Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 454

 

 

 

 

 

 

 

 

                                   

Х.Анхбатад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхтуул, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор Н.Булганчимэг,

          Ялтан Х.Анхбатын өмгөөлөгч Б.Дашдорж,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхбаяр,

          Нарийн бичгийн дарга Б.Оюунгэрэл нарыг оролцуулан,

         

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 506 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Х.Анхбатын гаргасан давж заалдах гомдлоор Х.Анхбатад холбогдох эрүүгийн 2016 2400 0122  дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Сүмчин овгийн Хишгээгийн Анхбат, 1990 оны 3 дугаар сарын 14-нд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 4 дүгээр гудамж, 61-1835 тоотод оршин суух,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 406 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоосон, /РД:УД90031417/.

 

Х.Анхбат нь 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 15 цаг 11 минутын орчим Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар байрны зүүн талын замд “Nissan Cube” загварын, 17-30 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдал хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч Ч.Шинэбаярыг мөргөж, амь насыг нь хохироон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Х.Анхбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Х.Анхбатыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Х.Анхбатыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан 4 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, түүний цагдан хоригдсон 20 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт хавсаргагдаж ирсэн №00427383 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний хариуцагч Ц.Мөнхсайханд буцаан олгож, №682553 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ц.Мөнхсайханаас 5.773.083 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхбаярт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч онгоцны зардлыг иргэний хариуцагчаас, иргэний харицагч нь шүүгдэгчээс гэм хорын зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу тус тус нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Х.Анхбатад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Х.Анхбат гаргасан давж заалдах гомдолдоо: “…Миний бие 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дахь заалтыг зөрчсөний улмаас хохирогч Ч.Шинэбаярыг мөргөж, амь насыг нь хохироосон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Хувийн байдлын тухайд би эцэг, эх, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Хэрэг гарах үед эхнэр маань 7 сартай жирэмсэн байсан бөгөөд саяхан төрсөн, одоо эрхэлсэн ажилгүй гэртээ байдаг. Эцэг С.Хишгээ нь хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, группэд байдаг. Би 0-5 насны гурван хүүхэдтэй. Иймд миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү…” гэжээ.

                                               

Ялтан Х.Анхбатын өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялтан Х.Анхбатын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна, түүний ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохиролд 2.500.000 төгрөгийг бэлнээр, 3.300.000 төгрөгийг дансаар тус тус авсан. Үүнд маргаан байхгүй. Х.Анхбатад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү, онгоцны тийзний мөнгийг нэхэмжлэхгүй...” гэв.

 

Прокурор Н.Булганчимэг  тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан. Хохирогчид учирсан гэм хор арилаагүй, оногдуулсан ял шийтгэл тохирсон тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

 Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Учир нь шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Х.Анхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хорих ялаар шийтгэжээ. Гэтэл уг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалт болон шүүх хуралдааны тэмдэглэлд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Х.Анхбатад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.” гэж зөрүүтэй, нэмэгдэл ялыг ямар хугацаагаар оногдуулсан нь эргэлзээтэй болжээ.  

 

          Дээрх байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.5 дахь хэсэгт “Шийтгэх тогтоолыг биелүүлэхэд шүүхээс оногдуусан ялын төрөл ба хэмжээний талаар ямар нэгэн эргэлзээ төрөхгүйгээр бичигдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна.

 

          Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

         

Дээрх байдлын улмаас давж заалдах шатны шүүх ялтан Х.Анхбатын гаргасан гомдлыг энэ удаа эцэслэн шийдвэрлэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

 Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхбаярт шийтгэх тогтоолыг хуульд заасан журмын дагуу гардуулж өгсөн баримт хэрэгт авагдаагүй байгааг дурьдаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 506 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Анхбатад холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

            2. Хэрэг шүүхэд очтол Х.Анхбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргахгүй, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                 ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХТУУЛ

 

                                                                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ