалын дэвтрээ аваад ир гэхээр нь гарсан чинь Хишигбаяр, Анхбаяр хоёр машинд сууж байсан ба кондуктор залуу байхгүй байсан. Хишигбаяр, Анхбаяр хоёр хоорондоо хэрэлдээд байсан, юу ярьж байсныг нь мэдэхгүй. Анхбаяр, Хишигбаяр хоёр юунаас болж маргалдсан бэ гэж асуухад “граж дотор архи ууж байхад Анхбаяр Хишигбаярын кондуктор хоёр мөн л маргалдаад байсан. Тэгээд л Хишигбаяр кондуктор залуугаа өмөөрөөд Анхбаяртай маргалдсан байх гэж бодож байна”. Та Анхбаярыг Хишигбаяр машин дотор цохиж байхыг харсан уу гэж асуухад “Намайг бичиг баримтаа авахаар очиход хоорондоо хэрэлдээд байсан” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байх тул Хишигбаяр, Анхбаяр хоёр хоорондоо маргалдаж муудалцан, хувийн сэдэлтийн улмаас уг асуудал гарсан байна. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгээр өөрчилж, А.Анхбаярт хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан.

 Харин одоо дээрх давж заалдах гомдлоосоо татгалзаж гэмт хэргийн зүйчлэлийн тухайд маргахгүй, А.Анхбаяр нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан 1.276.016 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан тул түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

 

Ялтан А.Анхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байна, өмгөөлөгчийн гаргасан саналтай санал нэг байна, хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

 

Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…А.Анхбаярын үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон, хохирогчийн зүгээс гэм буруутай үйлдэл хийгээгүй, хэргийн зүйлчлэл зөв, шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан, түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү…” гэв.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох зарим зүйлийг мөрдөн байцаалтын шатанд шалгаагүй, мөрдөн байцаалт гүйцэд биш хийгдсэнийг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт “…гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ…” гэж заасан байх тул дээрх гэмт хэргийн улмаас нийт учирсан бодит хохирлыг зөв тогтоож чадаагүй байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч Б.Хишигбаяр нь хохирогчоор мэдүүлэхдээ “...Анхбаярт зодуулсны дараа гэмтлийн эмнэлэгт сэрэхэд миний дээд талын үүдэн 1 шүд унаад алга болсон, 2 шүд нь хугарсан байсан...” гэж мэдүүлсэн байна. /хх 12/

 

Түүнчлэн А.Анхбаярыг яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлд хохирогчийн шүдэнд учирсан гэмтэлтэй холбогдуулж түүнийг байцаасан байхад прокурор шалгаж тодруулах ажиллагаа хийлгүй яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж чадаагүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, яллах дүгнэлтийг хуульд заасан шаардлагад нийцүүлэн үйлдүүлэх, хэрэгт шалгавал зохих зүйлийг нэг мөр эцэслэн шалгасны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

 

            Өөрөөр хэлбэл хохирогч Б.Хишигбаяр нь хэрэг үйлдэгдэх үед буюу 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр шүдний гэмтэл авсан гэж мэдүүлсээр байхад гэмтэл авснаас хойш 2 сарын дараа шинжээч томилж  “хуучин гэмтэл” гэсэн дүгнэлт гарсан байх бөгөөд ямар гэмтлийг хуучин гэж үзэж байгаа, дүгнэлт гаргасан шинжээчийг байцаах, тухайн гэмтлийг авсан цаг хугацааг нарийн тогтоох, А.Анхбаярын үйлдлийн улмаас 3 шүдэнд гэмтэл учирсан эсэх, эсхүл уг гэмт хэрэг гарахаас өмнө шүдний гэмтлийг авсан эсэхийг нэг мөр тогтоож бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах шаардлагатай гэж үзэв.

           

            Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй.

             

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 522 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Анхбаярт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулж Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

           2. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт очтол А.Анхбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргахгүй, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.ДАВААСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                              Д.ГАНСҮХ

 

                                                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ