Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 455

 

 

 

 

Ж.Бат-Эрдэнэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхтуул, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор М.Нямжав,                                        

          Ялтан Ж.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

          Нарийн бичгийн дарга Б.Оюунгэрэл нарыг оролцуулан,

         

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Б.Батаа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 525 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ж.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор Ж.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2016 2602 0191 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Онги овгийн Жаргалсайханы Бат-Эрдэнэ, 1988 оны 11 дүгээр сарын 15-нд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймаг Баянгол сум, 4 дүгээр баг, Хаяа гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЙВ88111517/,

 

Ж.Бат-Эрдэнэ нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ 4-ийн 2-43 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “буузны мах тат” гэж сэрээсэн гэх үл ялих зүйлээр шалтаглан, Г.Пүрэвдоржийн зүүн гуянд хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл танхайн сэдэлтээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ж.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Ж.Бат-Эрдэнийг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Ж.Бат-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 9 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Миний эхнэр Б.Отгонцэцэг нь эрхэлсэн тодорхой ажил, мэргэжилгүй бөгөөд нялх хоёр хүүхдийн хамт амьдарч байгаа. Том охин 3 настай, бага охин 1 настай. Би гэр бүлээ тэжээдэг. Ар гэрийн хүнд байдлыг харгалзан үзээд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Ж.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Б.Долгосүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялтан Ж.Бат-Эрдэнэ нь өөрийн эрхийн дагуу давж заалдах гомдол гаргасан байна. Миний зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

            Прокурор М.Нямжав тус шүүх хуралдаанд гарасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан, хэргийн зүйлчлэл зөв, ял шийтгэл тохирсон тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангажээ.

 

          Ж.Бат-Эрдэнэ нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ 4-ийн 2-43 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “буузны мах тат” гэж сэрээсэн гэх үл ялих зүйлээр шалтаглан танхайрч, Г.Пүрэвдоржийн зүүн гуянд хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

          Хохирогч Г.Пүрэвдоржийн “...Бат-Эрдэнэ бид хоёр үлдсэн. Би тухайн үед согтуу буузны мах татаж байсан. Юу болсныг хэлж мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэгт хагалгааны өрөөнд орон дээр гаргаж байсан. Адъяа ах тухайн үед “Бат-Эрдэнэ намайг хутгалсан” гэж байсан. Намайг Өвөрхангай аймгийн Баянгол суманд байдаг нутгийн залуу Бат-Эрдэнэ хутгалсан. Намайг юунаас болж хутгалсныг хэлж мэдэхгүй байна...” /хх 21-23/,

 

          Гэрч Ж.Гандолгорын  “...Бат-Эрдэнэ ах надад хэлэхдээ “Пүрэвдорж гэх хүнийг Баянгол суманд хамт нэг сургуульд сурч байсан, тэгээд шинэ жил гээд тэд нар архи уусан байсан, архи уугаад тасарсан байх үедээ би найзыгаа хутгасан байна” гэж надад хэлсэн...” /хх 24-25/,

 

          Гэрч Б.Цогт-Эрдэнийн “...Бат-Эрдэнэ, Аззаяа бид гурав ТЭЦ 4-ийн урд байдаг Аззаяагийн хамаатны ах болох Адъяагийнх руу явж байхдаа хоёр шил 0.75 граммтай “Хараа” архи авч гэрт нь очиход манай сумын Пүрэвдорж гэх залуу унтаж байсан. Тэгээд Адъяа ах гэр бүлийнхэнтэйгээ зах гарахаар явцгааж бид 4 үлдээд авч очсон хоёр шил архиа хувааж ууцгаасан. Хэсэг байж байтал Бат-Эрдэнэ унтаад өгсөн. Аззаяа бид хоёр Нарангийн гол руу найз охин руугаа явах гэхэд Бат-Эрдэнэ сэрэхгүй байсан. Бат-Эрдэнэ орон дээр унтаад Пүрэвдорж буузны мах татаад үлдсэн...”, “...Бат-Эрдэнэ ярихдаа “Пүрэвдорж хамт байхдаа түүнээс хэрүүл гуйгаад байсан, Бат-Эрдэнийг унтаж байхад нь босч ирээд “буузны мах тат” гээд дуудаад байсан гэсэн. Пүрэвдоржийг Бат-Эрдэнэ хутгалсан гэж байсан...” /хх 26-27/,

 

          Гэрч М.Адъяагийн “...Пүрэвдорж, Аззаяа, Цогт-Эрдэнэ, Бат-Эрдэнэ нар гэрт үлдсэн. Тэд нар архи задлаад уух гэж байсан, би архи уугаагүй. Тэгээд удалгүй буцаад ирэхэд Пүрэвдорж баруун орон дээр өмдөө өвдөгөө хүртэл шувтлаад, зүүн гуяны дотор нь цус гарсан байдалтай ухаангүй, согтуу хэвтэж байсан. Пүрэвдоржийг дуудаж сэрээгээд “юу болсон бэ” гэж асуухад “мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээт би Аззаяа руу утсаар залгаж “юу болсон юм бэ” гэхэд “гэрээс түрүүлээд гараад явсан байсан, гэрт Пүрэвдорж буузны мах татаад Бат-Эрдэнэ унтаад үлдсэн шүү дээ, Цогт-Эрдэнэ бид хоёр Нарангийн голд айлд байна” гэж хэлсэн...”, “...би маргааш өглөө нь босоод Бат-Эрдэнэтэй утсаар ярихад Бат-Эрдэнийн архи нь гараагүй согтуу байсан, тэгээд “юу болсон юм бэ” гэж асуухад “намайг унтаж байхад Пүрэвдорж “бос” гээд цохиж татаад байсан, тэгээд би хутгаар дүрсэн юм аа” гэж хэлсэн...” /хх 28-29/,

 

          Гэрч Б.Аззаяагийн “...Бат-Эрдэнээс юу болсон талаар асуухад “би сайн мэдэхгүй байна, юу болсныг хэлж мэдэхгүй, юунаас болж Пүрэвдоржийг хутгалсныг мэдэхгүй, нэг мэдсэн чинь Пүрэвдоржийг хутгалсан байсан” гэж хэлсэн...” /хх 30-31/,

 

          Гэрч Ш.Болор-Эрдэнийн “...Ж.Бат-Эрдэнэ манайд халамцуу ганцаараа орж ирсэн. Ж.Бат-Эрдэнэ орж ирээд “анд нь хүн хутгалчихлаа, утсаа салгачихсан, асаачих” гэсэн ...”, “... чи надаа ганц юм аваад өгөөч, зоригоо чангалчихаад цагдаагийн газар очих гэсэн юм гэж хэлэхээр нь би “надад мөнгө байхгүй” гэж хэлэн хамт гараад Ж.Бат-Эрдэнийг автобусны буудал хүргэж өгсөн...” /хх 86/,

 

          Шинжээч эмч М.Золжаргалын “...зүүн гуяны дотор дээд хэсэгт ир үзүү бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлийн улмаас уг гэмтэл нь учрах боломжтой, зүүн гуяны артерийн судасны тасрал гэмтэл нь амь насанд аюултай учир уг гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамрагдаж байгаа юм...” /хх 37/ гэх мэдүүлгүүд,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 912 дугаартай шинжээчийн “...хохирогч Г.Пүрэвдоржийн биед зүүн гуяны хатгагдсан шарх, зүүн гуяны артерийн судасны тасрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх 33-34/,

         

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-8/, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч М.Хүдэрхүүгийн бичсэн мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх 9/, хохирогч Г.Пүрэвдоржийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /хх 55-63/, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийгмийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Доржсүрэнгийн бичсэн илтгэх хуудас /хх 77/, ялтан Ж.Бат-Эрдэнийн сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /хх 44-46, 47-49, 84/ зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

         

          Ж.Бат-Эрдэнэд холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв шүүхээс Ж.Бат-Эрдэнийн гэм буруу, түүний хувийн байдалд тохирсон ял оногдуулсан анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзэж, ялтан Ж.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж шийдвэрлэсэн нь түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон байна.

 

          Ялтан Ж.Бат-Эрдэнэ “…ар гэрийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж  өгнө үү…” гэж давж заалдах гомдол гаргаж байгаа боловч анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлд заасан энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулсан, ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлсэн байх тул дахин түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ж.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

 

            1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 525 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ж.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

                            

                                

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧИД                                            Д.МӨНХТУУЛ

 

                                                                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ